Thursday, April 18, 2024

Геофизикийн холбоод болон нийгэмлэг


Монголын геофизикчдийн холбоо (Mongolian Society of Geophysicists)

8411 - Геофизикчдын оюуны чадавхи, мэргэжлийн чадварыг дээшлүүлэх, судалгаа, сургалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр боловсруулах

https://opendatalab.mn/search/8016674 


Монголын үйлдвэрлэлийн геофизикчдийн нийгэмлэг

9499 - Үйлдвэрлэлийн геофизикийн судалгааны ажлыг дэлхийн жишигт хүргэх, салбарын ажиллагсадын мэргэжлийн түвшинг дээшлүүлэх, сургалт явуулах

https://opendatalab.mn/search/8102317


Монголын одон орон геофизикийн судлалын холбоо

8411 - Одон геофизик судлагчдыг дэмжих, багаж хэрэгсэл байраар хангах, сургалт судалгаа явуулах.

https://opendatalab.mn/search/8115834


Геофизик салбарыг төгсөгч дэмжигчдийн холбоо (Society of Geophysics Alumni and Supporters)

94990 - Геофизикийн шинжлэх ухааныг бүх нийтэд сурталчилж, салбарын төгсөгч, ажил олгогч нарын хамтын харилцааг бэхжүүлэн, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах

https://opendatalab.mn/search/8408726


Mongolian Geophysical Society

Геофизикийн салбартай холбоотой бусдад түгээх гэсэн аливаа бүх төрлийн мэдээллийг салбарынхандаа цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэх, геофизикчдийн дунд холбоо барих гүүр нь болох, Монголын геофизикийн салбарын цахим архив болох, геофизикийн байгууллага болон инженерүүдийг бусдад таниулах байдлаар дэмжих

(Ямар ч улсын бүртгэл гэрчилгээ байхгүй. Гишүүнчлэлийн татвар огт авдаггүй. Ашгийн төлөө бус, 100% сайн дурын ажил, 2011 онд үүсгэн байгуулагдсан)

https://www.facebook.com/groups/Geoph

https://geophysicsmn.blogspot.com/

https://www.youtube.com/channel/UCKITK_xJIzk6VRasD2lYhvw


Tuesday, April 16, 2024

ЭРЭЛ ГЕОФИЗИКИЙН ЦОГЦОЛБОР ЭКСПЕДИЦИ-ийн уулзалт /2024.04.12/

Монголын Геофизикийн салбарын алтан үеийн ахмадуудын нэг хэсэг төлөөлөл болох ЭРЭЛ ГЕОФИЗИКИЙН ЦОГЦОЛБОР ЭКСПЕДИЦИ-ийн ахмад геофизикчдийнхээ алдар сууг магтаж байна. Амжилт бүтээлээр дүүрэн өнгөрсөн он жилүүдээ дурсаж, анд нөхөдтэйгөө цуглан инээж баясан баярлацгаасан та бүхний минь сургасан сургаал нь сувд адил, заасан эрдэм тань зандан адил, ачлал хайр нь алт адил, түмэн олон залуу геофизикчдийн оюуны мэлмийг нээсэн, түмэндээ хүндлэгдэж, төрдөө үнэлүүлсэн ачлалт алтан үеийн ахмад геофизикч нараар бахархаж явдгаа илэрхийлье!!! Та бүхэндээ эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе!!!





Monday, April 15, 2024

"Монголын Геофизикчдийн Холбоо"-ны IX чуулган

 "Монголын Геофизикчдийн Холбоо"-ны IX чуулган 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хуралдаж, 2020-2023 оны үйл ажиллагааны тайланг танилцуулсны дараа холбооны шинэчилсэн дүрмийг хэлэлцэн баталлаа. Мөн Удирдах Зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн, Хяналтын зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг сонгосон. Та бүхэнд сонгогдсон гишүүдийг танилцуулж байна. Холбооны удирдах зөвлөлдөө ажлын өндөр амжилт хүсье!!!

"Монголын Геофизикчдийн Холбоо"-ны тэргүүнээр Н.Зоригтбаатар, гүйцэтгэх захирлаар М.Отгонбаяр, Хяналтын зөвлөлийн даргаар Н.Баатар нар тус тус сонгогдсон болно.

"Монголын Геофизикчдийн Холбоо"-ны IX чуулганд сонгогдсон шинэ
Удирдах Зөвлөлийн гишүүд. (2024/04/12)

/Урд эгнээний баруун талаас Д.Отгонбаяр, С.Мөнхбаатар, Н.Зоригтбаатар, Б.Өнөрбаяр, М.Отгонбаяр, Ц.Баатарчулуун, хойд талын эгнээний баруун талаас Б.Батнаран, Т.Бямбасүрэн, А.Болор-Эрдэнэ, Б.Буянтогтох, Ц.Нямбаяр, Д.Батсайхан, М.Өлзийбат/

Thursday, February 22, 2024

МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ГОРИЛОГЧИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ АНКЕТ

 

Геофизикийн салбарын зөвлөх, мэргэшсэн мэргэжилтний сургалтын бүртгэл явагдаж байна.

Сургалтад хамрагдах зэрэг горилогч нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны А-341 дүгээр тушаалаар батлагдсан "Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам"-ын 3.4 дэх заалт болон “Мэргэшсэн мэргэжилтний зөвлөлийн ажиллах журам”-ын 2.12 - 2.17-д заасан шаардлагуудыг хангасан байна.                       

Журмын 2.12: Зэрэг горилогч нь геологи, геохими, геофизик, гидрогеологи, геоэкологи, өрөмдлөгийн чиглэлээр их, дээд сургууль, коллеж төгссөн дипломтой эсхүл бакалавр, магистрын зэрэгтэй байна.

Журмын 2.13: Мэргэшсэн зэрэг горилогч нь мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, үүнээс мэргэшлийн чиглэлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байна.

Журмын 2.14: Зөвлөх зэрэг горилогч нь мэргэжлээрээ 20-иос доошгүй жил ажилласан, эсхүл 6 жил 
мэргэшсэн зэрэгтэйгээр ажилласан байна.

Журмын 2.15: Мэргэшсэн зэрэг горилогч нь төрийн албан хаагч бол төрийн байгууллагын геологийн салбарт 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байна.

Журмын 2.16: Зөвлөх зэрэг горилогч нь төрийн албан хаагч бол төрийн байгууллагын геологийн 
салбарт 20-оос доошгүй жил тасралтгүй ажилласан байна.

Журмын 2.17: Зэрэг горилогч нь доорх баримт материалыг тухайн чиглэлийн МХ-нд ирүүлнэ.

- Зөвлөх эсхүл Мэргэшсэн ХОЁР хүний тодорхойлолт
- Ажиллаж буй байгууллагаасаа гаргуулсан ажил байдлын тодорхойлолт
- Нийгмийн даатгалын лавлагаа, ажилд орсон, гарсан тухай тэмдэглэгээний хуулбар
- Холбогдох мэргэжлийн холбооны гишүүнчлэлийн баталгаа
- Дипломын хуулбар (баталгаажсан)
- Мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх, гэрчилгээ, бусад баримт бичгийн 
  баталгаажсан хуулбарууд
- Тайлан, бүтээлийн жагсаалт, мэргэжлийн болон олон улсын сэтгүүлд бүтээл       хэвлүүлсэн 
  баримт болон ГМТ-ийн бүтээлийн жагсаалтын лавлагаа
- Хувь хүний өргөдөл, анкет, 3х4 хэмжээний хоёр хувь зураг
- Сургалтын төлбөрийн баримт
Мэргэшсэн зэрэг 800 000 төгрөг 
Зөвлөх зэрэг 1 000 000 төгрөг           

Бүртгэлийн хугацаа: 2024 оны 02 дугаар сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ.
Бүрдүүлсэн материалаа pdf  файл болгоод geophysicsmn@gmail.com илгээнэ үү. 
"МГеофХ"-ноос сургалтын хураамжаа төлөөрэй гэсэн тохиолдолд төлөхийг анхаарна уу.
   
Холбогдох утас: 99190497, 90779002


МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО

Saturday, January 27, 2024

Эмгэнэл

 


Геологийн судалгааны “Геосан ХХК-ийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, геологич Гомбосүрэнгийн Ихбаяр 2024 оны нэгдүгээр сарын 25-нд өвчний улмаас таалал төгсөж монголын геологийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Гомбосүрэн овогтой Ихбаяр нь 1962 оны 10 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотод төр
ж, Политехникийн дээд сургуулийг геологийн зураглалын инженер мэргэжлээр 1985 онд төгсч, 1999 онд Техникийн ухааны магистрын зэрэг хамгаалсан байна.
          Геологи, геофизикийн эрлийн “Монголын гэгээ” нэгдэлд инженер-геологичоор хөдөлмөрийн гараагаа эхэлсэн ба 1995 онд геологийн судалгааны “Геосан” ХХК-ийг үүсгэн байгуулж ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар ажилласан. “Монголын гэгээ” нэгдэлд ажиллах хугацаандаа геологийн зураглал, ерөнхий эрлийн олон ажлыг төсөл зохиохоос судалгааны үр дүнгийн тайлан зохиох хүртэл бүх шатны ажлыг гардан хийсэн тус нэгдлийн тэргүүлэх геологичдын нэг байсан.

         Г.Ихбаяр нь ямагт шинийг эрэлхийлсэн, алсын хараатай ажилладаг нэгэн байсан учир манай орны нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг соргогоор мэдэрч “Геосан” ХХК-ийг үүсгэн байгуулж том болоод дунд масштабын геофизик, байр зүйн зураглалын ажил хийж эхэлсэн. Тэрээр геологич, геофизикч, геодезийн инженер, нисэх онгоцны инженер, нисэгч зэрэг үндэсний мэргэжилтэн, судлаачдаас бүрдсэн чадварлаг хамт олныг бий болгосноор агаарын геофизикийн 5 сувагт зураглалын ажлыг хийж эхэлсэн нь манай орны геологийн судалгаанд шинэ хуудас нээсэн байна..

          Г.Ихбаяр нь Монголын геофизикчдийн холбоог үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд олон жил Холбооны дэд тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж Холбооны үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ирсэн байна.

Г.Ихбаярын олон жилийн хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлэн “Алтан гадас” одон, ойн медалиудаар шагнасан ба Монгол улсын “Тэргүүний геологич” юм.

          Г.Ихбаярын манай орны геологи, уул уурхайн салбарын хөгжилд оруулсан олон жилийн бүтээлч хөдөлмөр, хувь нэмэр, түүний нөхөрсөг, хичээнгүй зан чанар монголын геофизикчдийн сэтгэл зүрхэнд үүрд орших болно.

Талийгаачийн эцэг эх, гэр бүл, үр хүүхэд, төрөл  төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

Монголын геофизикчдийн холбоо

Friday, January 19, 2024

Зарлал

ЭБМЗ-ийн Геологийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах сонирхолтой, МГеофХ-ны гишүүн-геофизикч нэрээ дэвшүүлэхийг хүсье


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын
2021 оны 07 дугаар сарын 27 -ны өдрийн
А/195 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт

“ЭБМЗ-ийн дүрэм”-ээс

Арав. Зөвлөлийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц


10.1.     Зөвлөл нь дарга, орлогч дарга, салбар хуралдааны дарга, салбар хуралдааны нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.

10.2.     Зөвлөлийн бүрэлдэхүүнийг геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах шаардлага хангасан тохиолдолд томилно.

10.2.1.Зөвлөлийн гишүүд нь геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тос зэрэг тухайн салбар зөвлөлийн чиг үүрэгт хамаарах чиглэлийн мэргэжилтэй, мэргэжлээрээ 10 жилээс доошгүй хугацаанд ажилласан туршлагатай байх;

10.2.2.Хамаарах салбарын зөвлөх, мэргэшсэн мэргэжилтэн байх;

10.2.3.Өргөтгөсөн болон салбар зөвлөлийн гишүүдийн тавиас доошгүй хувь нь төрийн бус байгууллагын төлөөлөл байх;

10.2.4.Өргөтгөсөн болон салбар зөвлөлийн гишүүдийн төрийн төлөөлөлд  геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын тухайн асуудал хариуцсан албан тушаалтан байх.

10.3.     Салбар хуралдааны гишүүн нь бусад салбар хуралдааны гишүүн байж болно.

10.4.     Зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын байгууллага, мэргэжлийн холбоод болон итгэмжлэгдсэн лабораторийн төлөөлөл  буюу мэргэшсэн, мэргэжилтэн ажиллаж болно.




                                       МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО ТББ


Sunday, January 14, 2024

ЭМГЭНЭЛ

 


Дагдангийн ДАГВАДОРЖ

 (1945-2024)

 

  Геологийн салбарын ахмад ажилтан, Монгол улсын зөвлөх инженер,  геофизикч Д.Дагвадорж ертөнцийн мөнх бусыг үзүүлж, бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

            Д.Дагвадорж 1945 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг Бүрдийн хавтгай хэмээх газар төржээ. Тэрбээр 1966 онд Улаанбаатар хотын 21 дүгээр  сургуулийг төгсөж, 1966-1972 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуульд “уулын инженер геофизикч” мэргэжлээр суралцаж төгссөн.

 Ажил хөдөлмөрийн гараагаа ТЭХҮГЯ-ны Геофизик-топо зургийн экспедицид инженер геофизикчээр ажиллаж эхэлжээ. Геофизик-топо зургийн экспедици нь 1983 онд Эрэл геофизикийн цогцолбор экспедици, 1990 онд Геологи-геофизикийн эрлийн нэгдэл гэдэг нэртэй болж зохион байгуулалтын өөрчлөлтөд орж байсан бөгөөд Д.Дагвадорж нь энэ байгууллагад 1972-1990 онуудад инженер геофизикч, ахлах геофизикч, ангийн дарга зэрэг албыг хашиж байжээ. 1990-1993 онд “Газрын тосны хэрэг эрхлэх газар”-т ахлах геофизикч, ангийн дарга, 1993-1995 онд Геофизикийн судалгааны товчоонд ахлах геофизикч, төслийн удирдагч, 1995-2002 онд Геологийн судалгааны товчоонд ахлах геофизикч, төслийн удирдагч 2002 оноос “ГЕОСАН” ХХК-д геофизикч, ахлах геофизикчээр ажиллаж байгаад 2022 онд гавьяаны амралтандаа гарсан.

 Геологийн салбарт 50 гаруй жил ажиллахдаа 1:10000 ба 1:25000-ын  масштабын эрэл үнэлгээний ажлын хүндийн хүчний орны болон геофизикийн судалгааны нийт 50 гаруй ажлуудыг үнэт ба өнгөт, холимог металл, үнэт чулуу, уран, давс, нүүрсний чиглэлээр явуулж, үр дүнгийн тайланд  зохиогчоор оролцсон.  Мөн газрын тосны хайгуулын 10 гаруй талбайд 1:200000-ын масштабтай хүндийн хүчний судалгааны ажлыг хийж гүйцэтгэн, үр дүнгийн тайлан зохиосон. 

Д.Дагвадорж нь хүндийн хүчний судалгааны аргачлалаар нарийн мэргэшсэн геофизикч байсан бөгөөд  1:10000, 1:25000, 1:50000, 1:200000-ын масштабтай хүндийн хүчний судалгааны ажлуудын хээрийн судалгааны арга, аргачлалын сонголтыг оновчтой болгох, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх боломжуудыг илрүүлэх, тэдгээрийн судалгааны үр дүнг нэгтгэх, засварлах, хянах ба мэргэжлийн боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байв. Ажиллах хугацаандаа олон арван шинэ залуу геофизикчдыг дадлагажуулан сургаж, үлгэр дууриал нь болсон ахмад геофизикч байлаа.

         Д.Дагвадоржийн хөдөлмөрийг үнэлж ТЭХҮГЯамны “Хүндэт үнэмлэх”, “Салбарын тэргүүний ахмад ажилтан” цол тэмдэг, “Аж үйлдвэрийн ажилчдын ҮЭ-ийн хүндэт үнэмлэх”, “Тэргүүний геологич”, “Монгол Улсын Тэргүүний уурхайчин” цол тэмдгүүд, V,VI,VII, VIII-р таван жилийн “Гавшгайч” цол тэмдгүүд, Ардын Хувьсгалын 60 жил, 70 жилийн ойн медалиуд, Алтангадас одон болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон-оор тус тус шагнасан байна.

         

Түүний хөдөлмөрч, хичээнгүй, шулуун шударга зан чанар, гэгээн дүр нь бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

         

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье!

 

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

 

ГЕОСАН ХХК

 МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО ТББ


Tuesday, January 2, 2024

"ХОВД" станц

2015 оны 5 сард Админ миний бие сонирхох шугамаар Ховд станцтай танилцаж байх үеийн зургуудаа хуваалцаж байна.




Wednesday, December 20, 2023

ЭРДЭС БАЯЛГИЙН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДАЛД

Н.Баатар1,  С.Чинбат2, Э.Бүжинлхам2

1Монголын геофизикчдийн холбоо (ТББ),

2Ай Жи Монголиа эксплорейшн ХХК          

Газрын тос-2023 эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл, №23(11)317, хуудас 7-13,

Геологи №39, 2023. (Монгол Улсад Үндэсний дээд мэргэжилтэй Геофизикч бэлтгэж эхэлсний 30 жил, Монголын Геофизикчдын холбооны 30 жилийн ойд зориулсан дугаар), хуудас 47-55.


Хураангуй

Нутаг дэвсгэрийн хэмжээнд гадаргуугаас харагдах ямар нэг шинж тэмдгээрээ хялбархан олж илрүүлж болох объект эрс ховордсон. Бүс нутгийн хэмжээнд шатах ашигт малтмал, үнэт, холимог, ховор металл болон метал бус ашигт малтмал, гүний усны нөөц бүрдүүлэлт хоцрогдож байгаа өнөөгийн нөхцөлд ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ АЖИЛ-ыг ашигт малтмалын нэр төрлөөр нь ашигт малтмал, газрын тос, ус, цацраг идэвхит болон түгээмэл тархацтай ашигт малтмал  гэж салгасан байдаг. Нэг газар нутагт  давхардсан судалгаа хийж, үргүй зардал гарган, цаг хугацаа алддаг  байдалд төрийн бодлого, зохицуулалтаар нэгтгэн зангидах шаардлагын талаар өгүүлэх болно.

Түлхүүр үг: геофизик, боловсруулалт, тайлалт, газрын тос, байгалийн хий, гоёлын алмаз, цагаан алт, газрын ховор элемент

  

I.               ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

 

Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд геологийн судалгаа хийж эхэлснээс хойшхи хугацаанд үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий ашигт малтмалын олон тооны орд илрэлүүдийг нээн илрүүлж, нилээд хэсгийг нь эдийн засгийн эргэлтэнд оруулсаар ирсэн. Бүс нутгийн геологийн тогтоц, ялангуяа газрын хэвлийн гүний тогтцын тухай төсөөллийг бүрдүүлэх нь онол, практикийн нэн чухал ач холбогдолтой юм. 1990-д оноос хойш Оюу толгойн ордоос өөр үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий томоохон орд, объект үндсэндээ шинээр нээгдсэнгүй гэж хэлж болно. Энэ нь нутаг дэвсгэрийн хэмжээнд гадаргуугаас харагдах ямар нэг шинж тэмдгээрээ хялбархан олж илрүүлж болох тийм объект эрс ховордсоныг харуулахын зэрэгцээ геологийн судалгаанд гүний судалгааны арга, тухайлбал, ГЕОФИЗИКИЙН ЦОГЦ СУДАЛГАА-ны арга аргачлалуудыг үндсэндээ орхигдуулж ирсэнтэй холбоотой юм. Ашигт малтмалын хэтийн төлөвтэй байж болох хуримтлалын газрын гадаргууд ил гарч, нүдээр үзэгдэж байгаа илэрц нь түүний гүний байршлын талаар төдийлөн баттай мэдээлэл болж чаддаггүй, тэр нь гүндээ хэдэн арав дахин ихсэх, эсвэл гадаргын элэгдэлд автаж зөвхөн ёзоор хэсэг нь үлдсэн, тектоникийн үйл ажиллагаагаар тасарсан байх талтай тул илэрцийн гүн дэх хэлбэр, хэмжээ, байршлыг тогтоохын тулд гүний судалгааны аргачлалуудыг цогцоор хэрэглэдэг нь дэлхий нийтийн жишиг юм. Геологийн аливаа судалгаанд геофизикийн аргачлалуудыг оновчтой хослуулан хэрэглэвээс цаг хугацаа, хөдөлмөр хөрөнгийг хэмнэх, гүнзгийрүүлэн судлах ажлыг зохистой төлөвлөх боломж бүрдэнэ [8, 11].  

ЭРДЭС БАЯЛАГ гэдэг ойлголтонд газрын хэвлий дэх эрдсийн бүрэлдэхүүнтэй бүх төрлийн ашигт малтмалыг хамруулан ойлгож, хэрэглээний онцлог шинжээр нь металл ашигт малтмал, металл бус ашигт малтмал, шатах ашигт малтмал,  усны ундрах баялаг хэмээн тоймлон ангилах боловч эдгээрийг эрж, хайж, нээн илрүүлэх асуудлыг зөвхөн геологийн судалгааны ажлаар шийддэг бөгөөд тавих зорилт, хүрэх үр дүн зэргийн шалгуур үзүүлэлтүүд нь үндсэндээ нэг  хэмжүүрээр хэмжигддэг, үе шаталсан аргуудтай билээ. Гэтэл геологийн судалгааны ажлыг хэрэгжүүлэх үйл явцыг Газрын хэвлийн тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Цөмийн энергийн тухай, Усны тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай зэрэг олон хуульд салгаж тусгаснаас болж тэр нь геологийн судалгааны ажлын эцсийн үр дүн болоод улс орны эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлэх  хандлага бий болоод байна. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй судалгааны явцад шатдаг занар, битум, нүүрс болоод барилгын материал, гүний ус зэрэг ашигт малтмалыг бага анхаарч зөвхөн металл, тэр дундаа  алт мэтийн үнэт металлыг илүү сонирхдог, зарим  ашигт малтмалын бүрэлдэн тогтох онцлог бүхий бүтэц, тогтцуудын талаар ч анхаарч судалж, дүгнэлт өгөх сонирхолгүй болсон нь “газрын тос”, “ус”-ны асуудал гэсэн ташаа ойлголт бий болсны уршиг юм. Судалгааны явцад тогтоогдсон ахуйн хэрэгцээний эрчим хүчний хэрэглээний шаардлага хангахгүй нүүрс, шатах занар, битум зэргийг геологийн структурын хувьд бүсчлэн, газрын тос, байгалийн хий агуулагч структурыг гүнд нь мөрдөж, нөөцийн хэмжээг ихэсгэснээр шинээр баригдах гэж буй ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР -ийг тасралтгүй түүхий эдээр хангаж, газрын тосны бүтээгдэхүүний дотоодын хэрэглээний тодорхой хувийг хангах боломж байгааг анхаарч үзмээр байна [3, 5, 8, 11].   Газрын тосны тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 30 гаруй жилийн хугацаанд шинээр байгуулагдах газрын тосны боловсруулах үйлдвэрийг тасралтгүй түүхий эдээр хангах, дотоодын хэрэгцээгээ хангах үйлдвэрийн нөөц, түүхий эд бэлтгэгдээгүй, газрын тосны геологийн судалгаанд нутаг дэвсгэрийн 30 орчим хувь хамрагдсан байхад, газрын хэвлийн гүний мэдээлэл төрд төвлөрч, албан хэрэгцээнд ашиглагддаггүй, геологийн салбарын бодлого, төлөвлөлтөнд тусгагдахгүй байна. Төрөл бүрийн бүрийн ашигт малтмалын судалгааны 80 орчим хувь нь геологийн судалгаа, үлдсэн хувь нь геофизикийн судалгаа эзэлдэг байхад ГАЗРЫН ТОС-ны судалгаанд эсрэгээрээ геофизикийн судалгаа нь 80 орчим хувь эзэлдэг онцлогийг ч харгалзан үзэх шаардлага үүсч байна. 

Монгол улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, газар нутгийн хэмжээгээр дэлхийд 17 дугаарт ордог, ГЕОЛОГИ-ийн салбар нь 84 жилийн түүхт ойгоо тэмдэглэх гэж байгаа,  геологийн 200-300 жилийн түүхтэй өндөр хөгжилтэй орноос хоцронгуй явдаг зэрэг өөрийн  орны онцлогт тохируулан геологийн салбарыг хөгжүүлэхэд анхаарах шаардлага зүй ёсоор тавигддаг.

Нутаг дэвсгэрийн хэмжээн дэх газрын тос, байгалийн хий, нүүрс  зэрэг нүүрс устөрөгчийн нэгдлийн судалгаа, гадаргуугийн болон гүний усны гидролог, гидрогеологийн судалгаа, дэд бүтэц, барилга байгууламжийн суурийн инженер геологийн судалгаа, байгаль орчин экологийн аюулгүй байдлын геоэкологийн судалгаа, цацраг идэвхит, түгээмэл тархацтай ашигт малтмалын судалгаа зэрэг байгалийн шинжлэх ухаан, геологийн  судалгааны ажлыг ГЕОЛОГИ-ийн бодлого, зохицуулалт хариуцсан сайдын эрхлэх асуудалд бүрэн хамааруулах шаардлагатай байдаг. Уст цэг, гүний ус  шинээр илрүүлэх, цөлжилтийг сааруулахад чиглэсэн гидрогеологи, геэкологи, геофизикийн судалгааны ажлуудыг салбарын сайдын эрхлэх асуудалд нэгтгэн төвлөрүүлж, харин усны нөөцийг хадгалах, хамгаалах, хэрэглэгчдэд хүргэх зэрэг бусад асуудлуудыг БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ-ын сайдын эрхлэх асуудалд хамааруулах, геологи,  уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн бодлогыг дэд бүтэц, барилга байгууламж, хот төлөвлөлт, хөдөө аж ахуй зэрэг бусад салбаруудтай уялдуулан холбох зэрэг бодлогын зохицуулалт хийх боломжтой.

Геологийн региональ судалгаа /сэдэвчилсэн судалгаа, зураглал/, эрэл, хайгуулын үе шатанд ГЕОЛОГИ, ГЕОХИМИ, ГЕОФИЗИК, ГИДРОГЕОЛОГИ, ИНЖЕНЕР ГЕОЛОГИ, ГЕОЭКОЛОГИ, УУЛ, ӨРӨМДЛӨГ-ийн ажлыг иж бүрэн цогцолбороор бүрэн төгс хийлгэх; геофизикийн судалгааны мэдээллийг геологичид ашиглаж, геологи-геофизикийн нэгдсэн боловсруулалт, тайлалт хийсэн тайланг төрийн байгууллага, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл /ЭБМЗ/ хүлээж авдаг болох шаардлага үүсч байна. 


Thursday, December 14, 2023

МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО /ГҮТББ/ БАЙГУУЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙД

Н.Баатар1, Д.Цэдэнбалжир1, С.Мөнхбаатар2, С.Дэмбэрэл3,

 А.Болор-Эрдэнэ1, Г.Бат-Эрдэнэ4

1Монголын геофизикчдийн холбоо  /ГҮТББ/, 2 Амодисковер ХХК,

 3ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, 4 Геосан ХХК,

( Геологи №39 сэтгүүлд хэвлэгдсэн, 2023. хуудас 71-79 )


ОРШИЛ

Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд гүйцэтгэж байгаа геофизикийн судалгааны ажлын цар хүрээг нэмэгдүүлэх, инженер техникийн ажилтан, ажиллагсад, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, геофизикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, нутагшуулахад мэргэжлийн хүчирхэг хамт олон, алсын хараатай бодлого чухал байна.

1990-ээд  оноос Монголын нийгэм, эдийн засаг үндсээрээ өөрчлөгдөж, төрийн байгууллагууд тарж бутарсан хэцүү цаг үе эхэлсэн ба  геологийн судалгаа, сургалт, эрдэм шинжилгээний  ажлын бүтэц, зохин байгуулалтад ихээхэн өөрчлөлт орж байлаа.  Геологи хайгуулын ажил, түүний дотор геофизикийн  судалгаа  төрийн  нэгдсэн  төлөвлөлт, хяналтаас үндсэндээ  гарч,  олон  жижиг  хувийн  компаниуд  бий  болж,  хийсэн  ажлынхаа  үр  дүнг  захиалагчийнхаа  өмнө  хариуцах  болов. Чухам энэ хэцүү цаг үед үйлдвэрлэл, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудад ажиллаж байсан,  ажил, мэргэжлээ эрхэмлэдэг хэсэг геофизикчид мэргэжлийн, төрийн бус байгууллага  Монголын  геофизикчдийн  холбоо” хэмээх зохицуулах,  уялдуулах  үүрэгтэй  иргэний  байгууллагыг үүсгэн байгуулсан байна.   Энэ үеэс манай оронд  хайгуулын  геофизикийн  судалгааны  хөгжлийн  шинэ  үе  эхэлжээ.

1993 онд байгуулагдсан манай холбоо салбартаа анхдагч нь байлаа. Монгол улс зах зээлийн харилцаанд шилжээд геологийн салбарын бүтцийн тогтолцоо алдагдсан, геологи хайгуулын ажил санхүүгийн уналтанд орсон хэцүү үед үүсэн байгуулагдсан байдаг.

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд дэлхийн хэмжээнд томоохон өөрчлөлт шинэчлэл, шинэ үе эхэлсэн цаг мөчид 1993 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр МУИС-ийн геофизикийн тэнхимийн эрхлэгч, физик математикийн шинжлэх ухааны доктор, ОХУ-ын Петрийн шинжлэх ухааны сурвалжлагч гишүүн, профессор Долгорын Халтарын тэнхимд мэргэжил нэгт хэсэг нөхөд маань цуглаад тухайн үеийн төр, нийгмийн байдал, цаашид мэргэжлээ хэрхэн яаж авч явах талаар ярилцаж мэргэжлийн төрийн бус байгууллага “МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО”-г байгуулах санаачлага гаргасан. Энэхүү уулзалтанд П.Дугараа (ТИС), Н.Бямбаа (ТИС), Ү.Сүхбаатар (ШУА), Д.Болд (ГУУЯ-Геофизикийн экспедици), Д.Лавдансүрэн (Геофизикийн экспедици), Р.Оюунсүрэн (УААЯ), М.Лэгдэн (УААЯ) нар оролцож, холбооны тэргүүнээр Долгорын ХАЛТАР багшийг сонгож, холбооны анхдугаар чуулганд оролцогчдын саналаар Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон ажиллуулж ирсэн.

2023.11.02 Баримтат киноны зураг авалтын үеэр, ШУА, ООГХ-д

Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, холбооны үүсгэн байгуулагч Ү.Сүхбаатар,  ахмад геофизикч Б.Дэндэвчулуун, холбооны гүйцэтгэх захирал Д.Цэдэнбалжир /урд эгнээ/, ШУА, ООГХ-ийн захирал С.Дэмбэрэл, холбооны үүсгэн байгуулагч Д.Болд, холбооны тэргүүн С.Мөнхбаатар, Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн дарга Я.Бат-Ирээдүй /арын эгнээ/

Холбооны II чуулган нь 1997 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж, холбооны дүрмийг хэлэлцэн баталсан. Холбооны III чуулган нь 1999 онд хуралдаж, холбооны дүрэм, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй болно. Холбооны IY чуулган нь 2009 оны 12 дугаар  сарын 18-ны өдөр хуралдаж, холбооны шинэчилсэн дүрмийг хэлэлцэн баталсан. Холбооны Y чуулган нь 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, YI чуулган нь 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, YII чуулган нь 2015 оны 12 сарын 11-ний өдөр, YIII чуулган нь 2019 оны 12 сарын 14-ны өдөр тус тус хуралдсан.