Saturday, January 27, 2024

Эмгэнэл

 


Геологийн судалгааны “Геосан ХХК-ийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, геологич Гомбосүрэнгийн Ихбаяр 2024 оны нэгдүгээр сарын 25-нд өвчний улмаас таалал төгсөж монголын геологийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Гомбосүрэн овогтой Ихбаяр нь 1962 оны 10 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотод төр
ж, Политехникийн дээд сургуулийг геологийн зураглалын инженер мэргэжлээр 1985 онд төгсч, 1999 онд Техникийн ухааны магистрын зэрэг хамгаалсан байна.
          Геологи, геофизикийн эрлийн “Монголын гэгээ” нэгдэлд инженер-геологичоор хөдөлмөрийн гараагаа эхэлсэн ба 1995 онд геологийн судалгааны “Геосан” ХХК-ийг үүсгэн байгуулж ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар ажилласан. “Монголын гэгээ” нэгдэлд ажиллах хугацаандаа геологийн зураглал, ерөнхий эрлийн олон ажлыг төсөл зохиохоос судалгааны үр дүнгийн тайлан зохиох хүртэл бүх шатны ажлыг гардан хийсэн тус нэгдлийн тэргүүлэх геологичдын нэг байсан.

         Г.Ихбаяр нь ямагт шинийг эрэлхийлсэн, алсын хараатай ажилладаг нэгэн байсан учир манай орны нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг соргогоор мэдэрч “Геосан” ХХК-ийг үүсгэн байгуулж том болоод дунд масштабын геофизик, байр зүйн зураглалын ажил хийж эхэлсэн. Тэрээр геологич, геофизикч, геодезийн инженер, нисэх онгоцны инженер, нисэгч зэрэг үндэсний мэргэжилтэн, судлаачдаас бүрдсэн чадварлаг хамт олныг бий болгосноор агаарын геофизикийн 5 сувагт зураглалын ажлыг хийж эхэлсэн нь манай орны геологийн судалгаанд шинэ хуудас нээсэн байна..

          Г.Ихбаяр нь Монголын геофизикчдийн холбоог үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд олон жил Холбооны дэд тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж Холбооны үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ирсэн байна.

Г.Ихбаярын олон жилийн хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлэн “Алтан гадас” одон, ойн медалиудаар шагнасан ба Монгол улсын “Тэргүүний геологич” юм.

          Г.Ихбаярын манай орны геологи, уул уурхайн салбарын хөгжилд оруулсан олон жилийн бүтээлч хөдөлмөр, хувь нэмэр, түүний нөхөрсөг, хичээнгүй зан чанар монголын геофизикчдийн сэтгэл зүрхэнд үүрд орших болно.

Талийгаачийн эцэг эх, гэр бүл, үр хүүхэд, төрөл  төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

Монголын геофизикчдийн холбоо

Friday, January 19, 2024

Зарлал

ЭБМЗ-ийн Геологийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах сонирхолтой, МГеофХ-ны гишүүн-геофизикч нэрээ дэвшүүлэхийг хүсье


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын
2021 оны 07 дугаар сарын 27 -ны өдрийн
А/195 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт

“ЭБМЗ-ийн дүрэм”-ээс

Арав. Зөвлөлийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц


10.1.     Зөвлөл нь дарга, орлогч дарга, салбар хуралдааны дарга, салбар хуралдааны нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.

10.2.     Зөвлөлийн бүрэлдэхүүнийг геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах шаардлага хангасан тохиолдолд томилно.

10.2.1.Зөвлөлийн гишүүд нь геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тос зэрэг тухайн салбар зөвлөлийн чиг үүрэгт хамаарах чиглэлийн мэргэжилтэй, мэргэжлээрээ 10 жилээс доошгүй хугацаанд ажилласан туршлагатай байх;

10.2.2.Хамаарах салбарын зөвлөх, мэргэшсэн мэргэжилтэн байх;

10.2.3.Өргөтгөсөн болон салбар зөвлөлийн гишүүдийн тавиас доошгүй хувь нь төрийн бус байгууллагын төлөөлөл байх;

10.2.4.Өргөтгөсөн болон салбар зөвлөлийн гишүүдийн төрийн төлөөлөлд  геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын тухайн асуудал хариуцсан албан тушаалтан байх.

10.3.     Салбар хуралдааны гишүүн нь бусад салбар хуралдааны гишүүн байж болно.

10.4.     Зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын байгууллага, мэргэжлийн холбоод болон итгэмжлэгдсэн лабораторийн төлөөлөл  буюу мэргэшсэн, мэргэжилтэн ажиллаж болно.




                                       МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО ТББ


Sunday, January 14, 2024

ЭМГЭНЭЛ

 


Дагдангийн ДАГВАДОРЖ

 (1945-2024)

 

  Геологийн салбарын ахмад ажилтан, Монгол улсын зөвлөх инженер,  геофизикч Д.Дагвадорж ертөнцийн мөнх бусыг үзүүлж, бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

            Д.Дагвадорж 1945 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг Бүрдийн хавтгай хэмээх газар төржээ. Тэрбээр 1966 онд Улаанбаатар хотын 21 дүгээр  сургуулийг төгсөж, 1966-1972 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуульд “уулын инженер геофизикч” мэргэжлээр суралцаж төгссөн.

 Ажил хөдөлмөрийн гараагаа ТЭХҮГЯ-ны Геофизик-топо зургийн экспедицид инженер геофизикчээр ажиллаж эхэлжээ. Геофизик-топо зургийн экспедици нь 1983 онд Эрэл геофизикийн цогцолбор экспедици, 1990 онд Геологи-геофизикийн эрлийн нэгдэл гэдэг нэртэй болж зохион байгуулалтын өөрчлөлтөд орж байсан бөгөөд Д.Дагвадорж нь энэ байгууллагад 1972-1990 онуудад инженер геофизикч, ахлах геофизикч, ангийн дарга зэрэг албыг хашиж байжээ. 1990-1993 онд “Газрын тосны хэрэг эрхлэх газар”-т ахлах геофизикч, ангийн дарга, 1993-1995 онд Геофизикийн судалгааны товчоонд ахлах геофизикч, төслийн удирдагч, 1995-2002 онд Геологийн судалгааны товчоонд ахлах геофизикч, төслийн удирдагч 2002 оноос “ГЕОСАН” ХХК-д геофизикч, ахлах геофизикчээр ажиллаж байгаад 2022 онд гавьяаны амралтандаа гарсан.

 Геологийн салбарт 50 гаруй жил ажиллахдаа 1:10000 ба 1:25000-ын  масштабын эрэл үнэлгээний ажлын хүндийн хүчний орны болон геофизикийн судалгааны нийт 50 гаруй ажлуудыг үнэт ба өнгөт, холимог металл, үнэт чулуу, уран, давс, нүүрсний чиглэлээр явуулж, үр дүнгийн тайланд  зохиогчоор оролцсон.  Мөн газрын тосны хайгуулын 10 гаруй талбайд 1:200000-ын масштабтай хүндийн хүчний судалгааны ажлыг хийж гүйцэтгэн, үр дүнгийн тайлан зохиосон. 

Д.Дагвадорж нь хүндийн хүчний судалгааны аргачлалаар нарийн мэргэшсэн геофизикч байсан бөгөөд  1:10000, 1:25000, 1:50000, 1:200000-ын масштабтай хүндийн хүчний судалгааны ажлуудын хээрийн судалгааны арга, аргачлалын сонголтыг оновчтой болгох, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх боломжуудыг илрүүлэх, тэдгээрийн судалгааны үр дүнг нэгтгэх, засварлах, хянах ба мэргэжлийн боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байв. Ажиллах хугацаандаа олон арван шинэ залуу геофизикчдыг дадлагажуулан сургаж, үлгэр дууриал нь болсон ахмад геофизикч байлаа.

         Д.Дагвадоржийн хөдөлмөрийг үнэлж ТЭХҮГЯамны “Хүндэт үнэмлэх”, “Салбарын тэргүүний ахмад ажилтан” цол тэмдэг, “Аж үйлдвэрийн ажилчдын ҮЭ-ийн хүндэт үнэмлэх”, “Тэргүүний геологич”, “Монгол Улсын Тэргүүний уурхайчин” цол тэмдгүүд, V,VI,VII, VIII-р таван жилийн “Гавшгайч” цол тэмдгүүд, Ардын Хувьсгалын 60 жил, 70 жилийн ойн медалиуд, Алтангадас одон болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон-оор тус тус шагнасан байна.

         

Түүний хөдөлмөрч, хичээнгүй, шулуун шударга зан чанар, гэгээн дүр нь бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

         

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье!

 

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

 

ГЕОСАН ХХК

 МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО ТББ


Tuesday, January 2, 2024

"ХОВД" станц

2015 оны 5 сард Админ миний бие сонирхох шугамаар Ховд станцтай танилцаж байх үеийн зургуудаа хуваалцаж байна.