Showing posts with label History. Show all posts
Showing posts with label History. Show all posts

Sunday, March 29, 2026

Geosan LLC-ийн 30 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Хөгжил дэвшлийн жимээр тууштай урагшилж, Монголын геологи, геофизикийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Geosan LLC-ийн хамт олонд халуун баяр хүргэе.

Та бүхний бүтээсэн замнал бол зүгээр нэг хугацаа бус — итгэл, хөдөлмөр, ур чадвар, ололт амжилтын нэгдэл юм. Энэ хугацаанд хуримтлуулсан туршлага, бий болгосон үнэ цэнэ нь салбарын ирээдүйн хөгжлийн бат суурь болж байна.
Цаашдын он жилүүдэд шинэ санаа, шинэ боломж, шинэ амжилтаар дүүрэн байж, эх орондоо төдийгүй олон улсад нэр хүндээ улам өндөрт өргөх болтугай.
30 жил — үнэ цэнийн түүх,
Цааш — ялалтын үргэлжлэл!

Wednesday, February 11, 2026

ЭМГЭНЭЛ

 

Самдангийн Лантуу (1947-2026)

МУИС-ийн Геофизикийн салбарын ахмад багш, нэрт сурган хүмүүжүүлэгч Самдангийн Лантуу 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж, Монгол улсын геофизикийн салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.
Самдангийн Лантуу 1947 онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт малчин ард Самдангийн отгон хүү болон мэндэлжээ. Бага насаа эцэг эхийн гэрт, малчны хотонд өнгөрөөсөн ба 1956-1966 Сайншанд хотын нэгдүгээр 10 жилийн бүрэн дунд сургуульд суралцаж төгссөн.
1966 онд МУИС-ийн физикийн ангид элсэн суралцаж, 1971 онд физикийн багш, геофизикч мэргэжлээр суралцан төгссөн. Тэрээр Монгол улсад дээд мэргэжил эзэмшсэн анхны 7 геофизикчийн нэг юм. 1997 онд МУИС-ийн Физик Электроникийн Сургуульд геофизикийн ухаан магистрийн зэргийг “Монгол орны зарим нутгийн уур амьсгалын бүтэц ба цаг агаарын зарим үзүүлэлтийн хувьсал” сэдвээр амжилттай хамгаалсан.

Friday, April 4, 2025

“Mongolian Geophysical Society” нэртэй цахим сайтын админ А.Болор-Эрдэнэ

Сайн байцгаана уу? Аливаа зүйлс түүхтэй байдаг, түүхээ бас бичиж архивладаг тул дараах зүйлийг бичиж, цахим орчиндоо архивлаж байна. “Mongolian Geophysical Society” нэртэй цахим сайтын админ хийгээд нэг л мэдэхэд 15 дахь жилтэйгээ золгож байгаа юм байна. Анх удаа өнөөдөр цахим орчинд “Mongolian Geophysical Society”  нэртэй сошиал орчны админ тэр гэж нэрээ албан ёсоор, бүтэн бичиж үзэж байна. Өмнө нь нийтлэлдээ бичих хэрэг гарвал зөвхөн Админ гэдэг үгийг л хэргэлдэг байсан.


2011 онд анх нээж байхдаа байршуулж байсан анхны Facebook cover зураг

Геофизикийн оюутан байх үедээ геофизикийн салбарынхан дунд жил болгон болдог салбарын уламжлалт Геофизикийн өдөрлөгийн мэдээллийг цаг хугацаанд нь авч чаддаггүй, үйлдвэрлэл дээр гарсан зарим геофизикч инженерүүд одоо хүртэл уламжлагдан болдгийг мэдээгүй гайхдаг цөөнхтэй тааралдаж байсан. Компаниуд нь геофизикч болон туслах ажилтан хайх, оюутнууд дадлага хийх болон ажиллах газраа хайх зэргээс энэхүү салбарт Монголын Геофизикчдийн дунд түргэн шуурхай мэдээлэл түгээдэг, холбоо барих систем хэрэгтэй байгааг анзаарч, сайн дураараа оюутан байхаасаа (2011 онд) санаачлан, “Mongolian Geophysical Society” нэртэй Facebook group-ийг ажил хэрэг болгон нээж, өдийг хүртэл шантралгүй ажиллуулж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар энэхүү Facebook group нь 2.3 мянган гишүүнтэй болсон байна. “Mongolian Geophysical Society” facebook групп

“Mongolian Geophysical Society” нэртэй цахим сайтын админ А.Болор-Эрдэнэ (2011 он)

Харин Геофизикчдээ холбох гүүр нь болж, мэдээ мэдээллээр хангаж байгаа энэхүү группэд тавигдсан мэдээ, мэдээлэл нь урсан өнгөрч мартагдах аюултай мэт санагдсан тул 2012 оноос эхлэн “Mongolian Geophysical Society” нэртэй блогсайтаа нээж, давхар ажиллуулсаар ирсэн. Энэ нь Монголын геофизикчидтэй холбоотой төрөл бүрийн мэдээллийг нэг доороос авах, мөн Монголын геофизикийн цахим архив болох зорилготой ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тус блогсайтын нийт тандалд 60 мянга давсан буюу 2012 оны 1-р сараас эхлэн одоог хүртэл 13 жил 3 сар ажилласан гэж үзвэл, нийт тандалтын арифметик дунджийг сараар авч үзвэл нэг сард дунджаар 400 орчим хүний тандалт хийдэг нь харагдаж байна. Үүнийг ажиллуулснаар хүмүүс миний хувь чатаар Геофизикийн мэргэжлийн ямар ном байдаг вэ︖ Геофизикийн мэргэжлийн ямар компаниуд байдаг вэ? Геофизикийн компаниудын холбогдох мэдээлэл хэрэгтэй байна гэх мэт асуултад нэг бүрчлэн бичихийн оронд энэ блогсайтынхаа линкийг явуулаад л асуудлыг шийддэг буюу хүмүүст илүү амархан байдлаар хурдан шуурхай тусалж чаддаг болсон давуу талтай. “Mongolian Geophysical Society” блогсайт

“Mongolian Geophysical Society” нэртэй цахим сайтын админ А.Болор-Эрдэнэ (2020 он)

Мөн эрхэм хүндэт Монголын Геофизикч нарийн тухай бичлэгүүд хэдийгээр цөөхөн байгаа ч гэсэн байгаа хэдэн бичлэг нь бас л цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр мартагдах аюултай санагдаж “Mongolian Geophysical Society” нэртэй youtube channel 2020 онд нээсэн. Энэ нь Монголын геофизикчидтэй холбоотой төрөл бүрийн видео мэдээллийг нэг доороос авах, мөн Монголын геофизикийн цахим архив болох зорилготой ажиллаж байна. Хэдийгээр цөөхөн бичлэгтэй ч гэсэн энэхүү youtube channel ажиллуулсны дараахан Талийгаач П.Дугараа багшаас минь тухайн үед "Ямар гоё бичлэгүүд оруулсан байна, багш нь хараад баярласандаа уйлж байна, баярлалаа" гэсэн мессеж ирж байсан нь маш сайхан санагдаж байсан. Хэрэггүй юм хийгээгүй л юм байна гэх бодол төрж байсан билээ. Өнөөдрийн байдлаар 26 ширхэг бичлэгтэй болсон байна. “Mongolian Geophysical Society” youtube channel

Геофизикч шүлэг 2023 онд зохиосон.

Анх салбартаа бараг таних хүнгүй, ажлын туршлага байхгүй, бизнес эрхэлдэг нэр хүнд байхгүй, дэмжиж туслах хүн ч байхгүй, ер нь юу ч байхгүй байхдаа өөрийгөө гололгүй, ийм том зорилго өөртөө тавьж, анх үүсгэсэн цагаас өнөөдрийг хүртэл нэг ч үсэг солигдож үзээгүй ийм том нэрийг өгч, ганцаараа гэж шантралгүйгээр уйгагүй хичээж зүтгэсний үр дүнд мэргэжлээрээ огт ажиллаж үзээгүй хэдэн жил болсон геофизикч мэргэжилтэй хүн энэ группээс ажлын зар мэдээ харах байдлаар хоёр ч удаа том компанид мэргэжлээрээ ажилласан үр дүнг харах, геофизикийн салбарын мэдээ мэдээлэл хурдан шуурхай түгж байгаад, зорьсон зорилгодоо хүрч, эзэмшсэн мэргэжлээрээ зөвхөн хоолоо олж идэх биш, эзэмшсэн мэргэжлийнхээ салбарыг хөгжүүлэхэд багахан ч гэсэн хувь нэмрээ оруулж чадсандаа сэтгэгдэл маш өндөр байна. Та бүхний минь ажил үйлс хурдан шуурхай бүтэж байх болтугай.


“Mongolian Geophysical Society” нэртэй цахим сайтын админ А.Болор-Эрдэнэ (2024 он)


“Mongolian Geophysical Society” нэртэй Facebook group-ийн гишүүдийн нас, хүйс, амьдарч байгаа улс, хотоор нь 2025-04-04 байдлаар статистик мэдээг харвал 10 гаруй улс орноос буюу Дэлхийн өнцөг булан бүрээс хандалт хийдэг нь харагдаж байна. Нийт гишүүдийн 70% нь эрэгтэй, 30% нь эмэгтэй. Үүнээс 53% нь 25-44 насны эрэгтэй, 23% нь 25-44 насны эмэгтэй гишүүдтэй байна.


Нэгэнт “Mongolian Geophysical Society” нэртэй цахим сайтын үүссэн түүхийг бичиж байгаа болохоор "Mongolian Geophysical Society" гэсэн Фасебүүк хаягийг анх үүсгэн, арав гаруй жил хөтөлж байх хугацаанд надад үүссэн нөхцөл байдлыг та бүхэнд цухас, товчхон илэрхийлж бичье. Анх салбарынхаа хүмүүсийг танихгүй байж хэрхэн "Mongolian Geophysical Society" нэртэй Фасебүүк группийн гишүүдийг бүрдүүлж эхэлсэн талаар товчхон, цухасхан сонирхуулах юм бол Х.Оюунбилэг багшаас ШУТИС-ийн АМЕХГеофизикийн төгсөгчдийн жагсаалтыг авсан. Энэ жагсаалт дээр тухайн төгсөгчдийн овог нэр, и-мэйл хаяг, утасны дугаар гэх мэт мэдээллүүд байсан. Энэ мэдээллээр нь facebook-ээс search хийж олоод, чатлаад, мөн байвал групптээ нэмээд, тухайн олсон геофизикчийнхээ facebook найз нөхдөөс нь геофизикчдийг нэмж хайх байдлаар өдөр шөнөгүй жил гаран notebook-тэй найзалж энэ группийн суурийг тавьж байсан. Мэдээж тухайн үед группийн гишүүн болсон зарим хүмүүс буцаж группээс гарах сөрөг үйлдэл их байсан. Жишээ нь нэг хүнээс групп рүү орох хүсэлт бараг арван удаа ирж байсан. Яг энэ үйлдэл бол намайг үгүйсгэж арван удаа энэ группээс гарсан байна гэх бодол төрөхөд мэдээж тухайн хүнийг блок хийх эсвэл шантармаар ч юм шиг сэтгэгдэл эхний хоёр жилд маш олон удаа төрдөг байсан. Гэхдээ мэдээж хувь хүний буюу өөрийнхөө сэтгэл хөдлөлийг 100% хойш тавьж зорьсон ажилдаа шамдаж байсан болохоор хүсэлт гаргах тоолонд нь зүгээр л зөвшөөрдөг байсан. Мөн зарим хүмүүс намайг юун хүн бэ гэх сониуч байдлаар чатлахдан шөнөжин нойроо хасаж чадлах байдлаар тухайн хүнийг группэдээ авч үлдэж байх шиг санагдах үе нэлээд бий. Хоёр дахь жилээс гишүүн нэмэх ажлын хажуугаар Монголын Геофизикийн салбартай холбоотой мэдээллүүдийг бусдад түгээх гэж оролдон хүмүүсийн пост болон бусад эх үүсвэрүүдийг чадлаараа эрэн хайж мэдээ, мэдээлэл оруулдаг болсон. 2013 оноос эхлэн гадаадын хөрөнгө оруулалтууд гарч геологийн салбар хямрах энэ цаг үед миний бие цалинтай, цалингүй их хүнд үеийг туулж байсан ч мэргэжилдээ үнэнч байж, геофизикийн салбарынхаа хөгжилд 100% сайн дураараа нэг ч төгрөгийн ашиг харалгүй өдийг хүртэл уйгагүй идэвхтэй, чин үнэнч сэтгэлээр зүтгэж байгаа залуу геофизикч билээ. Энэ зарцуулж буй цаг хугацааны хувьд эргэж хараад ний нуугүй үнэнээ дэлгэж хэлэхэд сошиал орчинтой найзалсан он жилүүд олон байна, залуу хүний чөлөөт цаг зав болон шөнө унтах нойроо ч хасаж энэ сошиал орчинд өнгөрүүлсэн он жилүүд олон байна, ажлын байран дээрээ ч ажлын хажуугаар сошиал орчинд цаг хугацаа зарцуулахын тулд ажиллах хурдаа нэмж, ажлаа өндөр ачаалалтай хийж гүйцэтгэсэн он жилүүд ч олон байна. Энэ бүгдийн үр дүнд нэг ч төгрөг олж үзээгүй. Хувийн эрх ашгийн төлөө ч үүнийгээ ашиглаж үзээгүй билээ. Өнгөрсөн арав гаруй жилд энэ группийн эрхэм хүндэт гишүүдээс баярлаж, талархсан сайн сайхан хандлагуудыг олон харахын зэрэгцээ цөөхөн ч гэлээ зүрх зүсэж, сэтгэл сэмлэсэн, нулимс тогтохгүй болтол асгаруулсан мөчүүд хэд хэд байсныг ч нуугаад юу гэхэв. Тэгсэн ч хувь хүний үзлээ 100% хойш нь тавьж, өдийг хүртэл нэг ч геофизикчийн эрх ашгийг сошиал орчинд хөндөж үзээгүй билээ. Эсрэгээ эрхэм хүндэт геофизикч нарынхаа алдар нэрийг цуурайтуулахыг хичээж ирсэн.

Хүндэтгэсэн: “Mongolian Geophysical Society” нэртэй цахим сайтын админ 

А.Болор-Эрдэнэ /2025-04-04/

Thursday, February 27, 2025

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д. Цэдэнбалжир

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолоор шагнагдсан Монголын геофизикчдийн холбоо (ТББ)-ны Хүндэт гишүүн , Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын ахмадын хороо (ТББ)- Дарга, Монгол улсын Зөвлөх инженер Д. Цэдэнбалжир таньд сайн сайхныг хүсэж , геофизик , эрдэс баялгийн салбарын хөгжлийн түүхийг түүчээлэх арвин их үйлсэд нь улам их амжилт хүсье. Д. Цэдэнбалжир нь 1969 оноос өдийг хүртэл 56 жилийн турш геофизик, эрдэс баялгийн салбарт тасралтгүй зүтгэж байна.



Д. Цэдэнбалжир нь :
* 1969-1983 он ТЭХҮГЯ-ны харъяа Геофизикийн анги (1972 оноос Экспедици болон өөрчлөгдсөн) -Ерөнхий инженер , Дарга
* 1983 -1988 он ЭЗХТЗ-ийн Геологийн салбарт хамтран ажиллах байнгын комисс. -Даргын зөвлөх-эксперт
* 1988- 1990 он ЭХУУҮГЯ, Хүнд үйлдвэрийн яам - ШУТЗ-ийн нарийн бичгийн дарга, геофизик, геохимийн судалгаа хариуцсан мэргэжилтэн
* 1990-1996 он Геологи-геофизикийн эрлийн “Гэгээ” нэгдэл - Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал, чичирхийллийн төслийн удирдагч
* 1996-1997 он Газрын тосны “Галба” УҮГ - Дарга
* 1997- 1999 он Монгол-Орос-Канадын хамтарсан “Төв Азийн Уран” ХХК - Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга
* 1999- 2008 он - Газрын тосны хэрэг эрхлэх газар (2005-2009 онуудад Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар) - Хил, гааль, хайгуул судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн Газрын тосны олборлолт, тээвэрлэлтийн хэлтсийн дарга
* 2008-2009 он “Жамп алт” ХХК - Захиргаа, хүний нөөцийн менежер
* 2010 он Блак Вотер Петролеум” ХХК- Төслийн удирдагч
* 2011 оноос өдийг хүртэл Зөвлөх инженер
* 2021 оноос Татах хүч ХХК Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд 1:500000-ны Мезо-кайнозойн зураг зохиох төсөлд ахлах геофизикч, зөвлөхөөр.
* 2016- 2024 он хүртэл Монголын Геофизикчдийн Холбоо (ТББ) -ны Гүйцэтгэх захирал.
Тандаа аз жаргал , эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.
, Хүндэтгэсэн
Монголын Геофизикчдийн Холбоо

Monday, May 27, 2024

Монгол Улсын анхны геофизикийн инженер, Байгаль орчны гавъяат ажилтан М.Сүрэнхорлоо

 Бичсэн: Өлзийбаярын Золбаяр



Миний хайрт өвөө М.Сүрэнхорлоо. Өдгөө 92 настай сайхан буурай минь Монгол орныг усжуулах ажилд энэ амьдралаа бүтэн зориулсан буянтан. Анх 1958 онд Ю.Цэдэнбал дарга Монголын анхны 7 Геофизик инженер бэлдэх шийдвэр гаргаж Унгар улсад 7 оюутан илгээсний нэг нь миний өвөө юм. Сургуулиа төгсөж ирээд Монгол орны 330 суманд бүгдэд нь усны хайгуул хийж, худаг ус гаргаж хөдөө хээр л амьдарлынхаа дийлэнх хугацааг өнгөрүүлсэн. Өвөө минь Орос, Англи, Унгар, Герман, Франц хэлээр ярина, түүн дотроо Орос, Унгар хэлийг төрөлх хэл шигээ эзэмшсэн эрдэмтэн.
Усны хайгуул Гидрогеологи чиглэлийн олон арван ном бүтээл хэвлүүлж усны салбарт олон арван тэргүүний сэхээтэн шавь нараа бэлдсэн ШУТИС-ын хүндэт профессор багш хүн. Шавь нар нь одоо ч Монголын усны салбарыг тэргүүлж яваа. Нэг бахархам жишээ бол Орхон Онги төслийн гол эрдэмтэн Chandmani Dambabazar гуай өвөөтэй минь шадарлаж усны аж ахуйн институтид 20 шахам жил хамт ажилласан байдаг. Өвөө маань Шатрын спортын дэд мастер цолтой олон талын авъяастай, гайхалтай шооч хүн. Цагаан сараар 92 той хүн шатрын тэмцээнд ороод хүрэл медаль авсанаа чамалж суугаа нь хөөрхөн шүү. Сайханаа эгч чинь нүдний шил мартсанаас болж хүрэл авлаа уг нь алт авах байсан гээд байж байх жишээтэй.
Миний өвөө эмээг минь насаар нь эрхлүүлж, хайрлаж амьдарсаан. Хүн яаж амьдрах ёстойг, ханиа яаж хайрлаж амьдардгийг өөрийн биеэр үр хүүхдүүд ач зээ нартаа харуулсан аугаа хүмүүн бол миний өвөө. Нэг яваад ороход эмээд зориулж бичсэн шүлэгээ уншиж өгөөд л баясаж суудаг, эмээг цаашлуулж хошигнож тоглодог романтик, хөгжилтэй хүн. Эмээ учиргүй баясаж бие биерүүгээ хайр дүүрэн харцаар хардаг байсан нь үнэхээр хайрлан бахархмаар. Эмээ минь бурханы оронд дэвшээд хэдэн намар болжээ. Одоо ч эмээг хайрласаар, дуу шүлэг зохиосоор л суудаг. Миний өвөө бол амьдралд дэндүү хайртай бурханаас тусгайлан илгээсэн аугаа том зүрхтэй хүн.
Монголын усны салбарын бахархал болсон "Байгаль орчны гавъяат" ажилтан бидний амьд бурхан өвөөдөө үр хүүхдүүд ач зээ нар нь маш их хайртай. Тандаа урт нас удаан жаргал хүсье.


Thursday, April 18, 2024

Геофизикийн холбоод болон нийгэмлэг


Монголын геофизикчдийн холбоо (Mongolian Society of Geophysicists)

8411 - Геофизикчдын оюуны чадавхи, мэргэжлийн чадварыг дээшлүүлэх, судалгаа, сургалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр боловсруулах

https://opendatalab.mn/search/8016674 


Монголын үйлдвэрлэлийн геофизикчдийн нийгэмлэг

9499 - Үйлдвэрлэлийн геофизикийн судалгааны ажлыг дэлхийн жишигт хүргэх, салбарын ажиллагсадын мэргэжлийн түвшинг дээшлүүлэх, сургалт явуулах

https://opendatalab.mn/search/8102317


Монголын одон орон геофизикийн судлалын холбоо

8411 - Одон геофизик судлагчдыг дэмжих, багаж хэрэгсэл байраар хангах, сургалт судалгаа явуулах.

https://opendatalab.mn/search/8115834


Геофизик салбарыг төгсөгч дэмжигчдийн холбоо (Society of Geophysics Alumni and Supporters)

94990 - Геофизикийн шинжлэх ухааныг бүх нийтэд сурталчилж, салбарын төгсөгч, ажил олгогч нарын хамтын харилцааг бэхжүүлэн, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах

https://opendatalab.mn/search/8408726


Mongolian Geophysical Society

Геофизикийн салбартай холбоотой бусдад түгээх гэсэн аливаа бүх төрлийн мэдээллийг салбарынхандаа цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэх, геофизикчдийн дунд холбоо барих гүүр нь болох, Монголын геофизикийн салбарын цахим архив болох, геофизикийн байгууллага болон инженерүүдийг бусдад таниулах байдлаар дэмжих

(Ямар ч улсын бүртгэл гэрчилгээ байхгүй. Гишүүнчлэлийн татвар огт авдаггүй. Ашгийн төлөө бус, 100% сайн дурын ажил, 2011 онд үүсгэн байгуулагдсан)

https://www.facebook.com/groups/Geoph

https://geophysicsmn.blogspot.com/

https://www.youtube.com/channel/UCKITK_xJIzk6VRasD2lYhvw


Tuesday, April 16, 2024

ЭРЭЛ ГЕОФИЗИКИЙН ЦОГЦОЛБОР ЭКСПЕДИЦИ-ийн уулзалт /2024.04.12/

Монголын Геофизикийн салбарын алтан үеийн ахмадуудын нэг хэсэг төлөөлөл болох ЭРЭЛ ГЕОФИЗИКИЙН ЦОГЦОЛБОР ЭКСПЕДИЦИ-ийн ахмад геофизикчдийнхээ алдар сууг магтаж байна. Амжилт бүтээлээр дүүрэн өнгөрсөн он жилүүдээ дурсаж, анд нөхөдтэйгөө цуглан инээж баясан баярлацгаасан та бүхний минь сургасан сургаал нь сувд адил, заасан эрдэм тань зандан адил, ачлал хайр нь алт адил, түмэн олон залуу геофизикчдийн оюуны мэлмийг нээсэн, түмэндээ хүндлэгдэж, төрдөө үнэлүүлсэн ачлалт алтан үеийн ахмад геофизикч нараар бахархаж явдгаа илэрхийлье!!! Та бүхэндээ эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе!!!





Monday, April 15, 2024

"Монголын Геофизикчдийн Холбоо"-ны IX чуулган

 "Монголын Геофизикчдийн Холбоо"-ны IX чуулган 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хуралдаж, 2020-2023 оны үйл ажиллагааны тайланг танилцуулсны дараа холбооны шинэчилсэн дүрмийг хэлэлцэн баталлаа. Мөн Удирдах Зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн, Хяналтын зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг сонгосон. Та бүхэнд сонгогдсон гишүүдийг танилцуулж байна. Холбооны удирдах зөвлөлдөө ажлын өндөр амжилт хүсье!!!

"Монголын Геофизикчдийн Холбоо"-ны тэргүүнээр Н.Зоригтбаатар, гүйцэтгэх захирлаар М.Отгонбаяр, Хяналтын зөвлөлийн даргаар Н.Баатар нар тус тус сонгогдсон болно.

"Монголын Геофизикчдийн Холбоо"-ны IX чуулганд сонгогдсон шинэ
Удирдах Зөвлөлийн гишүүд. (2024/04/12)

/Урд эгнээний баруун талаас Д.Отгонбаяр, С.Мөнхбаатар, Н.Зоригтбаатар, Б.Өнөрбаяр, М.Отгонбаяр, Ц.Баатарчулуун, хойд талын эгнээний баруун талаас Б.Батнаран, Т.Бямбасүрэн, А.Болор-Эрдэнэ, Б.Буянтогтох, Ц.Нямбаяр, Д.Батсайхан, М.Өлзийбат/

Tuesday, January 2, 2024

"ХОВД" станц

2015 оны 5 сард Админ миний бие сонирхох шугамаар Ховд станцтай танилцаж байх үеийн зургуудаа хуваалцаж байна.




Thursday, December 14, 2023

МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО /ГҮТББ/ БАЙГУУЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙД

Н.Баатар1, Д.Цэдэнбалжир1, С.Мөнхбаатар2, С.Дэмбэрэл3,

 А.Болор-Эрдэнэ1, Г.Бат-Эрдэнэ4

1Монголын геофизикчдийн холбоо  /ГҮТББ/, 2 Амодисковер ХХК,

 3ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, 4 Геосан ХХК,

( Геологи №39 сэтгүүлд хэвлэгдсэн, 2023. хуудас 71-79 )


ОРШИЛ

Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд гүйцэтгэж байгаа геофизикийн судалгааны ажлын цар хүрээг нэмэгдүүлэх, инженер техникийн ажилтан, ажиллагсад, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, геофизикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, нутагшуулахад мэргэжлийн хүчирхэг хамт олон, алсын хараатай бодлого чухал байна.

1990-ээд  оноос Монголын нийгэм, эдийн засаг үндсээрээ өөрчлөгдөж, төрийн байгууллагууд тарж бутарсан хэцүү цаг үе эхэлсэн ба  геологийн судалгаа, сургалт, эрдэм шинжилгээний  ажлын бүтэц, зохин байгуулалтад ихээхэн өөрчлөлт орж байлаа.  Геологи хайгуулын ажил, түүний дотор геофизикийн  судалгаа  төрийн  нэгдсэн  төлөвлөлт, хяналтаас үндсэндээ  гарч,  олон  жижиг  хувийн  компаниуд  бий  болж,  хийсэн  ажлынхаа  үр  дүнг  захиалагчийнхаа  өмнө  хариуцах  болов. Чухам энэ хэцүү цаг үед үйлдвэрлэл, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудад ажиллаж байсан,  ажил, мэргэжлээ эрхэмлэдэг хэсэг геофизикчид мэргэжлийн, төрийн бус байгууллага  Монголын  геофизикчдийн  холбоо” хэмээх зохицуулах,  уялдуулах  үүрэгтэй  иргэний  байгууллагыг үүсгэн байгуулсан байна.   Энэ үеэс манай оронд  хайгуулын  геофизикийн  судалгааны  хөгжлийн  шинэ  үе  эхэлжээ.

1993 онд байгуулагдсан манай холбоо салбартаа анхдагч нь байлаа. Монгол улс зах зээлийн харилцаанд шилжээд геологийн салбарын бүтцийн тогтолцоо алдагдсан, геологи хайгуулын ажил санхүүгийн уналтанд орсон хэцүү үед үүсэн байгуулагдсан байдаг.

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд дэлхийн хэмжээнд томоохон өөрчлөлт шинэчлэл, шинэ үе эхэлсэн цаг мөчид 1993 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр МУИС-ийн геофизикийн тэнхимийн эрхлэгч, физик математикийн шинжлэх ухааны доктор, ОХУ-ын Петрийн шинжлэх ухааны сурвалжлагч гишүүн, профессор Долгорын Халтарын тэнхимд мэргэжил нэгт хэсэг нөхөд маань цуглаад тухайн үеийн төр, нийгмийн байдал, цаашид мэргэжлээ хэрхэн яаж авч явах талаар ярилцаж мэргэжлийн төрийн бус байгууллага “МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО”-г байгуулах санаачлага гаргасан. Энэхүү уулзалтанд П.Дугараа (ТИС), Н.Бямбаа (ТИС), Ү.Сүхбаатар (ШУА), Д.Болд (ГУУЯ-Геофизикийн экспедици), Д.Лавдансүрэн (Геофизикийн экспедици), Р.Оюунсүрэн (УААЯ), М.Лэгдэн (УААЯ) нар оролцож, холбооны тэргүүнээр Долгорын ХАЛТАР багшийг сонгож, холбооны анхдугаар чуулганд оролцогчдын саналаар Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон ажиллуулж ирсэн.

2023.11.02 Баримтат киноны зураг авалтын үеэр, ШУА, ООГХ-д

Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, холбооны үүсгэн байгуулагч Ү.Сүхбаатар,  ахмад геофизикч Б.Дэндэвчулуун, холбооны гүйцэтгэх захирал Д.Цэдэнбалжир /урд эгнээ/, ШУА, ООГХ-ийн захирал С.Дэмбэрэл, холбооны үүсгэн байгуулагч Д.Болд, холбооны тэргүүн С.Мөнхбаатар, Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн дарга Я.Бат-Ирээдүй /арын эгнээ/

Холбооны II чуулган нь 1997 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж, холбооны дүрмийг хэлэлцэн баталсан. Холбооны III чуулган нь 1999 онд хуралдаж, холбооны дүрэм, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй болно. Холбооны IY чуулган нь 2009 оны 12 дугаар  сарын 18-ны өдөр хуралдаж, холбооны шинэчилсэн дүрмийг хэлэлцэн баталсан. Холбооны Y чуулган нь 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, YI чуулган нь 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, YII чуулган нь 2015 оны 12 сарын 11-ний өдөр, YIII чуулган нь 2019 оны 12 сарын 14-ны өдөр тус тус хуралдсан.


Wednesday, December 6, 2023

"Өглөөний зочин"-оор ШУА-ийн Одон Орон геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэл

 Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Одон Орон геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэлийг “Өглөөний зочин”-оор урилаа. 

эх сурвалжийн энд дарж үзнэ үү.


-Орчин үеийн одон орон, геофизикийн судалгаа юунд чиглэж байна вэ. Та хүрээлэнгийнхээ түүх, судалгааны чиглэлийг танилцуулж болох уу?

-Манай хүрээлэн судалгааны хоёр том үндсэн чиглэлээр эрдэм судлалын ажлыг эрхлэн явуулдаг. Энэ нь одон орон судлал, нөгөө нь геофизикийн судалгааны чиглэл юм. Монгол Улсад орчин үеийн одон орон, геофизикийн шинжлэх ухааны үндэс суурь тэртээ 1957 онд тавигдсан юм. НҮБ-аас 1957 оныг Дэлхий дахинаа олон улсын геофизикийн жил болгон зарласан тэр жил Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Одон орон судлах оргил, газар хөдлөлтийг бүртгэх анхны станцыг Улаанбаатар хотноо байгуулж энэ чиглэлийн судалгааны ажлыг эхлүүлсэн түүхтэй. Энэ их нүсэр ажлыг амжилттай хийж гүйцэтгэхэд манай ахмад эрдэмтэн судлаачдын гаргасан хичээл зүтгэлийг үнэлж барамгүй их. Монгол Улсад Олон Улсын Геофизикийн жилийн Үндэсний хороо байгуулагдаж даргаар нь газарзүйч эрдэмтэн Ш.Цэгмэд, нарийн бичгийн даргаар одон оронч С.Нинжбадгар, гишүүдэд соронзон судлаач эрдэмтэн Г.Аюушжав, цаг уурч н.Баясгалан нар ажилласан юм. Эх орныхоо өргөн уудам газар нутагт геофизикийн судалгааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах, судалгааны багаж тоног төхөөрөмж дуран авай захиалах, одон орон судлах оргилыг байгуулах тохиромжтой газрыг сонгон олох, байшин барилга дэд бүтцийг барих, зам засах, утас цахилгааны шугам татах, боловсон хүчин бэлтгэх гээд шинэ байгууллагын аж ахуйн зохион байгуулалтын олон талын нүсэр ажлуудыг цаг алдалгүй хийж гүйцэтгэсэн.

Монгол Улсад орчин үеийн одон орон геофизикийн шинжлэх ухааныг үүсгэн хөгжүүлэхэд манай ахмад эрдэмтэн судлаач С.Нинжбадгар агсаны оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг их. Тухайн үедээ ЗХУ-ын Москва хотын их сургуулийг төгсөж ирээд байсан өндөр мэдлэгтэй залуухан эмэгтэй С.Нинжбадгар нь “Олон улсын геофизикийн жилд Монгол Улсын идэвх санаачилгатай оролцоо”-г тодорхойлж, одон орон судлал, газар хөдлөл судлалын ажлыг эхлүүлэх санаачилга гаргаж, түүнийгээ Засгийн газарт зөв тайлбарлан таниулж хэрэгжүүлсэн юм. Газар хөдлөлтийг бүртгэх анхны станцыг  одоогийн Үндэсний төв номын сангийн арын хашаан дотор, Одон орон судлах оргилыг Богдхан уулын Хүрэлтогоотын амны салбар уулын орой дээр байгуулж эхэлсэн байдаг. Монгол Улсын эдийн засгийн хүчин чадал тийм их бяртай байгаагүй тэртээх 1950 оны сүүлчээр улсын төсвийн хөрөнгөөс судалгаа шинжилгээний ажилд зориулан ихээхэн хэмжээний зардлыг гаргуулан орчин цагийн одон орон, геофизикийн шинжлэх ухааны эх суурийг тавьж хөгжүүлж эхлүүлсэн нь үнэхээрийн бахдам гавьяа билээ. Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд манай хүрээлэн өргөжин хөгжсөөр өнөөдөр ШУА-ийн хүрээлэнгүүд дотроосоо хамгийн олон ажилтан албан хаагчидтай, 12 аймагт салбартай, газар хөдлөлтийг бүртгэх станцуудтай, одон орон судлах оргил, соронзон оргилуудтай эрдэм шинжилгээний томоохон байгууллага болоод байна. Хамгийн сүүлд 2015  онд Засгийн газрын тогтоолоор Одон орон геофизикийн судалгааны төв болон орон нутаг дахь газар хөдлөлтийг бүртгэх станцуудыг нэгтгэн ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн болгон зохион байгуулсан юм. Өнөөдөр манай эрдэмтэн судлаачид одон орон судлал, сансар судлал, газар хөдлөл судлал, дэлхийн соронзон орны судлал, орон нутгийн геофизикийн салбар гэсэн  таван үндсэн салбарын хүрээнд эрдэм судлалын ажлыг гүйцэтгэж байна. Одот тэнгэрийг дурандан судалдаг, сансар судлал, сансрын техник технологийг судалдаг судлаачид нөгөө талаас эх дэлхийгээ физик байгалийн ухааны аргаар судалдаг геофизикчид нэгэн доор ажилладгийг сонирхон асуудаг хүмүүс ч байдаг. Ер нь бол энэ хоёр салбар маань анхнаасаа манай ахмад эрдэмтэн судлаач агсан С.Нинжбадгар гуайн удирдлага доор л нэгэн зэрэг 1957 онд эхэлсэн түүхэн угшилтай.