Бичсэн: Өлзийбаярын Золбаяр
Миний хайрт өвөө М.Сүрэнхорлоо. Өдгөө 92 настай сайхан буурай минь Монгол орныг усжуулах ажилд энэ амьдралаа бүтэн зориулсан буянтан. Анх 1958 онд Ю.Цэдэнбал дарга Монголын анхны 7 Геофизик инженер бэлдэх шийдвэр гаргаж Унгар улсад 7 оюутан илгээсний нэг нь миний өвөө юм. Сургуулиа төгсөж ирээд Монгол орны 330 суманд бүгдэд нь усны хайгуул хийж, худаг ус гаргаж хөдөө хээр л амьдарлынхаа дийлэнх хугацааг өнгөрүүлсэн. Өвөө минь Орос, Англи, Унгар, Герман, Франц хэлээр ярина, түүн дотроо Орос, Унгар хэлийг төрөлх хэл шигээ эзэмшсэн эрдэмтэн.
Усны хайгуул Гидрогеологи чиглэлийн олон арван ном бүтээл хэвлүүлж усны салбарт олон арван тэргүүний сэхээтэн шавь нараа бэлдсэн ШУТИС-ын хүндэт профессор багш хүн. Шавь нар нь одоо ч Монголын усны салбарыг тэргүүлж яваа. Нэг бахархам жишээ бол Орхон Онги төслийн гол эрдэмтэн Chandmani Dambabazar гуай өвөөтэй минь шадарлаж усны аж ахуйн институтид 20 шахам жил хамт ажилласан байдаг. Өвөө маань Шатрын спортын дэд мастер цолтой олон талын авъяастай, гайхалтай шооч хүн. Цагаан сараар 92 той хүн шатрын тэмцээнд ороод хүрэл медаль авсанаа чамалж суугаа нь хөөрхөн шүү. Сайханаа эгч чинь нүдний шил мартсанаас болж хүрэл авлаа уг нь алт авах байсан гээд байж байх жишээтэй.
Миний өвөө эмээг минь насаар нь эрхлүүлж, хайрлаж амьдарсаан. Хүн яаж амьдрах ёстойг, ханиа яаж хайрлаж амьдардгийг өөрийн биеэр үр хүүхдүүд ач зээ нартаа харуулсан аугаа хүмүүн бол миний өвөө. Нэг яваад ороход эмээд зориулж бичсэн шүлэгээ уншиж өгөөд л баясаж суудаг, эмээг цаашлуулж хошигнож тоглодог романтик, хөгжилтэй хүн. Эмээ учиргүй баясаж бие биерүүгээ хайр дүүрэн харцаар хардаг байсан нь үнэхээр хайрлан бахархмаар. Эмээ минь бурханы оронд дэвшээд хэдэн намар болжээ. Одоо ч эмээг хайрласаар, дуу шүлэг зохиосоор л суудаг. Миний өвөө бол амьдралд дэндүү хайртай бурханаас тусгайлан илгээсэн аугаа том зүрхтэй хүн.
Монголын усны салбарын бахархал болсон "Байгаль орчны гавъяат" ажилтан бидний амьд бурхан өвөөдөө үр хүүхдүүд ач зээ нар нь маш их хайртай. Тандаа урт нас удаан жаргал хүсье.
No comments:
Post a Comment