Wednesday, December 6, 2023

"Өглөөний зочин"-оор ШУА-ийн Одон Орон геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэл

 Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Одон Орон геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэлийг “Өглөөний зочин”-оор урилаа. 

эх сурвалжийн энд дарж үзнэ үү.


-Орчин үеийн одон орон, геофизикийн судалгаа юунд чиглэж байна вэ. Та хүрээлэнгийнхээ түүх, судалгааны чиглэлийг танилцуулж болох уу?

-Манай хүрээлэн судалгааны хоёр том үндсэн чиглэлээр эрдэм судлалын ажлыг эрхлэн явуулдаг. Энэ нь одон орон судлал, нөгөө нь геофизикийн судалгааны чиглэл юм. Монгол Улсад орчин үеийн одон орон, геофизикийн шинжлэх ухааны үндэс суурь тэртээ 1957 онд тавигдсан юм. НҮБ-аас 1957 оныг Дэлхий дахинаа олон улсын геофизикийн жил болгон зарласан тэр жил Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Одон орон судлах оргил, газар хөдлөлтийг бүртгэх анхны станцыг Улаанбаатар хотноо байгуулж энэ чиглэлийн судалгааны ажлыг эхлүүлсэн түүхтэй. Энэ их нүсэр ажлыг амжилттай хийж гүйцэтгэхэд манай ахмад эрдэмтэн судлаачдын гаргасан хичээл зүтгэлийг үнэлж барамгүй их. Монгол Улсад Олон Улсын Геофизикийн жилийн Үндэсний хороо байгуулагдаж даргаар нь газарзүйч эрдэмтэн Ш.Цэгмэд, нарийн бичгийн даргаар одон оронч С.Нинжбадгар, гишүүдэд соронзон судлаач эрдэмтэн Г.Аюушжав, цаг уурч н.Баясгалан нар ажилласан юм. Эх орныхоо өргөн уудам газар нутагт геофизикийн судалгааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах, судалгааны багаж тоног төхөөрөмж дуран авай захиалах, одон орон судлах оргилыг байгуулах тохиромжтой газрыг сонгон олох, байшин барилга дэд бүтцийг барих, зам засах, утас цахилгааны шугам татах, боловсон хүчин бэлтгэх гээд шинэ байгууллагын аж ахуйн зохион байгуулалтын олон талын нүсэр ажлуудыг цаг алдалгүй хийж гүйцэтгэсэн.

Монгол Улсад орчин үеийн одон орон геофизикийн шинжлэх ухааныг үүсгэн хөгжүүлэхэд манай ахмад эрдэмтэн судлаач С.Нинжбадгар агсаны оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг их. Тухайн үедээ ЗХУ-ын Москва хотын их сургуулийг төгсөж ирээд байсан өндөр мэдлэгтэй залуухан эмэгтэй С.Нинжбадгар нь “Олон улсын геофизикийн жилд Монгол Улсын идэвх санаачилгатай оролцоо”-г тодорхойлж, одон орон судлал, газар хөдлөл судлалын ажлыг эхлүүлэх санаачилга гаргаж, түүнийгээ Засгийн газарт зөв тайлбарлан таниулж хэрэгжүүлсэн юм. Газар хөдлөлтийг бүртгэх анхны станцыг  одоогийн Үндэсний төв номын сангийн арын хашаан дотор, Одон орон судлах оргилыг Богдхан уулын Хүрэлтогоотын амны салбар уулын орой дээр байгуулж эхэлсэн байдаг. Монгол Улсын эдийн засгийн хүчин чадал тийм их бяртай байгаагүй тэртээх 1950 оны сүүлчээр улсын төсвийн хөрөнгөөс судалгаа шинжилгээний ажилд зориулан ихээхэн хэмжээний зардлыг гаргуулан орчин цагийн одон орон, геофизикийн шинжлэх ухааны эх суурийг тавьж хөгжүүлж эхлүүлсэн нь үнэхээрийн бахдам гавьяа билээ. Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд манай хүрээлэн өргөжин хөгжсөөр өнөөдөр ШУА-ийн хүрээлэнгүүд дотроосоо хамгийн олон ажилтан албан хаагчидтай, 12 аймагт салбартай, газар хөдлөлтийг бүртгэх станцуудтай, одон орон судлах оргил, соронзон оргилуудтай эрдэм шинжилгээний томоохон байгууллага болоод байна. Хамгийн сүүлд 2015  онд Засгийн газрын тогтоолоор Одон орон геофизикийн судалгааны төв болон орон нутаг дахь газар хөдлөлтийг бүртгэх станцуудыг нэгтгэн ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн болгон зохион байгуулсан юм. Өнөөдөр манай эрдэмтэн судлаачид одон орон судлал, сансар судлал, газар хөдлөл судлал, дэлхийн соронзон орны судлал, орон нутгийн геофизикийн салбар гэсэн  таван үндсэн салбарын хүрээнд эрдэм судлалын ажлыг гүйцэтгэж байна. Одот тэнгэрийг дурандан судалдаг, сансар судлал, сансрын техник технологийг судалдаг судлаачид нөгөө талаас эх дэлхийгээ физик байгалийн ухааны аргаар судалдаг геофизикчид нэгэн доор ажилладгийг сонирхон асуудаг хүмүүс ч байдаг. Ер нь бол энэ хоёр салбар маань анхнаасаа манай ахмад эрдэмтэн судлаач агсан С.Нинжбадгар гуайн удирдлага доор л нэгэн зэрэг 1957 онд эхэлсэн түүхэн угшилтай.


-Монголчуудыг эртнээс тэнгэр хангайтай  харилцаж, ахуй амьдралаа зохицуулж ирсэн гэж ярилцдаг. Үүнийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал бас нэг дүгнэлт гарч  байгаа даа?

-Ер нь манай өвөг дээдэс, нүүдэлчин ардын амьдрал нь дөрвөн улирлын шинжтэй, байгаль орчин, цаг агаарын нөхцөл байдлаас ихээхэн хамааралтай, малчид маань нар сарыг шинжин, од эрхсийн тохиолоор хувирах цас бороо,  байгаль дэлхийн хувьсал өөрчлөлтийг урьдчилан таамаглаж амьдрал ахуйгаа зохицуулж ирсэн. Нэг үгээр хэлбэл, малчин нүүдэлчин монголчууд бараг бүгдээрээ тэнгэр оддыг шинжигч одон судлаачид, газар нутгийнхаа өнгө төрх, байгаль орчныхоо төлөв байдлыг мэдэрч байдаг хүмүүс ээ. Монголчууд бидний өвөг дээдэс од эрхсийн мэдлэг, нар сарны зурхайн шинжлэхүй ухаан өнө эртний улбаатайн дээр Эзэнт гүрний үед одон орон, зурхайн хүрээлэн буй болж, эрдэмтэн судлаачдыг онцгойд үзэж байсан байна. Тэртээх XIII зууны үеэс Дорно дахинд Одон орон судлалын ухааныг хөгжүүлж, Их хаан Хубилайн зарлигаар 1276 онд Юань гүрний нийслэлд Одон орон судлалын оргил байгуулан од эрхсийн байрлал, цаг хугацааг тодорхойлох багаж төхөөрөмжийг цутгамал хүрлээр бүтээж суурилуулж судалгааны ажил явуулж байсан түүхтэй. Тэр үеэс тэнгэр огторгуйн мандалд хүний нүдэнд үзэгдэх бараг ихэнх од гарагийг Монгол нэрээр нэрлэдэг байсан нь манай өвөг дээдэс одон орны гүн мэдлэгтэй байсны гэрч юм.

Сансар огторгуйн уудам, од эрхэс, Нар, Сар, Эх дэлхийгээ танин мэдэх манай өвөг дээдсийн их хүсэл эрмэлзэл өнө эртнээс эхэлж Монголын үе үеийн эрдэм номын ухаантнуудаар дамжин биеллээ олж өдгөөг хүртэл хөгжин дэвжсээр өнөөдөр манай хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид олон улсын хэмжээнд одон орон, сансар судлал, геофизикийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэх болжээ.

-Одон орон судлал гэхээр хүмүүс одон орныг судлах том дуран авайтай, түүгээрээ тэнгэрийн од эрхсийг дурандаж, огторгуйн уудамд болж байгаа процесс, үйл явдал, аливаа юмс үзэгдлийг судалдаг гэж ойлгоод байдаг?

-Ойролцоогоор дүрслэн бодоход тийм л дүр зураг ажиглагдана л даа. Хүмүүс одот тэнгэрийг дурандаад Нар, Сар, од, гарагийг ажиглаад их л сайхан байдаг байх гэж боддог. Сэтгэл зүрхээ судалгааны ажилд зориулан оюун ухаанаа чилээн ажилладаг судлаач хүнд үнэхээрийн сайхан ажил. Манай ахмад одон орончдын хувьд хахир өвлийн хүйтэнд огт ганцаараа дуран дээр ажиглалт хийгээд суух тийм амар ажил байгаагүй. Өнөөдөр орчин үед судалгааны дуран авай, багаж тоног төхөөрөмжүүд автомат ажиллагаатай болж, тэр байтугай Монголоос өөр улсад байрлах дурангаар ажиглалт хийх, Монголд байгаа одон орны дурангаар гадаадын судлаачид ажиглалт судалгаа хийх боломжтой болжээ. Манай Одон орон судлах оргил дээр астрофизик, астрометрийн чиглэлээр судлаачид ажиглалт судалгаа хийж байна.

Нарны коронограф дуранг ашиглан хиймэл хиртэлтээр өнгөт мандал, титэм дэх идэвхт үзэгдэл ажиглах, фото болон спектрийн зураглал хийх, ингэснээр нарны агаар мандалд тухайн агшинд болж буй идэвхт үзэгдлийг судлах, үйл хөдлөлийн чиглэл, эрчим, түүнчлэн үүсэл өрнөлтийн хэмжээ, өөрчлөлтийн онцлог шинж, тухайлбал, толбо, утсанцар бүтцүүд, дөл, тэр байтугай, өнгөт мандлаас гаралтай тэсрэлт болон "Нарны титэм" хэмээх давхаргын физик мөн чанарын судалгаа хийж байна. Манай оргил дээр "Нарны титэм", дөл ажиглах зориулалт бүхий коронограф дуран, Vixen 200 дуран, Сарны гялбааг ажиглах дуран, Нарны нил ягаан цацрагийн эрчмийг хэмжих VLX-3W радиометр, Нарны радио гялбааг бүртгэх “CALLISTO” радиометр, GPS станц зэрэг багаж төхөөрөмжүүд байдаг.:

-Одон орны дурангаар хийдэг хамгийн гол ажиглалт  юунд чиглэдэг вэ?

-Одон орны дурангаар дэлхийд аюул учруулж болзошгүй бага гарагууд, техникийн гаралтай сансрын хог хаягдлыг ажиглан судлах ажлыг манай одон орончид хийж гүйцэтгэдэг. Мөн одон орны дуран, судалгааны багаж дээр бүртгэгдсэн мэдээллийг боловсруулан Дэлхийн эргэлтийн параметрүүдийг тодорхойлсны үндсэн дээр Дэлхийн эргэлтийн хурдны өөрчлөлт, туйлын шилжих хөдөлгөөнийг судлан тогтоох, Бага гарагийн физик шинж чанарыг судлан тодорхойлох, Монгол орны нутаг дэвсгэр дээрх солирын бөмбөгдөлтийн тогооны судалгааны ажлуудыг гүйцэтгэж байна. Одон орны судалгааны дуран авайнууд хаана байдгийг ихэнх хүмүүс андахгүй мэднэ. Тэртээх 1957 онд байгуулсан Хүрэлтогоотын одон орон судлах оргил дээр байдаг. Өнөөдөр Монгол Улсад цорын ганц одон орон судлах оргил байгаа. Судалгааны дуран авайг гадаад хамтын ажиллагааны хүрээнд бага зэрэг ч гэсэн шинэчилсэн. Сүүлийн үед хотын суурьшлын бүс тэлснээр нийслэлийн шөнийн гэрэлтүүлгийн нөлөө эрс ихэсч, ажиглалт хийхэд хүндрэлтэй болоод байна. Тэр байтугай Одон орон судлах оргилын маань хаяанд хүртэл өндөр үнэтэй хотхон баригдаад хүмүүс амьдраад эхэлсэн байгаа. Холбогдох яам газруудаас өгсөн зөвшөөрлийн дагуу хийгдэж байгаа бүтээн босголтын ажлууд учраас бид яалтай нь билээ...

-Геофизикийн судалгаа гэхээр дэлхий судлалтай холбоотой огт өөр судалгааны чиглэл байх нь. Танай геофизикийн судалгааны нэг чухал чиглэл нь газар хөдлөл судлал гэж та түрүүн хэлсэн. Монголд болсон хүчтэй газар хөдлөлтийн талаар тоймтой зүйл  санагдахгүй юм. Та бүхний үндсэн ажил болохоор л бүгдийг хэмжиж, тэмдэглэдэг байх?

-Манай геофизикийн салбарын судалгааны нэг чухал чиглэл бол газар хөдлөл судлал болно. Мөн түүнчлэн манай судлаачид дэлхийн соронзон орон судлалын чиглэлээр судалгааны ажил гүйцэтгэдэг. Манай хүрээлэнд хийгдэж байгаа геофизикийн судалгааны ажлын үндсэн гол тулгуур хэсэг нь судалгааны техник тоног төхөөрөмжүүд, газар хөдлөлтийг бүртгэх станцууд, соронзон оргилууд байдаг. Эдгээр багаж тоног төхөөрөмжүүдийн тусламжтайгаар манай судлаачид Азийн төвд эх газрын гүнд орших монгол орны өргөн уудам газар нутагт болж буй газар хөдлөлтүүд, дэлхийн физикийн орнуудын хувьсал өөрчлөлтийг бүртгэж авч, мэдээллийн сан бүрдүүлдэг, тухайн мэдээллийг боловсруулан Монгол орны газар хөдлөлтийн идэвхжил, хүчтэй газар хөдлөлтийн голомтын механизм, газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт тохиож болзошгүй хүчтэй газар хөдлөлтийг урьдчилан таамаглах, газар хөдлөлтийн аюулыг үнэлэх судалгааны ажлуудыг гүйцэтгэдэг. Хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд холбогдох байгууллага, иргэдэд, нийгэмд мэдээллийг түргэн шуурхай хүргэх үүргийг мөн бид хариуцан ажилладаг. Урьд өмнө болж байсан хүчтэй газар хөдлөлтийн голомтын механизм, идэвхтэй хагарлуудыг судлах нь манай эрдэмтэн судлаачдын судалгааны нэн чухал ажлуудын нэг. Монгол орны нутаг дэвсгэр нь Төв Азийн цээжинд, газар хөдлөлтийн нэн идэвхтэй бүсэд оршдог. Манай зарим хүмүүс нэг их газар хөдлөөд айхтар сүртэй юм болсныг санахгүй л юм гэж ярьдаг. Газар хөдлөлт өдөр бүр бүртгэгдэж байдаг. Харин хүчтэй газар хөдлөлт тэр болгон болоод байдаг үзэгдэл биш. Гэхдээ манай орны нутаг дэвсгэр дээр ХХ зуунд л гэхэд магнитуд нь М8.0 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа болсон. 1905 оны Булнай, Цэцэрлэгийн газар хөдлөлт, 1931 оны Монгол Алтайн газар хөдлөлт, 1957 оны Говь-Алтайн газар хөдлөлтүүд дэлхий дээр болсон нэн хүчтэй газар хөдлөлтийн жагсаалтад багтдаг. Цаг хугацааны хувьд харахад одоогоос 100 гаруй, 60 гаруй жилийн өмнө тохиосон хүчтэй газар хөдлөлтүүд. Гэхдээ тухайн үед эдгээр нэн хүчтэй газар хөдлөлтөөс учирсан гарз хохирол тийм их байгаагүйн улмаас энэ талаар монголчууд бидний ой тойнд тийм тод хадгалагдаж үлдээгүй гэлтэй. Харин урьд өмнө Япон, Хятад болон бусад улс орнуудад болсон хүчтэй газар хөдлөлтөөр барилга байшин нурж, хот суурин газрууд сүйрч олон хүн амь үрэгдсэн тохиолдолд хэдийгээр хүчний хувьд Монголд болсон газар хөдлөлтийн хэмжээнээс бага ч гэсэн түүхэнд бичигдэж тухайн улс орны иргэдийн ойн санаанд тодоор үлдсэн байдаг. Манай оронд болсон нэн хүчтэй газар хөдлөлтийн хүчний хувьд л гэхэд 1905 оны Булнайн магнитуд нь 8.4 газар хөдлөлт л гэхэд дэлхийд бүртгэгдсэн нэн хүчтэй газар хөдлөлтүүдийн эхний 30 дотор бичигддэг юм. Голомтдоо бараг 11-12 балл хүрсэн тэр хүчтэй газар хөдлөлт нь хот суурин газраас алсад болсон учраас олон хүний амь эрсдээгүй юм. Тухайн он жилүүдэд манай монголчуудын нүүдэлчин амьдралын хэв маяг нь газар хөдлөлтийн аюулд шууд өртөх, аюул учрах эрсдэлээс хамгаалсан. Өнөөдөр нөхцөл байдал огт өөр болоод байна. Манай улс хот суурин газрууд, өргөжин хөгжиж барилга байгууламжууд олноор баригдан тэнд оршин суух иргэдийн тоо эрс нэмэгдээд байна. Зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд манай хүн амын 50 дээш хувь нь амьдарч байна шүү дээ. Хэдий чинээ хүн амын төвлөрөл их байна төдий чинээ аливаа байгалийн болон техникийн гаралтай аюул, эрсдэл, түүний дотор газар хөдлөлтийн аюул их байна аа гэсэн үг.

-Тэгэхээр хүмүүст юуг анхааруулж, хэлж байх ёстой  юм бол?

-Монгол Улс хотжиж, хот суурин газруудад барилга байгууламж олноор баригдаж байна. Улаанбаатар хот гэлтгүй, Дархан, Эрдэнэт хот, аймгийн төвүүд барилгажиж хот суурин газарт амьдарч буй хүн амын тоо ихэсч байна. Улсын хөгжил, хот суурин газруудын хөгжил, барилгажилт, хүн амын бөөгнөрөл, төвлөрлийг дагаад бүхий л төрлийн аюулын эрсдэлүүд нэмэгддэг. Энэ ганц газар хөдлөлтийн аюул ч биш, үер ус, агаарын бохирдол, техникийн гаралтай бусад аюул, биологи, халдварт өвчний гээд л. Хот суурин газруудын газар хөдлөлтийн аюулын эрсдэлийн асуудал, түүнийг хэрхэн бууруулах, хүчтэй газар хөдлөлт тохиосон тохиолдолд хэрхэн аюул эрсдэл  багатай туулан гарах тухай асуудал хурцаар тавигдаж байдаг. Манай хүрээлэн нь газар хөдлөлтийн аюулын үнэлгээний чиглэлээр судалгааны ажлыг гүйцэтгэдэг. Монгол орны газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зураг, Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн нутаг дэвсгэрийн газар хөдлөлтийн бичил мужлалын зургуудыг боловсруулж захиалагч байгууллагад нь хүлээлгэн өгөөд байна. Манай судлаачдын гаргасан эдгээр зургууд нь хот төлөвлөлт, барилга байгууламжийн зураг төслийг хийж гүйцэтгэдэг мэргэжлийн байгууллагууд, мэргэжилтнүүдийн хэрэглэх үндсэн суурь мэдээлэл болдгоороо онцлог. Бидний боловсруулан гаргасан газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг үндэслэн хот төлөвлөлтийг оночтой хийх, сайжруулан дахин төлөвлөх, хотын сав газрын инженер сейсмологийн нөхцлөөс хамааруулан тухайн газар талбайд аж үйлдвэрийн, нийтийн, бизнесийн, орон сууцны, эсвэл ногоон бүсийн төлөвлөлтийг зөв хийх хэрэгтэй.

-Саяхан Монгол Улсын Шадар сайдын ивээл доор “Эрсдэл ба Стандарт” үндэсний форумыг Төрийн ордонд  гурван өдрийн турш зохион байгуулж төрийн болон бизнесийн, онцгой байдлын болон эрдэм шинжилгээний төлөөллүүд, олон хүмүүс оролцсон. Хэлэлцсэн асуудал нүдээ олсон уу, эсвэл?

-Нэн чухал ач холбогдол бүхий зөвлөгөөн болсон. Аливаа байгалийн болон техникийн гаралтай аюулын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулын эрсдэлийг бууруулах нэг чухал хүчин зүйл нь бүх ажил үйлчилгээ, материалын стандартыг зөв тогтоон чандлан мөрдөх явдал юм гэдэг дээр бүгд санал нийлж байна. Хэлж ярих нэг хэрэг. Харин түүнийг хэрэгжүүлж ажил хэрэг болгох нь чухал. Газар хөдлөлт бол байгаль дээр тохиодог аюулт үзэгдлүүдийн нэг. Газар хөдлөлт болдгоороо л болно. Харин түүний аюулд бид нэрвэгдэх албагүй. Хот суурин газруудаа зөв төлөвлөөд барилга байгууламжаа чанарын шаардлага стандарт хангасан сайн материалаар технологийн горимын дагуу сайн барих тохиолдолд газар хөдлөлтөөс учрах аюулын эрсдэлийг бууруулж болдгийг, стандартаа мөрдөөгүй чанаргүй баригдсан барилга ямар гамшиг зовлон авчирдгийг  Дэлхийн улс орнуудын жишээ туршлага бидэнд харуулж байгаа шүү дээ.

-Өнөөдөр цаг үе өөр болсон байх. Гэсэн ч хэдэн жилийн өмнөх хуучин сэдэв сөхье. Эрдэмтдийн судалгааны ажлууд эргэлтэд хэр ордог вэ. “Архивт ороод дарагдчихдаг юм байна” гэж Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа шүүмжилж байсныг санаж байна?

-Үе үеийн улстөрчдийн гаргаж тавьдаг, хөндөж ярьдаг асуудлын нэг. Шинжлэх ухааны ажлын үр дүн нэг сайхан хавтастай тайлан болоод хаа нэгтээ тавиур дээр тавигдаад үлдэж байна гэж. Манай эрдэмтэн судлаачид Монголын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг судлан шийдэх чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна гэдэг шүүмжлэл үеийн үед яригдсаар ирсэн. Шүүмжлэлийг хүлээн авна аа. Монголын эрдэмтэн судлаачид нийгэмдээ ачтай тустай, улс эх орныхоо эдийн засгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн төлөө бага ч гэсэн хувь нэмэр оруулахын төлөө судалгаа шинжилгээ хийн хичээн ажиллаж байгаа. Манай хүрээлэнгийн судлаачид ч гэсэн мөн адил. Гэхдээ бид манай өнөөдрийн шинжлэх ухаан, технологийн салбарын техникийн хүчин чадлыг бодитойгоор үнэлж мэдэж байх хэрэгтэй байна. Шинжлэх ухаан, технологи, инновац бол нэн өргөн цар хүрээтэй том салбар. Шинжлэх ухаан нь дотроо суурь судалгаа ба хавсарга судалгааны гэсэн үндсэн хоёр чиглэлд хуваагддаг. Суурь судалгаа нь хүн төрөлхтний танин мэдэхүйн цар хүрээг шинэ мэдлэгээр баяжуулан өргөжүүлэн тэлж байдаг академик судалгааны  чиглэлд хамаарна. Олон улсын жишгээр энэ чиглэлийн академик судалгааг төрөөс санхүүжүүлж байдаг. Харин хавсарга судалгааны чиглэл буюу технологи, инновацын судалгааны үр дүн нь хүний амьдрал, нийгэм эдийн засаг, үйлдвэрлэл бизнест хэрэглэгдэж байдаг, ашиг үр өгөөж нь ойролцоогоор шууд харагдаж байдаг юм. Манай хүрээлэнгийн хувьд авч үзвэл, бидний хийж гүйцэтгэж буй судалгааны ажил өөр хоорондоо ялгаатай, тус тусдаа онцлогтойг би түрүүнд дурдсан. Одон орон судлалын чиглэлээр, геофизикийн суурь судалгааны ажлын үр дүнгүүд нь орчлон ертөнц, байгаль дэлхий дээр болж буй үзэгдэл процессын талаарх бидний мэдлэгийг баяжуулж шинэ мэдлэгийг бий болгож байдаг, үр дүн нь ихэнх тохиолдолд эрдэм шинжилгээний өгүүллэг хэлбэрээ гардаг. Мэдээж гарсан үр дүнгээ олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэн олон танигдсан мэргэжлийн гол сэтгүүлүүд дээр үр дүнгээ нийтлүүлэх нь чухал. Манай газар хөдлөл судлаачдын ажлын үр дүнгүүд л гэхэд өөр хоорондоо ялгаатай. Зарим судлаачдын үр дүнгээр газрын царцдасын зузаан, палеосейсмологи, газар хөдлөлтийн идэвхтэй хагарлын дагуу урьд өмнө нь болж байсан газар хөдлөлтүүд, хагарлаар зааглагдсан бичил хавтангуудын динамик болон кинематик үзүүлэлтүүд гэх мэтчилэн шууд утгаар хэрэглээ болж чаддаггүй үр дүн байхад зарим судлаачдын маань газар хөдлөлтийн аюулын үнэлгээний судалгааны үр дүн, газар хөдлөлтийн ерөнхий болон бичил мужлалын зургууд нь үйлдвэрлэл практик шууд нэвтэрдэг үр дүнгүүд юм. Судалгааны ийм үр дүнгүүд маань тавиур дээр дарагдаад хэвтээд байдаггүй, үйлдвэрлэлд хэрэглэгдэж байдаг чухал үр дүнгүүд гэж хэлэх байна. Ер нь судалгаа шинжилгээний үр дүнгүүд ямар чиглэлийн судалгааны үр дүн бэ, хэн захиалж хэн санхүүжүүлж хийлгэсэн бэ гэдгээсээ хамаараад хэрэглээ нь тодорхойлогддог. Түрүүн би олон улсад суурь академик судалгааг төрөөс санхүүжүүлдэг гэж хэлсэн. Харин хавсарга технологийн болон инновацын судалгааг төрөөс гадна бизнесээс хувийн хэвшлээс их санхүүжүүлдэг. Ийм хавсарга судалгаанаас зохих үр дүнг гарган авч чадвал түүнээс ирэх ашиг орлого нь тодорхой байдаг. Хаана ашиг орлого байна, хувийн хэвшлийн сонирхол илүүтэй байна. Харин хувийн хэвшлийн энэ оролцоог дэмжиж зөв зохицуулах нь төрийн үүрэг юм. Гэхдээ судалгаа шинжилгээний ажил гэдэг чинь тийм амархан дардан замаар яваад бүтдэг ажил биш шүү дээ. Ер нь аливаа нэг шинэ юмыг судлан хийж бүтээнэ гэдэг нэн хэцүү ажил шүү дээ. Зөвхөн авьяаслаг эрдэмтэн судлаач, инженер зохион бүтээгчдийн чадах ажил. Суут ухаантан эрдэмтэд байгалийн үзэгдэл юмсын нууцаас тайлж тэр үр дүн инженер зохион бүтээгчдийн оюун санаа уран гараар дэвшилтэт технологи инновац болон та бидний амьдралын тавтай сайхан болгодог юм. Цаг үеэсээ урьдчилан хийгдсэн судалгааны үр дүнгүүд он жилүүдийн уртад тавиур дээр хэвтэж байсны дараа олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдол олон бий. Өнөөдөр баярын өдрөө тэмдэглэж байгаа манай эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний ажилтан бүрийн дотор судалгаа шинжилгээний ажлаа үр дүнтэй хийж улс эх орныхоо нийгэм эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах сайхан үр дүн гарган авах хүсэл эрмэлзэл дүүрэн гэдэгт эргэлзэхгүй байна. Ажил үйлс нь өөдрөг эрдэм номын бүтээл нь арвин, ач тустай, үр өгөөжтэй байг!

-Манай улс ДНБ-ийн нэг хувийг л шинжлэх ухаанд зориулдаг, ажилтнуудын цалин бага,орчин нөхцөл нь тааруу. 1990 онд зогсонги байдлаас одоо ч гарч чадахгүй царцанги байна гэх үг яриа дуулддаг. Үүнд эрдэмтэн хүний хувьд хариулт өгөөч?

-Асуулт бол та шууд шинжлэх ухааны салбарын санхүүжилтийн тухай ярьж байна шүү дээ, тийм ээ.

-Уг нь үүнийг Боловсрол, шинжлэх ухааны сайд, эсвэл ШУА-ийн ерөнхийлөгчөөс л асуух ёстой байх. Судалгаа шинжилгээний ажлууд өндөр зардал, нарийн мэргэжлийн лабораториуд шаарддаг болохоор өндөр боловсролтой залуус гадагшаа зорьж, заримаас нь ярилцлага авч явсан учир асуумаар санагдаад болдоггүй ээ?

-Ер нь бол ганц шинжлэх ухааны салбар ч биш, аливаа нэгэн салбарыг хөгжүүлье, хөгжлийг нь хурдасгая, эрчимжүүлье гэвэл тухайн чиглэлд оруулах хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ бол хэнд ч ойлгомжтой, хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал. Хөрөнгө оруулалт, дорвитой санхүүжилт байхгүйгээр ямар ч  ажил урагшилдаггүй. Хаана санхүүжилт бага байна, ажиллаж байгаа хүмүүсийн цалин ашиг орлого бага байна, тэнд хүмүүс ажиллах сонирхол бага байна. Намайг залуу эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан байх үед, 1980-аад онд эрдэм шинжилгээний ажилтны цалин тухайн үеийн бусад салбарт ажиллаж байсан ажилтан, албан хаагчдын цалингаас дээгүүр байсан. Нэг үгээр хэлбэл, эрдэм шинжилгээний ажилтнаар ажилд ороход шалгуур өндөр, хүрээлэнд ажиллах нь нэр хүндийн асуудал байсан юм. Мэдлэг боловсролтой чадвартай залуус эрдэм шинжилгээний байгууллагад ажилд орох гэж тэмүүлдэг байлаа. Өрсөлдөөн ч их байсан. Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжсэн тэр он жилүүд, манай нийгэмд гарсан өөрчлөлтүүд, эдийн засгийн хүнд нөхцөл байдал шинжлэх ухааны салбарт нөлөөлсөн үү гэвэл, нөлөөлсөн. Тухайн хүнд он жилүүдэд олон сайхан эрдэмтэн судлаачид, хамгийн гол нь итгэл найдвар төрүүлж байсан залуу судлаачид амьдралын эрхээр өөр салбар руу шилжсэн, зарим чадалтай эрдэм мэдлэгтэй залуус гадагшаа явсан. Өнөөдөр нөхцөл байдал бүрмөсөн сайжраагүй. Салбарын энэ хүндрэлтэй төвөгтэй асуудлыг шууд шийдвэрлээд олон улсын жишгээр эрдэмтэн судлаачдадаа цалин мөнгө олгоод, судалгааны санхүүжилтийг эрс нэмэгдүүлэх тийм эдийн засгийн бяр манайд байгаа билүү. Гэхдээ зарим нааштай алхмууд хийгдэж байна. Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу шинжлэх ухааны ажилтны цалингийн доод хэмжээг тодорхой хувиар нэмэгдүүллээ. Ажлын үр дүнтэй нь уялдуулан судлаачдын цалин урамшууллыг нэмэгдүүлэх эрхийг хүрээлэн төвүүдэд олголоо. Энэ эрдэм шинжилгээний ажилтнууд, түүний дотор залуу судлаачид амьдралынхаа нөхцөл байдлыг сайжруулж нийгмийн асуудлаа бага ч гэсэн шийдэхэд тус болсон гэж бодож байна.

-Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал хүний үүрэг, үүрдэг ачаа юу байдаг вэ?

-Ер нь нэгэн Хүрээлэнгийн захирлын хувьд гэж хэлэхэд, энэ байгууллага ямаршуухан өнгө төрхтэй байх, ажилтан албан хаагчдын аж амьдрал, санаа сэтгэл ямар явах нь ямар нэгэн байдлаар энэ Хүрээлэнгийн удирдлага, түүний дотор захиралтай шууд холбоотой гэж боддог. Ажилтан албан хаагчдынхаа ая тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж эрдэм судлалын ажлаа хийж дадлагажих суралцах асуудал дээр бүрэн дэмжиж эвтэй найртай ажилч хичээнгүй бүтээлч хамт олон болгохын төлөө тэднийгээ манлайлан ажиллахыг хичээж байна. Эрдэм шинжилгээний хүрээлэн төвүүд дээр санхүүгийн хүндрэлтэй асуудал байнга гарч байдаг Харин энэ хүндрэлтэй асуудлыг хэрхэн яаж давж гарах вэ гэдэг нь тухайн байгууллагын удирдлага, захирлын шийдвэрлэх ёстой асуудал. Ганцхан төр, засаг руу харж төсвөөс мөнгө санхүүжилт харж суугаад асуудлыг шийдэж чадахгүй. Шинжлэх ухааны байгууллагуудын хувьд байдаг нэг том давуу тал судалгааныхаа чиглэлээр гадаадын улс орнуудын шинжлэх ухааны байгууллагуудтай хамтарч ажиллах боломж нээлттэй байдаг явдал юм. Энэ боломжоо ч бид сайн ашигладаг. Хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Гадаадын шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгөөр хамтын ажиллагаа хэрэгжүүлдэг. Манай хүрээлэн ОХУ, БНХАУ, АНУ, Франц, Швейцарь, Япон, Солонгос, Түрк, Герман гээд бусад олон орны эрдэмтэн судлаачидтай хамтран ажилладаг. Хамтарсан төсөл, техникийн хамтын ажиллагааг хэрэгжүүлж байна. Энэ нь олон талын ач холбогдолтой. Нэгдүгээрт, судалгааны нарийн багаж төхөөрөмжүүдийг  үнэ төлбөргүй юм уу, буцалтгүй тусламжийн хүрээнд хүлээн авах боломжтой. Хоёрдугаарт хамтарч судалгаа шинжилгээний ажлыг хийснээр тэднээс суралцаж, туршлага хуримтлуулна, судалгааны шинэ арга зүй, шинэ тоног төхөөрөмж дээр ажиллаж сурна гэсэн үг. Дээрээс нь хамтарсан судалгааны ажлыг гэрээгээр гүйцэтгэж байгаа хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд нэмэгдэл цалин хөлс, урамшуулал, авна гэсэн үг. Боломжуудыг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй. Эрдэм шинжилгээний байгууллагын санхүүжилт бага байна гэж гомдоллож шүүмжилж суухын оронд яаж олон талт санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох вэ, яаж судалгааныхаа үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах гэдэг талаар санаачилга гарган ажиллах нь чухал гэж хэлмээр байна.

-Та яг чухал асуудал хөндлөө. Судалгааны үр дүнг эргэлтэд оруулах нь  маш чухал. Энэ асуудлыг бодлогоор болон судлаачид өөрсдөө яаж авч явбал үр дүнд хүрэх бол?

 -Энэ асуудал хүрээлэн бүр дээр харилцан адилгүй байна. Онолын судалгааны ажил давамгайлдаг хүрээлэнгүүдийн хувьд энэ асуудал хүндрэлтэй ч, ихэнх судалгааны  хүрээлэн төвүүд хувийн хэвшилтэй хамтран ажиллаж судалгааны үр дүнгээ үйлдвэрлэлд нэвтрүүлэх ч юм уу, эсвэл зарим нэгэн чухал шаардлагатай нийгмийн захиалга бүхий судалгааг төрийн санхүүжилтээр гүйцэтгэх, ингэснээр хүрээлэнгийнхээ санхүүжилтийг  нэмэгдүүлэх боломж бий. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санаа бол зөвхөн төрийн санхүүжилтийг харсан, хүлээсэн арга барилаас салж олон эх үүсвэртэй санхүүжилтийг бий болгох тал дээр захирлууд ажиллах хэрэгтэй. Эрдэмтэн судлаачид ч энэ асуудлаар санаачилга гарган хамтран ажиллавал үр дүнд хүрнэ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн асуудлуудыг хэрэгжүүлэхэд эрдэмтэн судлаачдын санаачилгатай оролцоо чухал. Улс эх орныхоо нийгэм эдийн засагт тулгараад байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдэх чиглэлээр судалгааны төсөл хөтөлбөр боловсруулж, тэрийгээ зөв танилцуулж, Төрөөс дэмжлэг санхүүжилт авч ажиллах боломж бас нээлттэй байдаг. Боломжийн хажуугаар хүндрэлтэй зүйлүүд ч бий. Судлаач хүн төсөл дээр ажиллаж, цалингаа аваад, үр дүнгээ үйлдвэрлэлд нэвтрүүлээд, дээрээс нь шинэ инновац юм уу, шинэ патент авч тэрийгээ хэрэгжүүлж олон эх үүсвэртэй цалин аваад эхлэхээр хэтэрхий их мөнгө авсан юм шиг харагдах, санхүүгийн шалгалт ирэхээрээ танай энэ хүн үндсэн ажлаа хийнэ гэж улсаас цалин авдаг хэрнээ, дээр нь үр дүнгээ үйлдвэрт нэвтрүүллээ гээд ийм мөнгө авсан, гаднын хамтарсан төсөлд оролцлоо бас өөр мөнгө авчихсан, ийм патенттэй гээд нэмж мөнгө авсан гээд асуудлыг хүндрүүлэх явдал бий. Уг нь эрдэм шинжилгээний хүрээлэн төвүүдэд, тэнд ажиллаж байгаа эрдэмтэн багш судлаачдад санаачилгатай үр бүтээлтэй ажиллах, ингэснээр санхүүгийн эрх чөлөөг нь аль болох зөв тавьж өгвөл, төдий чинээ тэр хүний арга ухаан тэлнэ, арга хэлбэр өөр болно гэж боддог. Шинийг эрэлхийлж үр дүнтэй ажиллахыг хичээнэ. Өөрөө судалгаа хийж байгаа учраас үр дүнг яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт тэр хүний толгой ажиллана. Санхүүгийн эрх чөлөөг нь хүрээлэнгүүдэд олгоод өгөх юм бол тэр хүрээлэнгүүд байнга төсвөөс юм нэхдэг байдал багасна. Олсон мөнгөөрөө техник хангамж, тоног төхөөрөмжийн асуудлаа шийдээд, судалгаагаа өргөжүүлээд хийгээд яв явах гаргалгаа бий. Ийм чадвартай судлаачидтай хүрээлэн төвүүд  Монголд олон байгаа. Гол нь ийм санаачилгыг мохоохгүй дэмжиж, тийм боломж орчныг бий болгож, хүн болгон дор дороо хөдөлмөрлөж, хичээнгүйлэн ажиллаад эхэлбэл эрдэм шинжилгээний хүрээлэн гэдэг чинь төрдөө, төсөвтөө дарамт болдог, нэг тайлан юм бичээд тавиур дээр тавьдаг байгууллага биш гэдгийг хэлмээр байгаа юм.

-Эрдэмтэн судлаач хүн гэж хэнийг хэлэх вэ. Шинжлэх ухааны ажилтны энэ өдөр эрдэмтэн судлаачдад хандаж та юу хэлэх бол?

-Монгол эрдэмтэн судлаач хүн гэдэг бол бидний хайрлаж хүндэлж явах ёстой эрдэм номын хүн шүү дээ. Энэ хайр хүндлэлийг нэр төртэй хүндэтгэлтэйгээр өргөж дааж явах нь судлаач бидний үүрэг юм даа. Тийм болохоор Монгол Улсын шинжлэх ухаан технологийн салбарын үе үеийн эрдэмтэн судлаачид, нийт ажилтан албан хаагчдынхаа ажил үйлсэд амжилт бүтээл, амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эрдэм номын ариун үйлс ашид дэлгэрэг!


СОДНОМСАМБУУ ОВОГТОЙ ДЭМБЭРЭЛ
 

  • Эрдмийн зэрэг: Доктор (ScD)
  • Эрдмийн цол: Профессор
  • Хэргэм: Академич


Боловсрол
 

  • Шинжлэх ухааны доктор. (Геологи, эрдэс баялгийн ухааны) ОХУ-ын ШУА-ийн Сибирийн Салбарын Иркутск хот дахь Дэлхийн Царцдасын хүрээлэн, Төрийн удирдлагын менежер. 2017 он
  • Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Удирдлагын Академи, Төрийн удирдлагын сургууль 2004-2006 он.
  • Боловсролын доктор. (Физик математикийн ухааны) ОХУ-ын ШУА-ийн Москва хот дахь Тооцоолон бодох төв 2003 он.
  • Шинжлэх ухааны Магистр. ОХУ-ын Иркутскийн их сургууль-Хэрэглээний математикийн сургууль 1978-1983 он.


Ажлын туршлага
 

  • 2015 оны нэгдүгээр сараас: ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал
  • 2014-2015 он: ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвийн захирал
  • 2003-2014 он: ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга
  • 1998-2007 он: ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвийн орлогч захирал
  • 1988-1997 он: ОХУ-ын ШУА-ийн Москва хот дахь Тооцоолон бодох төвд аспирант, дадлагажигч
  • 1983-1988 он: ШУА-ийн Математикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан


Судалгааны ажлын үндсэн чиглэл
 

  • Монгол-Байгалийн бүс нутгийн газар хөдлөлтийн төлөв байдал, идэвхжилт, газар хөдлөлийн аюулын үнэлгээний судалгаа,
  • Бүс нутгийн орчин цагийн геодинамик, чулуулаг мандал дахь хүчдэл хуримтлал, эвдрэлийн төлөв байдлын судалгаа,
  • Нарийн төвөгтэй системийн математик загварчлал, программ хангамж, тоон туршилтууд,

No comments:

Post a Comment