Wednesday, December 20, 2023

ЭРДЭС БАЯЛГИЙН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДАЛД

Н.Баатар1,  С.Чинбат2, Э.Бүжинлхам2

1Монголын геофизикчдийн холбоо (ТББ),

2Ай Жи Монголиа эксплорейшн ХХК          

Газрын тос-2023 эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл, №23(11)317, хуудас 7-13,

Геологи №39, 2023. (Монгол Улсад Үндэсний дээд мэргэжилтэй Геофизикч бэлтгэж эхэлсний 30 жил, Монголын Геофизикчдын холбооны 30 жилийн ойд зориулсан дугаар), хуудас 47-55.


Хураангуй

Нутаг дэвсгэрийн хэмжээнд гадаргуугаас харагдах ямар нэг шинж тэмдгээрээ хялбархан олж илрүүлж болох объект эрс ховордсон. Бүс нутгийн хэмжээнд шатах ашигт малтмал, үнэт, холимог, ховор металл болон метал бус ашигт малтмал, гүний усны нөөц бүрдүүлэлт хоцрогдож байгаа өнөөгийн нөхцөлд ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ АЖИЛ-ыг ашигт малтмалын нэр төрлөөр нь ашигт малтмал, газрын тос, ус, цацраг идэвхит болон түгээмэл тархацтай ашигт малтмал  гэж салгасан байдаг. Нэг газар нутагт  давхардсан судалгаа хийж, үргүй зардал гарган, цаг хугацаа алддаг  байдалд төрийн бодлого, зохицуулалтаар нэгтгэн зангидах шаардлагын талаар өгүүлэх болно.

Түлхүүр үг: геофизик, боловсруулалт, тайлалт, газрын тос, байгалийн хий, гоёлын алмаз, цагаан алт, газрын ховор элемент

  

I.               ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

 

Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд геологийн судалгаа хийж эхэлснээс хойшхи хугацаанд үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий ашигт малтмалын олон тооны орд илрэлүүдийг нээн илрүүлж, нилээд хэсгийг нь эдийн засгийн эргэлтэнд оруулсаар ирсэн. Бүс нутгийн геологийн тогтоц, ялангуяа газрын хэвлийн гүний тогтцын тухай төсөөллийг бүрдүүлэх нь онол, практикийн нэн чухал ач холбогдолтой юм. 1990-д оноос хойш Оюу толгойн ордоос өөр үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий томоохон орд, объект үндсэндээ шинээр нээгдсэнгүй гэж хэлж болно. Энэ нь нутаг дэвсгэрийн хэмжээнд гадаргуугаас харагдах ямар нэг шинж тэмдгээрээ хялбархан олж илрүүлж болох тийм объект эрс ховордсоныг харуулахын зэрэгцээ геологийн судалгаанд гүний судалгааны арга, тухайлбал, ГЕОФИЗИКИЙН ЦОГЦ СУДАЛГАА-ны арга аргачлалуудыг үндсэндээ орхигдуулж ирсэнтэй холбоотой юм. Ашигт малтмалын хэтийн төлөвтэй байж болох хуримтлалын газрын гадаргууд ил гарч, нүдээр үзэгдэж байгаа илэрц нь түүний гүний байршлын талаар төдийлөн баттай мэдээлэл болж чаддаггүй, тэр нь гүндээ хэдэн арав дахин ихсэх, эсвэл гадаргын элэгдэлд автаж зөвхөн ёзоор хэсэг нь үлдсэн, тектоникийн үйл ажиллагаагаар тасарсан байх талтай тул илэрцийн гүн дэх хэлбэр, хэмжээ, байршлыг тогтоохын тулд гүний судалгааны аргачлалуудыг цогцоор хэрэглэдэг нь дэлхий нийтийн жишиг юм. Геологийн аливаа судалгаанд геофизикийн аргачлалуудыг оновчтой хослуулан хэрэглэвээс цаг хугацаа, хөдөлмөр хөрөнгийг хэмнэх, гүнзгийрүүлэн судлах ажлыг зохистой төлөвлөх боломж бүрдэнэ [8, 11].  

ЭРДЭС БАЯЛАГ гэдэг ойлголтонд газрын хэвлий дэх эрдсийн бүрэлдэхүүнтэй бүх төрлийн ашигт малтмалыг хамруулан ойлгож, хэрэглээний онцлог шинжээр нь металл ашигт малтмал, металл бус ашигт малтмал, шатах ашигт малтмал,  усны ундрах баялаг хэмээн тоймлон ангилах боловч эдгээрийг эрж, хайж, нээн илрүүлэх асуудлыг зөвхөн геологийн судалгааны ажлаар шийддэг бөгөөд тавих зорилт, хүрэх үр дүн зэргийн шалгуур үзүүлэлтүүд нь үндсэндээ нэг  хэмжүүрээр хэмжигддэг, үе шаталсан аргуудтай билээ. Гэтэл геологийн судалгааны ажлыг хэрэгжүүлэх үйл явцыг Газрын хэвлийн тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Цөмийн энергийн тухай, Усны тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай зэрэг олон хуульд салгаж тусгаснаас болж тэр нь геологийн судалгааны ажлын эцсийн үр дүн болоод улс орны эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлэх  хандлага бий болоод байна. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй судалгааны явцад шатдаг занар, битум, нүүрс болоод барилгын материал, гүний ус зэрэг ашигт малтмалыг бага анхаарч зөвхөн металл, тэр дундаа  алт мэтийн үнэт металлыг илүү сонирхдог, зарим  ашигт малтмалын бүрэлдэн тогтох онцлог бүхий бүтэц, тогтцуудын талаар ч анхаарч судалж, дүгнэлт өгөх сонирхолгүй болсон нь “газрын тос”, “ус”-ны асуудал гэсэн ташаа ойлголт бий болсны уршиг юм. Судалгааны явцад тогтоогдсон ахуйн хэрэгцээний эрчим хүчний хэрэглээний шаардлага хангахгүй нүүрс, шатах занар, битум зэргийг геологийн структурын хувьд бүсчлэн, газрын тос, байгалийн хий агуулагч структурыг гүнд нь мөрдөж, нөөцийн хэмжээг ихэсгэснээр шинээр баригдах гэж буй ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР -ийг тасралтгүй түүхий эдээр хангаж, газрын тосны бүтээгдэхүүний дотоодын хэрэглээний тодорхой хувийг хангах боломж байгааг анхаарч үзмээр байна [3, 5, 8, 11].   Газрын тосны тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 30 гаруй жилийн хугацаанд шинээр байгуулагдах газрын тосны боловсруулах үйлдвэрийг тасралтгүй түүхий эдээр хангах, дотоодын хэрэгцээгээ хангах үйлдвэрийн нөөц, түүхий эд бэлтгэгдээгүй, газрын тосны геологийн судалгаанд нутаг дэвсгэрийн 30 орчим хувь хамрагдсан байхад, газрын хэвлийн гүний мэдээлэл төрд төвлөрч, албан хэрэгцээнд ашиглагддаггүй, геологийн салбарын бодлого, төлөвлөлтөнд тусгагдахгүй байна. Төрөл бүрийн бүрийн ашигт малтмалын судалгааны 80 орчим хувь нь геологийн судалгаа, үлдсэн хувь нь геофизикийн судалгаа эзэлдэг байхад ГАЗРЫН ТОС-ны судалгаанд эсрэгээрээ геофизикийн судалгаа нь 80 орчим хувь эзэлдэг онцлогийг ч харгалзан үзэх шаардлага үүсч байна. 

Монгол улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, газар нутгийн хэмжээгээр дэлхийд 17 дугаарт ордог, ГЕОЛОГИ-ийн салбар нь 84 жилийн түүхт ойгоо тэмдэглэх гэж байгаа,  геологийн 200-300 жилийн түүхтэй өндөр хөгжилтэй орноос хоцронгуй явдаг зэрэг өөрийн  орны онцлогт тохируулан геологийн салбарыг хөгжүүлэхэд анхаарах шаардлага зүй ёсоор тавигддаг.

Нутаг дэвсгэрийн хэмжээн дэх газрын тос, байгалийн хий, нүүрс  зэрэг нүүрс устөрөгчийн нэгдлийн судалгаа, гадаргуугийн болон гүний усны гидролог, гидрогеологийн судалгаа, дэд бүтэц, барилга байгууламжийн суурийн инженер геологийн судалгаа, байгаль орчин экологийн аюулгүй байдлын геоэкологийн судалгаа, цацраг идэвхит, түгээмэл тархацтай ашигт малтмалын судалгаа зэрэг байгалийн шинжлэх ухаан, геологийн  судалгааны ажлыг ГЕОЛОГИ-ийн бодлого, зохицуулалт хариуцсан сайдын эрхлэх асуудалд бүрэн хамааруулах шаардлагатай байдаг. Уст цэг, гүний ус  шинээр илрүүлэх, цөлжилтийг сааруулахад чиглэсэн гидрогеологи, геэкологи, геофизикийн судалгааны ажлуудыг салбарын сайдын эрхлэх асуудалд нэгтгэн төвлөрүүлж, харин усны нөөцийг хадгалах, хамгаалах, хэрэглэгчдэд хүргэх зэрэг бусад асуудлуудыг БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ-ын сайдын эрхлэх асуудалд хамааруулах, геологи,  уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн бодлогыг дэд бүтэц, барилга байгууламж, хот төлөвлөлт, хөдөө аж ахуй зэрэг бусад салбаруудтай уялдуулан холбох зэрэг бодлогын зохицуулалт хийх боломжтой.

Геологийн региональ судалгаа /сэдэвчилсэн судалгаа, зураглал/, эрэл, хайгуулын үе шатанд ГЕОЛОГИ, ГЕОХИМИ, ГЕОФИЗИК, ГИДРОГЕОЛОГИ, ИНЖЕНЕР ГЕОЛОГИ, ГЕОЭКОЛОГИ, УУЛ, ӨРӨМДЛӨГ-ийн ажлыг иж бүрэн цогцолбороор бүрэн төгс хийлгэх; геофизикийн судалгааны мэдээллийг геологичид ашиглаж, геологи-геофизикийн нэгдсэн боловсруулалт, тайлалт хийсэн тайланг төрийн байгууллага, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл /ЭБМЗ/ хүлээж авдаг болох шаардлага үүсч байна. 


Геологийн салбарт хэрэглэгдэж байсан Төсвийн нормын лавлах /ТНЛ/-ийг шинэчлэн сайжруулж, судалгааны ажлын арга, аргачлал тус бүрт мөрдөх норм, нормативтай болох; үнэ үнэлгээг үндэслэлтэй, бодитой тогтоох, мөрдүүлэх, мөн эдийн засгийн тооцоо судалгаа, дүн шинжилгээний үндсэн дээр үйлдвэрлэлийн зардал, орлого, цэвэр ашгийг тооцон гаргах ажил орхигдсоор байна.  

Шинээр нээгдсэн ОРД эдийн засгийн эргэлтэнд орж, үр өгөөжөө өгч эхлэхэд анх зураглалын маршрут юмуу эрлийн маршрутаар тэмдэглэсэн, эсвэл геохимийн гажиглал, геофизикийн гажиглалын боловсруулалт, тайлалтаар тогтоосон “геологич”, “геохимич”, “геофизикч” “гидрогеологич” зэрэг геологийн мэргэжлийн инженер, техникийн ажилтанд уг ордын цэвэр ашгаас 0.5 хувийг олгоно” гэсэн геологичдын нэр хүнд, үнэлэмжийг нэмэгдүүлсэн, оюуны өмчийг баталгаажуулсан, хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн УРАМШУУЛАЛ-ын тогтолцоог бүрдүүлэх асуудал олон жил яригдсаар байгааг бодит ажил болгох шаардлагатай байна.

Салбарын яамны нэрэнд “геологи” үгийг орхигдуулснаас олон нийт энэ салбарын талаар ойлголт муутай, үйл ажиллагааны эерэг мэдээлэлгүй байгаа тул геологийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан яамны нэрэнд ГЕОЛОГИ” үгийг нэмж, “ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ” гэсэн өөрчлөлт оруулах шаардлага ч үүсч байна.

Улс орны эдийн засгийн өсөлт, хөдөө орон нутгуудад хүнд үйлдвэрээ дагасан жижиг дунд үйлдвэрлэл, дэд бүтэц хөгжсөн бүтээн байгуулалтаар ажлын байр олноор бий болгох, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хот суурин газар нийслэл рүү шилжих хөдөлгөөнийг бууруулах, ард түмний амьдралын түвшинг нэмэгдүүлэхэд нөлөөлөх ГЕОЛОГИ-ийн салбарын онцлог, хүндрэл бэрхшээл, ололт амжилт, үйл ажиллагааг олон нийтэд ойлгуулах ач холбогдолтой ГЕОЛОГИЙН ТУХАЙ ХУУЛЬ-тай болох салбарын, нийгмийн эрэлт хэрэгцээ үүсээд байна.

Улс орны язгуур эрх ашгийн үүднээс нутаг орноо шинжлэн судлах, эх нутгаа хайрлан хамгаалах, цөлжилтийг сааруулах, ногоон бүсийг нэмэгдүүлэх, алслагдсан бүс нутгуудад хот суурин газар байгуулах зэрэг олон асуудлыг шийдэх суурь үндэс ГЕОЛОГИ-ийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд иргэд, олон нийт, орон нутаг эерэг хандлагаар хандахад чиглэсэн эрх зүйн зохицуулалт ч хэрэгтэй байна.

 

 

II.             ГЕОЛОГИ-ГЕОФИЗИКИЙН ИЖ БҮРЭН СУДАЛГАА, ӨГӨГДЛИЙН БОЛОВСРУУЛАЛТ, НЭГДСЭН ТАЙЛАЛТ, ТОВЧ ҮР ДҮН

 

Геологийн аливаа судалгаанд геофизикийн аргачлалуудыг оновчтой хослуулан хэрэглэвээс цаг хугацаа, хөдөлмөр хөрөнгийг хэмнэх, гүнзгийрүүлэн судлах ажлыг зохистой төлөвлөх боломж бий болдог. Манай орны геологийн судалгаанд, тухайлбал ашигт малтмалын ордын эрэл-хайгуулын шатанд геофизикийн арга, аргачлалуудыг 1990-ээд он хүртэл өргөн хэрэглэж байсан.

Геофизикийн физик орны зураг, графикийг  геологийн орчинтой нь холбон тайлалтын зураг зохиох замаар чанарын тайлалт хийснээр тухайн  геологийн орчны гүн дэх  мэдээллийг урьдчилсан байдлаар геологичдод гаргаж өгөх боломжтой болно. Судалгааны талбай дах чулуулгийн төрөл бүрт соронзон мэдрэх чадвар, нягт, цахилгаан эсэргүүцэл, цахилгаан туйлжрал зэрэг физик шинж чанаруудыг хэмжин, статистик тооцоолол хийснээр тухайн талбайн болон зарим маргаантай хурдас чулуулгийн талаар тодорхой мэдээллийг бүрдүүлж, эдгээр ажлын үр дүнд “Геофизикийн материалуудын нэгдсэн тайлалтын  зураг” зохиогдоно. Зохиогдсон зурагт геологичдын  гадаргаас зурагласан  хурдас чулуулгийн хил зааг, хувирал, сулрал, бутралын бүсийг гүнд нь үргэлжлүүлэн мөрдөн зураглаж, тектоник эвдрэл, хагарлыг тогтооно. Мөн түүнчлэн геофизикийн тоон тайлалт хийгдсэнээр зураглагдсан чулуулаг, биетийн хэлбэр хэмжээ, байрших гүн, тогтоогдсон хагарлын шилжээсийн далайц зэргийг мэдэх боломжтой.

Геологийн судалгаа, тектоник, геодинамик, зураглалын үр дүнг ашиглан, геофизикийн судалгааны зураг, өгөгдлүүдийг чанарын ба тоон тайлалтаар тайлах /интерпретаци/ нь дэлхийн царцдасын дээд хэсгийн орон зайн тогтцын тухай төсөөлөл авах боломж олгох бөгөөд энэ нь газрын тос, нүүрс, байгалийн хий зэрэг нүүрс, устөрөгчийн нэгдэл бүхий шатах ашигт малтмал болон бусад ашигт малтмалын байршлын зүй тогтлыг илрүүлэх, цаашдын судалгааны ажлын талбай сонгох ба эрэл, хайгуулын ажлын үндэслэл болдог билээ.

Геологи-геофизикийн иж бүрэн судалгааны ажил /1995-2005/ болон геофизикийн өмнөх судалгааны материалуудад хийсэн боловсруулалт, дүн шинжилгээ, геологи геофизикийн нэгдсэн тайлалтаар судалгаанд хамрагдсан талбайнуудын гүний тогтоц, хурдас чулуулгийн хил зааг болон хувирал, бутрал, сулралын бүсийг тодорхой зураглаж, тектоник эвдрэл хагарлуудыг тогтоосон. Геологийн региональ судалгааны ажлаар зураглагдсан тунамал хурдсын тархацтай зарим сав газруудад геофизикийн өмнөх судалгааны материалуудын боловсруулалт тайлалт, дараагийн шатны нарийвчилсан судалгааны ажлаар хурдас хуримтлалын зузаан бага, тухайн орчны геологийн тогтцын шинэ төсөөлөл бүрдсэн.

Баруун Монголын  НУУРУУДЫН ХӨНДИЙ 1020-940 меридианы хоорондох хотгоруудын гүний бүтцийг зураглах геофизикийн региональ судалгааны ажил нь газрын тосны гэрээт III, IY талбайг бүрхдэг ба энэхүү ажлаар хэд хэдэн гүний хотгоруудын байршил хэмжээг илрүүлэн тодруулж, тэдгээрт хуримтлагдсан тунамал хурдасны зузааныг урьдчилсан тооцоогоор 2000-3500 м болохыг тогтоосон [1].  ЗҮҮНБАЯН, ЦАГААН ЭЛСНИЙ ОРД-ын талбайд  хүндийн хүчний гажиглалын эрчимжилтээр баруун урдаас зүүн хойш чиглэл бүхий хурдас хуримтлалын их зузаантай 2 бүтэц ялгагдсаны зүүн талын бүтцийн баруун хойд хажууд Зүүнбаянгийн, хурдсын их хуримтлалтай урд хэсэгт Цагаан элсний орд байршиж байгааг тогтоосон нь өрөмдлөгийн ажлын үр дүнгээр нотлогдсон. Талбайн төв хэсэг өргөгдсөн тогтоц боловч тэр орчим зарим нэгэн илрэлүүд байгаа нь тухайн талбай нь тектоникийн үйл ажиллагаагаар блоклог тогтоцтой болсон бөгөөд салбар хагарлаар тосжилттой болсон байна. Талбайн энэхүү блоклог тогтоц нь соронзонгийн үр дүнгийн зургаас тодорхой харагдана. ГЕОФИЗИКИЙН МАТЕРИАЛ БОЛОВСРУУЛАЛТ, ТАЙЛАЛТ-ын үр дүнд өргөгдлөөр тайлагдсан орчинд өрөмдлөгийн ажлаар 2000 оны Тэмээ-1, Ирвэс-1, 2002 оны Могой -1 цооногууд хуурай, харин хурдас хуримтлалын зузаан ихтэй орчинд 1998, 2002 оны ТЕ-АЗ, ЕТЕ-1 цооногууд газрын тосны илрэлтэй байсан байна [5, 12-14].   АМАН ГОЛ-ын нүүрсний илрэлийн гүн дэх үргэлжлэл тархацыг Зараагийн хөндийд зураглаж, хэтийн төлөвийн үнэлгээг ихэсгэн нэмэгдүүлсэн [3].   ЖИЛЧИГБУЛАГ-ийн нүүрсний илрэлийн гүний тархацын хэмжээг нэмэгдүүлсэн.

ЦАГААН СУВАРГЫН ОРД-ын хэмжээнд хийгдсэн геофизикийн өмнөх судалгааны материалуудад хийсэн боловсруулалт тайлалт /2004 оны намар/-аар лицензийн талбайн зарим хэсгүүдэд алтны хүдэржилт давамгайлсан таамаг дэвшүүлсэн нь геологийн баримтаар нотлогдсон. ХОТОНТЫН ТАЛБАЙ нь Хангай-Хэнтийн атираат тогтолцооны Хархорины өргөгдөл ба Хангайн синклинорийн хойд хэсэгт байршина. Судалгааны талбайд хүндийн хүчний минимум, агаарын соронзон зураглалаар сөрөг утга бүхий орон өгч буй нь талстат суурь нь боржинлог чулуулаг бөгөөд баруунаас зүүн тийш тархсан гажиглалын төрхөөр авч үзвэл боржинлогийн гүний голомтот үүсгүүр нь баруун хэсэгтээ байж болох юм. ТАМИР ГОЛ-ын төмрийн ордын үргэлжлэл нь  Архангай, Өвөрхангай аймгийн хэд хэдэн сумдын нутаг дэвсгэрийг дамнан баруун хойноос зүүн урагшаа чиглэлд газрын гүндээ өргөн цар хүрээтэй тархсан байдаг [4, 7].  ЦАГААН ДЭЛ, ХҮРЭН ХОШУУ, БОР ЦАХИР-ын хэсэгт алтны илрэлийн таамаг баялгийг  геологичид 90 кг, 22.8 тн, 16.8 тн-оор тогтоосон байсныг геофизикийн судалгааны ажлын материал боловсруулалт, тайлалтаар дээрх хэсгүүдэд 24 тн, 229.8 тн, 487.5 тн болгон нэмэгдүүлж, газрын гүн дэх таамаг баялгийг тогтоож чадсан [2].

Хүндийн хүчний таталцлын орны гажлын эрчимжилт, төрхөөр нь гүний чулуулагтай холбоотой (4 бүтэц),  өргөгдсөн тогтоц (3 бүтэц), гүний чулуулаг эсвэл хотгор бүтэц гэсэн нийтдээ 8 бүтэц судалгааны талбайд ялгаж,  ӨМНӨД МОНГОЛЫН ЗҮҮН ХЭСГИЙН ЦАРЦДАС ДАВХАРГЫН ДЭЭД ХЭСГИЙН ТОЙМ ЗУРАГ-ийг зохиосон. Судалгааны талбайд тогтоогдсон бүтцүүд нь харилцан адилгүй зузаантай, тектоно магмын идэвхжлийн нөлөөгөөр тасарч, эвдэрсэн, зарим хэсэгтээ физик шинж чанарын өөрчлөлтөнд хүчтэй орсон байна [2, 9].   Өмнөт хилийн орчим буюу Сулинхээрийн бүсийн хойт захад орших ХАНБОГДЫН МАССИВ орчмын региональ геофизикийн материалд дүн шинжилгээ хийж үзэхэд уг дүүрэг нутгийн хэмжээнд хэд хэдэн структур бүтцийг ялгаж болохоор байна. Үүнд: Ханбогдын массив бараг төв хэсгийг нь бүрдүүлэх, тектоникийн үйлчлэлээр Дуулгатын, Улаан уулын, Хацавчийн гэсэн хэсэг өргөгдөл болон хуваагдсан томхон өргөгдөл бүтэц нь Саглагар - Түмэн Өлзийтийн өргөгдлөөс Галбын говийн болон Цагирган Номгоны хотгор бүтцээр зааглагдах бөгөөд энэхүү өргөгдөл бүтцийг Лугийн голын тохоос зүүнээс нь тохорч тоггсон байна. Энэхүү тохоос бүтцийн дор физик орны төрхөөрөе Хан богдын боржингийн массивтай ижил төрхтэй хэд хэдэн далдмагдал биет байгаа нь тэдний жижиг цухуйцууд болоод гравитацын локаль минимумуудаар тод ялгарч байна. Мөн Ханбогдын масеив өөреө гүндээ нилээд өргөн тархалттай нь ч эндээс харагдаж байна.   Чухамхүү эдгээр далдлагдмал биетүүдтэй холбоотойгоор бүрэлдэн тогтож   болох   ашигт   малтмалын   орд   илрэлүүдийг   тогтоох боломжтой. Өмнөд Монголын зүүн хэсгийн хэмжээн дэх хучаас хурдсын доорхи тектоно магмын идэвхжлийн үр дүнд хагарлаар зааглагдсан бүтцүүдийн захын хэсгүүдэд Хар толгойн хар тугалганы орд,  Халзан уулын цагаан тугалганы бүлэг ордууд, Хар морьтын цагаан тугалганы орд, Оюу толгойн орд, Лугийн голын орд болон ГАЗРЫН ТОС-ны илэрц байршиж байгаа зэрэг нь геофизикийн региональ судалгааны ажлаар тогтоогдсон бүтцүүд нь хэтийн төлөвтэй ашигт малтмалын орд, илрэл, эрдэсжсэн цэг, хувирлын бүсийг агуулагч хурдас, чулуулгийн гүн дэх үргэлжлэл, тархацын мэдээллийг авах боломжтой байна. Газрын тосны Галба XI талбайн хайгуулын 2009-2012 оны өрөмдлөгийн цооногт ТОСНЫ ИЛЭРЦТЭЙ байснаар Өмнөговийн сав газарт бидний судалгааны ажлаар илрүүлсэн бүтэц хэтийн төлөвтэй байсан нь нотлогдсон [9].   

ОНЧ УУЛ-ын талбайд алт үнэт металлын хүдэржилттэй [2], ЗАМЫН ҮҮД-ийн талбайд нүүрс устөрөгчийн нэгдэл хуримтлагдах орчин бүрдээгүй, хурдас хурдас хуримтлалын зузаан бага, харин металл ашигт малтмал бүрэлдсэн байх таамгууд дэвшүүлсэн нь геологийн баримтаар нотлогдсон [5, 6, 10].  Өмнөт Монголын БОРЗОНГИЙН ГОВЬ-ийн район дах хучаас хурдсын доорхи тектоно магмын идэвхжлийн үр дүнд хагарлаар зааглагдсан бүтцүүдийг геофизикийн хүндийн хүч, соронзон орноор зурагласан. Бүтцүүдийн захын хэсгүүдэд ашигт малтмалын орд, илрэл, хувирлын бүсүүд байршиж байгааг тогтоосон. Өмнөт говийн Лугийн голын дэд бүсийн хэмжээнд тархсан ХАЛЗАН УУЛ-ын гранитоид биетүүдийн гүний байршил, тухайн орчны дотоод бүтцийг геофизикийн материал боловсруулалтын тоон тайлалтаар тайлбарлаж, зарим судлаачдын чулуулгийн соронзон шинж чанар тодорхойлдог аргачлалыг ашигт малтмалын чиглэлээр ашиглаж болох талаар санал дэвшүүлсэн. Өмнөт Монголын индосиний атираат тогтолцооны Лугийн голын дэд, баруун хойд хэсэг нь Өмнет Монголын вариссын атираат тогтолцооны Борзонгийн бүсүүдэд багтана. Орчин үеийн террейний задлалын онолоор ангилсан тектоникийн мужлалаар Өмнөт Монголын индосинийн бүсийн захын террейний өмнөт хэсэгт Цагаан уулын идэвхгүй захын бүсэд оршино (Tomurtogoo 1999). Лугийн голын бүс нь Борзонгийн бүстэй Галбын говийн хагарлаар хиллэдэг, пермийн үед эх газрын царцдас дээр үүссэн томоохон хотгор байсан бегөөд харин дунд триасын үед шахагдаж атираат тохролтот байгууламжинд шилжсэн байна. Вариссын атираат суурь дээр үүссэн энэ бүсэд мезозойн боржингоор түрэгдсэн дээд пермийн флишлэг хурдас өргөн тархацтай. Терриген флишлэг формац нь Лугийн голын давхаргадсын конгломерат, элсэн чулуу, алевролит ба шаварлаг занар хааяа шохойн чулууны мишлээс бүрдэнэ. Энэ формац нь флишлэг нарийн үелэлтэй турбидит текстуртэй чулуулгаас бүрдэж буй нь харьцангуй гүн усны нөхцөлд хурдэс хуримтлал болсныг гэрчилж байна (Бүрэнхүү 1996). Халзан уулын бүрдлийн гранитоид нь геодинамикийн нөхцөлөөр эх газрын коллизийн нөхцөлийг зааж, петрохимийн найрлагаараа шохойлог-шүлтлэг, дундлаг    ба   хүчиллэг    чулуулгийн кали-натрийн эгнээнд хамрагдаж буйгаар алт  болон  үнэт,  өнгөт металлын хүдэржилт дагуулна. Үүгээрээ зөвхөн ховор металлын бус сульфидын төрлийн металлогений онцлогтой Геофизикийн материалуудын тайлалтаар тухайн талбай тектоникийн үйл ажиллагаагаар олон блоклог тогтоцтой болох нь тогтоогдсон ба суурь чулуулаг нь мааньтын гарал үүсэлтэй боржинлог чулуулаг бөгөөд дахин идэвхжлийн явцад дундлаг, суурилаг найрлагатай чулуулаг түрж гарсан. Үүний нөлөөллөөр судалгааны талбайд ховор металлын хүдэржилтээс гадна алт-үнэт металлын хүдэржилт явагдах нөхцөл бүрдсэн байна.

Хар толгойн хар тугалганы орд нь хүндийн хүчний орноор зураглагдсан гүний 2 бүтцийн уулзвар болон соронзон орны эерэг бүтцэд байршина. Хүндийн хүчний орноор зураглагдсан Халзан уулын массивтай холбоотой бүтцийн баруун талын сөрөг хуйлрааны зах хэсэгт Халзан уулын цагаан тугалганы бүлэг ордууд, зүүн талын сөрөг хуйлрааны зах хэсгүүдэд Хүрэн хошуу, Шувуутын бүлэг илрэл, хувирлын бүсүүд байршина. Мөн Хар морьтын массивыг хянах бүтцийн хойд талын сөрөг хуйлрааны захад Хар морьтын цагаан тугалганы орд, зүүн урд захад Пэл гүний алт сурьмагийн илрэл тогтоогдсон байна [2].

Монгол орны зүүн өмнөт хэсэг дэх газрын тосны XXIII талбайд хамрагдах Дорноговийн сав газрын ЗАМЫН ҮҮД-ийн талбай нь Өмнөд Монголын герциний атираат тогтолцооны Хөвсгөл-Улаанбадрах, Хутаг-Уулын бүтэц хэлбэршлийн бүсэд багтана. В.И.Блюменцвайг 1:200 000-ны /1966/ агаарын соронзон зураглалын ажлаар 3 бүс ялган, талбайн хойд хэсгийг шаантаг хэлбэрийн өргөгдөл, урд хэсгийг өргөгдөл, төв хэсгийг хотгор тогтоц хэлбэрээр тайлсан байдаг. О.Төмөртогоо 1975 онд зохиосон Монгол орны 1:500 000-ны Тектоникийн зурагт энэ хэсгийг өргөгдлөөр зурагласан байна. Харин Б.Өнөрбаяр нар Дорноговийн сав газрын Эргэлийн талбайд явуулсан 1:200 000 хүндийн хүчний судалгааны ажлаар 1000 метрээс их гүнтэй хэд хэдэн хотгор бүтэц ялгасан бөгөөд эдгээрээс Борхойн, Элсэн даравгайн, Хүрэн толгойн хотгорууд нь Замын Үүдийн талбайд хамарч байгаа юм. Зохиогчид Борхойн хотгор нь 1-2 км зузаантай, Эрээний газрын тос агуулж буй бүтцийн залгаа буюу үргэлжлэх хэсэг гэж үзсэн бөгөөд Элсэн даравгайн хотгор 1-2.5 км, Хүрэн толгойн хотгор 1-2 км гүнтэй гэсэн үнэлгээ өгсөн байдаг. Энэхүү 1.5-2.0 км гүнтэй гэж үзсэн Борхойн, Хүрэн толгойн хотгоруудын хэмжээнд 1975 онд Э.Сивков нар усны хайгуулын 2833, 3181 дугаартай цооногууд өрөмдсөн ба цооногийн геологи-геофизикийн зүсэлтэнд 50 метр орчимд үндсэн чулуулаг зурагдсан байна. Өмнөх судалгааны геологи-геофизикийн материалуудад хийсэн дүн шинжилгээ, тайлалт. Хүндийн хүчний "min" гажиглалыг гүний боржинлог чулуулагтай холбон тайлснаар 15 орчим блоклог тогтоцтой, гүндээ хэд хэдэн үүсгүүртэй гүний чулуулгийн тархацтай мөн Э.Сивковын ажлаар 2833 дугаартай цооногийн геологи-геофизикийн зүсэлтээр 50 метр орчмоос суурь чулуулаг эхэлж байгаа зэргээс хурдас хуримтлалын зузаан бага гэж үзэж байна. Агаарын соронзон зураглалын эерэг утгын бүсүүд нь хагарлуудыг хянаж байгаа, соронзон зураглалаар градиентийн өөрчлөлт ихтэй байгаа зэрэг нь судлагдаж буй талбай тектоник магмын идэвхжилд өртөж, гүний өөр фацын болон дундлаг, суурилаг найрлагатай чулуулгуудын тархацтай болсон. Тухайн талбайд өгч буй ховор элементийн геохимийн гажиглалууд нь боржинлог чулуулгуудыг хянаж, харин геохимийн Си гажиглал, Au, Cu, Ni, Mn, эрдэсжсэн цэгүүд нь геофизикийн материалуудын тайлалтаар тогтоогдсон хагарал, соронзонгийн эерэг утгын бүсүүдтэй дүйж буй нь тектоник магмын идэвхжпийн явцад хоёрдогч хувирал явагдсан бөгөөд судалгааны явцад алт, сульфиджилт бүхий хувирлын бүс тогтоогдоно гэсэн нь геологийн маршрут, дээжлэлтээр батлагдсан. Замын үүдийн талбайн хувьд газрын тос хуримтлагдах орчин бүрдээгүй байж болох, судалгааны талбайд хуримтлагдсан мезозой кайнозойн хурдсыг харьцангуй нимгэн буюу 10-30м, зарим хэсэгтээ тухайн талбайн гүний блоклог тогтоцын өргөгдсөн болон суусан жигүүрээс шалтгаалан 1200-аад метр хүрнэ [5, 6, 10].


III.          ДҮГНЭЛТ 

  1. Нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдсэн геологи, геофизикийн зураглал, ерөнхий эрлийн ажлын үр дүнгүүдийг нэгтгэн, боловсруулалт, тайлалт хийснээр эдийн засгийн ач холбогдол өндөртэй гоёлын алмаз, цагаан алт, газрын тос, байгалийн хий, газрын ховор элемент зэрэг хэтийн төлөвтэй объектуудыг нээн илрүүлж, улс орны хөгжилд геологийн салбарын үнэлэмжийг нэмэгдүүлэх боломж байна.
  2. Хэтийн төлөвтэй объектуудыг нээн илрүүлэхдээ тухай бүс нутагт шаардлагатай ундны болон үйлдвэржилтийн ус, барилгын материал, гүнд байрших хөндийлж /нүхжилт/, цэвдэгшлийн зэрэг дэд бүтэц, хот суурин газрын төлөвлөлтийн судалгааг иж бүрнээр нь хийх асуудлыг төрийн бодлого, зохицуулалтаар шийдвэрлэх хэрэгтэй байна. 
  3. Аливаа ашигт малтмал гадаргууд илээр тохиолдох нь ховордсон өнөө үед гүний судалгааны ажлуудыг тодорхой бодлоготойгоор төлөвлөн, геологийн хээрийн судалгааны эхний жилүүдэд  геофизикийн арга аргачлалуудыг хийж гүйцэтгэхэд анхаарах шаардлагатай байна. 
  4. Хээрийн нөхцөлд геологийн ажиглалтаар зураглагдсан геологийн тогтцын дүр төрх, геохими геофизикийн ажлын үр дүнг оновчтой тайлж, ашиглан  бусад шинжилгээний аргуудтай хослуулан хэрэглэвээс тодорхой үр дүнд хүрэх боломжтой юм. Геологи геофизикийн цогцолбор судалгааны үед тогтоогдсон обьектуудын үнэлгээг өгөхдөө зөвхөн гадаргад илэрсэн төрх, орон зайн хэмжээнд нь бус, геофизикийн давхацмал гажлууд, эрлийн шууд аргаар тогтоогдсон гажлуудыг тооцож байх нь зүйтэй гэж үзэж байна. 
  5. Геофизикийн региональ судалгааны материалуудад тайлалт хийснээр тухайн орчин дахь гүний тогтоц, хурдас хуримтлал бүхий бүтцийг ялгаж,  дараагийн шатны геологи-геофизик, уул, өрөмдлөгийн ажил гүйцэтгэх үндэслэл бүрдэх буюу геофизикийн боловсруулалт тайлалтаар тогтоогдсон сонирхол татахуйц гажиглалуудыг дараагийн хээрийн ажлаар шалган баталгаажуулах, уул өрмийн  ажил  хийх  шаардлагатай.   Ингэснээр  геологийн  судалгааны ажлын үр өгөөж дээшилнэ гэж үзэж байна. 
  6. ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ АЖИЛ-ыг ашигт малтмалын нэр төрлөөр нь ашигт малтмал, газрын тос, ус, цацраг идэвхит болон түгээмэл тархацтай ашигт малтмал  гэж салгасан, нэг газар нутагт  давхардсан судалгаа хийж, үргүй зардал гарган, цаг хугацаа алддаг  байдалд төрийн бодлого, зохицуулалтаар нэгтгэн зангидах шаардлагатай байна.


 

АШИГЛАСАН ХЭВЛЭЛ 


1. Арвисбаатар.Н, Баатар.Н, Уранбайгаль.П., 2000. Нууруудын хөндийн тогтоц /гравиметр өгөдлөөр/, Геологи № 1,  98-102


2. Баатар.Н, Дугараа.П., 2001. Халзан уулын бүрдлийн гранитоидын бүлэг биетүүдийн  гүний байршил болон орчны гүний бүтэц ба хүдэржилтийн  төрх,  Геологи №4,  288-295; Монгол орны геологи, ашигт малтмалын геофизик, ШУТИС, Манай эрдэмтэд 57, 2014,  199-208


3. Баатар.Н, Наранхүү.Г, Чулуун.Б, Сэнгэдорж.Т., 2001. Аман голын нүүрсний илрэл, хэтийн төлөв, Геологи № 4,  255-259


4. Баатар.Н, Чулуун.Д, Дандар.С, Сэнгэдорж.Т., 2002. Хотонтын талбайн геофизикийн мэдээллийн урьдчилсан боловсруулалт, тайлалт,  Геологи №6,  208-212


5. Баатар.Н, Золсайхан.Г., 2003. Газрын тосны сав газруудын гүний тогтцын талаар  геофизикийн региональ судалгааны материал ашиглан  тайлах нь, Монгол орны нефть хийн салбарын тулгамдсан асуудлууд, №1(9),  17-21


6. Баатар.Н., 2004. Замын үүдийн талбайн геофизикийн судалгааны үр дүнгээс, Геологи №10,  171-174


7. Баатар.Н, Дугараа.П, Чинбат.С, Бүжинлхам.Э., 2016. Геологи, геофизикийн судалгааны иж бүрэн боловсруулалт, тайлалтын үр дүн бүс нутгийн хөгжилд, Геологи, дугаар 32,  173-176


8. Баатар.Н., и2018. Хүнд үйлдвэрээ дагасан бүтээн байгуулалтын суурь үндэс геологийн салбар, Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл № 9/236, Газрын тос-2018, ас 252-257, Геологи, уул уурхайн мэдээ сонин, дугаар 01 (211), 2019, 7.


9. Баатар.Н, Дугараа.П, Арвисбаатар.Н, Чинбат.С, Бүжинлхам.Э, Батнайрамдал.Д., 2018. Геофизикийн судалгааны материал боловсруулалт, тайлалт, “Геофизик ба одон орон судлал” №5,  44-52; Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл, Газрын тос-2019, №30/258, 29-35; Хайгуулчин, дугаар 61, 2019, 175-181.


10. Жамъяндорж, Я.Дагва-Очир. 2001.Өмнөд говийн бичил тивийн геологийн хөгжлийн асуудалд”. Геологи, №4, 155-164 


11. Сэнгэдорж.Т, Баатар.Н., 2005. Эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлснээр хязгаар нутгууд хөгжих боломжтой,  Геологи №13, 210-214; “Дал” сонин, №216, нүүр 5; Уул уурхайн сэтгүүл 2005/ №4(29), 9-14,


12. Хосбаяр.П,   Ариунбилэг.С,   Наранцэцэг.Ц,  2002. Монгол   орны   тунамал   чулуулгийн тосжилт ба давхарга зүйн асуудалд,  Монгол орны нефть хийн салбарын тулгамдсан асуудлууд,№1 /8/, 11-26


13. Васильев.В.Г, Волхонин.В.С, Гришин.Г.Л, Иванов.А.Х,  Маринов.Н.А, Мокшанцев.К.Б, 1959. Геологические строение МНР /Сратиграфия и тектоника/, Ленинград, стр 334- 482


14. Маринов.Н.А, Васильев.В.Г, Волхонин.В.С, Гришин.Г.Л, Мокшанцев.К.Б, 1957. Полезные ископаемые МНР, Москва, стр 259-321

No comments:

Post a Comment