Н.Зоригтбаатар
(1964-2024)
Бидний дотны нөхөр, Монкаротаж ХХК-ийн захирал, Монголын Геофизикчдийн холбооны тэргүүн Нинжбадгар овогтой Зоригтбаатар нь 2024 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө өвчний улмаас таалал төгсөж Монголын геологи, геофизикийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Н.Зоригтбаатар нь 1964 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт төрсөн. Тэрбээр 1981 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн бүрэн дунд сургуулийг төгсөж, 1985 онд Дархан хотын Политехникумийг “Техник геофизикч” мэргэжлээр, 2009 онд Дархан хотын Техникийн дээд сургуулийг “Ашигт малтмалын эрэл хайгуулын геологич” мэргэжлээр тус тус суралцан төгссөн. 1985-1988 онд ардын армийн Эрдэнэт хот дахь артилерийн цэргийн 212 дугаар ангид түрүүч цолтой алба хаасан.
Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа “Эрэл Геофизикийн цогцолбор экспедицид”-д геофизикийн-техникч каротажийн-оператороор 1985 оноос ажиллаж, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Улмаар 1989-1996 онуудад Геологи-геофизикийн “Гэгээ” нэгдэлд каротажийн техник-оператор, 1996-1999 онуудад Монкаротаж ХХК-ийг үүсгэн байгуулж ерөнхий-инженер геофизикчээр, 1999-оноос өнөөг хүртэл Монкаротаж ХХК-ний ерөнхий захирлаар ажиллажээ.
Н.Зоригтбаатар манай орны геологийн салбарт 40 жил ажиллахдаа Монголын гол чухал ашигт малтмалын нэг нүүрсний ордуудын судалгаанд гар бие оролцон ажилласан арвин туршлагатай нэгэн байлаа.
Н.Зоригтбаатарын үүсгэн байгуулж ерөнхий инженер, захирлаар нь ажиллаж ирсэн “Монкаротаж” ХХК нь Австрали улсын “Auslog” компанитай хамтран цооногийн геофизикийн судалгааны дижитал иж бүрэн станцуудыг Монгол улсын цооногийн геофизкийн судалгаанд нэвтрүүлсэн анхдагч компани юм.
Түүний удирдсан “Монкаротаж” ХХК нь Багануур, Шивээ-Овоо, Нарийн сухайт, Таван толгойн бүлэг орд, Алтан ширээ, Увсын хотгор, Төгрөг нуур, Цайдам зэрэг монгол орны нүүрсний томоохон ордуудад цооногийн геофизикийн судалгааны ажлуудыг хийжээ. Сүүлийн жилүүдэд нүүрсний давхаргын метан хийн судалгаа явуулж буй “Golden horde” LLC, “Тэлмэн ресурс” ХХК, “Тахь ресурс” ХХК зэрэг компаниудын төсөлд оролцон ажилласан байна.
Н.Зоригтбаатар нь мэргэжлийн инженерүүдийг Австрали, Канад зэрэг улсуудад цооногийн каротажийн сургалтанд байнга хамруулж 100% үндэсний мэргэжилтэнүүдээс бүрдсэн компанийг байгуулж ажиллуулсан байна.
Н.Зоригтбаатар нь компанийн ажиллагсдын боловсрол мэдлэг, нийгмийн асуудалд байнга анхаарал тавьж тохиолдсон бэрхшээлийг даван туулахад туслаж 2007 онд зургаан давхар 24 айлын ажилчдын орон сууц, 2013 онд 32 айлын орон сууцыг барьж, инженер техникийн олон арван ажилчдыг орон сууцаар хангаж, орон сууцны урьдчилгаа, сургалтын төлбөрийг хийхийн зэргэцээ ажиллах хугацаандаа олон арван шинэ залуу геофизикчдийг дадлагажуулан сургаж, үлгэр дууриал нь болсон ахмад туршлагтай геофизикч байлаа.
Н.Зоригтбаатар нь өөрийн үндсэн ажлаа хийхийн зэрэгцээ нийгмийн амьдралын бусад салбарт идэвхитэй оролцдог ба Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, 2009 оноос Монголын Геофизикчдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, 2024 оноос мөн Холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж байсан бөгөөд нийт геофизикчдийнхээ төлөө санаа тавьж, холбоог байгуулагдсан цагаас эхлэн үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж байлаа. Үндэсний өв соёл болох хурдан морь сойх их үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэн нутгийн адууны удам угшлыг сайжруулах чиглэлээр ажиллаж байсан аймгийн “Алдарт уяач” цолтой нутаг ороноо гэсэн сэтгэлтэй, ураг удам ахан дүүсдээ уул шиг нөмөртэй нэгэн байлаа.
Н.Зоригтбаатарын олон жилийн бүтээлч хөдөлмөрийг үнэлж “Алтангадас одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, ойн медалиудаар шагнасан ба Монгол улсын “Тэргүүний геологич” юм.
Н.Зоригтбаатарын геологи-геофизикийн салбарт оруулсан их амжилт бүтээл, хөдөлмөр зүтгэл, тууштай хичээнгүй, эгэл даруу, шулуун шударга зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн орших болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд болон мэргэжил нэгт геофизикч нартаа гүн эмгэнэл илэрхийлье!
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ
ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБА
МОНКАРОТАЖ ХХК
МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨЛ
МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО
МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБОО
МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГЕОЛОГИЧДЫН ХОЛБОО
МОНГОЛ УЛСЫН ӨРӨМДЛӨГИЙН ХОЛБОО
МОНГОЛЫН ГЕОХИМИЧДИЙН ХОЛБОО
