Ахмад
геологич Лувсаншаравын Шархүүгийн дурсамж
Каротажийн судалгаа
Бүр 1963 оноос ажиллаж эхэлсэн каротажийн судалгаа Монгол орны ашигт
малтмалын эрэл хайгуулын ажилд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Нүүрс, жонш, төмөр, ус
зэрэг тухайн үедээ улс ардын аж ахуйд тэргүүлэх чиглэл болж байсан ашигт
малтмалын хайгуулыг каротаж үгүйгээр төсөөлөх аргагүй. Одоо нэгэнт дэлхий
дахинаа мэдэх болсон Монголын ард түмний одоо ирээдүйн амьдралын баталгаа болж
байгаа Таван толгойн ордын нөөцийг тогтоох гол тулгуур мэдээлэл нь цооногийн
гамм, гамм – гамм, эсэргүүцлийн аргууд байлаа. Шарын гол, Бага нуур, Налайх,
Өвдөг худаг, Шивээ овоо, Адуун чулуун, Чандган, Сайхан овоо гээд каротажийн
судалгаагүйгээр нөөц нь баталгаажаагүй нэг ч нүүрсний орд Монголд байхгүй.
Каротажийн үйлчилгээг зайлшгүй авах шаардлагатай өөр нэг салбар бол жоншны
ордууд байсан, одоо ч байгаа. Энд хэрэглэдэг гол арга нь дээр өгүүлсэнээс гадна
нейтрон идэвхижилийн арга байсан юм.
Тухайн үеийн өрөмдлөг технологи болхидуу. Жонш, нүүрс мэтийн уусамтгай
дээжийг авч чаддаггүй байсан юм. Тийм нөхцөлд жонш, нүүрсний үе давхаргын
байрлалыг зөвхөн каротажийн аргаар тодорхойлж байв. Зүүн цагаан дэл, Хар айраг,
Өргөн, Хажуу улаан зэрэг олон ордын нөөцийг зөвхөн каротажийн мэдээлэл дээр
тулгуурлан баталгаажуулж байв. Ер нь тухайн үед нөөц, тооцоолсон орд бүр дээр
каротаж заавал хийх шаардлага тавьдаг байлаа.
Тэр хирээр Монгол оронд Эрэл геофизикийн цогцолбор экспедицийн каротажийн
үйлчилгээ аваагүй орд ховор. Энэ хариуцлагатай, нэр хүндтэй ажлыг зохион
байгуулж байсан каротажийн ангийн анхны дарга нь Б. Чулуунбаатар, дараа нь
С. Баатар, Б.Гантөмөр нар байв. Энэ салбарт удаан жил үр бүтээлтэй ажиллаж,
мэргэжлээрээ, газар орноороо овоглуулах болсон олон сайн мэргэжилтнүүд байлаа.
Тавантолгойн С. Гомборагчаа, Г. Мандшир, М. Баяраа, Зүүн цагаан дэлийн Ч.
Баянсан, Д. Владимир, Л. Балдорж, техникч Баасандулам, жолооч Л. Шаманов,
Төмөрбаатар зэрэг хүмүүс дээр өгүүлсэн нэн хариуцлагатай ажлыг нуруун дээрээ
үүрч явцгаажээ.
Одоо тэр үеийн каротажийн анги нь “Монкаротаж” хэмээх компани болоод үйл
ажиллагаагаа идэвхитэй үргэлжлүүлж байна. Энэ талаар тус компаний захирал
Зоригтбаатар ингэж ярив. “ЭГЦЭ-н харьяа каротажийн нэртэй гадаад дотоодод
сургууль төгсгөсөн 20-30 инженер техникийн ажилчидтай анги байсан.
1996 онд өмч хувьчлагдах хуулийн дагуу өөрийн ашиглаж байсан багаж тоног
төхөөрөмжүүдийг худалдан авч “Монкаротаж” ХХК-г байгуулан уг үйл ажиллагаагаа
залгамжлан үргэлжлүүлж гол төлөв цооногийн геофизикийн судалгааг өдгөөг хүртэл
явуулсаар байгаа юм. Манай компани нь байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй
мэргэжлийн дагуу үйл ажиллагаа явуулж Монгол оронд хийгдэж буй ихэнхи ашигт
малтмалын хайгуулын болон эрэл үнэлгээний зорилгоор өрөмдөж буй гүн өрмийн
цооногийн геофизикийн каротажийн судалгааг 10-13 төрлийн аргачлалаар явуулж,
геологийн даалгаврын үр дүнг баталгаажуулах
мөн хүдрийн биетийн зузаан, хил заагийг тогтоох зэрэг ажлуудыг чанарын өндөр
түвшинд гүйцэтгэж, 100% - ийн магадлалтайгаар мэдээллийг авч бүрэн
боловсруулалт тайлалт хийн, тайлан бичиж, захиалагчдад хүргэж байна.
Эдгээрээс дурьдвал: Багануур, Шивээ Овоо, Адуун Чулуун, Налайх, Хотгор,
Таван Толгой, Нарийн Сухайт, Чандган, Баруун Наран, Зээгт, Цагаан толгой, Улаан
– Овоо, Сайхан – Овоо, Эрдэнэцогт, Ухаа Худаг, Шинэ Жинст зэрэг нүүрсний
ордуудын эрэл үнэлгээний ажил, усны чиглэлээр Алтан булаг, Улаанбаатар, Замын –
Үүдийн чиглэлийн болон мөн бэлчээрийн усжуулалтын ажилд зориулан өрөмдөж буй
цооногуудад тогтмол судалгаа хийж байна.
Манай компани нь цооногийн геофизикийн судалгааны ажлыг чанарын өндөр
түвшинд аналоги, дижитал системүүдийг хослуулан хэрэглэж өрөмдлөг, талбайн
геофизикийн ажил, геологийн судалгааны хэсэг г.м. нэгжтэй болсон ба бие даан
геологи хайгуулын иж бүрэн судалгаа хийх зорилго тавин ажиллаж Монгол эх
орныхоо байгалийн баялгийг нээн илрүүлэх үйл явцад цаашилбал Монгол улсынхаа
хөгжилд өөрийн зохих хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа компани болно.
Бид 10-25 жилийн ажлын арвин
туршлагатай инженер техникийн ажилчдаар бүрдсэн хамт олон бөгөөд сүүлийн үеийн
багаж тоног төхөөрөмж дээр ажиллах эрчимт сургалтанд хамрагдсан залуу үеийн
мэргэжилтнүүдээр сулбэгдэн ажиллаж байгаа бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш
Монгол улсад уул уурхай, ашигт малтмалын салбарт ажиллаж байгаа гадаадын болон
дотоодын олон компаниудтай байнга хамтран ажилласаар ирсэн билээ.
Манай компани ирээдүйн зорилго
нь монгол оронд цооногийн геофизикийн судалгаанд дэлхийн хамгийн сүүлийн үеийн
техник технологи ашиглан ажиллах, геологи хайгуулын иж бүрэн судалгаа хийж геологи, геофизикийн ажлын үр
дүнг бодитой харуулсан цогц мэдээлэл гаргаж байна”.