Sunday, April 2, 2017

МОНГОЛЫН ЦООНОГИЙН ГЕОФИЗИКИЙН СУДАЛГААНЫ ХӨГЖЛИЙН ТҮҮХ


Ахмад геологич Лувсаншаравын Шархүүгийн дурсамж 

Каротажийн судалгаа
Бүр 1963 оноос ажиллаж эхэлсэн каротажийн судалгаа Монгол орны ашигт малтмалын эрэл хайгуулын ажилд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Нүүрс, жонш, төмөр, ус зэрэг тухайн үедээ улс ардын аж ахуйд тэргүүлэх чиглэл болж байсан ашигт малтмалын хайгуулыг каротаж үгүйгээр төсөөлөх аргагүй. Одоо нэгэнт дэлхий дахинаа мэдэх болсон Монголын ард түмний одоо ирээдүйн амьдралын баталгаа болж байгаа Таван толгойн ордын нөөцийг тогтоох гол тулгуур мэдээлэл нь цооногийн гамм, гамм – гамм, эсэргүүцлийн аргууд байлаа. Шарын гол, Бага нуур, Налайх, Өвдөг худаг, Шивээ овоо, Адуун чулуун, Чандган, Сайхан овоо гээд каротажийн судалгаагүйгээр нөөц нь баталгаажаагүй нэг ч нүүрсний орд Монголд байхгүй. Каротажийн үйлчилгээг зайлшгүй авах шаардлагатай өөр нэг салбар бол жоншны ордууд байсан, одоо ч байгаа. Энд хэрэглэдэг гол арга нь дээр өгүүлсэнээс гадна нейтрон идэвхижилийн арга байсан юм.
Тухайн үеийн өрөмдлөг технологи болхидуу. Жонш, нүүрс мэтийн уусамтгай дээжийг авч чаддаггүй байсан юм. Тийм нөхцөлд жонш, нүүрсний үе давхаргын байрлалыг зөвхөн каротажийн аргаар тодорхойлж байв. Зүүн цагаан дэл, Хар айраг, Өргөн, Хажуу улаан зэрэг олон ордын нөөцийг зөвхөн каротажийн мэдээлэл дээр тулгуурлан баталгаажуулж байв. Ер нь тухайн үед нөөц, тооцоолсон орд бүр дээр каротаж заавал хийх шаардлага тавьдаг байлаа.
Тэр хирээр Монгол оронд Эрэл геофизикийн цогцолбор экспедицийн каротажийн үйлчилгээ аваагүй орд ховор. Энэ хариуцлагатай, нэр хүндтэй ажлыг зохион байгуулж байсан каротажийн ангийн анхны дарга нь Б. Чулуунбаатар, дараа нь С. Баатар, Б.Гантөмөр нар байв. Энэ салбарт удаан жил үр бүтээлтэй ажиллаж, мэргэжлээрээ, газар орноороо овоглуулах болсон олон сайн мэргэжилтнүүд байлаа. Тавантолгойн С. Гомборагчаа, Г. Мандшир, М. Баяраа, Зүүн цагаан дэлийн Ч. Баянсан, Д. Владимир, Л. Балдорж, техникч Баасандулам, жолооч Л. Шаманов, Төмөрбаатар зэрэг хүмүүс дээр өгүүлсэн нэн хариуцлагатай ажлыг нуруун дээрээ үүрч явцгаажээ.
Одоо тэр үеийн каротажийн анги нь “Монкаротаж” хэмээх компани болоод үйл ажиллагаагаа идэвхитэй үргэлжлүүлж байна. Энэ талаар тус компаний захирал Зоригтбаатар ингэж ярив. “ЭГЦЭ-н харьяа каротажийн нэртэй гадаад дотоодод сургууль төгсгөсөн 20-30 инженер техникийн ажилчидтай анги байсан.
1996 онд өмч хувьчлагдах хуулийн дагуу өөрийн ашиглаж байсан багаж тоног төхөөрөмжүүдийг худалдан авч “Монкаротаж” ХХК-г байгуулан уг үйл ажиллагаагаа залгамжлан үргэлжлүүлж гол төлөв цооногийн геофизикийн судалгааг өдгөөг хүртэл явуулсаар байгаа юм. Манай компани нь байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй мэргэжлийн дагуу үйл ажиллагаа явуулж Монгол оронд хийгдэж буй ихэнхи ашигт малтмалын хайгуулын болон эрэл үнэлгээний зорилгоор өрөмдөж буй гүн өрмийн цооногийн геофизикийн каротажийн судалгааг 10-13 төрлийн аргачлалаар явуулж, геологийн даалгаврын  үр дүнг баталгаажуулах мөн хүдрийн биетийн зузаан, хил заагийг тогтоох зэрэг ажлуудыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, 100% - ийн магадлалтайгаар мэдээллийг авч бүрэн боловсруулалт тайлалт хийн, тайлан бичиж, захиалагчдад хүргэж байна.
Эдгээрээс дурьдвал: Багануур, Шивээ Овоо, Адуун Чулуун, Налайх, Хотгор, Таван Толгой, Нарийн Сухайт, Чандган, Баруун Наран, Зээгт, Цагаан толгой, Улаан – Овоо, Сайхан – Овоо, Эрдэнэцогт, Ухаа Худаг, Шинэ Жинст зэрэг нүүрсний ордуудын эрэл үнэлгээний ажил, усны чиглэлээр Алтан булаг, Улаанбаатар, Замын – Үүдийн чиглэлийн болон мөн бэлчээрийн усжуулалтын ажилд зориулан өрөмдөж буй цооногуудад тогтмол судалгаа хийж байна.
Манай компани нь цооногийн геофизикийн судалгааны ажлыг чанарын өндөр түвшинд аналоги, дижитал системүүдийг хослуулан хэрэглэж өрөмдлөг, талбайн геофизикийн ажил, геологийн судалгааны хэсэг г.м. нэгжтэй болсон ба бие даан геологи хайгуулын иж бүрэн судалгаа хийх зорилго тавин ажиллаж Монгол эх орныхоо байгалийн баялгийг нээн илрүүлэх үйл явцад цаашилбал Монгол улсынхаа хөгжилд өөрийн зохих хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа компани болно.
Бид 10-25 жилийн ажлын арвин туршлагатай инженер техникийн ажилчдаар бүрдсэн хамт олон бөгөөд сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмж дээр ажиллах эрчимт сургалтанд хамрагдсан залуу үеийн мэргэжилтнүүдээр сулбэгдэн ажиллаж байгаа бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш Монгол улсад уул уурхай, ашигт малтмалын салбарт ажиллаж байгаа гадаадын болон дотоодын олон компаниудтай байнга хамтран ажилласаар ирсэн билээ.

Манай компани ирээдүйн зорилго нь монгол оронд цооногийн геофизикийн судалгаанд дэлхийн хамгийн сүүлийн үеийн техник технологи ашиглан ажиллах, геологи хайгуулын иж бүрэн  судалгаа хийж геологи, геофизикийн ажлын үр дүнг бодитой харуулсан цогц мэдээлэл гаргаж байна”.






ЗОХИОГЧДЫН ТОВЧ НАМТАР




Овог нэр:            Базар
Нэр:                 Чулуунбаатар
Төрсөн он, сар:         1944 он 02сарын 23
Төрсөн газар:          Дорноговь аймаг Дэлгэрэх сум
Гэр бүлийн байдал:   Эхнэр, 8 хүүхэд, ач, зээ нар
Мэргэжил:             Инженер - геофизикч
Боловсрол:
·         1953-1963 онд 23-р дунд сургууль;
·         1963-1969 онд ЗХУ-ын Ташкент хотын Политехникийн Дээд Сургуулийн инженер геофизикч мэргэжлээр;
·         1978 онд Мэргэжил дээшлүүлэх институтэд удирдах ажилтны курс
·         1981 онд Москва хотын Нефть хийн дээд сургуулийн курс
·         1984 онд Намын дээд сургуулийн удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх курс
·         1992 онд Удирдлагын хөгжлийн институтын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны курс
·         1997 онд ХБНГУ- ын Бранденбург мужийн Мэргэжил, залуучууд соёлын Академид мэргэжил дээшлүүлэх курс
Хөдөлмөр эрхлэлт:
1969 -1983 он Эрэл геофизикийн цогцолбор экспедицид инженер, каротажийн ангийн дарга, ерөнхий инженер
1983 – 1993 он Улсын Ардын Хянан Шалгах Хороо, Улсын Хянан байцаах Газарт улсын байцаагч, улсын ахлах байцаагч
1993 -1995 он “Шороон орд” УҮГазар алтны үйлдвэрийн дарга
1996 – 2002 он УМХГ – ын ҮХХХ –ийн Геологи, Уул Уурхайн Хяналтын Албад улсын ахлах байцаагч
2005 – 2013 он “Монкаротаж” ХХК-д зөвлөх инженер
Монгол улсын цол, одон, медаль, шагналууд:
1979 он Засгийн газрын хүндэт жуух бичиг
1981 он Ардын хувьсгалын 60 жилийн ойн медаль
1990 он БНМАУ-ын АХШХ-ны хүндэт тэмдэг
1991 он Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль
1992 он Тэргүүний геологич
2001 он Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
2002 он Уул, уурхайн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн тэмдэг
2003 он Тэргүүний уурхайчин
2009 он Монголын Геологийн албаны 70 жилийн ойн хүндэт медаль
2011 он Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
2011 он Алтангадас одон
2012 он Уул, уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн тэмдэг
2013 он МАХН –н ахмад зүтгэлтэн
1968 он ЗХУ- н ширээний теннисний дэд мастер




Овог нэр:             Хоролсүрэн
Нэр:                  Оюунбилэг
Төрсөн он, сар:        1965 он
Төрсөн газар:        Улаанбаатар хот
Гэр бүлийн байдал:   Ээж, дүү, охин
Мэргэжил:               Инженер - геофизикч
Боловсрол:
·         1973-1983 онд 23-р тусгай орос хэлний дунд сургууль;
·         1983-1988 онд ЗХУ-ын Свердловск хотын Уулын Дээд Сургуулийн инженер геофизикч мэргэжлээр;
·         1988 онд курст орос хэлийг заах эрх
·         1998 онд Монгол Улсын Техникийн Их сургуулийн техникийн ухааны магистр зэргийг хамгаалсан.
·         1998 онд дээд сургуульд багшлах эрх
·         1999 - 2002 онд Уралын уул геологийн академийн аспирантурт суралцсан;
·         2005-2013 онуудад англи хэлний сургалтууд
·         2008 онд ураны хайгуул, судалгаа – цацрагийн хамгаалалт
·         2008 онд Каротажийн судалгаанд цацраг идэвхит изотоп ашиглах үед цацрагийн аюулгүй байдлыг хангах нь
·         2009 онд ҮЭ – н гишүүдэд зориулсан бичил сургалтын багш арга зүйч бэлтгэх сургалт
·         2011 онд SURFAC программыг ашигт малтмалын нөөцийн тооцоонд ашиглах
·         2013 онд уламжлалт эмчилгээний бариа засалч
·         2014 онд Багшийн ёс зүй, харилцаа, имидж бүрдүүлэлт
·         2014 онд Япон – Монголын хамтарсан цөмийн реакторын сургагч багшийн курс
·         2014 онд Япон – Монголын хамтарсан хүрээлэгч орчины цацрагийн хяналт
·         2015 онд ОХУ –н Тюмень хотод нефтийн олдворлолтын үйл ажиллагааны сургалт
·         2015 онд ОХУ –н Тюмень хотод Өсвөрийн геологичдын удирдагч багш
·         2015 онд Олон улсын сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүллэг бичих
·         2016 онд Газрын ховор элементийн ордод рентген флюоресценц шинжилгээг хэрэглэх
·         2016 онд ОХУ –н Эрхүү хотод ЕБС-н сурагчидтай геологийн мэргэжлээр ажиллах сэтгэлзүй сурганы онцлог
·         2016 онд ОХУ –н Эрхүү хотод Геологийн аялал жуулчлалын асуудлууд ба хэтийн төлөв Байгаль далайн жишээн дээр
Хөдөлмөр эрхлэлт:
1988 -1994 он Олон улсын геологийн экспедицийн рентген – флюоресценц анализын инженер
1996 – одоог хүртэл ШУТИС Геологи Уул Уурхайн сургуулийн геологи – гидрогеологийн салбарын геофизикийн ахлах багш

 2004 он. Удам дамжсан геофизикчид


Ахмад геофизикч Б. Чулуунбаатарын дурсамжаас:
Анхны геофизикчид Ташкентын Политехникийн дээд сургууль төгссөн миний бие Л.Балдорж, Р.Ховдхаан, И.Дамдин бид дөрөв  Монголын анхны 11 геофизикчдын Москвагийн Улсын Их Сургуулийг төгссөн А.Гүррагчаа, П.Дугараа, Эрхүүгийн Политехникийн дээд сургууль төгссөн Д.Жаргал, Нацагдорж, Д.Алтангэрэл, Б.Дэндэвчулуун, Д.Цэдэнбалжир нар) тоонд ордгоороо бахархаж явдаг юм.
Ажлын гараа 1969 онд инженер-геофизикч мэргэжлээр төгсч ирээд Геологи шинжилгээний Газрын Геофизикийн 33-р ангид дагалдан инженерээр томилогдсон ангийн даргаар бэлтгэл хурандаа Гэрэлчулуун, ерөнхий инженерээр Д.Жаргал нар ажиллаж байв. Монголд ганцхан байсан каротажийн АЭКС-900 гэдэг автомат ажиллагаатай багаж дээр Зөвлөлтийн мэргэжилтэн Б.И.Евстюгины удирдлагаар Дундговь аймгийн (Баянжаргалан, Өндөршил сумын дунд орших Өвдөг худагийн хүрэн нүүрсний илэрц бүхий газарт цооногийн геофизикийн судалгаа хийснээр үр дүнд хүрч ажлынхаа гараагаа эхэлсэнээс хойш бусад олон газрын ордуудад шижигнэсэн өрмийн мастерууд, геологич инженерүүд хожмоо Хөдөлмөрийн баатар болсон У.Буянбаатар, Сүрэнхүү, Ө.Ширчиндорж, Нямдорж, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан болсон урт хөлтэй Цэвлээ, унзад хоолойтой Г.Базаррагчаа нарын гавъяатууд, давсны Ж.Сумъяа, нүүрсний Дашцэрэн, усны Гомбосүрэн миний шавь каротажийн Ч.Баянсан зэрэг ажил мэргэжил нь овог болсон нөхдүүдтэйгээ хамт хөдөө хөхөрч, гадаа гандан эх орныхоо эрдэс баялагийг арвижуулах их үйл хэрэгт мөр зэрэгцэн ажиллаж байсныг эргэн дурсахад таатай байиа.
Амжилт бүтээлийн үр дүн 1969-1983 онуудад Дорнодын Арын нуурын холимог металл, Адуун чулууны нүүрс, Хэнтийн Чандаганы нүүрс болон Хэнтийн Бор-Өндөр, Дорноговийн Иххэт, Айраг, Даланжаргалан, Өргөний жоншны орд, Цагаансуврагын зэс, Мандах сумын Цагаан цавын усны эрэл, Дэлгэрэх сумын Төмөртэйн овооны төмрийн орд, Сэлэнгийн Улаан уул, Цох гол, Шарын голын нүүрс, алтны бүлэг орд, Баянхонгорын урд сумдын усны эрэл, зураглалын, Увсын Давст сумын Шүдэн уулын жамц давсны болон Хүдэнгийн нүүрс, Өвөрхангайн, Баянтээгийн ус, нүүрсний, Өмнөговийн Таван толгойн нарийвчилсан хайгуулын ажлуудыг биечлэн гүйцэтгэж, мөн удирдан зохион байгуулж явсны үр дүнгээр төрөл бүрийн ашигт малтмалын бодит нөхцлийг тогтоон баталгаажуулж улсын эрдэс, баялгийн нөөцийн санг арвижуулсан юм. Энд онцлон хэлэхэд Таван толгойн нүүрсний ордын нөөцийг нь нарийвчилан тогтоосон геологич-геофизикчдын хайгуулын ажлын үр дүн нь өнөөгийн олон улс орнуудын сонирхолыг татсан. иргэдэд өгөх эрдэс баялгийн хишигийг хүртээх болж байгаад өнөөдрийн өндөрлөгөөс харахад бахархалтай  санагддаг.
Хувь заяаны төөрөг мэргэжлээрээ 14 жил ажиллаад байтал дээд байгууллагын шийдвэрээр Улсын Ардын Хянан Шалгах Хороонд геологи, уул уурхайн салбар хариуцсан ажилтнаар ажиллуулах болсон юм. Улсын Ардын Хянан Шалгах хороо, Улсын Хянан байцаах газар, Засаг захиргааны яам, Геологи, уул уурхайн хяналтын алба, Улсын мэргэжлийн хяналтын газар зэрэгт 20 жил геологи, уул уурхайн асуудал хариуцсан улсын байцаагч, улсын ахлах байцаагчаар ажиллаж мөн түүнчлэн 1978 онд Мэргэжил дээшлүүлэх институтэд удирдах ажилтны курс, 1981 онд Москва хотын Нефть хийн дээд сургуулийн курс, 1992 онд Удирдлагын хөгжлийн Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны курс, 1997 онд ХБНГУ-ын Бранденбург мужийн Мэргэжил, залуучууд, соёлын Академид мэргэжил дээшлүүлэх курсийг тус тус амжилттай төгссөн.
Монгол улсын анхны Ерөнхийлөгчийн анхлан санаачлан Засгийн газраас хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн "Алт" хөтөлбөрийн биелэлтийг хэрэгжүүлэхэд хяналт шалгалтын ажлыг голчлон чиглүүлж ажилласны үр дүнд алт олборлолт манай улсад жил дараалан өсч, шинэ техник технологи үйлдвэрлэлд нэвтэрч, алдагдал, хаягдлыг багасгаж металл /алт/ авалтыг дээшлуүлснээр үйл ажиллагаа нь жигдэрч, улмаар Монгол улсын алтны нөөц жилээс жилд өсөн нэмэгдэж байсан юм.
Би шалгагдсан байгууллагадаа арга хэмжээ авахыг урьтал болгодоггүй аль болохоор хууль тогтоомж, дүрэм зааврыг танилцуулж, ягштал биелүүлэхийг зөвлөж, цаашид зөрчил дутагдлыг давтан гаргуулахгүй байх, бусдад сургамж болгохын үүднээс шалгалтын дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нийтлэх, хугацаатай үүрэг даалгавар өгч, түүнийгээ заавал эргэн шалгах зэргээр ажиллаж байлаа.
Монгол улсын "Ашигг малтмалын тухай" хуулийн хэрэгжилтэнд 20-иод жил хяналт |шалгалт хийж байсны хувьд бодол саналаа товч хэлмү:
1997 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар М.Энхсайханыг ажиллаж байх үед Гадаадын хөрөнгө оруулагчдын зөвлөлгөөн хийх болсонтой холбогдуулан уг хуулийг маш яаруу сандруу түүхий хийснийг би мэдэх юм. Өмнөх хуульд хяналт шалгалтын талаар маш дэлгэрэнгүй тодорхой заалттай байсныг шинэ хуульд зөвхөн ганц заалт оруулсан юм. Үнэндээ тэр нь хууль биш, гадаадын хууль зохиогчдын хамт монголын хоёр мэргэжилтэн  хууль боловсруулсан биш англи хэлнээс оруулсан хэсэг зүйлийг гууль болгосон хэрэг. Тиймдээ ч тэр хууль гэгчдээ хяналт шалгалтыг зориуд орхигдуулж хэн дуртай этгээд хэдэн лизенци авч болох, геологи хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй атлаа олборлолт хийж буйг хориглож, хууль бус үйлдэлд лизенцийг нь цуцлах хүртэл заалт байхгүй болгосон юм.
Төр засагт хандахад Монгол улсын "Ашигт малтмалын тухай" хуульд дөнгөж засвар оруулах төдий бус, тогтвортой байдлын гэрээг 30 жил биш, 15 жил орчим, орлогын татварын хөнгөлсөн хугацааг 2 дахин багасгах гадаад дотоодын хөрөнгө оруулттай байгууллагад хяналт тавихын тулд хяналт шалгалтын эрхээр хангагдах өөрчлөлтийг зааж өгөх нь чухал. Геологийн салбарын үүсч хөгжсөний 70 жилийн ойн босгон дээрээс эргэн харахад тус салбар нь улс эх орны тэргүүлэх салбар болтлоо хөгжиж, энэ салбарт ажилладаг мэргэжил нөхөд маань олон жил маш хүнд хэцүү нөхцөлд өдөр шөнөгүй үнэнч шудрагаар ажиллаж байсны үр дүнд ашигт малтмалын зарим төрлөөр нөөц нь дэлхийн хэмжээнд яригдах болгосондоо бид бахархах, омогших эрхтэй гэж бодож байна.

No comments:

Post a Comment