Monday, February 20, 2017

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ОДОН ОРОН ГЕОФИЗИКИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ АЛТАЙ САЛБАР

Товч танилцуулга

 Тус салбар нь газар хөдлөлт,цөмийн болон уул уурхайн тэсэлгээг тасралтгүй бүртгэж газар хөдлөлтийн зүй тогтол, гүний тогтоц, геодинамикийн процессийг судлах судалгааны ажлын мэдээллийн сангийн анхдагч өгөгдлийг бүрдүүлэх, мэдээллийг Монголын Үндэсний Мэдээллийн төвд тасралтгүй горимоор шууд дамжуулах, бүс нутгийн станцуудтай анхан шатны долгионы мэдээлэл солилцох, мэдээллийн санд хуримтлагдсан мэдээллүүдийг ашиглан орон нутгийн хийгээд бүс нутгийн сейсмшилийн болон горимын судалгааны ажлыг мэргэжлийн түвшинд хийх үүрэг бүхий орон нутаг дахь эрдэм шинжилгээний байгууллага юм.
Орон тооны хувьд эрхлэгч, инженер, эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан 4, үйлчилгээний ажилтан, хээрийн станцын сахиул гэсэн үндсэн 8 орон тоотой, Тайшир сумын нутагт ажиллаж байгаа газар хөдлөлт бүртгэх сүлжээ станцын харуул хамгаалалтын гэрээт 5 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.


Түүхийн хуудаснаас  . . .

XX зуунд дэлхийн хэмжээнд M≥8.0 газар хөдлөлт 33 удаа тохиолдсоны 4 удаагийнх нь Монгол оронд болсон байдаг. Эдгээр газар хөдлөлүүдийн нэг болох дэлхийн түүхэнд Говь-Алтайн газар хөдлөлт гэж тэмдэглэгдэн үлдсэн 1957 оны 12-р сард Говь-Алтайн нурууны Гурван Богдод болсон 8.3 Магнитудын сүйрүүлэххүчтэйгазар хөдлөлтийн уршгаар газрын гадаргууд 270 км урт үргэлжилсэн эвдрэл хагарал үүсэж, 10 гаруй хүн амь насаа алдаж,1000 гаруй мал хад чулуунд цохигдон үрэгдэж, эдийн засагт тухайн үеийн үнэлгээгээр 10 гаруй сая төгрөгийн хохирол учирсан нь Монгол орны нутаг дэвсгэр нь газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог болохыг баталсан үзэгдэл болоод зогсохгүй газар хөдлөлийн судалгааг шинээр эхлүүлж байсан манай орны хувьд газар хөдлөлтийг бүртгэх станцын тоог нэмэгдүүлэх, үндэсний мэргэжилтэнг бэлтгэх, газар хөдлөлтийн мэдээлэл боловсруулалтын үр дүнг гадаад орнуудтай харилцан солилцох зэрэг олон талт асуудлыг нутаг дэвсгэрийнхээ онцлогт зохицуулан шийдвэрлэх тулгамдсан, зайлшгүй хэрэгжүүлэх зорилт болон тавигдсан байдаг.


Алтай салбар үүсгэн байгуулагдсан түүхээс .  .  .

1958 оны 11 сарын 14-нд БНМАУ-ын Шинжлэх Ухаан Дээд Боловсролын Хүрээлэн (ШУДБХ)-ийн Тэргүүлэгчдийн хурлаас“Есөнбулагт газар хөдлөлийг тэмдэглэх станц байгуулах тухай”   11/21 дугаар тогтоол, ШУДБХ-ийн даргын “Говь-Алтайн Есөнбулагийн Газар хөдлөлийн станцыг нээн ажиллуулах тухай”1959 оны 4 сарын 20-ны өдрийн38 дугаар тушаалууд тус тус гарсан.  
Дээрхи эрх зүйн актуудын хэрэгжилтийг ханган ажиллах зорилгоор ШУДБХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан И.Балжинням Говь-Алтай аймагт томилогдон  ажиллаж1959 оны 05 сарын 18–наас Говь-Алтай аймгийн Алтай хотын Нисэх онгоцны буудал дахь “Ус цаг уурын станц”-ын барилгыг түшиглэн  БНХАУ-ын ШУА-аас бэлэглэсэн хол, ойрын газар хөдлөлтийг бүртгэхэд  зориулагдсан ерөнхий төлвийн хүлээн авагч  сейсмометрийг Хан Тайширын нурууны ар бэлд суурьлуулан түр ажиглалтыг явуулж эхэлснээр Монгол Улсад газар хөдлөлтийг бүртгэхорон нутгийн анхны станц болох “Алтай”  станцын үйл ажиллагаа эхэлж байсан түүхтэй
Эрхэм зорилго

Эхдэлхийгээ танин мэдэх судалгаа шинжилгээний  ажлын  хөгжлийг дэмжижгазар хөдлөлийн судалгааны  мэдээллийн санг чанарын өндөр түвшинд бүрдүүлэх, бүс нутгийн газар хөдлөлтийн горим ба идэвхжилтийн судалгаа, станцын тасралтгүй үйл ажиллагаа, мэдээлэл бүрдүүлэлтээрээ Монгол орны төдийгүй  Дэлхийн геофизикийн шинжлэх ухааны мэдээллийн сан хөмрөгт хувь нэмрээ оруулах, орон нутгийн засаг захиргаа болон ард иргэдийг газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээллээр хангах, байгууллага хамт олны тасралтгүй хөгжлийг дэмжих орчинг бүрдүүлсэн орон нутаг дахь эрдэм шинжилгээний тэргүүний байгууллага болох” –д оршино.

Хэтийн зорилт
Дэлхийн соронзон орны өөрчлөлтийг тасралтгүй хэмжигч соронзон вариацын станц, дууны долгион бүртгэх инфрасаундын станцуудыг шинээр байгуулан хүрээлэн буй орчны физик параметрүүдийг нарийвчлан бүртгэх чадвартай  “геофизикийн цогц станц” болон өргөжиж бүс нутгийн хэмжээнд газар хөдлөлтийн идэвхижилт, горимын судалгаа, газар хөдлөлтийн аюулын үнэлгээний судалгааг хийх  чадварлаг хамт олныг бүрдүүлэн орон нутаг дахь ШУ-ны бие даасан байгууллага болох нь Алтай салбарын хэтийн зорилт болно. 

 Байгууллагын мэдээлэл
 Бүс нутгийн газар хөдлөлийн зүй тогтол, горимын явцыг судлах судалгааны ажлын үр дүн ньгазар хөдлөлтийг бүртгэх станцын тоо, байрлал, багажийн хүчин чадлаас ихээхэн хамаардаг. Алтай салбарын хувьд техник технологийн   шинэчилэлтийг  2 үе шатанд хувааж үздэг.

Нэг. Аналог бичлэгтэй станц  (1959-2006)
1959-1964 онд БНХАУ-ын ШУА-аас бэлэглэсэн хол, ойрын газар хөдлөлтийг бүртгэхэдзориулагдсан СКВ,СГК төрлийн хүлээн авагчийг ГК-6 маркийн гальванометртэй, 1964-2006 онд хуучнаар ЗХУ-д үйлдвэрлэсэн хөрсний хэлбэлзлийн 0.25-1.2 секундын үенд 30000-35000дахинөсгөн бүртгэх чадвартай 3 байгуулагчаар жилд дунджаар 730 орчим фото материалд газар хөдлөлтийн мэдээллийг бүртгэн Газар хөдлөлийн секторт хүргүүлэн ажиллаж байсан.  /Зураг 5(1)-5(3)/

Хоёр. Тоон бичлэгтэй станц (2006 оноос)
2006 оноос АНУ, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Монгол Улсад геофизикийн мониторингийн станц ажиллуулах тухай”  санамж бичгийн хүрээнд Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт алсаас мэдээлэл дамжуулдаг, тоон бичлэгтэй электрон багаж төхөөрөмжөөр тоноглосон сүлжээ станцыг АНУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар байгуулсан нь орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх томоохон шинэчлэлт болсон юм.

Өнөөдөр  тус салбар нь:
1.  Тайшир сумын Галуут багийн нутаг “Долоохын хөндий”-д ажиллаж байгаа газар хөдлөлтийг бүртгэх ALMAR сүлжээ станц
2.  Есөнбулаг сумын төв Жаргалант багийн нутагт байрлан ажиллаж байгаа хөрсний хурдатгал бүртгэгч акселерометрийн станц
3.  Тайшир сумын Галуут багийн нутаг “Харуул толгой” –д байрлан ажиллаж байгаа газар хөдлөлтийг бүртгэх өргөн зурвасын Guralp станцуудаар газар хөдлөлтийн мэдээллийг тасралтгүй бүртгэн, мэдээллийг сансарын холбоо болон өндөр хурдны интернетийн шугамаар Монголын Үндэсний мэдээллийн төвд дамжуулан, JADE, OPLEVENT, ONYX програм хангамжуудаар мэдээллийг боловсруулан ажиллаж байна./Зураг 6(1)-6(4)


Газар хөдлөлтийг бүртгэх ALMAR сүлжээ станц
2006 оноос АНУ, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Монгол Улсад геофизикийн мониторингийн станц ажиллуулах тухай”  санамж бичгийн хүрээнд Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт алсаас мэдээлэл дамжуулдаг, тоон бичлэгтэй электрон багаж төхөөрөмжөөр тоноглосон сүлжээ станцыг АНУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар байгуулсан нь орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх томоохон шинэчлэлт болсон ба газар хөдлөлтийн мэдээллийг шууд горимоор сансарын холбоог ашиглан Монголын Үндэсний  Мэдээллийн төвдтасралтгүй дамжуулан ажиллаж байна./Зураг7(1)-7(2)/

Уг станц нь өргөн зурвасын болон богино үет 10 станцын бүрдэлтэй, 30-60 м гүнд суурилагдсан учир шуугианы түвшин багатайгаараа дэлхийд тэргүүлэх зэрэглэлийн сүлжээ станцад тооцогддог учраас мэдээлэл нь бүс нутгийн болон МУ-ын газар хөдлөлтийн горим, идэвхжилтийг хянах, хүчтэй газар хөдлөлтийн голомтуудыг нарийвчлан судлах, дэлхийн гүний судалгааны ажлуудыг хийхэд өндөр нарийвчлалтай мэдээлэл авах, газар хөдлөлтийн аюулыг үнэлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэхээс гадна байрлалын хувьд Хятадын Лоб нуур Казакстаны Семипластинк, Хойд Солонгос, Өмнөд Ази, Арабын орнуудад газрын гүнд туршиж болзошгүй ямар ч хэмжээний тэсэлгээг илрүүлэх чадвартай гэдгээрээ цөмийн тэсэлгээг хянах олон улсын хяналтын системийн гол өгөгдлүүдийн нэг болдог  чухал ач холбогдолтой  юм. / Зураг 7(3)-7(4) /

Хөрсний хурдатгал бүртгэгч ACCELROMETR-ийнстанц
2007 оны 7 сарын 05-наас АС-23 маркийн хөрсний чичирхийллийн хурдатгал бүртгэгч акселерометрийн станцыг суурьлуулан ажиллуулж байна. Уг станцын мэдээлэл нь хүчтэй газар хөдлөлтийг судлахад зориулагдсан бөгөөд хүчтэй газар хөдлөлтийн үед тухайн бүсэд үүсэх доргилтын хүчийг тодорхойлох, сейсмик долгионы замхралт болон хөрсний чичирхийллийн утгыг тодорхойлж цаашид тус бүс нутгийн газар хөдлөлтийн аюулын үнэлгээний ажлын үндсэн суурь мэдээллийг бүрдүүлдэгээрээМонголын газар хөдлөлийн судалгаанд чухал үүргийг гүйцэтгэдэг./Зураг 8(1)-8(3)/

Газар хөдлөлтийг бүртгэх өргөн зурвасын GURALP станц
2014 оны 9 сарын 16-наас газар хөдлөлтийг бүртгэх өргөн зурвасын CMG-6TD маркийн Guralp станцыг /зураг21/ суурьлуулан газар хөдлөлтийн мэдээллийг бүрдүүлэн ажиллаж байна.
Guralp CMG-6DT нь Англи улсад үйлдвэрлэсэн 3 сувгийн 24 битийн аналог тоон хувиргагч, Линукс үйлдлийн системтэй, мэдээллийг RS232 сериаль портоор хүлээн авдаг, маш мэдрэмтгий газрын чичирхийллийг 0, баруун-зүүн, урд-хойд болон босоо чиглэлийн дагуух 3 чиглэлд 0,03– 50Hz хувийн давтамжинд ажилладаг маш хөнгөн жингийн 3 мэдрэгчээр нэгэн зэрэг хэмжилт хийж чаддаг хүчтэй хөдлөлийг маш сайн бичдэг өргөн зурваст ажилладаг хамгийн сүүлийн үеийн 10V-28V хооронд ажилуулах боломжтой, тэжээлийг залгахад 6TD багаж өөрөө автоматаар их хурдтай ажилладаг ашиглахад хялбар багаж юм. /Зураг 9(1)-9(2)/

Говь-Алтай аймгийн газар хөдлөлтийгсудалсан үр дүнгээс
 
Өнгөрсөн зуунд (1900-2000) тус бүс нутагт болсон газар хөдлөлийн түүхэн ба багажийн судалгааны материалаас үзэхэд М=6-7, I0=7-9 баллын эвдлэх хүчтэй газар хөдлөлт 1974.07.04,  2006.06.15-нд 2 удаа болж харин М=4-5, I0=5-6  баллын илэрхий мэдэгдэм хүчтэй газар хөдлөлт жилд дунджаар 1-3 удаа, М=2.6-4, I0=3-4 баллын мэдэгдэх төдий хүчтэй газар хөдлөлт 3-5 удаа, М<3 бүхий газар хөдлөлт хэдэн арваараа тохиолдож байна./Зураг10(1)-10(2)/
1976 онд Монгол-Зөвлөлтийн хамтарсан Геологийн экспедицийн ажлын хүрээнд Мянгай, Чандмана, Бижийн “палеосейсмодислокаци” (эртний хүчтэй газар хөдлөлтөөр газрын гадаргууд үүссэн хагарал) гэж нэрлэсэн 3 хүчтэй газар хөдлөлтийн эвдрэлийн бүсийг олж тогтоосон. Эдгээр хагарлууд нь манай тооллын эхний 500-1000 оны хооронд болсон газар хөдлөлтөөр үүссэн магадлалтай гэж эрдэмтэд үздэг.
1974 оны 7 сарын 04-нд болсон Тахийн Шарын газар хөдлөлтийн хүч нь М=6.7, I0=9 балл хүрсэн бөгөөд түүний төв нь Тахийн Шар нуруунаас хойш Баруун хуурай ба Алаг нуурын хотгорыг уртрагийн дагуу тусгаарласан Хөвчийн нурууны баруун талд гэж тодорхойлогджээ.
Уг газар хөдлөлтөөр Төөрөөчийн цахир толгойгоос Тэрэгт хүрэн уул хүртэл нийтдээ 17 км урт хагарал үүсч, Эрдэнэ чулуут уулын хад чулуу ихээр нурсанаас гадна Төхмийн булагийн ус дэлбэрч Ямаан-Ус, Бор булагийн ус ширгэж алга болсноос гадна доргилтын хүч нь Царгины заставт 6-7 баллаар, Бугат, Төгрөг, Цээл сумын төвүүдэд 6-7 баллаар, Алтай хотын төвд 5 баллаар тус тус мэдэгдсэн байна.
2006 оны 6 сарын 15-нд (М=6.1-тэй) болсон газар хөдлөлт нь Гичгэний нурууны арын хагарлын бүсэнд тохиосон бөгөөд голомт нь зэлүүд  хөдөө тодорхойлогдож доргилтын хүч нь хүн ам сийрэг хотжилт багатай  Эрдэнэ, Чандмана, Бигэр, Цогт, Цээл, Гуулин зэрэг сум суурингуудад 6-7 баллаар,  Завхан  аймгийн төвд 4-5 баллаар мэдрэгдсэн байна. Уг хөдлөлтөөр Эрдэнэ сумын төвийн ундны худгийн ус 6-7 хоног маш их булингартан хэрэглэх аргагүй болж, хөдлөлтийн дараа зарим устай газрын ус ширгэн үгүй болж зарим усгүй газраас 1-2 м хүртэл өндөрт ус оргилон гарч байгаад 2-3 хоногийн дараа оргилон гарч байсан ус урсаж эхэлсэн гэсэн мэдээлэл байдаг ба уг голомтонд их, бага хүчтэй давталт хөдлөлтүүд сар гаруй үргэлжилсээр байсан.
          Түүхэн хугацаанд Алтай хотод хүчтэй доргилт үзүүлсэн газар хөдлөлтийн голомтууд нь аймгийн төвөөс хойш 60 орчим км-т орших Хасагт Хайрханы уулс, түүнчилэн баруун зүгт 20 гаруй км-т үргэлжлэн орших Хантайширын нурууны хагарлын бүсэнд үүссэн байдаг.
          Энэ бүсүүдэд болсон газар хөдлөлтөөс хамгийн хүчтэй нь 1960 оны 04 сарын 12-нд Алтай хотоос баруун хойш 25 км-ийн зайд M=4.9, I0=7 баллын хүчтэй  болсон газар хөдлөлт юм.
          Уг газар хөдлөлтөөр хотын ихэнх оршин суугчид газар доороос  хүнгэнэх мэт дууг сонсож, илэрхий хүчтэй чичиргээн мэдэрсэний дээр хотын төвийн  50 гаруй жижиг байшингуудад хөнгөн ба дунд зэргийн гэмтэл учирсан бөгөөд газар хөдлөхийн урьд орой хулгана ер бусаар ил гарч гүйлдэх үзэгдэл цөөн биш удаа ажиглагдсан гэдэг.
          
          Мөн 1982 оны 04  сарын 22-нд Алтай хотоос баруун тийш 10 гаруй км зайтай орших Баарангийн даваанд М=3.7-той газар хөдлөлт болж хотын төвийн оршин суугчдыг багагүй сандаргасан тухай дэлгэрэнгүй мэдээлэл ч байдаг.

          Энэ бүх мэдээллээс үзэхэд тус аймгийн нутаг дэвсгэр өргөн уудам, хүн амын суурьшил сийрэг тул өнөөдрийн хувьд  хүчтэй газар хөдлөлтөөс учирч байгаа хохирол бага ч цаашид түүхэн урт үе хугацаагаар бэлтгэгдэж тохиодог эвдлэх хүчтэй газар хөдлөлтийн давтагдлын завсарлагын цаг үе таарч байна гэж үзэх үндэслэлтэй тул Алтай хотын нутаг дэвсгэрт явуулсан судалгааны дээрхи баялаг материалуудад тулгуурлан тус бүс нутгийг газар хөдлөлийн хувьд нарийвчилан судлах шаардлага байгааг харуулж байна  гэж судлаачид үздэг.
          Хүчтэй газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх,учирах хор хохирлыг багасгах зорилгоор газар хөдлөлийн бичил мужлалын зураг зохиох тухай БНМАУ-ын Засгийн газрын тогтоол гарсантай уялдан Монгол-Зөвлөлтийн  хамтарсан Геофизикийн экспедицийн судлаачдын баг 1988-1989 онд Алтай хотын нутаг дэвсгэрт инженер сейсмологийн иж бүрэн судалгааны ажлыг гүйцэтгэж, 1990 онд “Алтай хотын нутаг дэвсгэрийн инженер сейсмологийн нөхцөл” сэдэвт эрдэм шинжилгээний тайлан, “Алтай хотын нутаг дэвсгэрийн бичил мужлалын зураг” (1:5000)–ийг зохиож Барилгын зургийн институтэд хүлээлгэн өгсөн бөгөөд цаашид энэхүү зургыг шинэчилэн зохиох шаардлагатай гэж үздэг./Зураг11 /
          Монголын газар хөдлөлийн ерөнхий бичил мужлалын зураг (1:2500000) -аар Алтай хотын талбай 8-9 баллын бүсэд багтдаг./Зураг12 /Үүнд:
-    8 баллын бүсэд хадан хөрсний тогтоц ил гарсан, сэвсгэр хөрсний зузаан 5 м-ээс ихгүй талбай;
-    9 баллын бүсэд сэвсгэр хөрсний зузаан 5-30м хүртэл өөрчлөлттэй, багахан хэсэгт хөрсний усны түвшин дээр байрласан талбай тус тус  хамрагдана.
Эдгээр зургууд нь Алтай хотын нутаг дэвсгэрт үзүүлэх хүчтэй газар хөдлөлтөөс үүсэх сейсмик үйлчлэлийг тэсвэрлэх барилгын хийц материалыг сонгох, улмаар тус бүс нутагт газар хөдлөлөөс үүсэх аюулыг багасгах асуудлыг шийдэхэд үндэслэл болох ач холбогдолтой юм.

Иргэд, байгууллага хамт олонтой хамтран ажиллах санал

1.      Газар хөдөлсөн тухай  мэдээлэл өгөх санамж
Иргэн та газар хөдлөлтийг ажиж мэдсэн бол үл мэдэг төдий /ямар нэгэн чичирхийлэл, доргилт, бусад дагалдах дуу чимээ/ гэлтгүйгээр болсон байдлын талаархи мэдээ мэдээллийг Алтай салбарын суурин утас 7048-3663,  99717370, 95722612, 95945885 99854199 хөдөлгөөнт утсуудаар болон тус байгууллага дээр өөрийн биеэр ирж  мэдэгдэн бидэнтэй хамтран ажиллахыг хүсье!
Таны өгсөн мэдээ, мэдээлэл:
-    Тухайн хүчтэй газар хөдлөлтийн төв болон ойр орчмын бүс нутагт учирсан хохирлын хэмжээг тодорхойлох
-    Газрын гадаргуугийн янз бүрийн цэгт тодорхойлогдсон хүчээр тухайн газар хөдлөлтийн ижил доргилтын бүс /изосейст/-ийг тодорхойлох
-    Газар хөдлөлтийн аюулын болон эрсдэлийн үнэлгээ тогтоох
-    Тухайн цэгийн хөрсний нөхцлөөс хамаарч доргилтын хүч өсөх, буурах эсэхийг тогтоох
-    Газар хөдлөлтийн доргилтын хүчний тархалтын шинж байдал замхралтыг судалж тогтоох . . . зэрэг судалгааны ажлуудад  чухал ач холбогдолтой  байдгийг анхаарна уу!
Утсаар болон аман хэлбэрээр мэдээлэх боломжгүй бол ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн http://rcag.iag.ac.mnцахим хуудсаар орж Та газар хөдлөлтийг мэдэрсэн үү?гэсэн холбоосоор орж цахим байдлаар илгээж болно.

2.      Сургалт сурталчилгаа зохион байгуулах
Тус салбар нь МУ-ын ЗГ-ын 2009 оны 157 дугаар тогтоолоор батлагдсан “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр” -ийг хэрэгжүүлэхажлын хүрээнд орон нутгийн ард иргэдэд газар хөдлөлтийн тухай ерөнхий ойлголт, дагалдах аюулууд, түүнээс урьдчилан сэргийлэх тухай мэдлэг, мэдээллээр хангах сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулдаг учраас дээрхи сэдвүүдийг сонирхон газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах тухай мэдээ мэдээллийг авахыг хүссэн байгууллага хамт олон, иргэдтэй манай хамт олон хамтран ажиллахад бэлэн байна.

Манай хаяг
Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Жаргалант баг
ШУА, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Говь-Алтай аймаг дахь Алтай салбар
Байршил: Есөнбулаг сум, Түмэн баг, 2-р цэцэрлэгийн ар талд
Цахим хуудас:http://rcag.iag.ac.mn
                                                       Цахим шуудан: Altm@iag.ac.mn
Утас/факс: 7048-3663
Гар утас: 99717370, 96092412, 95722616, 99574199



No comments:

Post a Comment