Monday, February 20, 2017

Геофизикийн эрдэмтэн судлаачид, бизнесийнхэнтэй хоршино

2017 / 01 / 31-нд ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн /ООГХ/-гийн Астропаркийн хурлын танхимд “Геофизикийн хайгуулын мэдээлэл боловсруулалтын асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо.

Энэ анх удаагийн хурлын дараа оролцогчид “Геофизикийн салбар дахь бизнес ба шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагаа” хэлэлцүүлэг өрнүүлж санал бодлоо солилцлоо.

Тус хурлаар “Газрын тосны хайгуулын аргачлал сонгох үндэслэл” /Б.Дэндэвчулуун Петроматад ХХК/, “Геофизикийн хайгуулын аргуудыг геологийн судалгаанд хэрхэн сонгож ашиглах тухай” /Л.Ганбаатар “Лайли” ХХК /, “Георадарын мэдээлэл боловсруулалт” /Ц.Нямбаяр ШУА, ООГХ / зэрэг есөн илтгэлийг тавьсан юм.

ШУА-ийн ООГХ-гийн захирал доктор, профессор С.Дэмбэрэл “Энэ анхны хурлыг хийх санал санаачлагыг Монголын геофизикийн холбооны Тэргүүлэгчдийн хурлаас гаргасан. Тус холбоонд ООГХ-гийн болон олон геофизикийн компанийн төлөөллүүд багтдаг. Геофизикийн салбарт ажиллаж байгаа шинжлэх ухааны суурь судалгааны байгууллагууд болон ООГХ, нөгөө талаас  хайгуулын геофизикийн бизнес эрхлэгч компаниуд хүчээ нэгтгэн хамтран харилцан ашигтай ажиллах шаардлага аль алинд нь зайлшгүй тулгарч  байна.
Манай геофизикийн компаниуд хайгуулынхаа геофизикийн хэмжилтийг хийж дуусаад, гадаадын том компаниудад чамгүй их ам.доллар төлж боловсруулалт хийлгэдэг. Харин энэ их гадагш урсаж буй валютын урсгалыг сааруулж, бид нөөц бололцоог ашиглан том боловсруулалтыг дотооддоо хийх боломж гарцыг эрэлхийлэх хэрэгтэй байна. Иймд энэ хурлаар манай геофизикийн эрдэмтэн судлаачид юу хийж чадах, бизнес эрхлэгчидтэйгээ хамтраад хийж болох ямар боломж байгаа талаар бид харилцан мэдээлэл солилцох юм. Дараа дараагийн хурал, хэлэлцүүлгийг хийх анхны алхмыг өнөөдөр бид энэ уулзалтаар хийж байна. Энэ том асуудалд бид төр болон холбогдох яамнаас эхлээд оролцож санал бодлоо солилцох бүх талуудыг хамруулж ажиллах болно” хэмээн онцлон хэллээ.




No comments:

Post a Comment