Wednesday, February 22, 2017

МУИС-ийн Геологийн салбарын үүсэл, хөгжлийн түүх

МУИС-ийн Геологийн салбар анх 1960 онд нээгдэж үндэсний УУГАН геологийн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн бөгөөд  Геофизикийн  салбар анх  1965 оноос  эхлэн  мэргэжилтэн   бэлдэж эхэлсэн түүхтэй.

Геологийн  мэргэжилтэй боловсон хүчинг 1960-1982 он, 1991 оноос одоог хүртэл бэлтгэж байна. Энэ  хугацаанд 1991-2010 оны хооронд Геологи-Минералогийн тэнхим, 2010-2014 оны  хооронд Геологи, Ашигт малтмалын тэнхимүүд болон үйл ажиллагаа явуулж байсан.  2014 оноос эхлэн шинэ бүтцээр Геологи-Геофизикийн тэнхим болон нийт 5 мэргэжлээр дээд боловсролтой  геологи,  геофизикч  мэргэжилтэн бэлтгэж байна.

Анх 1960 оны 4-р сарын 11-ний өдрийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн ба МАХН-ын Төв хорооны 171/112-р тогтоолын 3-р зүйлийн а хэсэгт “Улсын геологийн ажлыг үндэсний мэргэжлийн боловсон хүчнээр хангах зорилгоор Чойбалсангийн нэрэмжит Улсын Их Сургуулийн Газарзүйн салбарын 1, 2-р ангийг түшиглүүлэн, 1960-1961 оны хичээлийн жилээс Геологийн салбар байгуулан хичээллүүлэхийг Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн /н.Б.Лхамсүрэн/-д даалгасугай.” гэж заасны дагуу тухайн ондоо МУИС-ийн БУФ-ийн Газар зүйн 3-р ангиас 13 оюутныг Геологийн 3-р анги болгон авч шинээр 39 оюутан элсүүлэн хичээллүүлж эхэлснээр Монгол улсад Геологийн дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлжээ. Анхны багшаар тухайн үеийн СнЗ-ийн дэргэдэх Геологи шинжилгээний газрын ахлах геологич Ж.Дүгэрсүрэн ажиллаж эхэлсэн бол 1961 оны эхээр Геологи шинжилгээний газрын геологич Р.Барсболд, Ж.Лхамсүрэн нарыг үндсэн багшаар авч, мөн ЗХУ-аас уригдан ирсэн Петербург хотын Уул уурхайн институтын доцент. дэд эрдэмтэн К.М.Малкова, Львов хотын Их Сургуулийн доцент, дэд эрдэмтэн Ю.Ф.Пекун нар ажилласнаар Геологийн тэнхим (эрхлэгч Ж.Дүгэрсүрэн) байгуулагдаж биеэ даасан салбар болон хөгжжээ. Геологийн тэнхимийн эрхлэгчээр 1962-1965 онд Р.Барсболд, 1966-1967 онд С.Дэмбэрэлдорж, 1967 онд Ж.Ган-Очир нар ажиллаж байжээ. Геологийн салбар нь бүтэц, зохион байгуулалт, сургалтын хувьд харьцангуй бэхжиж, 1963 оны эхээр Минералоги-петрографийн тэнхим байгуулан өргөжүүлж эрхлэгчээр нь Ж.Лхамсүрэн 1967 он хүртэл ажилласан байна.


1967 онд МУИС-д зарим бүтцийн өөрчлөлт хийгдсэнтэй холбоотойгоор Геологийн салбар БУФ-аас Газарзүйн салбартай хамт салж МУИС-ийн Газарзүй-Геологийн Факультет байгуулагдсан ба тус факультетийн деканаар Ж.Лхамсүрэн, тэнхимийн эрхлэгчээр С.Дашдаваа нар 1969 он хүртэл ажиллажээ.

1969 оны 7-р сарын 17-ны БНМАУ-ын СнЗ-ийн 247 тоот тогтоолоор МУИС-ийн харьяанд Политехникийн Дээд Сургууль (ПДС) байгуулагдсанаар бүтцийн өөрчлөлт дахин хийгдэж  Геологийн салбар Геологи, Уул Уурхайн Факультет (ГУУФ) болон өргөжжээ. ГУУФ нь МУИС-ийн харьяанд 1982 он хүртэл байсан ба энэ хугацаанд Ж.Лхамсүрэн (1969-1971), С.Дашдаваа (1971-1972), Я.Болд (1972-1976), Н.Шийтэр (1976-1977), О.Гомбо (1977-1978), А.Самдан (1978-1982) нар деканаар, С.Дашдаваа (1969-1971), Ж.Лхамсүрэн (1971-1972. 1972-1976), Я.Болд (1972), Ж.Ган Очир (1976-1978), О.Гэрэл (1978-1982) нар тэнхимийн эрхлэгчээр ажиллажээ.

ГУУФ -д 1972 онд Уул уурхайн тэнхим (тэнхимийн эрхлэгч Б.Ишмэнд (1972-1982)), 1975 онд Гидрогеологийн тэнхим (тэнхимийн эрхпэгч Я.Болд (1975), Н.Батсүх (1975-1982), 1980 онд Геодезийн тэнхим (тэнхимийн эрхлэгч А.Дамдинсүрэн (1980-1982)-үүдийг шинээр байгуулж байжээ 1982 оны 7-р сарын 21-ний МАХН-ын Төв Хорооны 227-р тогтоолоор ПДС нь МУИС-иас бие даан салсанаар МУИС Геологийн ангигүй болжээ.  

Харин 1991 оноос МУИС-д  Геологийн салбар дахин сургалт, судалгааны ажлаа эхлүүлж Геологи-минералогийн тэнхим болон үйл ажиллагаа явуулж иржээ. Дахин геологийн салбарын мэргэжилтэн бэлтгэх энэ ажилд  проф. С.Дашдаваа, проф.Я.Болд,  проф. Л.Жаргал болон бусад багш, профессорууд чухал, үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Геологи минералогийн тэнхимийн (хуучин нэрээр) эрхлэгчээр С.Дашдаваа (1991-2001. 2004-2005), Л.Жаргал (2001-2004, 2005-2007, 2010-2014),  Д.Доржготов (2007-2009), Х.Уламбадрах (2009-2010), Б.Бат (2010-одоо) нар ажиллаж иржээ.

МУИС-ийн Геологийн   салбарт  бүрэлдэхүүн өргөжиж  1993 оноос Д.Оюунцэцэг (1996 он хүртэл), док. Б.Бат, 1994 оноос,  док. А.Пэрлээ, ШУ-ны док.  Д.Бат-Эрдэнэ  (2005 он хүртэл), 1995 оноос док. Л.Жаргал, 1996 оноос ШУ-ны док. Ж.Бямба, 1998 оноос док. Д.Доржготов (2009 он хүртэл), 2006 оноос док. С.Авирмэд нар ажиллаж ирлээ. Төгсөгчдөөс 1995 оны төгсөгч Н.Мөнхбилэг,  1997 оны төгсөгч С.Оюунгэрэл, Н.Одгэрэл, Н.Байгалмаа, 1998 оны төгсөгч Б.Эрдэнэцогт, 2000 оны төгсөгч Х.Уламбадрах, 2001 оны төгсөгч Д.Нансалмаа, 2003 оны төгсөгч В.Доржмаа, 2005 оны төгсөгч Л.Оюунжаргал, Б.Тамир нар багшлах ажил хийж байна.

МУИС-ийн Геологийн салбарыг өргөжүүлэх, Монгол орны геологийн салбарт эн тэргүүнд шаардагдаж байгаа мэргэжилтнүүдээр хангах зорилгоор Геологи, эрдэс баялгийн менежментийн ангийг 2003 оноос нээн хичээллүүлж эхэлсэн ба энэ ангийн хичээл сургалтын ажилд голлон  док. С.Авирмэд,  маг. З.Ганбаатар нар оролцож ирлээ.

МУИС-иар овоглогдох  нийт 1000 гаруй геологич байдгийн 482 нь 1963-1982 онд төгссөн бол үлдсэн 1000 гаран геологич мэргэжилтнийг сүүлийн 20 жилд төгсгөжээ.

1994 онд Монгол улсад анх удаа Газрын тосны геологич мэргэжлээр Г.Ган-Отгон, Г.Сандуйжав, Б.Баянжаргал, Ч.Эрдэнэ нарын 4 мэргэжилтэн бэлтгэгдэн гарсан билээ. 1995 оноос Геологи, эрэл хайгуул болон Газрын тосны геологич мэргэжлээр нийт 5 төгсөгч, 1996 оноос эхлэн Геологи, эрэл хайгуул болон шатах ашигт малтмалын эрэл хайгуулын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэн гаргаснаас хойш тасралтгүй өнөөг хүртэл төгсөлт явагдаж энэ хугацаанд геологи, эрэл хайгуул, шатах ашигт малтмалын геологийн эрэл хайгуул,  геологи-эрдэс баялгийн менежментийн чиглэлээр бакалаврын түвшинд   бэлтгэгдэн гарахаас гадна геологи болон геофизикийн магистр, докторын сургалт явуулж байна. 

Эрхэм зорилго

Геологи, геофизикийн нарийн мэргэжлийн ажил үйлийн болон шинжлэх ухааны тэргүүлэх салбарт хаана ч өрсөлдөх цогц чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх бакалавр, магистр, докторын сургалтын чанартай хөтөлбөрөөр дээд боловсрол олгох,

Суралцагчдын шинжлэх ухааны гүнзгий мэдлэг нь дадлага, хандлага болж хувь хүний насан туршийн хөгжлийн үндэс суурь болохуйц сургалт, судалгааны орчин бүрдүүлэх, үйлчлэх,

Үндэсний хэмжээнд орчин үеийн геологи, геофизикийн шинжлэх ухаан, инженерийн шинэ мэдлэг түгээгч бүтээлч сэтгэлгээ, бодит чадвартай санаачлагчийн дадал арга барил эзэмшүүлэх, хүмүүнлэг ёс зүйн хандлага төлөвшүүлэхэд оршино.

Геологи геофизикийн тэнхмийн бүтэц, бүрэлдэхүүн
  • Зөвлөх профессор – 2
  • Профессор –2
  • Дэд профессор -2
  • Ахлах багш -4
  • Багш – 9
  • Сургалтын инженер-1
  • Туслах ажилтан – 1
Нийт багшлах бүрэлдэхүүний 30 гаруй хувь нь эрдмийн зэрэг цолтой.

Мэргэжлийн онцлог 

МУИС-ийн геологийн болон геофизикийн  ангийг төгсөгчид тухайн  мэргэжилийг  эзэмшин төгсөх бөгөөд үйлдвэрлэл, байгууллагад инженерээр ажиллах,  их дээд сургуульд багшлах, түүнчлэн мэргэжлийн судалгаа шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээний ажил хийх боломжтой юм. Үүнээс гадна байгалийн шинжлэх ухааны бусад салбаруудтай хамтран судалгаа хийж, шинжлэх ухааны болоод улс орны эдийн засагт чухал нөлөөлж буй ашигт малтмалын ордуудыг эрэх, хайгуулын ажлыг хийж, нөөц баялгийг тогтоох чухал хариуцлагатай инженер, судлаачид байдгийг дурдахад хэрэгтэй юм. Үүний тод жишээ бол Оюу толгой ордыг олж хайгуулыг нь хийсэн аж үйлдвэрийн гавьяат  ажилтан ахмад геологич Д.Гарамжав болон бусад олон геологичид Д.Тогтох, С.Цэрэн-очир, Л.Мөнхтогоо, Д.Гунгааням, В.Довжид, Ч.Ээбум  МУИС-ийн геологийн салбарын төгссөгч билээ.

Бэлтгэж буй мэргэжилтэн  

МУИС-ийн геологич,  геофизикч мэргэжилтэн бэлтгэн гаргадаг. Манай төгсөгчид Монгол улсын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, гадаадын болон дотоодын үйлдвэр,  пүүс компани, геологи уул уурхайн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаад бид сэтгэл дүүрэн байдаг.

Геологийн болон Геофизикийн хоёр хөтөлбөрөөр  мэргэжилтэн бэлтгэж байгаагаас геологийн хөтөлбөр нь геологи эрэл хайгуул, Шатах ашигт малтмалын эрэл хайгуул, Геологи эрдэс баялгийн менежмент, Геологи зураглал, Геологи паленотологи, Геологи геотехник мэргэшүүлэх чиглэлээр геофизикийн хөтөлбөр нь Хэрэглээний геофизик, Геофизик гэсэн чиглэлээр   мэргэшил эзэмшдэг.

No comments:

Post a Comment