Эрхэм хүндэт гишүүд, дэмжигчид ээ,
Монголын Геофизикчдийн
Холбооны 2015 оны 12 сард хуралдсан YII чуулганаас хойш яг 4 жилийн
хугацаа өнгөрчээ. Холбооны дүрэм ёсоор ээлжит YIII чуулганыг өнөөдөр зарлан
хуралдуулж байна.
1993 онд байгуулагдсан манай холбоо салбартаа
анхдагч нь байлаа. Монгол улс зах зээлийн харилцаанд шилжээд геологийн салбарын
бүтцийн тогтолцоо алдагдсан, геологи хайгуулын ажил санхүүгийн уналтанд орсон
хэцүү үед үүсэн байгуулагдсан байдаг. МГеофХ-ны 26 жилийн түүхэн замналын эхний
жилүүд төлөвшин тогтнохын төлөө тэмцэл байлаа. Харин одоо салбарынхаа төрийн
болоод төрийн бус байгууллагууд, геологичид, геофизикчдийн дунд хүлээн
зөвшөөрөгдсөн иргэний байгууллага боллоо.
Монголын
Геофизикчдийн холбоо (МГеофХ) үүсэн байгуулагдсан цагаасаа манай оронд
геофизикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх, геофизикчдийн
ажлын үнэлэмжийг өсгөх, тэдний эрх ашгийг хамгаалах, төрийн бодлого, эрх зүйн
баримт бичигт геофизикчдийн дуу хоолой, санал бодлыг тусгуулах, ахмад
геофизикчдэд хүндэтгэл үзүүлэх, тэдний залгамж халаа болсон залуу үеийнхэнд
дэмжлэг үзүүлэх, төрийн болоод төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахад
үйл ажиллагаагаа чиглүүлж ирлээ.
Монголын Геофизикчдийн холбоонд геофизикийн хайгуул судалгаа
эрхлэн явуулдаг 62 компани, 500 гаруй мэргэжлийн геофизикчид бүртгэлтэй
байна.Төрийн болон шинжлэх ухааны, мөн их сургуулиудын 14 байгууллага салбарын
удирдлага, эрдэм шинжилгээ, сургалтын ажил эрхэлж байна. Энэ бол манай оронд геофизикийн судалгаа салбарын
хэмжээнд хүртэл өргөжиж, мэргэжилтний нөөц, техник, тоног төхөөрөмжийн
хангамжийн талаар ямар ч ажил хийх хэмжээнд хүрсэний баталгаа мөн.
Монголын
Геофизикчдийн холбооны YII чуулганаас сонгогдсон удирдах зөвлөл 15 хүний
бүрэлдэхүүнтэй ажиллаж ирлээ. МГеофХ-ны дүрэм, Төрийн бус байгууллагын тухай
хуулийг удирдлага болгон МГеофХ-оос хийх ажлыг 5 бүлэг, 40 заалттайгаар 4 жилээр
төлөвлөн, жил бүр тодотгон нэмэлт өөрчлөлт оруулан, гүйцэтгэлийг жилээр гарган
Удирдах зөвлөлөөр хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөн ажиллаа. Одоо холбооноос тайлангийн
хугацаанд хийсэн ажлын талаар товч тайлагная.
Нэг. Зохион байгуулалтын ажлын талаар: МГеофХ-ны гишүүд,
гишүүн байгууллагуудын судалгаа, бүртгэлийг шинэчлэх, баяжуулах, Гишүүн-байгууллагуудад
Гэрчилгээ /Сертификат/ шинээр хэвлэж олгох, Гишүүдэд үнэмлэх олгох, бүртгэлийг үндэслэн гишүүнчлэлийн татварыг
төвлөрүүлж, холбооны санхүүжилтыг бүрдүүлэх, МГеофХ-ны удирдах зөвлөлийн
гишүүдийн ажил, үүргийн хуваарийг шинэчлэх, МГеофХ-ны удирдах зөвлөл (УЗ)-ийн
хурлыг зохион байгуулж хийх, МГеофХ-ны ажлын байр, бичиг хэрэг, харилцаа
холбооны асуудлыг боловсруулж УЗ-өөр шийдвэрлүүлэх, МГеофХ-ны удирдах зөвлөлийн
фасе групп үүсгэн мэдээлэл солилцох зэрэг ажлыг зохион байгуулав. Хүснэгтээс
үзвэл 16 гишүүн байгууллага байгаа харагдавч зөвхөн 7 компани тайлангийн
хугацаанд холбоог санхүүгийн талаар тууштай дэмжиж ирлээ, Тухайлбал, Татах хүч,
Монкаротаж, Амодисковер, Геосигналс, Жи И энд Эс, Жи энд Ди Эс компаниуд болон
Одон орон геофизикийн хүрээлэн байна. Эдгээр байгууллагын удирдлага, хамт олон
зөвхөн мөнгө, санхүүгийн талаар дэмжээд зогсохгүй хурал, уулзалт зохион
байгуулах, үзэсгэлэн семинар, ажил мэргэжлийн уралдаанд оролцох, спортын
уралдаан тэмцээн зохион байгуулах, зэрэгт холбоог бүх талаар дэмжин туслаж
ирсэн юм.
Тайлангийн
хугацаанд “МГеофХ-ны Удирдах зөвлөл” гэсэн хаалттай бүлэг ажиллуулж зөвхөн
удирдах зөвлөлийн гишүүдийн хооронд мэдээлэл солилцож ажилласан нь холбооны
ажилд дөхөмтэй байлаа. Үүнээс гадна “Mongolian Geophysical Society” нэртэй
нээлттэй Фэйс хаяг санаачлан нээж, өөрөө админаар нь ажиллаж байгаа геофизикч Амарбилэгийн Болор-Эрдэнэд
Геофизикчдийн өмнөөс талархал илэрхийлье. “Mongolian Geophysical Society” одоо
1300 гаруй байнгын гишүүнтэй болсон байна.
МГеофХ-ны
“Лого”-г шинэчлэн (“Амодисковер” ХХК-ийн захирал С.Мөнхбаатарын зохиосон загвар)
удирдах зөвлөлөөр хэлэлцэн баталж улмаар энгэрийн тэмдэг, тосон балын үзэгт
хийлгэн холбоог сурталчилах үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн ба одоо геологийн
салбарт үндсэндээ танигдсан болно.
Хоёр. МГеофХ-ны YII чуулганы шийдвэрийг хэрэгжүүлэх, гишүүд, дэмжигчдээс гаргасан санал, зөвлөмжийн дагуу зохиох ажлын талаар
Геофизикийн
судалгааны төслүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх, геофизикийн хайгуулд техник,
технологийн стандарт, ерөнхий шаардлагуудыг боловсруулахад төрийн байгууллагуудтай
хамтран ажиллаж байна. Геофизикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, сурталчилах,
сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн мэдээллийн чиглэлээр тогтмол хэвлэл, сонин,
сэтгүүл хэвлэхэд Манай орны геологийн салбарын мэргэжлийн холбоод, их
сургуулиуд, шинжлэх ухааны байгууллагууд, сонин сэтгүүлийн газартай хамтарсан
үйл ажиллагаа явуулдаг. Монголын геофизикчдийн холбоо үүсч байгуулагдсаны 25
жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн одон орон, геофизикийн
хүрээлэн, МУИС-ийн БУС-ийн геологи-геофизикийн тэнхимтай хамтран зохион
байгуулж, 60 гаруй эрдэмтэн, мэргэжилтнүүд, геофизикчид оролцон олон арван
илтгэл хэлэлцүүлсэн ба зарим материалыг ‘Astronomy and Geophysics’ сэтгүүлийн
тусгай дугаарт хэвлүүлсэн нь чухал ач холбогдолтой боллоо. Ойн арга хэмжээний
үеэр шилдэг илтгэл шалгаруулж, геофизикийн байгууллагуудын танилцуулга,
сурталчилгаа, спортын уралдаан тэмцээн боллоо.
“Геофизикийн
мэдээлэл боловсруулах асуудал” сэдэвтэй хурал, хэлэлцүүлэгийг УЗ-ийн гишүүн
академич С.Дэмбэрэл санаачлан 2017-01-31-нд,
“Ашигт малтмалын эрэл, хайгуулын геофизик” мэргэжлээр үндэсний
мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 25 жилийн ойд зориулсан ЭШ-ний хурлыг өнгөрсөн
оны сүүлээр УЗ-ийн гишүүн профессор П.Дугараа зохион байгуулж, “Геологи” сэтгүүлийн
тусгай дугаар гаргав. Ерөнхий болон хэрэглээний геофизикийн асуудлаар эрдэм
шинжилгээний хурлыг дэд профессор Ц.Баатарчулуун хариуцан 2016-12-11-нд тусгай
хөтөлбөр, удирдамжаар зохион байгуулав.
Геофизикийн
судалгааны ажлын заавар, түүнд тавигдах шаардлагыг Грави, Соронзон, Цахилгаан
хайгуул, Агаарын геофизикийн гэсэн 4 төрлөөр боловсруулсан, энэ ажлыг
П.Дугараа, Н.Дондог, Ц.Түдэв, Н.Арвисбаатар нарын тэргүүлэх мэргэжилтнүүд боловсруулсаныг Уул
уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн
авсан байна. Энэхүү заавар нь өнөөдөр
манай оронд геофизикийн ажил төлөвлөх, хээрийн хэмжилт хийх, анхан шатны
мэдээлэл хүлээн авах, мэдээллийг боловсруулах, тайлал хийж тайлан бичих гарын
авлага болж байна. Энэ зааврыг улам боловсронгуй болгох замаар “Геофизикийн
ажлын стандарт” болгох шаардлага бий.
Түүнчилэн
геофизикийн салбарт мэргэшсэн болон зөвлөх инженерүүдийн сургалт хийж, зэрэг
олгуулах, хугацаа нь дууссан мэргэжлийн зэргийг нь сунгуулах талаар Монголын
геологи, уул уурхайн мэргэжлийн институттай хамтран ажиллаж байна. Өнгөрсөн онд
тус институт болон Монголын геофизикчдийн холбооны хамтарсан хороо байгуулан 8
геофизикчийн зөвлөх болон мэргэшсэн инженерийн зэргийн сунгалт хийлээ. Энэ
ажлыг үргэлжлүүлэн хийж жил бүр сургалт явуулан мэргэшлийн зэрэг дэв олгох,
геофизикчдийн ажлын үнэлэмжийг дээшлүүлэх хэрэгцээ байгаа боловч зарим тодорхой
учир шалтгааны улмаас хэрэгжүүлж хараахан чадахгүй байгаа юм.
Гурав. Төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоодтой хамтран
ажиллах талаар
“Монголын
геологи хайгуул раундап” нэртэй чуулга уулзалт, үзэсгэлэн, геологичдийн ажил,
мэргэжлийн уралдаан, монголын геологичдын өдөр, монголын эрдэс баялгийн
салбарын мэргэжлийн холбоодын шинэ жил зэрэг салбарын хэмжэний арга хэмжээнд МГеофХ
тогтмол оролцож ирлээ. Монгол улсын
геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх төрийн бодлого, эрх зүйн болон техник-аргачлалын
баримт бичгийг боловсруулах шатанд төрийн байгууллага, геологи, уул уурхайн
салбарын мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж байна. Бид Монголын Геологийн
холбоо, Монголын Үйлдвэрлэлийн Геологийн
холбоо, Монгол улсын Өрөмдлөгийн
холбоотой хамтран ажиллах Гэрээ байгуулан ажиллаж байна. “Ашигт малтмалын
тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, “Газрын тосны тухай”
хуулийн шинэчилсэн найруулга, “Улсын
төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологи хайгуулын ажлыг санхүжүүлэх, гүйцэтгэх, үр
дүнг тооцох журам”-ын төсөл, Геофизикийн багаж, тоног төхөөрөмжийн хэмжилтйин
хяналт тохиргоо/калибровка/ хийх, баталгаажуулах сэдэвтэй УУХҮЯ, ОУАЭХ-ний
агентлагийн хамтарсан төсөл зэрэг бичиг баримтыг боловсруулах шатанд МГеофХ
тодорхой санал өгч оролцлоо.
Бид геофизикийн ажил, мэргэжлийн уралдааныг 2
жил тутам, геофизикчийн мэргэжил сурталчилах, их, дээд сургуулийн үйл
ажиллагааг танилцуулах өдөрлөгийг жил бүр зохион байгуулж олон тооны сурагчид, мэргэжилтнүүдийг
хамардаг. Салбарын ахмад үеийнхэн болон залуу мэргэжилтнүүд, оюутнууд ч манай
холбооны анхаарлын төвд байдаг. МГеофХ ахмадууд, алдартнуудыг жил бүр хүлээн
авч хүндэтгэл үзүүлдэг ба “Шилдэг залуу Геофизикч”-ийг 2 жил тутам шалгаруулж
холбооны нэрэмжит шагналаар шагнаж урамшуулдаг. Эдгээр ажлыг зохион байгуулахад
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, МУИС-ийн БУС-ийн Геологи-геофизикийн
тэнхим, ШУТИС-ийн геологи-гидрогеологийн тэнхим хамтран ажиллаж ирлээ.
Геофизикийн судалгааны шилдэг
байгууллага, тэргүүний хүмүүсийг шагналд дэвшүүлэх, тэдний ажлыг төрийн болон
олон нийтийн бусад байгууллагаар үнэлүүлэх талаар ажиллаж ирлээ. Үүний үр дүнд
4 хүн төрийн дээд шагнал одон, медалиар, 10 гаруй хүн засгийн газрын шагнал
“Тэргүүний геологич” цол тэмдэгээр шагнагдлаа.
Ахмад настнуудад оюуны хөдөлмөр эрхлэх боломж
олгох, тэдний туршлага, оюуны чадавхийг ашиглах зорилгоор холбооны дэргэд
“Ахмад экспертүүдийн зөвлөл” байгуулж, сонирхсон аж ахуйн нэгж, хүмүүст
зөвлөмж, зөвлөгөө өгүүлэх боломжийг судалж байна.
Дөрөв. Олон улсын геофизикийн нийгэмлэг, холбоодтой хамтран
ажиллах талаар
МГеофХ дотоодод төдийгүй гадаадад геофизикчдийгээ төлөөлөн
олон улсын болон хоёр талын ажил, арга хэмжээнд оролцдог. Европийн геосудлаач,
инженерүүдийн ассоциаци (EAGE), Австралийн хайгуулын геофизикийн холбоо (ASEG)-той
хамтран ажиллах гэрээ байгуулсан ба олон улсын хайгуулын геофизикчдийн
нийгэмлэг (SEG) болон азийн зарим орны геофизикийн холбоодтой ажил хэргийн
холбоо тогтоохоор ажиллаж байна. Австралийн геофизикийн холбооны ээлжит хурал,
үзэсгэлэн, Олон улсын хайгуулын геофизикчдийн нийгэмлэг (SEG)-ийн хурал,
үзэсгэлэнд холбооны төлөөлөл оролцлоо. Энэ арга хэмжээг бүх талаар дэмжин,
санхүүгийн дэмжлэг үзүүлсэн “Геосигналс” ХХК, түүний ерөнхий захирал, МГеофХ-ны
тэргүүн Готовсүрэнгийн Өгөөмөрт та бүхний өмнөөс талархал илэрхийлье. Харин эдгээр Гэрээ, хэлэлцээрээр тохирсон
боломжийг манай холбоо, геофизикчид бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгааг тэмдэглэх
хэрэгтэй. Дээрхи нийгэмлэг, холбоодын жилийн хурал, үзэсгэлэнгийн арга хэмжээнд
хөнгөлөлттэй нөхцөлөөр оролцох, илтгэлээ хэвлүүлэх, гадаадын мэргэжлийн
байгууллагуудтай ажил хэргийн холбоо тогтоох боломж бололцоог МГеофХ-нд олгодог
боловч үүнийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа юм. Энэ нь үндсэндээ
санхүүгийн боломжтой холбоотой байгаа боловч манай компаниуд, мэргэжилтнүүдийн
идэвхи санаачилгаас бас шалтгаалж байгаа шүү.
Европийн геосудлаач, инженерүүдийн ассоциаци (EAGE)-иас “GEOLOGY &
GEOPHYSICS” MONGOLIA – 2019 сэдэвтэй олон улсын хурал, үзэсгэлэн, хээрийн аялал
зохион байгуулах санал, зардлын төсвийн тооцоо ирсэн ч бид хэрэгжүүлж чадаагүй
шүү. Бид Европийн геосудлаач,
инженерүүдийн ассоциаци (EAGE), ОХУ-ын “Геоскан” компанийн төлөөллийг холбооны
шугамаар хүлээн авч, мэргэжлийн байгууллага, их сургуулиуд, эрдэмтэд судлаачдын
уулзалт хийж, ажил хэргийн холбоо тогтоосон.
Тав. Бусад ажлын талаар:
Холбооныхоо
үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, хамтран ажиллаж ирсэн манай гишүүн
байгууллагууд, гишүүд, дэмжигчид, тухайлбал, “Геосан”, “Монкаротаж”, “Татах
хүч”, “Геосигналс”, “Амодисковер”, “”Нефрит”, “Микросейсм”, “Дашмагинж”,
“Монгеофизик”, “Жи И энд Эс”, “Жи энд Ди Эс”, “Магнетик сурвей” компаниуд болон
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс холбооны үйл ажиллагаанд оруулсан
хувь нэмэр, үзүүлсэн тусламж дэмжлэгийг талархан тэмдэглэж байна. “Геологичдийн
мөнгөн шөнө” мэргэжлийн холбоодын шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулахад
“Геосигналс” ХХК, “Монголын Гэгээ” ХХК, МГеофХ-ны 25 жилийн ойн арга хэмжээг
зохион байгуулж хийхэд ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, “Монкаротаж” ,
“Жи И энд Эс” ХХК, Ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний ажилд
“Нефрит” ХХК-ний зүгээс үзүүлсэн бүх талын дэмжлэг туслалцааг онцгойлон
тэмдэглэж, геофизикчдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлж байна. Мөн 2017, 2019
онуудад зохион байгуулсан геологичид, геофизикчдийн ажил, мэргэжлийн уралдаанд
багаа гаргаж оролцсон геофизикийн Компаниуд, түүний дотроос 2017 оны Өвөрхангай
аймагт хийсэн уралдаанд хээрийн кэмп байгуулан хамт олноороо оролцсон
Б.Дашбаатар захиралтай “Дашмагинж” ХХК-ийн хамт олонд талархаж байна.
Өнгөрсөн он,
жилүүдэд ололт амжилт, зовлон жаргалаа хуваалцан үргэлж хамт байсан эрдэс
баялгийн салбарын мэргэжлийн холбоод, байнгын ажил хэргийн холбоотой байж,
хамтран ажиллаж ирсэн УУХҮЯ, АМГТГ, МГУУМИ, МУУҮА, ШУТИС, МУИС болон ГУУМ сонины үе үеийн
удирдлага, хамт олонд гүн талархал илэрхийлье. МГеофХ-оос манай оронд
геофизикийн хэрэглээг бий болгох, геофизикийн үндэсний байгууллагыг үүсгэн
байгуулж хөгжүүлэх үйл хэрэгт гар бие оролцож явсан ахмад мэргэжилтнүүд,
геофизикчдийн хөдөлмөр алдарыг тэмдэглэх, тэдний ажил, амьдралын тайлан,
дурсамжийг сонсох зэрэг ажил хийсэн нь олон хүний талархлыг хүлээсэн ажил
болсон юм.
Зургаа. Монголын Геофизикчдийн холбооны үйл ажиллагааг
идэвхижүүлэх, геологи, түүний дотор геофизикийн ажлын үр нөлөөг дээшлүүлэх талаар тавих зорилт
- Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын харилцан ойлголцол, хамтын ажиллагаанд тулгуурласан нийгмийн төлөө мэргэжлийн холбоод ажилладаг. Хэвлэлийн мэдээнээс үзвэл төр, захиргааны зарим байгууллагын чиг, үүргийн 20 гаруй хувийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж эхэлсэн байна. Төр, нийгмийн удирдлагад иргэд, иргэний байгууллагын оролцоо өсөн нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг улам боловсронгуй болгох шаардлагатай байгаа юм. Өнөөдөр мэргэжлийн холбоодын эрх, үүрэг, хариуцлага, харилцааг “Төрийн бус байгууллагын тухай” хуулиар зохицуулж байгаа нь учир дутагдалтай байна
- Төрийн байгууллагын гүйцэтгэж байгаа цэвэр мэргэжлийн чиглэлийн олон ажлыг мэргэжлийн холбоод нь хариуцан хийх боломжийг бий болгох талаар сүүлийн жилүүдэд дээр дооргүй ярьсаар, зарим хууль, дүрэм журамд ерөнхий заалтууд тусгасан боловч бүрэн хэрэгжихгүй л байна. Юуны өмнө мэргэжлийн холбоодын үйл ажиллагаа, харилцааг зохицуулсан хууль хэрэгтэй болжээ. “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал өргөн барьж, эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж эхэлсэн байна. Нэрнээс нь үзвэл салбарт нэг л холбоог хүлээн зөвшөөрөх, зөвхөн уг холбоотой ажиллах сураг байна.
- Геологийн салбарын төрийн бус байгууллагууд, ялангуяа мэргэжлийн холбоодын бие биенээ дэмжсэн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, үүний тулд нэгдсэн холбоо юмуу, ассоциаци байгуулсан ч болох юм. Дээрхи хуулийн төслөөс үзвэл хүссэн, эс хүссэн нэгдэх бололтой. Нөгөө талаас мэргэжлийн холбоодод эрх олгохын зэрэгцээ тодорхой үүрэг гүйцэтгэх, хариуцлага хүлээх чадварыг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
- Геофизикийн ажил, үйлчилгээ эрхлэн гүйцэтгэдэг байгууллагуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор эрхлэн хийдэг арга, аргачлалынх нь дагуу “Мэргэжлийн Мэргэшсэн байгууллага”-ын Гэрчилгээ олгох асуудлыг МГеофХ-оос баталсан дүрэм, журмын дагуу үргэлжлүүлэн хийж тэдний мэргэжлийн ур чадварыг баталгаажуулах, ингэснээр геофизикийн хэрэглээг нэмэгдүүлэх, үнэлэмжийг өсгөх нэг боломж гэж үзэж байна.
- Манай орны нутаг дэвсгэрт хийж байгаа геофизикийн ажлын төсөл, тайланд хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах, шуурхай хяналт хийхэд МГеофХ-ны төлөөлөл оролцох талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, Ашигт малтмалын газрын геологийн хэлтэстэй хамтран ажиллах, энэ ажилд геофизикийн зөвлөх болон мэргэшсэн инженерүүдийг оролцуулах, тэдний мэргэжлийн ур чадварын үнэлэмжийг дээшлүүлэх арга хэмжээ авах, Ер нь мэргэшсэн, зөвлөх инженерүүдийн сургалт, мэргэжлийн зэрэг дэв олгох, магадлан итгэмжлэх ажлыг холбоо хариуцан хийх ёстой гэж үзэж байна.
- Хайгуулын геофизикийн ажлын техник, технологийн хяналтыг сайжруулах, анхдагч мэдээллийн бүрдүүлэлт, судалгааны үр дүнгийн үнэлэмжийг тодорхой болгох зорилгоор геофизикийн аргачлал, техник, технологит тавигдах шаардлага, монгол улсын стандартыг бий болгох, өнгөрсөн онд боловсруулсан зааврыг боловсронгуй болгох замаар стандарттай болох,
- Геологичид, уурхайчдыг ардын дайсан, хорлон сүйтгэгч мэтээр орон нутагт угтдаг нэгэнт унасан, унасаар байгаа энэ том салбарын нэр төрийг сэргээх /босгох/-д хүч чармайлт гаргаж ажиллах хэрэгтэй айна.
- Геофизикчдийн хээрийн аялал хийх, оюутнуудын дунд олимпиад зохион явуулах, уулзалт сургалт, илтгэлийн уралдаан зохион байгуулах зэрэг геофизикийн мэргэжлийг сурталчилсан ажлыг тогтмолжуулах,
- Холбооны санхүүжилтыг сайжруулах, татвар, хандиваас бусад эх үүсвэрийг бий болгох чиглэлээр ажиллах,
Монголын Геофизикчдийн холбооны Удирдах зөвлөл
No comments:
Post a Comment