Wednesday, February 11, 2026

ЭМГЭНЭЛ

 

Самдангийн Лантуу (1947-2026)

МУИС-ийн Геофизикийн салбарын ахмад багш, нэрт сурган хүмүүжүүлэгч Самдангийн Лантуу 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж, Монгол улсын геофизикийн салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.
Самдангийн Лантуу 1947 онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт малчин ард Самдангийн отгон хүү болон мэндэлжээ. Бага насаа эцэг эхийн гэрт, малчны хотонд өнгөрөөсөн ба 1956-1966 Сайншанд хотын нэгдүгээр 10 жилийн бүрэн дунд сургуульд суралцаж төгссөн.
1966 онд МУИС-ийн физикийн ангид элсэн суралцаж, 1971 онд физикийн багш, геофизикч мэргэжлээр суралцан төгссөн. Тэрээр Монгол улсад дээд мэргэжил эзэмшсэн анхны 7 геофизикчийн нэг юм. 1997 онд МУИС-ийн Физик Электроникийн Сургуульд геофизикийн ухаан магистрийн зэргийг “Монгол орны зарим нутгийн уур амьсгалын бүтэц ба цаг агаарын зарим үзүүлэлтийн хувьсал” сэдвээр амжилттай хамгаалсан.
Тэрээр 1971–1973 онуудад геофизикийн экспедицэд инженер геофизикчээр ажиллаж ажлын гараагаа эхлэж байжээ. 1973 оноос 1992 он хүртэл Политехникийн дээд сургууль, Худалдааны техникум, МУИС-д сургалтын мастер, эрдэм шинжилгээниий ажилтнаар ажиллаж байсан. 1993 оноос 2014 он хүртэл МУИС-ийн Физикийн факультетийн Геофизикийн тэнхимд багш, ахлах багшаар үр бүтээлтэй ажилласан юм. С.Лантуу багш маань нийт 40 гаруй жил Монгол улсад олон зуун геофизикч, геологич мэргэжилтнийг бэлтгэн гаргах, сурган хүмүүжүүлэх их үйлсэд өөрийн ухамсарт амьдрал, нөр их хичээл зүтгэлээ зориулсан бидний бахархалт багш билээ.
С.Лантуу нь сурган хүмүүжүүлэх ажилдаа ихэд идэвхи санаачлага гарган ажилладаг МУИС-ийн бахархал, ирээдүй хойчийн түүчээ болсон ахмад багшийн нэг байсан юм. Тэрээр хайгуулын геофизик, хэрэглээний геофизик, физик, астрономийн лаборатори, кабинетуудыг байгуулснаас гадна, сургалтын олон ном, сурах бичиг, гарын авлага, сургалтын материалыг зохион хэвлүүлж, шинээр сургалтад ашигладаг байсан нь олон шавь нарынх нь сурах хүсэл эрмэлзэл, урам зоригийг бадраасан үйлс байсан юм.
С.Лантуу багш сурган хүмүүжүүлэх ажлаас гадна үйлдвэрлэл судалгааны олон арван ажлуудад гар бие оролцон ажиллаж байсан ба тухайлбал “Хэрлэнгийн геологийн экспедиц”-ийн Багануур болон Горхийн районы геофизикийн бүрэн судалгаа, Дарцагт уул, Эрээн, Түнтгэр хөх, Баргилт зэрэг төмрийн орд, илэрцүүд дээр геофизикийн нарийвчилсан хайгуулыг, Хэнтий, Дорноговь аймгуудын нутаг дэвсгэрт орших Айраг, Бужгар, Зүүн цагаан дэл, Баруун цагаан дэл, Хажуу улаан, Бор-Өндөрийн хайлуур жоншны ордууд дээр 1:10,000 масштабтай геофизикийн хайгуулын нарийвчилсан ажлуудыг, мөн “Агаар мандалд явагдах физик үзэгдлийн судалгаа” төслийн хүрээнд Дархан, Өмнөговь, Сайншандад нарны цацраг хэмжих станцыг шинээр байгуулах ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн юм. Түүнчлэн Монгол орны зарим бүс нутгийг хамран чулуулгийн физик шинж чанарыг тодорхойлох цогц судалгаанууд хийсэн ба ашигт малтмалын хайгуул судалгааны олон төслүүдэд оролцож хүндийн хүчний, цахилгаан, соронзон хайгуулын ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн байна. Геофизикийн шинжлэх ухааны өөр нэг салбар болох агаар мандлын судалгаанд идэвхтэй оролцож нарны цацрагийн хэмжилтийн боловсруулалт тайлалт, уур амьсгалын структурын судалгаа зэрэг чиглэлээр олон арван судалгааны ажил хийсэн эрдэм шинжилгээний ажлын арвин дадлага туршлагатай ахмад багш байлаа. Түүний хийсэн зарим судалгааны ажлын үр дүн нь өнөө цагийн уурхай, шинэ хот тосгон үүсч хөгжих үндэс болж өгсөн байдаг.
С.Лантуу 1975-1980 онуудад “Жанчивлангийн районд явуулсан геофизикийн судалгаа” сэдэвт геологийн ажлын, 1991-1997 онуудад “Геобиофизик”, 1997-1999 онуудад “Агаар мандалд гэрэл сарних үзэгдлийн судалгаа”, 1999-2004 онуудад “Агаар мандалд явагдах физик үзэгдлийн судалгаа”, 2004-2007 онуудад “Геомандалд явагдах физик үзэгдлийн судалгаа” сэдэвт төслийн эрдэм шинжилгээний ажлын тайлан бичилцсэн ба энэхүү эрдэм шинжилгээний ажлын дүнгээр дотоод, гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд олон арван бүтээлээ хэвлүүлж байсан юм.
С.Лантуу нь боловсролын системд ажиллаж буй хугацаандаа идэвхи санаачлага үр бүтээлтэй ажиллаж байсныг нь төр засгаас үнэлэн яам, байгууллагын хүндэт жуух бичгээр удаа дараалан шагнагдаж байсан ба 1985 онд VIII таван жилийн гавшгайч, 1999 онд “Боловсролын тэргүүний ажилтан”, 2009 онд “Тэргүүний геологич”, 2009 онд “Хөдөлмөрийн хүндэт” медаль, 2015 онд “Алтан гадас” одонгоор шагнагджээ.
С.Лантуу нь оюутан залуусыг эрдэм мэдлэг, боловсролтой болгох, сурган хүмүүжүүлэх үйлс болон эрдэм шинжилгээ судалгааны ажилд 50 орчим жил өөрийн авъяас чадвар, мэдлэг боловсролоо дайчлан, идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласан шавь нарынхаа бахархал, хайр хүндэтгэлийг хүлээсэн ахмад багшийн нэг байлаа.
Монголын геофизикийн салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүн байлаа.
Ах дүү, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье

Монголын Геофизикчдийн Холбоо