Thursday, January 6, 2022

Эмгэнэл

 

Алтангэрэлийн ДАГВАЦЭРЭН

(1945-2022)

 

Геологийн салбарын ахмад ажилтан, геологич, геофизикч А.Дагвацэрэн хүнд өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлж, эрдэс баялгийн салбарт хүнд гарз учирлаа.

 

А.Дагвацэрэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт малчин ардын гэр бүлд төрж, тус сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн. ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийн Геологийн факультетэд суралцаж уулын инженер геофизикч мэргэжил эзэмшсэн.

 

А.Дагвацэрэн нь “ЭРЭЛ ГЕОФИЗИКИЙН ЦОГЦОЛБОР ЭКСПЕДИЦИ”-ээс ажлын гараагаа эхлэн 1970-1995 онуудад тус экспедицэд инженер, ахлах инженер,  ангийн дарга, ерөнхий инженерээр, 1995 оноос өнөөг хүртэл Эрэл ХХК, Геофизикийн товчоо /ТӨҮГ/, Итгэлт Хөлөг ХХК, Улз гол групп ХХК зэрэг компаниудад хайгуулын болон ашиглалтын геологич, ерөнхий геологич, зөвлөх геологичоор ажиллаж ирсэн.

 

Эрдэс баялгийн салбарт 50 гаруй жил ажиллахдаа геологийн зураглал, эрэл, хайгуул, ашиглалтын бүх үе шатанд төсөл төсөв зохиолтоос үр дүнгийн тайлан зохиолцон, хамгаалах хүртэл хээрийн судалгааны ажил, суурин боловсруулалтын ажлыг удирдан, зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлж ирсэн үйлдвэрлэлийн арвин их туршлагатай ахмад ажилтан байсан. Улсын геологийн фондод түүний зохиолцсон 18 үр дүнгийн хадгалагдаж байна. 

 

Геологийн тогтцын зураглал болон гоёл, чимэглэлийн чулуу, алт, зэс, холимог металл, ховор металл, нүүрс, битум, газрын тос, ус зэрэг ашигт малтмалыг агуулагч хурдас, чулуулгийн хил зааг тодорхойлох, хагарал, ан цавыг тогтоох, литологийн ангилал хийхэд геофизикийн арга аргачлалуудыг оновчтой сонгон хэрэглэж, геологи-геохимийн судалгааны үр дүнтэй хослуулан боловсруулалт тайлалт хийн, гадаргууд тогтоогдсон баялаг, нөөцийн хэмжээг гүн дэх мэдээллээр нь ихэсгэн нэмэгдүүлэх, мөн гүндээ байхгүй, багассан зэрэг үнэлэлт дүгнэлт өгөх талаар онцгой мэргэшсэн судлаач байсан. Заримаас нь дурдахад,  1970-1972 онуудад Өмнөговь, Өвөрхангай, аймгийн нутгуудад орших уулс хоорондын мезозойн хотгоруудад явуулсан 1:500 000 масштабын геологи-гидрогеологийн судалгааны геофизикийн ажлаар тухайн хотгоруудыг дүүргэсэн мезозойн үеийн тунамал хурдсанд орших ус агуулагч бүдүүн ширхэгт элс-хайргархаг хурдасны үе давхаргыг Булган, Мандал-Овоо сумдын нутаг дахь Загийн хоолой, Өвөрхангайн Төгрөг сумаас өмнө орших Өөшийн нурууны арын хоолой, Өмнөговь аймгийн төвөөс урагш орших Балгасын улаан нуур орчим зэрэг газруудад илрүүлсэн. Тавантолгойн нуурсний орд, Цагаан суваргын зэс молибденийн орд нээгдэж байсан үед ирээдүйн үйлдвэрүүдийн усан хангамжийн асуудал хурцаар тавигдаж байсан үед гүний усны орд илрүүлэх суурь мэдээллийг бүрдүүлсэн байдаг. 1975 онд Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Шаврын царамын анарын (пироп) орд дээр геофизикийн арга, аргачлалуудыг туршилтын журмаар явуулж гүнийн хагарлуудын байршлыг тогтоож, тэдгээрийн огтлолцол дээр гүнээс гарч ирсэн хүрмэн чулуунд гоёл, чимэглэлийн чулуу (анар, саранчулуу г.м) агуулагдаж байгааг илрүүлсэн. 1985-1992 онуудад газрын тосны чиглэлээр ажиллахдаа олон улсын хэмжээнд газрын тосны хайгуулд ашигладаг геофизикийн цогцолбор аргачлал болох гравихайуул, сейсмохайгуулын ажлыг явуулан 1500м-ээс их гүнд байгаа газрын тос агуулах боломжтой антиклиналь хэлбэрийн структурыг ялгасан. Манай орны газрын тос агуулж болох боломжтой сав газруудыг дэлхийн бусад орны сав газруудтай харьцуулан Монголын газрын тосны сав газруудын геологийн тогтоц, структур тектоникийн байдал нь дунд ба том хэмжээний газрын тосны орд агуулах үндэслэлгүй бөгөөд харин жижиг хэмжээний 10 хүртэлх сая тоннийн нөөцтэй, Монголын хэрэгцээний зарим хэсгийг хангаж болох хэмжээний ордууд олдож болох юм гэсэн дүгнэлтийг гаргаж байсан. Дээрхи ажлын үр дүнд газрын тосны хайгуулын 4 үр дүнгийн тайланг зохиож  байсан нь манай улс газрын тосны тухай хуультай болоход нилээд түлхэц болсон.

 

Ажиллах хугацаандаа олон арван орд газар илрүүлэн нээж эх орондоо хувь нэмрээ оруулсан гавьяатай хүн билээ. Тухайлбал, 1978 онд Оюу толгойн зэсийн илрэлийн районд хийсэн геологи-геофизикийн судалгаа, 1980 онд Таван толгойн чулуун нүүрсний ордын районд хийсэн геофизикийн судалгаа, Баян-Эрхэтийн битумын илрэлд хийсэн геофизикийн судалгааны ажил, 1989 онд Тамсагийн Хотосын геофизикийн  комплекс судалгааны ажил, 1988-1991 онуудад Хэрлэн голын сав газрын Нялгын хөндий, Төгрөг Дэлгэрхаан, Баянбулагийн хотгоруудад хийсэн нефтийн судалгааны геофизикийн ажил, 1999 онд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших нутагт орших Өлтийн талбайн Хүрэн хошуу, Цагаан толгойн сайрын алтны ордын хайгуул гэх мэт олон арван ажлуудыг удирдан хэрэгжүүлсэн. Эдгээр орд газруудаас ихэнхи нь эдийн засгийн эргэлтэд орон, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Жишээлбэл: Таван толгойн ордын хайгуул хийж байх он жилүүдэд геофизикийн эрлийн ажил явуулж ордын зүүн талд Бор толгойн ордоос хойш Ухаа худагийн нүүрсний илрэлийг анх тогтоож хайгуулд шилжүүлсэн нь одоогоор ашиглагдаж байгаа бөгөөд ард иргэд бид үр өгөөжийг нь хүртсээр байгаа билээ.

 

Түүний хөдөлмөр гавьяаг төр засгаас өндрөөр үнэлж төрийн дээд шагнал Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Тавдугаар таван жилийн гавшгайч, Тэргүүний геологич цол тэмдгээр шагнаж урамшуулсан.

 

Ахмад ажилтан А.Дагвацэрэнгийн эрдэс баялгийн салбарт оруулсан хувь нэмэр, түүний хөдөлмөрч, хичээнгүй, зарчимч, шулуун шударга зан чанар, гэгээн дүр нь бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

 

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

 

МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨЛ

ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН АХМАДЫН НЭГДСЭН ХОРОО

ГЕОЛОГИ-УУЛ УУРХАЙН САЛБАРЫН АХМАДЫН ХОЛБОО

МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБОО

МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО

МОНГОЛЫН ГЕОХИМИЧДИЙН ХОЛБОО

МОНГОЛ УЛСЫН ӨРӨМДЛӨГИЙН ХОЛБОО

ДОРНОД МОНГОЛЫН ХАЙГУУЛЧДЫН ХОЛБОО

ЭРЭЛ ГЕОФИЗИКИЙН ЦОГЦОЛБОР ЭКСПЕДИЦИ