Tuesday, March 12, 2013

Монголын геофизикийн шинжлэх ухааны өнөө ба ойрын зорилт П.Дугараа

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

    Геофизикийн шинжлэх ухааныг дэлхий судлал талаас нь авч үзвэл өнө эртний хүн төрлөхтний танин мэдэхүйн түүхэн хөгжилтэй холбоотой гэж үзэж болно. Харин ашигт малтмал, эрэл хайгуул, улс ардын аж ахуй хэрэглээ талаасаа авч үзвэл 20-р зууны эхэн үеэс харьцангуй залуу салбарт тооцогддог.

    Манай улсын хувьд агаар мандал, сансар судлал, цаг уур, газар хөдлөл гэх мэт суурь судалгааны чиглэл, дэлхийн чулуун мандал, геологийн зураглал, ашигт малтмалын эрэл, хайгуулын судалгаанд орчин үеийн шинэ дэвшилт техник чиглэлээр хэрэглэж ирсэн уламжлалтай.

      Нэн ялангуяа ашигт малтмалын эрэл, хайгуулын геофизикийн судалгааны аргуудыг Хөдөө аж ахуйн бэлчээр усжуулалт, газар тариалан, хүн ардын усан хангамж, зам харилцаа, цахилгаан эрчим хүч, уул уурхай, барилга хот байгуулалт, зам гүүр тавих гэх мэт улс ардын бүхийл салбарт өргөнөөр хэргэлдэг боллоо.



     Монгол орны геофизикийн судалгааны талаар 1980, 1988 онд “БНМАУ-ын геофизикийн судалгааны өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх арга зам”, [6, 15] 1999 онд “Монголын геофизикийн судалгаа ба зах зээл” (Материал хэвлэгдээгүй) 2004, 2007 оны “Геофизик, геологийн асуудлууд” [13, 14], сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлуудаар Монгол орны геологийн тогтоц, зарим ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг судлахад эрэл, хайгуулын геофизикийн аргуудыг хэрэглэсэн үр дүн, мэргэжлийн боловсон хүчин хэрхэн бэлтгэж байгаа болон тэдэнд тавих шаардлага авах арга хэмжээний талаар тодорхой дүгнэлт өгч эрдэмтэн судлаачдын санаа бодлыг нэгтгэн тусгасан бүтээлүүдийг хэвлэн нийтлүүлсэн.

     Монгол оронд геофизикийн шинжлэх ухааны хэрэглээний аргуудыг нэвтрүүлэх талаар байнга анхаарлаа хандуулж ирсэн. Нэн ялангуяа Монгол улсын их сургууль өөрийн оронд улс ардын аж ахуйн төрөл бүрийн салбарын мэргэжилтэнг бэлтгэж гаргах явцдаа физикийн салбараас ганцаарчилсан төлөвлөгөөгөөр, эсвээс төгссөний дараагаар мэргэшүүлэх замаар мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэж гаргаж байсан.

      Шинжлэх ухааны хөгжилд мэргэжлийн боловсон хүчин чухал үүрэгтэй. Жишээлбэл, манай улсад дотоодын их дээд сургуулиар геологийн салбарын боловсон хүчинг бэлтгэхэд 1956 оноос МУИС-ийн физик, газарзүйн салбараас эрэл, хайгуулын геофизикийн чиглэлээр, тухайлбал усны эрэл, хайгуулын геофизикийн мэргэжилтэнг чиглүүлэн мэргэшүүлсэн байдаг[3. 4. 19].

    Манай улс 1960-аад оноос эхлэн гадаад, дотоодын их, дээд, дунд, тусгай мэргэжлийн сургуулиудаар нийт 500 гаруй мэргэжилтэнг бэлтгэн гаргасан. Өнөөдрийн байдлаар ШУТИС, МУИС, УБИС-д нийт 300 орчим оюутан суралцаж байна.

    Монгол улсад геофизикийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд манай үе үеийн физикчид, академич Н.Содном, Д.Батсуурь, Г.Аюушжав, доктор профессор Д.Чүлтэм, Д.Халтар, ахмад физикч, багш Д.Лхагвасүрэн, Монгол улсын гавъяат багш, профессор Ж. Лхамсүрэн, ОХУ-ын ШУА-ийн жинхэнэ гишүүн, профессор Г.С. Вахромев  нарын хувь нэмэр, хичээл зүтгэлийг өндөрөөр үнэлдэг [8].

     Монгол орны геофизикийн судалгааны хөгжлийн чиг хандлагыг 3 үе шаттайгаар авч үзэх боломжтой.

1.      Эхлэлийн үе шат (1950-60) буюу геофизикийн судалгааны аргуудыг ОХУ-ын мэргэжилтэн, техникийн тусламжтайгаар Монгол орны геологи, газарзүй, цаг уур, одон орны чиглэлээр хэрэглэж эхэлсэн үе.

2.      Хөгжлийн үе шат (1960-1990) буюу үндэсний мэргэжилтэй боловсон хүчинг гадаад,  дотоодын их дээд сургуулиудад бэлтгэж, материаллаг бааз, техник-технологийн шинэчлэлийн эхлэлийг тавьсан үе.

3.      Зах зээлийн шинэчлэл (1990 оноос хойш), техник-технологийн хөгжил, цэцэглэлтийн үе гэсэн 3 үе шатанд хувааж авч үзвэл, үе шат бүр өөр өөрийн онцлогтой.

   Эхлэлийн үеийн онцлог нь дан ОХУ-ын техник хэрэгсэл мэргэжилтэнгүүд геологийн зураглал, эрэл хайгуул, нэн ялангуяа нефтийн эрлийн ажлыг гол төлөв төвийн бүс, Зүүнбаянгийн нефть, цагаан тугалга, гянтболд, төмрийн төрлийн ашигт малтмалыг эрэхэд түлхүү хэрэглэж байсан бөгөөд эдгээр судалгааны үр дүнг Монгол орны гүний тогтоц, тодорхой орд газруудын хэтийн төлөвийг үнэлэхэд тулгуур материал болгон ашигласан [1, 4, 5, 6, 7, 8, 10,13,14, 15, 16, 17, 18, 19]

    Хөгжлийн үе шатны онцлог нь гадаадын их, дээд сургуулиудаар геофизикийн мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэсэн хийгээд, үндэсний мэргэжилтэй боловсон хүчний бүхэл бүтэн арми бүрэлдэн тогтож, мэргэжлийн байгууллага (ЭГЦЭ, аймгуудад УААҮГ) байгуулагдаж, дотоодын их, дээд сургуулиудад мэргэжлийн анги, танхим, материаллаг бааз бүрэлдсэн. [3,8]

    Зах зээлийн эхний үе нь нэг талаас хөрөнгө мөнгөний гачаалал, нөгөө талаас манайд ноёрхож байсан Оросын техник-технологийн хоцрогдол зэрэг нь геофизикийн судалгааны аргуудыг хэрэглэх боломжийг түр хугацаагаар зогсонги байдалд оруулж, геофизикийн багаж хэрэгсэл, техникт шинэчлэл хийх шаардлагатай болсон.

    Энэ үеийн хүнд бэрхшээлийг даван туулахад ШУТИС-д “ Ашигт малтмалын эрэл, хайгуулын геофизик”  мэргэжлээр мэргэжилтэн (баклавр, магистр, докторын сургалт) бэлтгэн гаргах болсон нь Монголын геофизикийн түүхэнд мэргэжлийн боловсон хүчний залгамж халааг авч үлдсэн төдийгүй, Монголд дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад геофизикийн судалгааны ажлыг хийж явуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Нэн ялангуяа шинэ дутам, дөнгөж хөл дээрээ босч ирж байгаа үндэсний компаниудыг материаллаг бааз, боловсон хүчний хувьд бэхжихэд чухал түлхэц өгсөн.

    Монгол улсын геологийн шинжлэх ухаанд геофизикийн судалгааны аргууд чухал байр суурь эзэлдэг. Төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны үед ч Монгол улсын улс ардын аж ахуйг хөгжүүлэх үндсэн чиглэлэд...Монгол орны геологийн судалгаанд орчин үеийн дэвшилт арга, тухайлбал геофизик, геохимийн аргуудыг нэн ялангуяа региональ судалгааны ажилд түлхүү хэрэглэх ... гэж зааж өгдөг байсан.

    Өнөөдөр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн геологийн жишиг болон дунд масштабын 1:200 000-ны геологийн зураглал 100%, 1:50 000-ны масштабын зураглал, ерөнхий эрлийн ажил 25,6%, геофизикийн хүндийн хүчний орны 1:1000 000 масштабын зураглал 100%, хүндийн хүчний орны 1:200 000-ны масштабын зураглал 22%, 1:200 000-ны масштабтай агаарын соронзон зураглал 60%, 1:50 0001:25 000-ны масштабтай агаарын геофизикийн цогцолбор судалгаа 32 хувь тус тус хийгдээд байна.

    Эдгээр ажлуудын ихэнх буюу дийлэнх хувь нь төлөвлөгөөт эдийн засгийн үед 1960-1990-ээд оны үед хийгдсэн хийгээд Монгол орны нутаг дэвсгэрийн гүний тогтоц, тектоник бүтцийн талаар нилээдгүй мэдээллийг авч тухайн үеийн судалгааны үр дүнд тусгалаа [1, 10, 11, 13, 14] олсон байдаг.

   Хэдийгээр ийм амжилт ололт байдагч гэсэн өнөөдрийн өндөрлөгөөс харахад геофизикийн судалгааны ажлын эдийн засгийн үр ашиг,түүний улс ардын аж ахуйд өгөх бодит үр дүн, шинжлэх ухаан технологийн ололт амжилт өнөөгийн зах зээлийн хэрэгцээт шаардлагад нийцэхгүй байна.

   Монгол орны геологийн тогтоцын судалгаа геофизикийн тодорхой түвшиний ажлаар судлагдсан  боловч нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд геологи-геофизикийн нэгдсэн иж бүрэн тайлал хийгдэх талаар хангалтгүй, тодорхой ашигт малтмалуудын байршлалын зүй тогтол, физик-геологийн загварыг боловсруулах, геофизикийн ашигтай цогцолбор аргуудыг оновчтой хослон хэрэглэх талаар учир дутагдалтай байгаад шүүмжлэлтэй хандах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

   Дэлхийн хэмжээнд өдрөөс өдөрт хямд хялбар аргаар нэн ялангуяа газрын гадаргууд илрээгүй ашигт малтмалыг олж илрүүлэх, гүнд нь үнэлгээ өгөх асуудал геофизикийн дэвшилтэт арга, аргачлал, техник технологийг хэрэглэхгүйгээр шийдэх боломж улам бүр хомсдож байна. Товчоор хэлбэл геофизикийн дэвшилтэт арга, шинэ техник хэрэглэхгүйгээр шинэ орд, эрдэс баялгийг олж илрүүлэх нь боломжгүй болсон гэдгийг хүлээн зөвшөөрч геологийн бүх шатны ажилд тэр тусмаа ашигт малтмалын эрэл, хайгуулын ажилд геофизикийн ашигтай цогцолбор аргыг түлхүү хэрэглэх боллоо.

   Өнөөдөр манай оронд хайгуул хийж байгаа гадаад, дотоодын байгууллага, хувь хүмүүс өөрийнхөө судалгааны талбайд эхний ээлжинд геофизикийн аргуудыг өргөн хэрэглэх болсон нь геофизикийн багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн технологйин шинэчлэл хийх боломжийг олголоо.

   Нөгөөтэйгүүр зах зээлийн нөхцөлд геофизикийн мэргэжлээр бэлтгэн гаргасан мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээ улам нэмэгдэж, улмаар тэдний сургалт, давтан сургалт, мэргэжлийн ур чадвар, онолын мэдлэг, олон улсын түвшинд тавигдах шаардлага өндөр боллоо.
1992 оноос ШУТИС-д” Ашигт малтмалын эрэл, хайгуулын геофизик”  мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэн эхэлснээс хойш баклавр, магистр, докторын сургалт явуулж 150 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргалаа.

   Өнөөдөр манай улсын хэмжээнд нийт геофизикийн эрэл, хайгуулын чиглэлээр буюу геологи эрдэс судлалын ухаанаар 12 хүн докторын зэрэг, 25 хүн магистрын зэрэг хамгаалсан хийгээд одоо МУИС, ШУТИС-д Геофизик-геомэдээллийн баг,тэнхимүүдэд 10 гаруй профессор, дэд профессор, магисртын зэрэг цолтой эрдэмтэн багш нар ажиллаж 130 гаруй оюутан суралцаж байна.

   Манай төгсөгчид гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай, эрэл хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 34 компанид ажиллаж, үйлдвэрлэл, судалгааны ажлыг амжиллттай хийж гүйцэтгэж байна. Үүний дотроос материаллаг бааз, мэргэжилтэй боловсон хүчний хувьд бэхжиж геофизикийн бүх төрлийн ажил үйлчилгээг дэлхийн стандартын түвшинд хийж байгаа “Геосан” ХХК, “Гео орон” ХХК, “ Жи энд Си” ХХК, “Монкаротаж” ХХК, “Хэт” ХХК, “АМО дисковер” ХХК, “Дашмагинж” ХХК, “Эрдэнийн эрэл” ХХК, “Геомастер” ХХК, “Татах хүч”  зэрэг ХХК- уудыг нэрлэж болно.

   Эндээс дүгнэхэд манай улсын хэмжээнд геофизикийн мэргэжлийн боловсон хүчин, түүний залгамж халаа зах зээлийн нөхцөлд биеэ даасан бүхэл бүтэн салбар болтлоо хөл дээрээ зогсож, материаллаг баазын хувьд техник технологийн шинэчлэл хийж улс орны хэмжээнд үйлдвэрлэл судалгааны ажлыг амжиллтай явуулах нөхцөл бүрэлдэн тогтлоо.

   Хэдийгээр ололт, амжилтын хажуугаар ашиглаагүй боломж, авч хэрэгжүүлж чадаагүй арга хэмжээ, анхааралдаа авах ёстой тулгамдсан асуудал байгааг анхаарч үзэхийг санал болгож энэхүү өгүүлэлийг дэвшүүлэн тавихаар хэлэлцүүлж байгаа юм.

1.      Монгол улсад геофизикийн шинжлэх ухааныг хөгжүүлхэд, ялангуяа ШУТИС-д сургалт судалгааны материаллаг баазыг хугацаа алдахгүйгээр авч явуулах арга хэмжээ Монгол улсад ЮНЕСКО-гийн төслөөр (MON-I) ТИС-ийг барьж байгуулахад техник тоног төхөөрөмжийг захиалгыг буруу хийсэн, тухайлбал дан ганц ОХУ-н техник, технологийг нэг талаас хүчээр тулган хүлээлгэсэн, нөгөө талаас бидний “ядуу”-гийн зовлон буюу тусгай зориулалтын хөрөнгө оруулалтыг нийт боловсролын системийн хүрээнд жижиглэн цацаж тарамдасны хор уршиг одоо ч гэсэн арилаагүй байна.

2.      Монгол улсад эрэл, хайгуулын геофизикийн чиглэлээр хийж, явуулж ирсэн региональ болон эрлийн ажлын чиглэлээр ихээхэн хэмжээний материал, мэдээлэл цугларсан боловч энэхүү ажлыг шинжлэх ухааны талаас нь нэгтгэн дүгнэх, геологи-геофизикийн иж бүрэн тайлал хийх, төрөл бүрийн ашигт малтмалын физик геологийн загвар боловсруулах, судалгааны арга, аргачлалыг боловсронгуй болгох, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх талаар сэдэвчилсэн болон төрөлжсөн судалгаа явуулдаг мэргэжлийн баг, хамт олон шинжлэх ухааны академи, их дээд сургууль, үйлдвэрлэлийн байгууллагуудад бүрэлдэн тогтох нөхцөлийг бодлогоор зохицуулагдаж, хөрөнгө оруулалт хийгдээгүй, одоо ч гэсэн энэ талаар анхаарч байгаа асуудал байхгүй байна.

3.      Улсын төсвөөр болон хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй геофизикийн судалгаанйы ажлуудыг хээрийн ажилд хяналт тавьж, үр дүнг хүлээж авах ёстой Ашигт малтмалын газрын мэргэжилтэнгүүдийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж геофизикийн аргуудын үр дүн геологийн судалгаанд ямарч үр ашгаа өгөхгүй байгаа нь хий дэмий хөрөнгө үрсэн ажил болж байна. Энэ талаар тодорхой жишээнүүдийг дурьдахад улсын хэмжээнд бодлого хэрэгжүүлдэг бодлогын яам, хэрэгжүүлэгч агентлагийн түвшинд, Улсын эрдэс баялгийн зөвлөл, Стратеграфийн комисс зэрэг газруудад энэ талаар анхаарал тавихгүй байна. Тухайлбал сүүлийн 3 жилд хийгдсэн 10 гаруй төслийн ажлыг хүлээн авах ажлыг харж байхад ямарч хяналтгүйгээр, геологи- геофизикийн нэгдсэн тайлал хийгдэхгүйгээр улсын геологийн санд бүртгэгдэж байна.

4.      Өнгөрсөн жилийн сүүлээс АМГ-н бүтцийн өөрчлөлт хийх, геофизикийн хүрээлэн байгуулагдах асуудал яригдаад Засгийн газрын түвшинд Венгер улстай гэрээ хэлэлцээр байгуулагдаж байгаа мэдээ мэдээлэл, радио, олон нийтийн телевиз хэвлэлээр яригдах боллоо. Гэтэл энэ талын асуудал мэргэжлийн хүмүүс, нэн яоангуяа геофизикийн хүрээлэн байгуулахад бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчин, материаллаг бааз маань ямар түвшинд байгаа вэ? гэдэг  талаар асууж сонирхож, мэдэж байгаа хүн байгаа эсэхэд эргэлзээтэй байна, байгаа бол тэр бэлтгэгдсэн мэргэжилтэнгүүд хаана байна.

5.      ШУТИС, МУИС-д баклаврын сургалт амжилттай явагдаж геологи-геофизикийн чиглэлээр бэлтгэн гараган мэргэжилтэнгүүд өнөөдрийн хээрийн үйлдвэрлэлийн ажлыг зонхилон гүйцэтгэж байна.

    Товчоор хэлбэл магистр, докторын түвшиний сургалт явуулах материаллаг баазыг зүй ёсоор нь хангаж чадсангүй. Нөгөөтэйгүүр манайд сургалт, үйлдвэрлэл, судалгаа гэж ярьдаг ч гэсэн  сургалтын ажил үйлдвэрлэлийн ажлаас байнга хоцорч, үйлдвэрлэлд оруулах хөрөнгө давамгайлж анхаарлын төвд байдаг уламжлал хадгалагдсаар ирсэн. Энэ утгаараа зохих түвшиний шаардлагын үүднээс ч аливаа улс орны хөгжил түүний түвшин шинжлэх ухаанаа түшиглэж хөгждөг дэлхий нийтийн хүлээн зөвшөөрөгдсөн зарчим үйлчилдэг. Иймд судалгааны ажлыг явуулахад өндөр зэрэглэлийн мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх мэргэжил дээшлүүлэх давтан сургалт явуулах талаар анхаарах цаг болсон байна.

    Гэтэл манайд байгаа сургалтын бааз, багшлах боловсон хүчний хангамж урьдах нийгмийн үеэс уламжилж ирсэн тэр түвшиндээ байгаа нь дараагийн шатны магистр, докторын түвшиний сургалтыг явуулахад ихээхэн бэрхшээлтэй тулгарч байна. Энэ талаар төрийн зохицуулалт ч хэрэгтэй манай дотоодын компаниудын хамтын идэвхитэй үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, мэргэжлийн холбоодын хичээл зүтгэл нэгдмэл үйл явц, мэргэжлийн судлаачдын дадлага туршлага эх оронч санал санаачлага хэрэгтэй байна. Ийм ажлын эхлэл байна. Энэ хичээлийн жилд “Геологийн боловсрол-50” ойн арга хэмжээний хүрээнд манай төгсөгчдийн хандиваар геофизикийн сургалтын лаборатори, “АМО” ХХК, “Гео-Орон” ХХК,       “Жи энд Си” ХХК “Шинэ тайлал”ХХК-ын хамт олон, манай багш нарын санал санаачлага хөрөнгө оруулалтаар ШУТИС-ийн ГСУСТ-ийн лаборатори, кабинет, номын санг, 10 гаруй сая төгрөгөөр тоноглон төхөөрөмжилж, магистр, докторын түвшний сургалт, судлаачид бэлтгэх судалгааны ажил хамтран явуулах, мэргэжил дээшлүүлэх давтан сургах, мэргэшүүлэх, нөхцөл боломж нээгдлээ.

     Бид энэ санал санаачлагыг улам хөхүүлэн дэмжиж, улсын хэмжээний болон олон улсын төсөл, захиалгат ажлуудыг гүйцэтгэхэд ... “Эвт шаазгай буга барих аваас” эвлэлдэн нэгдэж, оюун санаа хүч хөдөлмөрөө хоршин уралдуулваас Монголын геофизикийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд Дэлхийн дэвжээ ойрхон байна.

No comments:

Post a Comment