Friday, May 30, 2014

Ц.Баатарчулуун: Геофизикийн судалгааны ажлын хэрэгцээ шаардлага, цар хүрээ нэмэгдэж байна


Монголын Геофизикчдийн Холбооны тэргүүн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Геологи, геофизикийн тэнхимийн профессор, доктор Ц.Баатарчулуун

-Геофизикийн ШУ-ны талаар манай уншигчдад товч ойлголт өгнө үү?

-Товчхон хэлбэл, физикийн аргуудаар дэлхий болон түүний хүрээлэн буй орчныг судалдаг шинжлэх ухаан юм. Геофизикийн шинжлэх ухаан нь харьцангуйгаар маш эртний гарал үүсэлтэй боловч бие даасан судалгааны аргууд нь ХХ зууны эхэн үеэс эхлэн хөгжиж ирсэн түүхтэй. 1600 онд Гилберт дэлхий бол асар том тогтмол соронз гэсэн санаа дэвшүүлсэн, 1640 онд Шведэд төмрийн хүдрийг луужингаар эрэх оролдлого хийсэн, 1753 онд Орост М.В.Ломоносов хийн гравиметр зохион бүтээж дэлхийн гадарга орчимд хүндийн хүчийг хэмжих замаар дэлхийн дотоод бүтцийг судлах санаа дэвшүүлсэн, 1844 онд Форбес анхны сейсмометр буюу газар хөдлөл бүртгэгч зохион бүтээсэн зэргийг геофизикийн шинжлэх ухааны эхлэл гэж үзэх нь бий.  Геофизикийн шинжлэх ухаан нь ерөнхий ба хайгуулын геофизик гэсэн хоёр үндсэн салбартай. Ерөнхий геофизик нь дэлхийн дотоод үе давхаргууд болох цөм, маанти, царцдас мандал болон агаар мандал, усан мандал, соронзон мандал, цэнэгт мандал зэргийн бүтэц, физик шинж чанар, өөрчлөлт хувьслыг судалдаг. Харин, хайгуулын буюу хэрэглээний геофизик нь дэлхийн царцдасын дээд хэсэг дэх эрдэс баялгийн нөөцийг илрүүлэх зорилготой. Хайгуулын геофизикийн аргууд өвөрмөц шинжтэй бөгөөд геологийн асуудлыг хүндийн хүчний, соронзон, цахилгаан, цахилгаан соронзон, долгионы, цацраг идэвхжилийн, дулааны г.м. геофизик орнуудыг хэмжиж, зүй тогтол шинж төрхийг судлах замаар шийдвэрлэдэг.

-Танай холбоо хэдэн онд байгуулагдсан бөгөөд одоогоор хичнээн гишүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байна?

-Монголын Геофизикчдийн Холбоо (МГеофХ) нь геофизикийн үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ судалгаа, сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс сайн дурын үндсэн дээр нэгдсэн, гишүүддээ үйлчилдэг, төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага юм.

МГеофХ нь МУИС, ШУА дундын геофизикийн судалгааны төвийн захирал профессор Д.Халтар, ШУТИС-ийн ГГТС-ийн геофизик, геомэдээллийн багийн профессор П.Дугараа, багш Ч.Бямба, ГГЭНэгдлийн геофизикийн ахлах инженер Д.Болд, ахлах геофизикч Д.Лавдансүрэн, ШУА-ын газар хөдлөл, соронзон судлалын хүрээлэнгийн захирал доктор Ү.Сүхбаатар, Цэвдэг судлалын хүрээлэнгийн секторын эрхлэгч Р.Оюунсүрэн, Усны бодлогын хүрээлэнгийн геофизикийн секторын эрхлэгч М.Лэгдэн нарын санаачилгаар 1993 оны 04 сарын 30-ны өдөр хийсэн анхдугаар чуулганы хуралдаанаар үүсгэн байгуулагдсан.

Өнөөдрийн байдлаар Монголын Геофизикчдын Холбоонд геофизикийн хайгуул, судалгаа эрхлэн явуулдаг 62 компани, 548 мэргэжлийн геофизикчид бүртгэлтэй байна. Түүнчлэн ШУА-ийн харъяа Одон орон геофизикийн судалгааны төв, МУИС-ийн Геофизикийн судалгааны төв, ШУТИС-ийн Геофизикийн Сургалт, Үйлдвэрлэл Судалгааны  төв зэрэг шинжлэх ухааны суурь судалгаа эрхлэн явуулдаг эрдэм шинжилгээний байгуулагууд бий. Мөн МУИС, ШУТИС-д 300 гаруй оюутан геофизикч мэргэжлээр суралцаж байна. Энэ бүхэн манай оронд геофизикийн судалгаа салбарын хэмжээнд хүртэл өргөжиж, мэргэжилтний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хангамжийн талаар ямар ч ажил хийх хэмжээнд хүрсэний баталгаа мөн.

-Монгол орны нутаг дэвсгэрийн геологийн судалгаанд геофизикийн аргуудыг хэрхэн хэрэглэж байна вэ?

-Монгол орны хэмжээнд геофизикийн хайгуул судалгааг газрын гадаргуугийн, агаарын болон цооногийн гэсэн үндсэн 3 үндсэн хэлбэрээр хийж гүйцэтгэж байна. Эдгээр нь өөр өөрийн онцлог, давуу болон сул талуудтай байдаг. Манай компаниуд алт, зэс, хайлуур жонш, төмөр, нүүрс, уран, газрын тос, гүний ус зэрэг голлох чухал ашигт малтмалын хайгуулд амжилттай оролцож байна. Түүнээс гадна 1:200 000-ны масштабтай геологийн зураглалд агаарын геофизикийн мэдээлэл, дунд масштабын хүндийн хүчний хайгуулыг өргөн хэрэглэж байна. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй 1:50 000-ны масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын хүрээнд нийт талбайн тодорхой хэсэгт геофизикийн судалгаа хийгдэж байна.

Манай орны нутаг дэвсгэрт гүйцэтгэж байгаа газрын тос, байгалийн хийн хайгуулд геофизикийн аргуудыг түгээмэл хэрэглэж байгаа билээ. Тухайлбал, Тамсагийн сав газарт орших Тосон уулын газрын тосны ордын судалгаанд 1300 гаруй кв.км талбайд гурван хэмжээст чичирхийллийн хайгуул хийсэн нь тухайн жилдээ нэг объект дээр хэрэгжүүлсэн хамгийн том төсөл болсон юм.

-Олон улсын хэмжээнд геофизикийн хайгуул, судалгаанд зарцуулах хөрөнгийн хэмжээ өсч байна. Энэ талаар таны бодол?

-Геологи хайгуулын салбарт геофизикийн аргууд өргөн нэвтэрч, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгааг дараах хоёр нөхцлөөр тайлбарлах болов уу. Техник технологийн хөгжлийн дагуу геофизикийн хэмжилтийн багаж төхөөрөмж илүү найдвартай, мэдрэмж сайтай, нарийвчлал өндөртэй болж байна. Мөн геофизикийн боловсруулалт, тайллын програм хангамж ч шинэ шатанд гарлаа. Эдгээрээс шалтгаалан дэлхийн царцдасын гүний геологийн тогтцын талаар маш бодитой, чухал мэдээллийг өгөх боломжтой болсон нь геофизикийн аргуудыг өргөнөөр хэрэглэх нэг шалтгаан болов уу. Хоёрт гэвэл, гадаргад ойр орших буюу илрүүлэхэд хялбар ордын тоо эрс цөөрсөн ба үүнээс улбаалан гүнд байршилтай ордын судалгаанд геофизикийн аргуудыг хэрэглэх зайлшгүй шаардлага тулгарсантай холбоотой. Монгол орны хувьд ч гэсэн энэхүү чиг хандлагыг дагах нь зайлшгүй бөгөөд геофизикийн аргуудыг оновчтой ашиглах нь эрэл, хайгуулын ажлыг үр дүнтэй болгох нэг гол түлхүүр гэдгийг хэлэхийг хүсч байна.

-Монгол улсад геофизикийн судалгааны түвшин ямархуу хэмжээнд байна гэж үзэж байна вэ?

-Энд хүний нөөц, техник төхөөрөмж гэсэн хоёр хүчин зүйлийг авч үзэх хэрэгтэй болов уу. Манай ихэнх ахмад геофизикчид хуучнаар социалист гэгддэг орнуудад боловсрол эзэмшсэн, тэдгээр орнуудын геофизикчидтэй хамтран ажиллаж байсан мэдлэг, туршлага арвинтай улс бий. Бидний хувьд ахмадуудаасаа суралцах тал дээр анхааран ажиллах зүйн хэрэг. Сүүлийн жилүүдэд геофизикч мэргэжилтнийг Монгол улсдаа бэлтгэж байна. Иймд хүний нөөцийн хувьд харьцангуй боломжтой гэж дүгнэхэд болно. Геофизикчдийн ашиглаж буй багаж, тоног төхөөрөмж бол дэлхийн түвшинд хүрсэн гэдгийг хэлэхэд таатай байна. Нарийвчлал өндөртэй, сайн багажаар хэмжилт хийснээр геофизикийн ажлын чанар нэмэгддэг онцлогтой тул манай компаниуд ихэвчлэн дэлхийн топ зэрэглэлийн үйлдвэрлэгчдийн зохион бүтээсэн техник, төхөөрөмжийг ашиглахыг эрмэлзэж ирсэн.  Түүнчлэн, манай зарим компаниуд гадаад улсуудад гэрээт болон захиалгат ажлуудыг амжилттай гүйцэтгэж байгаа нь геофизикчдийн өрсөлдөх чадвар боломжийн түвшинд байгааг харуулах нэг үзүүлэлт болов уу. Сүүлийн үеийн судалгааны дэвшилттэй аргуудын нэг болох агаарын, том масштабын геофизикийн хайгуулыг амжилттай хийж байна. Мөн цооногийн болон талбайн геофизикийн судалгаа, хайгуулын өрөмдлөг, геодези, зураг зүйн хэмжилт, мэдээллийн боловсруулалтын ажлыг өндөр түвшинд хийдэг мэргэжлийн албад бүхий олон улсын стандарт шаардлагыг хангасан хайгуулын хүчирхэг компаниуд бий болоод байна. Захиалагчийн явцуу хүрээний жижиг зорилтыг шийдэхэд оролцдог байсан геофизикчид өнөөдөр улсын хэмжээний томоохон төслүүдийг хариуцан амжилттай хэрэгжүүлж байгаагийн баталгаа энэ мөн.

Сайны хажуугаар саар гэгчээр зарим нэг компани, хувь хүмүүс хайгуулын ажлыг харьцангуй чанар муутай гүйцэтгэж захиалагчдад геофизикийн ажлын талаар буруу ойлголт өгч байгааг үгүйсгэх аргагүй. Иймд МГеофХ-ны зүгээс сургалт, семинар зохион байгуулах, геофизикийн хайгуул, судалгаа хийхийн тулд тавигдах боловсон хүчний болон техник төхөөрөмжийн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг  гаргаж компаниудыг чадавхижуулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна.

-Та бүхэн геологийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн бусад холбоодтой болон төрийн байгууллага, салбарын яамтай хэрхэн хамтран ажиллаж ирэв?

-МГеофХ нь Монголын геологийн холбоо, Монголын үйлдвэрлэлийн геологийн холбоо болон Монгол улсын өрмийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулсан. Дээрх гэрээний хүрээнд “Монголын геологи хайгуул-2012, 2013, 2014” чуулга уулзалтуудыг зохион байгуулах, МГА-ны 73, 74 жилийн ой, “Монголын геологчдын өдөр”-ийг тэмдэглэх, Ажил, мэргэжлийн уралдаан зохион байгуулах зэрэг  арга хэмжээнд хамтран ажиллаа. Төрийн байгууллагууд, тухайлбал салбарын яамнаас эрхлэн хийж байгаа геологийн салбарын холбогдолтой  ажил, арга хэмжээнд МГеофХ-ны төлөөлөл оролцож геофизикийн байгууллагууд, геофизикчдын санаа бодлыг тусгуулах чиглэлээр ажиллаж ирлээ. Одоо геологийн салбарын хэмжээний мэргэжлийн комисс, зөвлөл, ажлын хэсэгт МГеофХ-ны төлөөлөл тогтмол оролцох боломжтой болж байна.

-Гадаадын мэргэжлийн ямар ямар байгууллагуудтай холбоо тогтоож  ажиллаж байна?

-МГеофХ 2013 онд Австралийн Геофизикийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгууллаа. Мөн Олон улсын хайгуулын геофизикчдийн нийгэмлэг (SEG),  Хятадын Геофизикийн холбоо, Японы геофизикийн холбоо, Өмнөд Солонгосын ерөнхий болон хайгуулын геофизикийн холбоо зэрэг гадаадын мэргэжлийн байгууллагуудтай ажил хэргийн харилцаа холбоо тогтоосон бөгөөд хамтарсан судалгаа, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, туршлага солилцох, эдгээр байгуулагуудын зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хурал, сургалт семинарт оролцох зэргээр хамтын ажиллагаа идэвхтэй явагдаж байна.

Олон улсын хайгуулын геофизикчдийн нийгэмлэгийн салбарыг Монгол улсад байгуулах, геофизикч оюутнуудын секцийн үйл ажиллагаанд монголын оюутнуудыг өргөнөөр оролцуулах, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулах талаар идэвхитэй яриа хэлэлцээ өрнүүлж байна.

-Геофизикчдийн холбооны цаашдын эрхэм зорилго, зорилтын талаар?  

-Манай холбооны үндсэн зорилго бол геофизикчдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг хэрэгцээтэй мэдээллээр хангах хэмээн томьёолж болно. Нэн тэргүүнд хийх шаардлагатай ажил бол геофизикийн хайгуул, судалгааны ажлын цар хүрээг нэмэгдүүлэх явдал юм. Энэ хүрээнд Монгол улсын геологи, уул уурхайн салбарын төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоодтой тогтоосон хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, салбарын талаарх төрийн бодлого, хууль, эрх зүйн шинэчлэлд тодорхой хэмжээгээр оролцож геофизикчдийн эрх ашгийг тусгах талаар идэвхтэй ажиллах болно. Мөн, МГеофХ-ны үйл ажиллагаа болон геофизикч мэргэжлийг  өргөн сурталчлах, геофизикийн аргачлал, технологид тавигдах шаардлага, монгол улсын стандартыг бий болгох зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

Эцэст нь хэлэхэд, геологи хайгуулын салбарыг төр онцгойлон авч үзэж, энэ салбарыг хөрөнгө оруулалт болон зөв зүйтэй бодлогоор чиглүүлэн ажиллах нь Монгол орны ирээдүйд маш чухал гэдгийг дурьдах нь зүйтэй болов уу.

No comments:

Post a Comment