Monday, December 26, 2022

ЭМГЭНЭЛ

 


ПҮРЭВИЙН ДУГАРАА

(1943-2022)

Монголын геофизикийн шинжлэх ухааны салбарын ерөнхийлөгч, ШУТИС-ын Геологи, Уул Уурхайн Сургуулийн Геофизикийн сургалт, үйлдвэрлэл, судалгааны төвийн захирал, ШУТИС-ийн хүндэт профессор, Геологи-эрдэс судлалын ухааны доктор, профессор, МУ –ын зөвлөх инженер Пүрэв овогтой Дугараа 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зуурдаар нас барж Монголын геологийн салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.

         П.Дугараа 1943 онд Ховд аймгийн Булган суманд малчин ард Пүрэвийн  ууган хүү болон төрсөн ба Ховд аймагт ерөнхий боловсролын сургууль, Зөвлөлт холбоот улсын Москва хотод Ломоносовын их сургуулийг Геологич-геофизикч мэргэжлээр төгссөн байна. Тэр Эрхүүгийн Политехникийн дээд сургуульд техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан,  манай оронд геофизикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, нутагшуулах, дэлхийн түвшинд авч явахад олон жилийн бүтээлч хөдөлмөрөө зориулсан шилдэг эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгчдийн нэг байлаа.

Түүний санаачлага, оролцоотойгоор ШУТИС (ТИС)-д “Ашигт малтмалын эрэл, хайгуулын геофизик” мэргэжлээр бакалавр, магистр, докторын шаталсан сургалттайгаар мэргэжлийн геофизикчдийг бэлтгэж эхэлсэн байна. П.Дугараагийн шууд удирдлагын дор МУИС, ПДС-ийн дэргэд “Геофизикчдийн мэргэжлийн баг” бүрэлдэн бий болсон ба “Хайгуулын геофизикийн лаборатори”–ийг байгуулсанаар өндөр мэргэжлийн геофизикчид бэлтгэх ажил шинэ шатанд гарсан байдаг. Ийнхүү МУИС-ийн физик, цаг уур, геологи, газарзүйн салбарын мэргэжлээр дээд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд эрэл, хайгуулын геофизикийн аргуудын онолын үндэс, практик хэрэглээний талаар сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн ажлыг явуулах үндэс суурь тавигдсан нь профессор П.Дугараагийн нэртэй шууд холбоотой. Өнөөдөр тус сургуулийг төгссөн олон зуун мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид манай орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.

П.Дугараа Монголын геофизикчдийн холбоог үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд олон жил холбооны гүйцэтгэх захирлаар сонгогдон ажиллаж мэргэжлийн холбоо, иргэний байгууллагын үйл ажиллагааг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. П.Дугараа сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажлын зэрэгцээ үйлдвэрлэлд ажиллаж буй  залуу боловсон хүчнийг сургах, тэдэнд ажил, амьдралын арга барил олгоход сэтгэл харамгүй тусалдаг, хамт олны дунд өндөр нэр хүндтэй, манай орны эрдэс баялгийн судалгаа, олборлож ашиглах үйл хэрэгт өөрийн амьдралаа зориулсан ахмад туршлагатай хайгуулчдын нэг байлаа.                         

П.Дугараагийн олон жилийн бүтээлч хөдөлмөрийг үнэлж, Сүхбаатарын одон  (2009), Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон (2012), Алтан гадас одон (2001), хөдөлмөрийн хүндэт медаль (1976), Ардын хувьсгалын 60,70, 80 жилийн ойн медаль, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль (2006), Монголын Бүтээлч Иргэдийн Нэгдсэн холбооны Монгол гайхамшиг “Алтан хүн” одон, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны “Тэргүүний геологич”, Боловсролын яамны “Ардын боловсролын тэргүүний ажилтан”, ШУА -ын “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан”, Үйлдвэр, худалдааны яамны “Газрын тосны тэргүүний ажилтан” болон ЗХУ-ын “Отличник разведки и охраны недр” (1981) цол тэмдэг, Геологийн салбарын ойн медалиудаар тус тус шагнажээ.

Монголын геологи, уул уурхай, газрын тосны салбарт “Дугараа багш” хэмээн хүндлэгдсэн эрхэм нөхрийн маань гэгээн дүр, ажилч хичээнгүй чанар, найрсаг зан харьцаа бидний сэтгэл зүрхэнд үүрд үлдэх болно.

 

 Ум сайн амгалан болтугай.

Монголын Геофизикчдийн холбоо

Monday, October 3, 2022

Алтан үеийн ахмад настангууддаа ахмадын баярын мэнд хүргэе!

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Монголын геофизикчдийн холбоо салбарынхаа ахмад настай геофизикчдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ салбарыг хөгжүүлэхэд хүчин зүтгэж ирсэн нийт алтан үеийн ахмаддуудаа ахмадын өдрийн мэнд хүргэж аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Зарим ахмад настангууд хүндэтгэх шалтгаантайгаар хүрэлцэн ирж чадсангүй.


Wednesday, September 14, 2022

П.Дугараа багшийн гаргасан ном цахим худалдаалагдаж байна.

 Геофизикийн цахим ном худалдаж авах холбоос линк  ЭНД дарна уу


Геологи (Геологийн эрдэм шинжилгээ, сургалт арга зүйн сэтгүүл): Геологийн эрдэм шинжилгээ, сургалт арга зүйн сэтгүүл
 
Геофизикийн аргын үндэс: Геофизикийн шинжлэх ухааны тухай ерөнхий ухагдахуун, соронзон, хүндийн хүчний, радиометр, цөмийн геофизик, геологийн тайлал хийх аргазүй зэргээс бүрдэнэ.

Геофизикийн цогцолбор арга: “Геофизикийн цогцолбор арга”сурах бичиг, гарын авлагыг “Ашигт малтмалын эрэл, хайгуулын геофизик” мэргэжлийн сургалтын төлөвлөгөө, хичээлийн стандартын дагуу боловсруулсан байна.

Монгол орны геологи, ашигт малтмалын судалгааны геофизик: Энэхүү бүтээлд Монгол орны нутаг дэвсгэрийн гүний тогтоц, геологийн зураглал, ашигт малтмал, ордын эрэл, хайгуулын ажилд геофизикийн судалгааны аргуудыг хэрэглэсэн үр дүнгийн талаар авч үзсэн болно.

Monday, September 12, 2022

Application of Polarimetric GPR for detection of subsurface objects

  Геофизикийн цахим ном худалдаж авах холбоос линк  ЭНД дарна уу

In recent years, there has been great interest in detecting and imaging subsurface targets in a wide variety of areas such as civil engineering [17], landmine detection [14], [15], [45], archeological investigations [8], [9], [28], [37], [43] and environmental applications [27], [47]. Various sensing tools have been used to get better performance in different situations. The main sensors used are electromagnetic induction (EMI), ground penetrating radar (GPR), seismic and infrared (IR) sensors. These sensors rely on different operating principles and provide different levels of information about the sensed medium based on their capabilities.

Sunday, September 11, 2022

Метал бус ашигт малтмалын ордын эрлийн цогцолбор арга

Цахим ном худалдаж авах холбоос линк  ЭНД дарна уу

"Метал бус ашигт малтмалын ордын эрлийн цогцолбор арга" энэхүү зохиолын үндсэн агуулга нь аливаа ашигт малтмалын ордын эрлийн ажлыг үр өгөөжтэй явуулахад тал бүрээс нь иж бүрнээр судлах, төрөл бүрийн ашигт малтмалыг орхигдуулахгүй илрүүлэх гэсэн санаа юм. Иж бүрэн (цогцолбор) судалгаанд дараах үндсэн, уламжлалт аргуудыг сонгосон байна. Үүнд: Геологи-минералогийн, геохимийн, геофизикийн аргууд болой. Эдгээр аргуудыг хэрэгжүүлэхэд гипрогеологи, инженер-геологи, геокрилоги, геоботаники, геоморфологи, топограф зэрэг газар-дэлхийг судалдаг байгалийн бусад шинжлэх ухааны болон техникийн ухааны оролцоог ч хамтатгасан болно.

Saturday, September 10, 2022

Геофизикийн цахим ном худалдаанд гарлаа

Геофизикийн цахим ном худалдаж авах холбоос линк  ЭНД дарна уу


      
Геофизикийн үндэс: Бид газрын гадаргуу дээр буюу түүний ойролцоо хийсэн физик хэмжилтийг ашиглан гүний геологи-структур, ашигт малтмалын талаар хийж гүйцэтгэсэн бүх ажлыг нийтэд нь нэгтгэж геофизикийн судалгаа гэж тодорхойлдог. Гэхдээ геологи, геофизикийн шинжлэх ухааны хооронд агуулгынх нь хувьд авч үзвэл хил заагийн шугам тогтоох тийм ч хялбар биш байдаг бөгөөд анхны ялгаа нь тэдний өгөгдлийг авах аргад оршиж байдаг. Геологи нь газар дэлхийн судалгааг явуулахдаа гадаргуун болон уулын нэвтрэлт, цооногийн тусламжтайгаар чулуулгийг шууд ажиглан дүн шинжилгээ хийж тэдгээрийн бүтэц бүрэлдэхүүн, өнгөрсөн түүхийн талаарх дүгнэлт хийдэг байна. Геофизик нь арай өөрөөр, газрын гадаргуун тодорхой хэсгийг судлахдаа гадаргуу болон түүний ойролцоо хэсэгт холбогдох багаж төхөөрөмжийн тусламжтайгаар физик шинж чанарыг хэмжиж тогтоогоод шууд бус байдлаар ханддаг. Далдлагдсан хэсгийн тогтоц, бүтцийн талаарх ашигтай мэдээллийг олж авахын тулд хэмжилтийн өгөгдөлд тайлал хийх процессыг энд хамруулж авч үзэх хэрэгтэй.

Сейсмохайгуулын онолын үндэс: Энэ сурах бичигт геофизикийн судалгааны аргуудын нэг сейсмохайгуулын аргын үндэс болох уян харимхай орчинд долгион тархах зүй тогтол, сейсмийн долгионуудын төрөл, сейсмохайгуулын физик геологийн нөхцөл, хугацааны орон, годограф, долгионы орны тухай үндсэн ойлголт, долгионы тархах хурд зэрэг асуудлууд агуулагдсан болно. Сурах бичиг нь ашигт малтмалын эрэл хайгуулын геофизик мэргэжлийн бакалаврын түвшингийн сургалтанд зориулагдсан боловч энэ чиглэлээр ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын инженер, судалгааны ажилтан ашиглах боломжтой.

Сейсмохайгуулын аргууд II: Энэхүү сурах бичигт сейсмохайгуулын аргуудын хээрийн үйлдвэрлэлийн үндэс, сейсмийн долгионыг өдөөх, бичиглэл хийх, боловсруулалт, тайлал хийх арга техник, ойсон ба хугарсан долгионы аргуудаар хээрийн ажил явуулах онцлог, шийдвэрлэх геольогийн асуудлууд болон практик жишээнүүдийг агуулсан болно.

Соронзон хайгуул: Геологийн судалгаанд соронзон орны хэмжилтийг ашиглах боломж нь уулын чулуулаг ба хүдэр нь харилцан адилгүй соронзон шинжтэй байдагт оршино. Чулуулаг ба хүдрийн үндсэн хэсэг нь сул соронзон шинжтэй буюу бараг соронзон шинжгүй бүлэгт харъяалагдана. Зөвхөн ийм чулуулгаар бүрдэх газрын гадаргуун хэсэгт нэгэн жигд гэж хэлж болох хэвийн соронзон орон ажиглагдана. Гэхдээ чулуулаг ба хүдрийн зарим хэсэг нь үлэмж өндөр соронзон шинжийг агуулдаг. Соронзжилогдсон геологийн биет тогтмол соронзонгийн нэгэн адил өөрийн гэсэн соронзон орныг үүсгэх ба үүнийг гажлын орон гэж нэрлэдэг. Тэгэхээр соронзжилогдсон геологийн биетийн орчимд энгийн ба гажлын соронзон орон аль аль нь нэгэн зэрэг оршино. Эдгээр орны векторууд нэмэгдэж, үр дүнд бий болох нийлбэр орны хэмжээ энгийн орныхоос ялгагдах болно. Энэ биетийн орчмын орон зайд хэвийн бус орон буюу соронзон гажил ажиглагдах болно.

Tuesday, August 30, 2022

Монгол Улсын анхны геофизик инженер М.Сүрэнхорлоо гавьяат ажилтан цол хүртэв /2021 он/

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Геофизикийн цахилгаан хайгуулын олон төрлийн арга ашиглаж, газрын гүний усны эрэл, судалгааг олон жилийн турш цөл, тал хээр, мөнх цэвдэгтэй бүс нутагт хийж, хэдэн зуун уст цэг тогтоон, гүний өрөмдмөл худаг гаргаж, газар тариалан, малын бэлчээр, төв суурин газрыг усжуулахад бодитой хувь нэмэр оруулсан, олон арван мэргэжилтэн бэлтгэсэн Усны газрын ахмад ажилтан Мягмарын Сүрэнхорлоод Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээв.



Friday, August 12, 2022

“Эрэл геофизикийн цогцолбор экспедиц”-ийн Агаараас тандан судлах 9-р ангийнхан

Бичсэн: Boroldoi Jadamba 

ЭГЦЭ-д ажиллаж байсан залуу үеийн дурсгалт зургуудаа дурсав. 

Булган аймгийн нисэх буудал дээр хээрийн анги байгуулж байна.


Агаарын болон газрын судалгааны инженер техникийн ажилчид бүгд хамтдаа

Газрын соронзон орны гажлыг хэмждэг YMP-3 багажийг 1984-1987 оны хооронд босгож Монгол-149 Ан-2 онгоцонд суурилуулаад өөрсдийн хүчээр 1:200000 масштабын хайгуулын зураглал хийхээр Баянхонгор аймгийн Баянлиг сум руу нисэхийн өмнөхөн 1988 он




ЗИЛ-131 машин дээр бутка хийсэн. Тэрийгээ кранаар өргөж байна. Хээрийн судалгааны үед дотор нь байрлаж ажиллаж амьдардаг байсан.

Friday, July 1, 2022

The 71th Annual Meeting of the Society of Resource Geology (2022)

SRG-71th хуралд оролцож яваа Отгонбаяр эгчдээ амжилт хүсье. Геофизикийн үр дүнг геологитойн холбож тайлалт хийдэг мундаг геофизикчдын нэг төлөөлөл нь билээ. Цаашдынхан ажилдан ажлын өндөр амжилт хүсье.





Monday, June 20, 2022

ГАЗРЫН ТОС, нүүрс- устөрөгчийн нэгдлийн судалгаанд ГЕОФИЗИК-ийн судалгаа нь 80 орчим хувь эзэлдэг онцлогтой

Бичсэн: Геофизикийн зөвлөх инженер - Н.Баатар

    Газрын тосны тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 30 гаруй жилийн хугацаанд шинээр байгуулагдах газрын тосны боловсруулах үйлдвэрийг тасралтгүй түүхий эдээр хангах, дотоодын хэрэгцээгээ хангах үйлдвэрийн нөөц, түүхий эд бэлтгэгдээгүй, газрын тосны геологийн судалгаанд нутаг дэвсгэрийн 30 орчим хувь хамрагдсан байна.

    Төрөл бүрийн бүрийн ашигт малтмалын судалгааны 80 орчим хувь нь геологийн судалгаа, үлдсэн хувь нь геофизикийн судалгаа эзэлдэг байхад ГАЗРЫН ТОС, нүүрс- устөрөгчийн нэгдлийн судалгаанд эсрэгээрээ ГЕОФИЗИК-ийн судалгаа нь 80 орчим хувь эзэлдэг онцлогийг ч харгалзан үзэх шаардлага үүсч байна.
    Өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар хэвлэн нийтлүүлсэн:
1. Арвисбаатар.Н, Баатар.Н., 1997. НУУРУУДЫН ХӨНДИЙН ХОТГОРУУДЫН ТОГТОЦ /ГЕОФИЗИКИЙН СУДАЛГААНЫ ҮР ДҮН/, Геологи эрдсийн түүхий эдийн шинжилгээ судалгаа, /ГТЛ байгуулагдсаны 40 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал/, хууд 64-65
2. Баатар.Н, Золсайхан.Г., 2003. ГАЗРЫН ТОСНЫ САВ ГАЗРУУДЫН ГҮНИЙ ТОГТЦЫН ТАЛААР ГЕОФИЗИКИЙН РЕГИОНАЛЬ СУДАЛГААНЫ МАТЕРИАЛ АШИГЛАН ТАЙЛАХ НЬ, МОНГОЛ ОРНЫ НЕФТЬ ХИЙН САЛБАРЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД,№1(9), /Онол практикийн IX бага хурал/, хууд 17-21
3. Баатар.Н, Сэнгэдорж.Т, Хосбаяр.П., 2005. ГЕОФИЗИКИЙН РЕГИОНАЛЬ СУДАЛГААНЫ МАТЕРИАЛ ТАЙЛАЛТААР МОНГОЛ ОРНЫ ГАЗРЫН ТОСНЫ САВ ГАЗРУУДЫГ ҮНЭЛЖ, ГАЗРЫН ТОСНЫ СУДАЛГААНЫ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ, Монгол орны нефть хийн салбарын тулгамдсан асуудлууд, /Онол практикийн XI бага хурал/, №1(11), хууд 18-25
4. Баатар.Н, Чинбат.С, Бүжинлхам.Э., 2005, 2006. МОНГОЛ ОРНЫ ГАЗРЫН ТОСНЫ САВ ГАЗРУУДЫН ГЕОЛОГИЙН СУДАЛГААНД АНХААРАХ ЗАРИМ АСУУДЛУУД, “Дал” сонин, 2005 он, №215, нүүр 8, Монгол орны газрын тосны салбарын тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд, 2006 он, №1(12), хууд 6-10, Уул уурхайн сэтгүүл 2006/ №1(30), хууд 38-40
5. Баатар.Н, Дугараа.П, Чинбат.С, Оюунбилэг.Х, 2011. ГАЗРЫН ТОСНЫ IX ТАЛБАЙН ӨМНӨД ХЭСГИЙН ГҮНИЙ ТОГТОЦ, Газрын тосны салбарын 70 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээ, онол-практикийн бага хурлын илтгэлүүдийн эмхэтгэл, хуудас 29-32
6. Н.Баатар, А.Дэлгэрсайхан, Л.Чингисдалай, Г.Мөнхзул, М.Энхжаргал, Б.Цацрал., 2014. МОНГОЛ ОРНЫ ГЕОЛОГИ, ГЕОФИЗИКИЙН СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, Геологи 30, (Монгол Улсын Геологийн алба байгуулагдсаны 75 жилийн ой, ШУТИС-ийн доктор, профессор П.Дугараа, доктор, дэд профессор Д.Лхагвадорж нарын хөдөлмөр алдрын ойд зориулсан дугаар), хуудас 105-116
7. Баатар.Н, Дугараа.П, Чинбат.С, Оюунтуяа.Л, Дашбаатар.Б, Тунгалаг.Б., 2017. ГАЛБЫН ГОВИЙН ГАЗРЫН ТОС АГУУЛАГЧ БҮТЦИЙГ ГЕОФИЗИКИЙН БОЛОВСРУУЛАЛТ, ТАЙЛАЛТААР ИЛРҮҮЛСЭН НЬ, “Геофизик ба одон орон судлал” (ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн 60 жилийн ойд зориулсан) №4. 2017 хуудас 98-106; ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл №14/219; Газрын тос 2017 (Эх орондоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах уриан дор зохион байгуулсан), хуудас 27-34.

Monday, June 13, 2022

Н.Зоригтбаатар: Геологи хайгуулын салбарт бидэнд ухрах араа байхгүй

Монголын цооногийн геофизикийн судалгааны анхдагч компани болох “Монкаротаж” ХХК-ны ерөнхий захирал Н.Зоригтбаатартай уулзаж цооногийн болон талбайн геофизикийн судалгааг ашигт малтмалын хайгуулд хэрхэн ашигладаг талаар ярилцлаа. (2014 оны ярилцлага)


Юуны түрүүн мэргэжлийнхээ тухай болон үүсэл хөгжлийн түүхээс сонирхуулна уу?
     Би геофизикч, геологич мэргэжилтэй хүн. Дархан хотын “Политехникум”-ыг техник геофизикч, ТДС-ийг геологич мэргэжлээр төгссөн. Би суралцаж байх хугацаандаа үйлдвэрлэлийн дадлагаа олон улсын геологийн экспедицийн каротажийн станц дээр Монголын анхны каротажийн инженер Л.Балдорж ахын удирдлага дор зургаан сар каротажийн чиглэлээр дадлага хийсэн нь цооногийн геофизикийн судалгааны ажлыг илүү сайн ойлгож цаашид энэ чиглэлээр ажиллах үндэс суурь болсон байх гэж боддог. Сургуулиа төгсөөд “Эрэл геофизикийн цогцолбор экспедиц”-д хуваарилагдан ирэхэд манай экспедицийн ерөнхий геофизикч Б.Дэндэвчулуун гуай “Чи каротаж дээр дадлага хийсэн хүн байна. Таван толгойн каротажийн станц дээр очиж ажилла” гэж хэлсэн. Гэвч би Таван толгой гэж хаана байдгийг ч мэдэхгүй байсан учир “Ангийнхаа нөхөдтэй хамт талбайн геофизик дээр ажиллая” гэж хэлсэн. Ингээд нэг улирал талбайн геофизикийн ажил хийгээд, цэргийн албанд яваад буцаж ирээд каротажийнхаа ажлыг хийж эхэлсэн. Түүнээс хойш тасралтгүй каротажийнхаа ангид энэ мэргэжлээрээ ажиллаж байгаад 1996 онд “Монкаротаж”-ХХК-г байгуулан ажилласан. Тэр цагаас хойш одоо хүртэл мэргэжлийнхээ үйл ажиллагааг амжилттай явуулахад энэ салбарт 40 гаруй жил ажилласан Ч.Баянсан ахын маань түшиг тулгуур, тус дэм их байдаг. Геофизикийн шинжлэх ухаан бол дэлхийн царцдас давхарга болоод геологи хайгуулын судалгааны ажилд өргөн хэрэглэгддэг, бага зардлаар их хэмжээний үр дүн сайтай мэдээллийг авдаг дэлхийд шалгарсан шинжлэх ухааны арга юм. Энэ шинжлэх ухааны аргуудыг геологи хайгуул ашиг малтмалын судалгааны ажилд өргөн хэрэглэдэг бөгөөд геологийн ашигт малтмалын бүтэц тогтоцыг урдчилан газрын гадаргаас судалхад үр дүн сайтай нь олон арван жилийн судалгааны ажилуудаар батлагдаж байдаг. Талбайн болон цооногийн геофизикийн судалгааны маш олон төрлийн арга аргачлалууд байдаг. Эдгээр арга аргачлалуудыг ямар гарал үүсэлтэй, ямар төрлийн орд хайж байгаагаас шалтгаалж тухайн ордод тохирсон арга аргачлалуудыг сонгон авч судалгааны ажилдаа хэрэглэх нь чухал. Аливаа нэг орд дээр ажиллаж байгаа геологичид нь тухайн орд дээр хийлгэх геофизикийн судалгааны ажлыг, геофизикчид нь тухайн ордын геологийн тогтоцыг харилцан маш сайн ойлголцсоны үндсэн дээр хийх аргачлалаа зөв сонгосон байх нь хайгуулын ажлын үр дүнд сайнаар нөлөөлөх үндэс болдог. Энэ нь геологич, геофизикч нарын маш сайн ойлголцож, хамгийн сайн анхаарах ёстой асуудлын нэг мөнөөсөө мөн.

Wednesday, May 18, 2022

Зөвлөх инженер - Н.Баатар

 Эмэгтэй геофизикчдийн мундаг төлөөлөл болох Baatar Namsraijav эгчийгээ геофизикийн "ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР" болсонд нь баяр хүргэе. Цаашдын ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье!!! 



.

Tuesday, May 17, 2022

ГЕОФИЗИК-ийн зөвлөх инженер, мэргэшсэн инженерүүд /2022.05.12/

ГЕОФИЗИК-ийн зөвлөх инженер, мэргэшсэн инженерүүд 2022.05.12-ны өдөр Мэргэшсэн мэргэжилтний ёс зүйн тангаргаа өргөж, эрхийн гэрчилгээгээ гардан авсан.

Геофизикийн салбар 13 зөвлөх инженер, 11 мэргэшсэн инженерээр хүрээгээ тэллээ.

Та бүхэнд ажлын амжилт хүсэн ерөөе.


Monday, April 11, 2022

Эссэ бичлэгийн уралдаан - 2022 он

Эссэ бичлэгийн уралдааны хүлээн авах хугацаа 5-р сарын 31 болж сунгагдлаа. Ирээдүйн геофизикч болох ЕБС-ийн ахлах ангийн сурагчиддаа амжилт хүсье.

Геофизикийн шинжлэх ухааныг судалж ойлгосон ойлголтоороо эссэгээ бичээд доорх и-мэйл хаягаар илгээхэд л хангалттай юм шүү 🙂

Монгол хэл дээр мэдээлэл авах боломжтой зарим линкүүд:



https://iag.mn/mn/index.php?pid=145 


Thursday, April 7, 2022

Админы хайртай бүтээл

         9 жилийн өмөн буюу 2013 онд ийм хэмжээнд байсан гэхээр ихэл уйгагүй оролдож байсны илэрхийлэл юмуудаа... Тэр үед унтахыг мэдэхгүй бүтэн жил Geosoft version 6 оролдож суусан түүхтэй. Энийг хийх гэж өдөр шөнөгүй бодон, зүүдлэн байж нэг юм гараасаа гаргасан хайртай бүтээл минь байгаа юм.


        

            Geosoft нь version 8 буюу 2020 оны шинэ хувилбараас эхлэн дурын гурван хэмжээст биет шууд зурах боломжтой болсон. Энэ үед буюу 2012 онд тийм зэс Geosoft дээр огт байгаагүй. Гурван хэмжээст тоон өгөгдөл дээр тулгуурлан Voxel үүсэж, Voxel-оос Surface буюу гадаргуу үүсдэг байсан. Иймд маш олон гурван хэмжээст дата зохиож, үр дүнгийн нэгтгэх байдлаар зурсан.

        Биет үүсэхгүй зөвхөн гадаргуу үүсдэг байсан болохоор гадаргууг бүтэн болгож хаахын тулд, сонгож авсан "Richard.H Andesitic Volcanic unit" модельтэйгээ ижил болгохын тулд зохиож буй гурван хэмжээст тоон өгөгдөл бүр дээр их засвар гардаг байсан.

Tuesday, April 5, 2022

МУИС - Петрофизикийн лабораторийн танилцуулга

 


        Петрофизикийн лаборатори нь эрдэс чулуулгийн физик шинж чанар (нягт, соронзон мэдрэх чадвар, хувийн цахилгаан эсэргүүцэл, гамма туяаны цацаргалтын эрчим, уян харимхайн шинж)-ыг орчин үеийн өндөр нарийвчлал бүхий багажуудаар тодорхойлж, судалгааны талбайн чулуулгийн бүрэлдэхүүний физик шинж чанарын тархалтын хууль зүйг тодорхойлж, чулуулгийн гарал үүсэл, бүтэц тогтоц нас, найрлага, хувирлын зэрэг, эрдсийн бүрэлдэхүүн зэрэг бусад шинж чанаруудтай холбон тайлбарлан тайлалтыг  хийж байна.

Багаж тоног төхөөрөмж

Марк

Хэмжих нарийвчлал

Үйлдвэрлэсэн улс

1

Нягт хэмжигч

GP-600

0.01g/cm3

Тайван

2

Соронзон мэдрэх чадвар тодорхойлох каппаметр

КТ-10

1*106 SI

Канад

3

Уян харимхайн тууш долгионы тархах хурд хэмжигч (V meter)

MK-IV

2 микросекунд

АНУ

4

Хөрсний дээжийн хувийн цахилгаан эсэргүүцэл хэмжигч

MILLER-400A

0.01omh-1.1Momh

АНУ

5

Өрмийн дээжийн хувийн эсэргүүцэл тодорхойлогч

0.1

ОХУ

6

Гамма спектрометр

RS-230

АНУ

 

 

 И-мэйл: daariimaa@num.edu.mn                Утас: 88206898