Геофизикийн цахим ном худалдаж авах холбоос линк ЭНД дарна уу
Геофизикийн үндэс: Бид газрын гадаргуу дээр буюу түүний ойролцоо хийсэн физик хэмжилтийг ашиглан гүний геологи-структур, ашигт малтмалын талаар хийж гүйцэтгэсэн бүх ажлыг нийтэд нь нэгтгэж геофизикийн судалгаа гэж тодорхойлдог. Гэхдээ геологи, геофизикийн шинжлэх ухааны хооронд агуулгынх нь хувьд авч үзвэл хил заагийн шугам тогтоох тийм ч хялбар биш байдаг бөгөөд анхны ялгаа нь тэдний өгөгдлийг авах аргад оршиж байдаг. Геологи нь газар дэлхийн судалгааг явуулахдаа гадаргуун болон уулын нэвтрэлт, цооногийн тусламжтайгаар чулуулгийг шууд ажиглан дүн шинжилгээ хийж тэдгээрийн бүтэц бүрэлдэхүүн, өнгөрсөн түүхийн талаарх дүгнэлт хийдэг байна. Геофизик нь арай өөрөөр, газрын гадаргуун тодорхой хэсгийг судлахдаа гадаргуу болон түүний ойролцоо хэсэгт холбогдох багаж төхөөрөмжийн тусламжтайгаар физик шинж чанарыг хэмжиж тогтоогоод шууд бус байдлаар ханддаг. Далдлагдсан хэсгийн тогтоц, бүтцийн талаарх ашигтай мэдээллийг олж авахын тулд хэмжилтийн өгөгдөлд тайлал хийх процессыг энд хамруулж авч үзэх хэрэгтэй.
Сейсмохайгуулын онолын үндэс: Энэ сурах бичигт геофизикийн судалгааны аргуудын нэг сейсмохайгуулын аргын үндэс болох уян харимхай орчинд долгион тархах зүй тогтол, сейсмийн долгионуудын төрөл, сейсмохайгуулын физик геологийн нөхцөл, хугацааны орон, годограф, долгионы орны тухай үндсэн ойлголт, долгионы тархах хурд зэрэг асуудлууд агуулагдсан болно. Сурах бичиг нь ашигт малтмалын эрэл хайгуулын геофизик мэргэжлийн бакалаврын түвшингийн сургалтанд зориулагдсан боловч энэ чиглэлээр ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын инженер, судалгааны ажилтан ашиглах боломжтой.
Сейсмохайгуулын аргууд II: Энэхүү сурах бичигт сейсмохайгуулын аргуудын хээрийн үйлдвэрлэлийн үндэс, сейсмийн долгионыг өдөөх, бичиглэл хийх, боловсруулалт, тайлал хийх арга техник, ойсон ба хугарсан долгионы аргуудаар хээрийн ажил явуулах онцлог, шийдвэрлэх геольогийн асуудлууд болон практик жишээнүүдийг агуулсан болно.
Соронзон хайгуул: Геологийн судалгаанд соронзон орны хэмжилтийг ашиглах боломж нь уулын чулуулаг ба хүдэр нь харилцан адилгүй соронзон шинжтэй байдагт оршино. Чулуулаг ба хүдрийн үндсэн хэсэг нь сул соронзон шинжтэй буюу бараг соронзон шинжгүй бүлэгт харъяалагдана. Зөвхөн ийм чулуулгаар бүрдэх газрын гадаргуун хэсэгт нэгэн жигд гэж хэлж болох хэвийн соронзон орон ажиглагдана. Гэхдээ чулуулаг ба хүдрийн зарим хэсэг нь үлэмж өндөр соронзон шинжийг агуулдаг. Соронзжилогдсон геологийн биет тогтмол соронзонгийн нэгэн адил өөрийн гэсэн соронзон орныг үүсгэх ба үүнийг гажлын орон гэж нэрлэдэг. Тэгэхээр соронзжилогдсон геологийн биетийн орчимд энгийн ба гажлын соронзон орон аль аль нь нэгэн зэрэг оршино. Эдгээр орны векторууд нэмэгдэж, үр дүнд бий болох нийлбэр орны хэмжээ энгийн орныхоос ялгагдах болно. Энэ биетийн орчмын орон зайд хэвийн бус орон буюу соронзон гажил ажиглагдах болно.
No comments:
Post a Comment