ПҮРЭВИЙН ДУГАРАА
(1943-2022)
Монголын геофизикийн
шинжлэх ухааны салбарын ерөнхийлөгч, ШУТИС-ын Геологи, Уул Уурхайн Сургуулийн
Геофизикийн сургалт, үйлдвэрлэл, судалгааны төвийн захирал, ШУТИС-ийн хүндэт
профессор, Геологи-эрдэс судлалын ухааны доктор, профессор, МУ –ын зөвлөх
инженер Пүрэв овогтой Дугараа 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зуурдаар нас
барж Монголын геологийн салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.
П.Дугараа 1943 онд Ховд аймгийн Булган суманд
малчин ард Пүрэвийн ууган хүү болон
төрсөн ба Ховд аймагт ерөнхий боловсролын сургууль, Зөвлөлт холбоот улсын
Москва хотод Ломоносовын их сургуулийг Геологич-геофизикч мэргэжлээр төгссөн
байна. Тэр Эрхүүгийн Политехникийн дээд сургуульд техникийн ухааны докторын
зэрэг хамгаалсан, манай оронд
геофизикийн шинжлэх ухааныг
хөгжүүлэх, нутагшуулах, дэлхийн түвшинд авч явахад олон жилийн
бүтээлч хөдөлмөрөө зориулсан шилдэг эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгчдийн нэг байлаа.
Түүний санаачлага, оролцоотойгоор ШУТИС (ТИС)-д “Ашигт малтмалын эрэл,
хайгуулын геофизик” мэргэжлээр бакалавр, магистр, докторын шаталсан сургалттайгаар мэргэжлийн
геофизикчдийг бэлтгэж эхэлсэн
байна. П.Дугараагийн шууд удирдлагын дор МУИС, ПДС-ийн дэргэд “Геофизикчдийн
мэргэжлийн баг” бүрэлдэн бий болсон ба “Хайгуулын
геофизикийн лаборатори”–ийг байгуулсанаар өндөр мэргэжлийн геофизикчид
бэлтгэх ажил шинэ шатанд гарсан байдаг. Ийнхүү
МУИС-ийн физик, цаг уур, геологи, газарзүйн салбарын мэргэжлээр дээд мэргэжлийн
боловсон хүчин бэлтгэхэд эрэл, хайгуулын геофизикийн аргуудын онолын үндэс,
практик хэрэглээний талаар сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн ажлыг явуулах үндэс
суурь тавигдсан нь профессор П.Дугараагийн нэртэй шууд холбоотой.
Өнөөдөр тус сургуулийг төгссөн олон зуун мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид манай
орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.
П.Дугараа Монголын геофизикчдийн холбоог үүсгэн
байгуулагчдын нэг бөгөөд олон жил холбооны гүйцэтгэх захирлаар сонгогдон
ажиллаж мэргэжлийн холбоо, иргэний байгууллагын үйл ажиллагааг төлөвшүүлэхэд
үнэтэй хувь нэмэр оруулсан юм. П.Дугараа сургалт
судалгаа, эрдэм шинжилгээний ажлын зэрэгцээ үйлдвэрлэлд ажиллаж буй залуу боловсон хүчнийг сургах, тэдэнд ажил, амьдралын
арга барил олгоход сэтгэл харамгүй тусалдаг, хамт олны дунд өндөр нэр хүндтэй,
манай орны эрдэс баялгийн судалгаа, олборлож ашиглах үйл хэрэгт өөрийн
амьдралаа зориулсан ахмад туршлагатай хайгуулчдын нэг байлаа.
П.Дугараагийн олон жилийн бүтээлч хөдөлмөрийг үнэлж,
Сүхбаатарын одон (2009), Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон (2012), Алтан гадас одон (2001), хөдөлмөрийн хүндэт
медаль (1976), Ардын хувьсгалын 60,70, 80 жилийн ойн медаль, Их Монгол улс байгуулагдсаны 800
жилийн ойн медаль (2006), Монголын Бүтээлч
Иргэдийн Нэгдсэн холбооны Монгол гайхамшиг “Алтан хүн” одон, Эрчим хүч, уул
уурхайн үйлдвэр, геологийн яамны “Тэргүүний геологич”, Боловсролын яамны “Ардын боловсролын
тэргүүний ажилтан”, ШУА -ын “Шинжлэх ухааны
тэргүүний ажилтан”, Үйлдвэр, худалдааны яамны “Газрын тосны тэргүүний ажилтан”
болон ЗХУ-ын “Отличник разведки и охраны недр” (1981) цол тэмдэг, Геологийн салбарын ойн медалиудаар тус тус
шагнажээ.
Монголын геологи, уул уурхай, газрын тосны салбарт
“Дугараа багш” хэмээн хүндлэгдсэн эрхэм нөхрийн маань гэгээн дүр, ажилч
хичээнгүй чанар, найрсаг зан харьцаа бидний сэтгэл зүрхэнд үүрд үлдэх болно.
Ум сайн амгалан болтугай.
Монголын Геофизикчдийн холбоо
No comments:
Post a Comment