Thursday, March 23, 2023

Дорноговийн хотгорын петрофизикийн загвар, түүний геолог-структурийн онцлог /1989.03.18/

1989 оны 3 сарын 18-ны өдрийн ЭХУУҮГЯ-ны харьяа ЭРЭЛ ГЕОФИЗИКИЙН ЦОГЦОЛБОР ЭКСПЕДИЦИЙН техникийн зөвлөлийн хурлын проткол. Газрын тосны түвгэр. тогтоцын эрэлд ВЭЗ-VES ийн боловсруулж гаргасан КН-2үе-КН загвар хэрэглэх тухай.

Эх сурвалж: МУ-ын Зөвлөх инженер Ц.Түдэв

ЭМГЭНЭЛ

 
Рахатжангийн ХОВДХАН

 (1944-2023)

 

Геологийн салбарын ахмад ажилтан, геофизикч Р.Ховдхан ертөнцийн мөнх бусыг үзүүлж, бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

 

           Р.Ховдхан Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутагт малчин ардын гэр бүлд төрж, аймгийн нэгдүгээр 10 жилийн дунд сургуулийг 1962 онд төгссөн. ЗХУ-ын Ташкент  хотын Политехникийн дээд сургуулийн Геологийн факультетэд суралцаж уулын инженер геофизикч мэргэжил эзэмшсэн.

 

Р.Ховдхан нь “ЭРЭЛ ГЕОФИЗИКИЙН ЦОГЦОЛБОР ЭКСПЕДИЦИ”-ээс хөдөлмөрийн гараагаа эхлэн, 1968-1992 онуудад тус экспедицэд инженер, ахлах инженер,  ангийн дарга, 1992 оноос хувийн компаниудад ахлах геофизикч, зөвлөх геофизикчээр ажиллаж байсан.

 

Эрдэс баялгийн салбарт 50 гаруй жил ажиллахдаа геологийн зураглал, эрэл, хайгуул, ашиглалтын бүх үе шатанд төсөл төсөв зохиолтоос үр дүнгийн тайлан зохиолцон, хамгаалах хүртэл хээрийн судалгааны ажил, суурин боловсруулалтын ажлыг удирдан, зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлж ирсэн үйлдвэрлэлийн арвин их туршлагатай ахмад ажилтан байсан. Улсын геологийн фондод түүний зохиолцсон 20 орчим үр дүнгийн хадгалагдаж байна. 

 

Төв болон өмнөт Монголд тархсан нүүрсний орд, илрэлүүд болон газрын тос /нефть/, газрын гүн дэх усны судалгааны геофизикийн ажлуудыг удирдан хэрэгжүүлэхдээ цахилгаан хайгуул болон чичирхийлэл /сейсм/-ийн арга, аргачлалуудыг оновчтой сонгон хэрэглэж, боловсруулалт тайлалт хийн, тогтоогдсон баялаг, нөөцийн хэмжээг гүн дэх мэдээллээр нь ихэсгэн нэмэгдүүлэх, Монгол инженерүүд өөрсдийн хүчээр газрын тосны судалгааны ажлыг хийх үндэс суурийг тавьж, эхлүүлсэн зэргээр үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Тухайлбал: Унгарын улсын геофизикчидтэй хамтран Шаргын говь, Хүйсийн говьд газрын тосны судалгааны ажлыг гүйцэтгэн, анхдагч мэдээллийг бүрдүүлсэн. Таван толгойн ордын хайгуул хийж байх он жилүүдэд геофизикийн цахилгаан хайгуул болон сейсмийн эрлийн ажлаар ордын гүний усны болон нүүрсний давхаргуудыг тогтоож хайгуулд шилжүүлсэн нь одоогоор ашиглагдаж байгаа бөгөөд ард иргэд бид үр өгөөжийг нь хүртсээр байгаа билээ.

 

Ахмад ажилтан Р.Ховдхан нь геофизикийн сейсмийн арга аргачлалаар нарийн мэргэшсэн, орос хэл, англи хэлний өндөр мэдлэгтэй, түүний эрдэс баялгийн салбарт оруулсан хувь нэмэр, түүний хөдөлмөрч, хичээнгүй, шулуун шударга зан чанар, гэгээн дүр нь бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

 

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

 

МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО


ЭРЭЛ ГЕОФИЗИКИЙН ЦОГЦОЛБОР ЭКСПЕДИЦИ

Monday, March 20, 2023

Угсардаг Монгол гэрийн танилцуулга

Монгол геофизикчдийн ухаанаар зохион бүтээгдэж, геологи болон хайгуулын ажилд 2014 оноос хойш ашиглагдаж байгаа энэхүү угсардаг гэр нь овор хэмжээ бага тул барьж буулгахад хялбар, мөн тээврийн зардлыг хэмнэх ач холбогдолтой.

Хураасан гэрийн овор хэмжээ нь Ланд-н ачаан дээр багтана. Нэг гэр 6 талтай ба 110-120кг жинтэй.

Зохион бүтээсэн геофизикийн компани: ДашМагИнж ХХК




Wednesday, March 15, 2023

Монголын геологичдын улсын анхдугаар зөвлөгөөн

 Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.


Монголын геологичдын улсын анхдугаар зөвлөгөөн тун удахгүй болох гэж байгааг та бүхэнд мэдэгдэж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төсөл, геологийн судалгаа, ашигт малтмалын хайгуулын ажлын үед орон нутгийн зүгээс үзүүлж буй сөрөг нөлөөлөл зэргийг хэлэлцэх болно.

Иймд Монголын геологичдын улсын анхдугаар зөвлөгөөнийг өндөр үр дүнтэй ажил болгон хэрэгжүүлэхэд таны болон салбарын хамт олны дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагаа нэн чухал бөгөөд та бүхний өгөх санал салбарын хөгжилд томоохон түлхэц өгнө гэдэгт бид итгэж байна.


Дараах холбоос линкээр дамжин орж дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсье.


Хамрах хүрээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
Үндэсний геологийн алба
Ашигт малтмал газрын тосны газар
Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл
Салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл


ҮГА, АМГТГазруудын санаачилгыг дэмжиж, хамтран ажиллахыг хүсье.