Өнөөдөр би Монголын геофизикчид болон геофизикийг ойлгодог
геологийн салбарын мэргэжилтнүүдээсээ “Таны бодлоор Ашигт малтмал, газрын
тосны газарт Геофизикийн хэлтэс байгуулах хэрэгцээ байна уу?” гэсэн
асуултыг асуухыг хүслээ.
Энэ асуултанд идэвхтэй хариулж, сошиал орчинд үзэл бодлоо
бичих байдлаар Монголын геофизикийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулаасай
гэж та бүхнээсээ хичээнгүйлэн хүсэж байна. Би ч бас энэ асуултанд хариулъя.
Монголын геологийн салбар үеийн үед хялбар, хямд аргаар хэтийн
төлөвтэй объектыг илрүүлэх нөхцөлтэй геологийн судалгааг хийсээр ирсэн. Гадаргууд
ойрхон ордуудыг эрчимтэй нээн илрүүлж, олборлож байгаа цаг үед бидний дараагийн
эрчимтэй хөгжих үе шат бол яах аргагүй газрын гүн рүү хэдэн зуун метрээс хэдэн
километрийн мэдээллийг геофизикийн судалгааны үр дүн дээр үндэслэн эрж хайх
явдал мөнөөсөө мөн. Иймд би дээрх асуултанд 100% хэрэгтэй байна гэж хариулах болно.
Геофизикийн хэлтэс нь үндсэндээ Геофизикийн өгөгдлийг цаг
хугацаанд нь дахин хэрэглэх боломжтой байдлаар шаардлага хангахуйц хэмжээнд
цуглуулах, боловсруулах, тайлал хийх, хянах, хэрэглээнд нэвтрүүлэх үүрэгтэй ажиллах
шаардлагатай байна. Өнөөдөр Ашигт малтмал, газрын тосны газарт геофизикийн хэлтэс
байхгүй ч эдгээр ажлууд хийгдсээр байна. Гэхдээ геофизикийн хэмжилтийн үр дүнг дахин
ашиглах, нэгтгэх, геологийн мэдээлэлтэй уялдуулж бүрэн дүүрэн ашиглах ажил
хоцрогдолтой байсаар байна.
Үүний нэг тод жишээ бол манайд ноёрхож байсан хуучин техник-технологийн
тусламжтай хийсэн, үнэ өртөг шингэсэн ажлын анхдагч материал буюу Ашигт малтмал,
газрын тосны газарт байгаа тухайн үеийн сейсмийн анхдагч өгөгдлийг ашиглаж чадахгүй,
хадгалалтын горим алдагдан эвдэрч гэмтсээр, цаашилбал хаягдах хүртэл аюул нүүрлэсэн
байна. Эдгээр анхдагч материалуудыг орчин үеийн дэвшилтэд программ хангамжаар дахин
боловсруулах гарц гаргалгааг олон, дахин ашиглаж чадвал хайгуулын ажилд
зарцуулах байсан хэтийн зардлыг эрс бууруулах ба түүнд зарцуулах байсан зардлын
өчүүхэн хэсгээр нь их хэмжээний геофизикийн мэдээллийн сантай болох боломжтой. Энэ
асуудлыг геофизикийн хэдхэн мэргэжилтэн шийдэх боломжгүй. Иймд Геофизикийн
хэлтэс зайлшгүй шаардлагатай байна. Геофизикийн хэлтэс иймэрхүү тулгамдсан
асуудлыг хөндөж байх, шийдэх гарцуудыг олох, төсөл бичих, тендер зохион
байгуулах гээд геофизикийн зохих арга хэмжээг илүү хурдацтай авч, ажил хэрэг болгож чадах болов уу? Дахин ийм асуудал тулгамдахгүй байх тал дээр төвлөрч,
цаашид илүү үр дүнтэй ажиллах болов уу? Геофизикийн хэлтэстэй болчихвол энэ мэтчилэн давуу тал
олон байх юм шиг санагдаад үзэл бодлоо илэрхийллээ.
Нэгэнт дэлхийн
геологийн салбарын хөгжил гүний судалгаа руу эрчимжиж байгаа өнөө үед бид Ашигт
малтмал, газрын тосны газрын геофизикийн мэдээллийн сан бүрдүүлэлт болон
геофизикийн судалгааны ажлын ололт амжилт, давуу тал, сул тал, дутагдалтай тал,
хүндрэлтэй байгаа асуудлуудын талаар нээлттэй сошиал орчинд хэлэлцэх цаг үе нь мөн
гэж бодож байна. Хэрвээ
энэ бичвэрийн үр дүнд “ТАНЫ БОДЛООР АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАРТ
ГЕОФИЗИКИЙН ХЭЛТЭС БАЙГУУЛАХ ХЭРЭГЦЭЭ БАЙНА УУ?” гэх асуулт
цагаа олсон зөв асуулт гэж олонхын санал нэгдэж байгаа нь ажиглагдвал, салбараа
гэх сэтгэлтэй геологийн салбарын мэргэжилтнүүдийн үнэтэй үзэл бодлуудад үнэлэлт
дүгнэлт хийн, Монголын геофизикчдийн төлөөлөл болсоор ирсэн “Монголын геофизикчдийн
холбоо” шаардлагатай арга хэмжээг авч, хандах газруудад албан ёсоор уламжилж
өгөн гэдэгт итгэлтэй байна. Мэдээж энэ асуудлыг “Монголын геофизикчдийн холбоо”
удаа дараа хөндөж байсан түүхтэй боловч тухайн үед хүчээ авч чадаагүй, тодорхойгүй шалтгаануудын улмаас өнөөдөр
бийллээ олоогүй байгаа нь ил тод байна. Иймд олонхын хүчийг авах зорилготой сайн
дураараа энийг бичсэнийг зөв өнцгөөс нь эерэг хандлагаар хүлээн авч уншаасай
гэж эрхэм хүндэт мэргэжилтэн та бүхнээсээ хүсэж байна. Хэрвээ буруу зөрүүтэй мэдээлэл
бичсэн байвал залуу геофизикч намайг өршөөн соёрхохыг бас хүсье.
АНХААРАЛ ТАВЬСАН ТА БҮХЭНД
БАЯРЛАЛАА
Хүндэтгэсэн: “Монголын
геофизикчдийн холбоо”-ны
Удирдах зөвлөлийн гишүүн А.Болор-Эрдэнэ
Дэмжиж байна.
ReplyDelete