Шинжлэх ухааны академийн (ШУА) Одон орон геофизикийн хүрээлэн (ООГХ) нь одон орон, сансар судлал, геофизик, газар хөдлөл судлалын чиглэлээр онолын суурь судалгаа, судалгаа боловсруулалтын ажлыг орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн түвшинд гүйцэтгэж, дэлхийн шинжлэх ухааны сан хөмрөгийг баяжуулан, нийгэмд шинэ мэдлэг мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг үйлдвэрлэл практикт нэвтрүүлэн эх орныхоо нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Бид орчлон ертөнцийн үүсэл хөгжил, одод тэнгэр, сансар судлал, сансрын техник технологийн талаарх орчин үеийн олон улсын ололт амжилтыг нийгэмд таниулан сурталчлах, залуу ирээдүй үеэ шинжлэх ухаанд дуртай, эрдэм номтой ирээдүйн Монгол Улсын иргэн болгон хүмүүжүүлэхийн төлөө ажиллаж байна.
ШУА-ийн ООГХ-ийн Астропарк салбар нь Коника Минолта “MS-8” аналог тоног төхөөрөмжийн тусламжтайгаар одон орон, сансар судлалын шинжлэх ухааны талаарх мэдээ мэдээллийг хүрээлэн дээрээ зочлон ирсэн 115,000 гаруй хүнд таниулан сурталчлаад байна.
Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн санаачилгаар Монгол улсынхаа алслагдсан аймаг, сумдын хүүхэд залууст одон орон, сансар судлалын мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор 2022-2024 онуудад Нүүдлийн планетариумаар дамжуулан 19 аймаг, 9 дүүргийн 29000 гаруй хүнд хүрч ажилласан байна.
2024 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Астропаркийн 10 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн дэмжлэгтэйгээр Франц улсын RSA космос компанийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, дижитал шийдэл бүхий, өндөр хүчин чадалтай планетариумын тоног төхөөрөмж, одон орны SkyExplorer программ хангамжийг суурилуулан ашиглаж эхэллээ.
2022-2024 онуудад Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Цахим Хөгжил Харилцаа Холбооны Яам, Шинжлэх Ухааны Академи, МУИС, ШУТИС, Монголын Сансрын Технологийн Холбоо ТББ, Спэйс Академитай хамтран Монгол Улсад сансрын техник технологийг хөгжүүлэх, үндэсний мэргэшсэн боловсон хүчнийг сурган бэлтгэх, оюутан сурагчид, инженер судлаачид болон олон нийтэд шинжлэх ухааныг таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ач холбогдол бүхий Кансат үндэсний тэмцээнийг амжилттай зохион байгуулж байна.
БИД ЭХ ОРНЫХОО ИРЭЭДҮЙН ОЮУНЫ ХӨГЖИЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙДЭГ.
No comments:
Post a Comment