Thursday, March 23, 2023

ЭМГЭНЭЛ

 
Рахатжангийн ХОВДХАН

 (1944-2023)

 

Геологийн салбарын ахмад ажилтан, геофизикч Р.Ховдхан ертөнцийн мөнх бусыг үзүүлж, бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

 

           Р.Ховдхан Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутагт малчин ардын гэр бүлд төрж, аймгийн нэгдүгээр 10 жилийн дунд сургуулийг 1962 онд төгссөн. ЗХУ-ын Ташкент  хотын Политехникийн дээд сургуулийн Геологийн факультетэд суралцаж уулын инженер геофизикч мэргэжил эзэмшсэн.

 

Р.Ховдхан нь “ЭРЭЛ ГЕОФИЗИКИЙН ЦОГЦОЛБОР ЭКСПЕДИЦИ”-ээс хөдөлмөрийн гараагаа эхлэн, 1968-1992 онуудад тус экспедицэд инженер, ахлах инженер,  ангийн дарга, 1992 оноос хувийн компаниудад ахлах геофизикч, зөвлөх геофизикчээр ажиллаж байсан.

 

Эрдэс баялгийн салбарт 50 гаруй жил ажиллахдаа геологийн зураглал, эрэл, хайгуул, ашиглалтын бүх үе шатанд төсөл төсөв зохиолтоос үр дүнгийн тайлан зохиолцон, хамгаалах хүртэл хээрийн судалгааны ажил, суурин боловсруулалтын ажлыг удирдан, зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлж ирсэн үйлдвэрлэлийн арвин их туршлагатай ахмад ажилтан байсан. Улсын геологийн фондод түүний зохиолцсон 20 орчим үр дүнгийн хадгалагдаж байна. 

 

Төв болон өмнөт Монголд тархсан нүүрсний орд, илрэлүүд болон газрын тос /нефть/, газрын гүн дэх усны судалгааны геофизикийн ажлуудыг удирдан хэрэгжүүлэхдээ цахилгаан хайгуул болон чичирхийлэл /сейсм/-ийн арга, аргачлалуудыг оновчтой сонгон хэрэглэж, боловсруулалт тайлалт хийн, тогтоогдсон баялаг, нөөцийн хэмжээг гүн дэх мэдээллээр нь ихэсгэн нэмэгдүүлэх, Монгол инженерүүд өөрсдийн хүчээр газрын тосны судалгааны ажлыг хийх үндэс суурийг тавьж, эхлүүлсэн зэргээр үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Тухайлбал: Унгарын улсын геофизикчидтэй хамтран Шаргын говь, Хүйсийн говьд газрын тосны судалгааны ажлыг гүйцэтгэн, анхдагч мэдээллийг бүрдүүлсэн. Таван толгойн ордын хайгуул хийж байх он жилүүдэд геофизикийн цахилгаан хайгуул болон сейсмийн эрлийн ажлаар ордын гүний усны болон нүүрсний давхаргуудыг тогтоож хайгуулд шилжүүлсэн нь одоогоор ашиглагдаж байгаа бөгөөд ард иргэд бид үр өгөөжийг нь хүртсээр байгаа билээ.

 

Ахмад ажилтан Р.Ховдхан нь геофизикийн сейсмийн арга аргачлалаар нарийн мэргэшсэн, орос хэл, англи хэлний өндөр мэдлэгтэй, түүний эрдэс баялгийн салбарт оруулсан хувь нэмэр, түүний хөдөлмөрч, хичээнгүй, шулуун шударга зан чанар, гэгээн дүр нь бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

 

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

 

МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО


ЭРЭЛ ГЕОФИЗИКИЙН ЦОГЦОЛБОР ЭКСПЕДИЦИ

No comments:

Post a Comment