Monday, December 23, 2019

МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО(ТББ)-НЫ 2016-2019 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН, ЦААШДЫН ЗОРИЛТ


Эрхэм хүндэт гишүүд, дэмжигчид ээ,

Монголын Геофизикчдийн  Холбооны 2015 оны 12 сард хуралдсан YII чуулганаас хойш яг 4 жилийн хугацаа өнгөрчээ. Холбооны дүрэм ёсоор ээлжит YIII чуулганыг өнөөдөр зарлан хуралдуулж байна.

        1993 онд байгуулагдсан манай холбоо салбартаа анхдагч нь байлаа. Монгол улс зах зээлийн харилцаанд шилжээд геологийн салбарын бүтцийн тогтолцоо алдагдсан, геологи хайгуулын ажил санхүүгийн уналтанд орсон хэцүү үед үүсэн байгуулагдсан байдаг. МГеофХ-ны 26 жилийн түүхэн замналын эхний жилүүд төлөвшин тогтнохын төлөө тэмцэл байлаа. Харин одоо салбарынхаа төрийн болоод төрийн бус байгууллагууд, геологичид, геофизикчдийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн иргэний байгууллага боллоо.
       
          Монголын Геофизикчдийн холбоо (МГеофХ) үүсэн байгуулагдсан цагаасаа манай оронд геофизикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, түүний хэрэглээг нэмэгдүүлэх, геофизикчдийн ажлын үнэлэмжийг өсгөх, тэдний эрх ашгийг хамгаалах, төрийн бодлого, эрх зүйн баримт бичигт геофизикчдийн дуу хоолой, санал бодлыг тусгуулах, ахмад геофизикчдэд хүндэтгэл үзүүлэх, тэдний залгамж халаа болсон залуу үеийнхэнд дэмжлэг үзүүлэх, төрийн болоод төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахад үйл ажиллагаагаа чиглүүлж ирлээ.
Монголын Геофизикчдийн холбоонд геофизикийн хайгуул судалгаа эрхлэн явуулдаг 62 компани, 500 гаруй мэргэжлийн геофизикчид бүртгэлтэй байна.Төрийн болон шинжлэх ухааны, мөн их сургуулиудын 14 байгууллага салбарын удирдлага, эрдэм шинжилгээ, сургалтын ажил эрхэлж байна.  Энэ бол манай оронд геофизикийн судалгаа салбарын хэмжээнд хүртэл өргөжиж, мэргэжилтний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хангамжийн талаар ямар ч ажил хийх хэмжээнд хүрсэний баталгаа мөн.

        Монголын Геофизикчдийн холбооны YII чуулганаас сонгогдсон удирдах зөвлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж ирлээ. МГеофХ-ны дүрэм, Төрийн бус байгууллагын тухай хуулийг удирдлага болгон  МГеофХ-оос  хийх ажлыг 5 бүлэг, 40 заалттайгаар 4 жилээр төлөвлөн, жил бүр тодотгон нэмэлт өөрчлөлт оруулан, гүйцэтгэлийг жилээр гарган Удирдах зөвлөлөөр хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөн ажиллаа. Одоо холбооноос тайлангийн хугацаанд хийсэн ажлын талаар товч тайлагная.

Нэг. Зохион байгуулалтын ажлын талаар: МГеофХ-ны гишүүд, гишүүн байгууллагуудын судалгаа, бүртгэлийг шинэчлэх, баяжуулах, Гишүүн-байгууллагуудад Гэрчилгээ /Сертификат/ шинээр хэвлэж олгох, Гишүүдэд үнэмлэх олгох,  бүртгэлийг үндэслэн гишүүнчлэлийн татварыг төвлөрүүлж, холбооны санхүүжилтыг бүрдүүлэх, МГеофХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийн ажил, үүргийн хуваарийг шинэчлэх, МГеофХ-ны удирдах зөвлөл (УЗ)-ийн хурлыг зохион байгуулж хийх, МГеофХ-ны ажлын байр, бичиг хэрэг, харилцаа холбооны асуудлыг боловсруулж УЗ-өөр шийдвэрлүүлэх, МГеофХ-ны удирдах зөвлөлийн фасе групп үүсгэн мэдээлэл солилцох зэрэг ажлыг зохион байгуулав. Хүснэгтээс үзвэл 16 гишүүн байгууллага байгаа харагдавч зөвхөн 7 компани тайлангийн хугацаанд холбоог санхүүгийн талаар тууштай дэмжиж ирлээ, Тухайлбал, Татах хүч, Монкаротаж, Амодисковер, Геосигналс, Жи И энд Эс, Жи энд Ди Эс компаниуд болон Одон орон геофизикийн хүрээлэн байна. Эдгээр байгууллагын удирдлага, хамт олон зөвхөн мөнгө, санхүүгийн талаар дэмжээд зогсохгүй хурал, уулзалт зохион байгуулах, үзэсгэлэн семинар, ажил мэргэжлийн уралдаанд оролцох, спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, зэрэгт холбоог бүх талаар дэмжин туслаж ирсэн юм.

       Тайлангийн хугацаанд “МГеофХ-ны Удирдах зөвлөл” гэсэн хаалттай бүлэг ажиллуулж зөвхөн удирдах зөвлөлийн гишүүдийн хооронд мэдээлэл солилцож ажилласан нь холбооны ажилд дөхөмтэй байлаа. Үүнээс гадна “Mongolian Geophysical Society” нэртэй нээлттэй Фэйс хаяг санаачлан нээж, өөрөө админаар нь ажиллаж байгаа  геофизикч Амарбилэгийн Болор-Эрдэнэд Геофизикчдийн өмнөөс талархал илэрхийлье. “Mongolian Geophysical Society” одоо 1300 гаруй байнгын гишүүнтэй болсон байна.

      МГеофХ-ны “Лого”-г шинэчлэн (“Амодисковер” ХХК-ийн захирал С.Мөнхбаатарын зохиосон загвар) удирдах зөвлөлөөр хэлэлцэн баталж улмаар энгэрийн тэмдэг, тосон балын үзэгт хийлгэн холбоог сурталчилах үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн ба одоо геологийн салбарт үндсэндээ танигдсан болно.

     Өнгөрсөн хугацаанд Монголын Геофизикчдийн холбооны гишүүн байгууллага, Геофизикийн тодорхой арга, аргачлалаар мэргэшсэн байгууллагын Гэрчилгээг шинэчлэн хэвлүүлсэн ба гишүүний үнэмлэхийг гишүүн ба оюутан гишүүн гэсэн хоёр хэлбэрээр хэвлүүлэн олгож эхэлсэн.   

МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ (2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр)




Монголын Геофизикчдийн холбооны YII дугаар
чуулганаар нэмэлт өөрчлөлт оруулан батлав.
2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр

МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг зүйл.

1.1.      Нэр:           МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО (МГеофХ)
            Оросоор:   ОБЩЕСТВО МОНГОЛЬСКИХ ГЕОФИЗИКОВ
            Англиар:    MONGOLIAN SOCIETY OF GEOPHYSICISTS
            Хаяг:          Монгол улс, Улаанбаатар хот, 17051, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 
                              “Шинэ дэлхий” оффис, 6 давхар

1.2. Монголын Геофизикчдийн холбоо (цаашид холбоо гэх) нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геофизикийн үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ судалгаа, сургалтын болон бусад үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс сайн дурын үндсэн дээр нэгдсэн, гишүүддээ үйлчилдэг, төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага мөн.


Хоёр. Монголын Геофизикийн холбооны зорилго, үйл ажиллагаа

2.1. Монгол Улсад геофизикийн шинжлэх ухааны олон салбарыг дэмжин хөгжүүлэх, тухайлбал, дэлхий судлал, геологи ашигт малтмалын эрэл хайгуул ба байгаль орчин, экологийн судлалыг орчин үеийн техник технологийн түвшинд нийцүүлэн боловсронгуй болгон сайжруулах, мэргэжлийн байгууллага, геофизикч мэргэжилтнүүдийн эрх ашиг сонирхлыг нэгтгэн, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог төгөлдөржүүлэхэд холбооны зорилго оршино.

2.2. Холбоо нь үйл ажиллагаагаа Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд явуулна.

2.3. Холбоо нь өөрийн онцлох бэлгэдэл, тэмдэгтэй байх бөгөөд холбооны төв байгууллага тогтоосон журмаар үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

2.4. Холбоо нь өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар бие даан ажилладаг хуулийн этгээд мөн.

2.5. Холбоо нь гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ бие даан хариуцах бөгөөд холбооны гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн, гишүүн байгууллага нь хууль, тогтоомж зөрчсөн үйлдэл гаргасан тохиолдолд өмнөөс нь хариуцлага хүлээхгүй.

2.6. Холбоо нь олон улсын геофизикийн нийгэмлэг, Азийн геофизикийн холбоо болон бусад олон улсын сайн дурын нийгэмлэг, холбоонд гишүүнээр элсэн орж болно.

2.7. Холбоо нь мэргэжлийн байгууллага, хувь хүмүүст мэргэшлийн зэрэглэл тогтоон, сертификат олгох үйл ажиллагааг төрийн байгууллага, мэргэжлийн бусад холбоодтой хамтран хэрэгжүүлэхийн зэрэгцээ олон улсын байгууллагуудтай хамтран олон улсын хэмжээний сертификат олгох боломжийг судлан, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулна.
2.7.1. Холбоо нь геофизикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, геофизикчдын оюуны чадавхи, мэргэжлийн чадварыг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана.

2.8. Олон нийтэд геофизикийн мэргэжлийг танилцуулж, сурталчилна.

2.9. Геофизикийн салбарт дараахь үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Холбооны үйл ажиллагаа чиглэгдэнэ.
2.9.1. Төрийн байгууллагаас геологи, эрдэс баялгийн чиглэлээр гүйцэтгэх судалгаа, шинжилгээ, боловсон хүчин бэлтгэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлийн төслүүдэд үнэлэлт дүгнэлт гаргах;
2.9.2. Байгалийн үзэгдлийн гамшгийг бууруулах, ашигт малтмал, орд газар, эрдэс баялгийн нөөцийн үнэлгээ өгөх чиглэлүүдээр төсөл санаачлан хэрэгжүүлэх;
2.9.3. Геофизикийн судалгааны арга зүй, мэдээлэл тайллын технологийн түвшин, үр ашгийг дээшлүүлэх, мэргэжлийн байгууллагуудаас гүйцэтгэх ажлыг хамгийн ашигтай байх зарчмаар зохицуулах;
2.9.4. Үндэсний ба олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал, онол практикийн бага хурал, зөвлөлгөөн, семинар өөрийн оронд зохион байгуулах, гадаадын оронд зохион байгуулагдсан арга хэмжээнд өргөн оролцох;
2.9.5. Олон улсын ижил төстэй байгууллагатай хамтран ажиллаж мэргэжилтэн бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, мэдээлэл солилцох, хамтран боловсруулах;
2.9.6. Мэргэжлийн ном товхимол, сурах бичиг, сэтгүүл, шуурхай мэдээлэл, эрдэм шинжилгээ, судалгааны материалыг хэвлэн нийтэлж, олны хүртээл болгох.

Гурав. Монголын Геофизикийн холбооны удирдлагын бүтэц, хяналтын тогтолцоо

3.1. Холбооны чуулган. Холбооны удирдах дээд байгууллага нь холбооны гишүүд, дэмжигчдийг оролцуулсан холбооны чуулган (цаашид Чуулган гэх) байна.
3.1.1. Ээлжит чуулганыг хоёр жил тутамд хуралдуулах бөгөөд түүний хуралдах хугацаа, хэлэлцэх асуудлыг холбооны удирдах зөвлөл товлон зарлана. Чуулганы хуралдаан нь бүх гишүүдийн олонхи оролцсоноор хүчин төгөлдөр болно.
3.1.2. Холбооны ээлжит бус чуулганыг Удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3-оос дээш хувийн саналаар зарлан хуралдуулж болно.
3.1.3. Чуулганд оролцогчдын олонхийн саналаар шийдвэр гаргана. Санал өгөх хуудас буюу бичгээр санал өгөх замаар чуулганд оролцож болно.
3.1.4. Чуулган нь дараах асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргана. Үүнд:
3.1.4.1. Холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах;
3.1.4.2. Холбооны үйл ажиллагааны хэтийн бодлого, зорилтыг тодорхойлох;
3.1.4.3. Холбооны дүрэм, чуулганы шийдвэрийн биелэлтийг хэлэлцэх;
3.1.4.4. Холбооны удирдах зөвлөлийн тайланг хэлэлцэх
3.1.4.5. Удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, чөлөөлөх;
3.1.4.6. Хяналтын зөвлөлийн гишүүнийг сонгох чөлөөлөх;
3.1.4.7. Холбооны чуулганы онц эрх хэмжээнд үл хамаарах бусад асуудлууд.

3.2 Холбооны удирдах зөвлөл. Чуулганы хооронд удирдах дээд байгууллага нь холбооны Удирдах зөвлөл мөн. Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнийг чуулганаас тухай бүрд тогтоож болох боловч түүний доод хязгаар нь 9, дээд хязгаар нь 15 гэсэн сондгой тоотой байна. Удирдах зөвлөлийн гишүүдийг чуулганд оролцсон нийт гишүүдийн нууц санал хураалтаар чуулганаас олонхийн саналаар 4 жилийн хугацаатай сонгоно. Удирдах зөвлөлийн хурлыг улиралд 1 удаа хуралдуулна. Шаардлагатай тохиолдолд холбооны тэргүүн болон удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны нэгийн саналаар хуралдуулна. Удирдах зөвлөлийн гишүүдийн энгийн олонхи нь оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно.
3.2.1 Удирдах зөвлөл нь хуралдаанаараа шийдвэр гаргахад дараах журмыг баримтална. Үүнд:
3.2.1.1 Хуралд оролцогчдын олонхийн саналаар хувь хүнтэй холбоотой саналыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хурааж, шийдвэр гаргана.
3.2.2 Хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтлөх ба хурлаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр нь гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй асуудалтай холбогдсон тайлбар, шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тусгана.
3.2.3 Удирдах зөвлөлийн хуралдаанаар дор дурдсан асуудлыг хэлэлцэж хуралд ирсэн гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Үүнд:
3.2.3.1 Холбооны үйл ажиллагааны ойрын зорилт, чиглэлийг тогтоох;.
3.2.3.2 Холбооны жилийн ажлын төлөвлөгөө, төсөв, гүйцэтгэх захирал, нарийн бичгийн даргын цалингийн сан, түүний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж, батлуулах;
3.2.3.3 Гүйцэтгэх захирлын тайланг хэлэлцэх;
3.2.3.4 Холбооны өмч хөрөнгийн ашиглалт зарцуулалт, түүнийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын хэм хэмжээг тогтоох;
3.2.3.5 Олон улсын болон бүс нутгийн мэргэжлийн байгууллагад гишүүнээр элсэх, гэрээ хэлэлцээрт нэгдэн орох, түүнээс гарах.
3.2.3.6 Орон гарсан удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, тодорхой шалтгааны улмаас үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх,
3.2.3.7 Орон гарсан хяналтын зөвлөлийн гишүүнийг сонгох, тодорхой шалтгааны улмаас үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон хяналтын зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх,
3.2.3.8 Гишүүд, гишүүн байгууллагын татварын хэмжээг шинэчлэн тогтоох,
3.2.4 Удирдах зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
3.2.4.1 Холбооны өмнө тулгарсан үйл ажиллагааны асуудлыг шийдвэрлэх үндсэн үүрэгтэй;
3.2.4.2 Холбооны чуулган, удирдах зөвлөлийн хуралдааныг хуралдуулах, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
3.2.4.3 Гишүүн байгууллага, гишүүд, дэмжигчидтэй байнгын холбоотой ажиллаж, дэмжлэг үзүүлэх;
3.2.4.4 Холбоо нь дотоод, гадаадын байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх;
3.2.4.5 Холбооны аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг эрхлэн явуулах;
3.2.4.6 Удирдах зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангаж зарлан хуралдуулах;
3.2.4.7 Дүрмийн зорилгоос урган гарсан бусад үүрэг.
3.2.5 Удирдах зөвлөлийн гишүүд аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй ба чуулганы бусад цагт холбооны үйл ажиллагааг зохицуулан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй.

3.3 Холбооны тэргүүн. Удирдах зөвлөлийн дарга нь холбооны тэргүүн байна. Холбооны тэргүүнийг чуулганд оролцогчдын ил санал хураалтаар энгийн олонхийн саналаар 4 жилийн хугацаатай сонгоно.
3.3.1 Удирдах зөвлөлийн дарга ба тэргүүн нь холбоог гадаад, дотоод харилцаанд төлөөлөх, удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах, удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулж ажиллах зэрэг бүрэн эрхтэй.

3.4 Гүйцэтгэх захирал. Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх захирал
хэрэгжүүлнэ. Гүйцэтгэх захирлыг холбооны тэргүүн санал оруулж, удирдах зөвлөл
батлана. Гүйцэтгэх захирал нь орон тооны ба удирдах зөвлөлийн гишүүн байна.
3.4.1 Гүйцэтгэх захирал дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
3.4.1.1 Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд холбоог төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах;
3.4.1.2 Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг бэлтгэх, гарах шийдвэрийн төслийг боловсруулах;
3.4.1.3 Хууль, гэрээнд заасан бусад эрх.
3.4.2 Гүйцэтгэх захирлын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс урамшуулал зэрэг асуудлыг гэрээгээр зохицуулна.
3.4.3 Тэргүүний санал оруулснаар удирдах зөвлөлөөр хэлэлцэн, энгийн олонхийн саналаар ажлаас чөлөөлнө.

3.5 Хяналтын зөвлөл. Холбооны чуулганаас нэр дэвшүүлж, санал хураах замаар 3 гишүүнтэй Хяналтын зөвлөлийг 4 жилийн хугацаатай байгуулж, даргыг сонгоно.
3.5.1 Хяналтын зөвлөл дараах бүрэн эрх хэрэгжүүлнэ:
3.5.1.1 Холбооны удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн биелэлтийг хянана.
3.5.1.2 Санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, чуулган, удирдах зөвлөлд жил бүр тайлан тавина.
3.5.1.3 Холбооны үйл ажиллагаатай холбоотой гишүүдийн ёс зүй, дүрмийн зөрчлийг шалгаж, зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ.

Дөрөв. Монголын Геофизикчдын холбооны гишүүнчлэл

4.1 Холбооны дүрэм, үндсэн зорилтыг зөвшөөрч түүнийг хэрэгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах эрмэлзлэл бүхий иргэн, төрийн бус аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээд гишүүн байж болно. Монголын Геофизикчдийн холбооны гишүүдийг “Хүндэт гишүүн, Гишүүн, оюутан гишүүн” гэж ангилна.” .
4.1.1. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллага болон геофизикийн сургалт, үйлдвэрлэл судалгааны ажил эрхэлдэг Монгол улсын иргэд, гадаадын харъяат;
4.1.2. Их, дээд сургууль, коллежийн оюутан, сурагчид;
4.1.3. Геофизикийн үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ судалгаа, сургалтын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага;
4.1.4. Геофизикийн шинжлэх ухааныг хөгжүүлж, инженер бэлтгэх, давтан сургахад тус дөхөм үзүүлэх түүнчлэн энэ чиглэлээр туслалцаа авах сонирхол бүхий аж ахуйн нэгж, байгууллага (цаашид байгууллага гэнэ).

4.2. Холбоонд гишүүнээр элсэхийг хүссэн байгууллага, иргэн хүсэлтээ холбооны гүйцэтгэх захиралд гаргана.

4.3. Холбооны гүйцэтгэх захирал гишүүнээр элсэхийг хүссэн төрийн бус аж ахуйн нэгж байгууллага, иргэний хүсэлтийг хүлээн авсанаас хойш 14 хоногийн дотор хянан шийдвэрлэж, гишүүнээр элсүүлсэн буюу элсүүлэхээс татгалзсан тухай хариу өгнө.

4.4. Холбооны гишүүн байгууллага, хувь хүн удирдах зөвлөлд албан ёсоор бичгээр мэдэгдэж өөрийн хүсэлтээр холбооны гишүүнээс гарч болно. Ийнхүү гишүүнээс гарахдаа холбооны өмнө хүлээсэн үүргийн биелэлтийг гаргаж санхүү аж ахуйн аливаа тооцоог дуусгавар болгосон байвал зохино.

4.5. Холбооны дүрмийг зөрчсөн, хууль бус үйл ажиллагаа явуулсан нь нотлогдсон гишүүнийг Удирдах зөвлөлийн шийдвэрээр холбооны гишүүнээс хасна. Холбооны гишүүнээс гарсан, хасагдсан байгууллага, хүмүүс холбоонд ердийн журмаар дахин элсэж болно.

4.6. Холбооны гишүүн байгууллагын эрх:
4.6.1. Мэргэжлийн онол, үйлдвэрлэл, судалгааны ажлын үйл ажиллагааны талаар мэдээлэл зөвлөлгөө авахад давуу эрхтэй байна.
4.6.2. Холбооны удирдах зөвлөлөөр дамжуулан үйл ажиллагаагаа гадаад дотоодод сурталчлан таниулах, зуучлах.
4.6.3. Тэргүүн ээлжинд мэргэжилтэн бэлтгүүлэх, сонгож авах, ажилтан, ажиллагсдаа сургалт, давтан сургалтанд хамруулах.
4.6.4. Холбооноос зохиож байгаа хурал, семинар, сургалт зэрэг бүхий л арга хэмжээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр оролцох.

4.7. Холбооны гишүүн байгууллагын үүрэг:
4.7.1. Холбооны дүрэм, зорилт, чуулганы шийдвэрийг хэрэгжүүлэхэд туслан, гишүүний төлбөрөө тогтмол төлж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
4.7.2. Өөрийн үйл ажиллагаандаа холбооны удирдах байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх.

4.8. Холбооны гишүүн иргэний эрх:
4.8.1. Холбооны удирдах байгууллагыг сонгох, түүний бүрэлдэхүүнд сонгогдох.
4.8.2. Мэргэжлийн онол, үйлдвэрлэл, судалгааны ажил болон холбооны үйл ажиллагааны талаар зөвлөлгөө, мэдээлэл авах
4.8.3. Мэргэжлийн бусад байгууллага, хүмүүстэй холбоо тогтоох ажлыг зуучлах, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд дэмжлэг туслалцаа авах.
4.8.4. Холбооноос зохиож байгаа хурал, семинар, бусад арга хэмжээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр оролцох.

4.9. Холбооны гишүүн хувь хүний үүрэг:
4.9.1. Холбооны зорилт, удирдах байгуулагын шийдвэрийг хэрэгжүүлэхэд биечлэн оролцож, хувь нэмэр оруулах
4.9.2. Сайн дурын үндсэн дээр гишүүний хандив оруулж холбооны санхүүг бэхжүүлэхэд тус дэм үзүүлэх.
4.9.3. Холбооны зорилт, үйл ажиллагааг олон түмэнд сурталчлах.

Тав. Холбооны санхүү, эд хөрөнгө

5.1. Холбооны орлого нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 19-р зүйлийн дагуу дараах эх үүсвэрээс бүрдэнэ.
5.1.1. Гишүүн, гишүүн байгууллагын татвар, хандив;
5.1.2. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив;
5.1.3. Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого;
5.1.4. Зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө.
5.1.5. Гишүүний татвар нь жилд иргэн 10 000 төгрөг, төрийн бус аж ахуйн нэгж байгууллага 500 000 төгрөг, оюутан 1000 төгрөг байх ба улирал жилээр төлж болно. МГеофХ-ны хүндэт гишүүн татвараас чөлөөлөгдөнө.

5.2. Холбоо дүрмийн дагуу явуулах үйл ажиллагааны явцад хуримтлагдсан мөнгөн хөрөнгө эд хогшилтой байх бөгөөд түүнийгээ захиран зарцуулна.

5.3. Холбоо өөрийн ивээл дор сургалт, үйлдвэрлэл, судалгааны болон мэдээлэл, сурталчилгаа, зөвлөлгөө өгөх зэрэг үйл ажиллагаа эрхэлсэн салбар нэгж байгуулан ажиллуулж, түүний орлогыг захиран зарцуулж болно.

5.4. Холбооны эд хөрөнгө, санхүүгийн тайлан, тэнцлийг холбооны жилийн тайланд хавсаргана.

Зургаа. Холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах

6.1. Холбоог төрийн бус байгууллагын тухай хуульд заасан үндэслэлээр өөрчлөн байгуулах (бусад байгууллагатай нэгдэх, тусгаарлах), татан буулгах асуудлыг гишүүдийн саналыг харгалзан холбооны чуулганаас төлөөлөгчдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ. Энэ нөхцөлд холбооны хөрөнгийг төрийн бус байгууллагын тухай хуулийн 7-р зүйлийн 2 дахь заалтад нийцүүлэн шилжүүлэх буюу зорилгод нь нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.

6.2. Холбооны дүрэмд зайлшгүй нөхцөл шаардлагын улмаас Монгол Улсын хууль тогтоомжинд нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

6.3. Энэхүү дүрмийг Чуулганы хуралдаанаар хэлэлцэн, баталсан өдрөөс дагаж мөрдөнө.


УЛААНБААТАР ХОТ

2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр

Wednesday, December 18, 2019

Монголын геологийн мэргэжлийн холбоодын нэгдсэн шинэ жилийн баярын цэнгүүн 2020 он

Салбарын мэргэжлийн бүх холбоодын төлөөллийг оролцуулсан шинэ жилийн цэнгүүнийг 2015 онд Дорнод Монголын хайгуулчдын холбоо санаачлан зохион байгуулсан. Шинэ жилийн нэгдсэн цэнгүүнийг жил бүр нэг холбоо хариуцахаар болж зохион байгуулагчид "шилжин явах гацуур" мод гардуулсан билээ. Энэ жилийн цэнгүүнийг МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГЕОЛОГИЧДЫН ХОЛБОО зохион байгуулж байна.
Эрхэм Хүндэт Геофизикч Таныг шинэ жилийн үдэшлэгтээ хамт олноороо болон бие даан хүрэлцэн ирж нэгэн оройг мэргэжил нэгт нөхөдтэйгээ цэнгэн баярлахыг урьж байна. Геофизикчид холбогдох утас: "Монголын Геофизикчдийн Холбоо"-ны Гүйцэтгэх захирал Tsedenbaljir Davaa 99190497


Tuesday, December 17, 2019

Ерөнхий геологи

Ерөнхий геологи нь дэлхий; плит тектоник; эрдэс; магматизм, магмын чулуулаг; тунамал чулуулаг; метаморфизм, метаморф чулуулаг; өгөршил; салхины геологийн үйл ажиллагаа; далай тэнгисийн геологийн үйл ажиллагаа; нуур, намгийн геологийн үйл ажиллагаа; урсгал усны геологийн үйл ажиллагаа; мөстлөг; цэвдэг; газар доорх усны үйл ажиллагаа; газар хөдлөлт; уул нуруудын үүсэл, царцдасын деформац гэсэн 16 бүлэгтэй, 292 өнгөт, 5 хар зурагтай. Бүлэг бүрийн өмнө оршил, төгсгөлд нь товч агуулга, нэр томьёо, мэдлэг сорих асуулт оруулсан.

Сурах бичигт эх газрын судалгаа зонхилсон бидний ярьдгаар “орос сургалт” болон далай тэнгисийн судалгаа түлхүү хөгжсөн “барууны сургалт”-уудыг хослуулан, Монгол орны геологийн судалгаанд одоогийн хэрэглэж буй ойлголтуудыг хэрхэн дүйцүүлэн ойлгох талаар тухай бүрд нь товч тусган үзүүлэв. Геологийн үйл явц бүрийн учир шалтгаан, зүй тогтлыг тайлбарлан, геологийн шинжлэх ухааны орчин үеийн ойлголтуудыг плит тектониктой уялдуулан тайлбарласан.

ШУТИС 1-р байрны 1-229а, 1-231а тоот өрөө
Утас 99170801, 99311879

Wednesday, December 11, 2019

2009.12.30. Монголын геофизикчдийн нэгдсэн бүртгэл, судалгаа

2009.12.18. Монголын геофизикчдийн холбооны дүрэм /шинэчилсэн найруулга/



1993.04.30. Монголын геофизикчдийн холбооны дүрэм



"Геофизикч" мэргэжил сурталчлах уламжлалт өдөрлөг


Tuesday, December 10, 2019

МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН П.ДУГАРААГИЙН ТОВЧ ТАЙЛАН

2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаттар хот
П.Дугараа миний бие 1968 онд Моcквагийн их сургуулийг геологи-геофизикийн мэргэжлээр дүүргэн ирээд улс эх орныхоо геологи, уул уурхай, шинжлэх ухаан, боловсролын салбарт инженер, багш, судлаачаар ажиллахдаа 2 зууныг дамнуулан 52дахь жилдээ ШУТИС–д ГУУС-ийн Сургалт үйлдвэрлэл, судалгааны төвийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер, Геологи-эрдэс судлалын ухааны доктор, профессороор ажиллаж байна. Мэргэжлээрээ ажилласан 52 жилийн сүүлийн 26 жил буюу яг тэн хагас миний амьдралын идэвхитэй үйл ажиллагаа Монголын геофизикийн холбоотой салшгүй холбоотой.
Нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд дэлхийн хэмжээнд томоохон өөрчлөлт шинэчлэл, шинэ үе эхэлсэн цаг мөчид 1993 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр МУИС-ийн геофизикийн тэнхимийн эрхлэгч, физик математикийн шинжлэх ухааны доктор, ОХУ-ын Петрийн шинжлэх ухааны сурвалжлагч гишүүн, професор Долгорын Халтарын тэнхимд мэргэжил нэгт хэсэг нөхөд маань цуглаад тухайн үеийн төр, нийгмийн байдал, цаашид мэргэжлээ хэрхэн яаж авч явах талаар ярилцаж мэргэжлийн төрийн бус байгууллага “МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО”-г байгуулах санаачлага гаргасан. Энэхүү уулзалтанд П.Дугараа (ТИС), Н.Бямбаа (ТИС), Ү.Сүхбаатар (ШУА), Д.Болд (ГУУЯ-Геофизикийн экспедици), Д.Лавдансүрэн (Геофизикийн экспедици), Р.Оюунсүрэн (УААЯ), М.Лэгдэн (УААЯ) нар оролцож, холбооны тэргүүнээр Долгорын ХАЛТАР багшийг сонгож, холбооны анхдугаар чуулганд оролцогчдын саналаар Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон ажиллуулж ирсэн (протоколыг хавсаргав).
Холбооны анхны ерөнхийлөгчөөр бидний багш, Монголд геофизикийн мэргэжлийн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх ажлыг санаачлагчийн нэг Д.ХАЛТАР, удаах ерөнхийлөгчөөр манай төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Д.ОДХҮҮ (хүндэт ерөнхийлөгч), МУИС-ийн Геологи-геофизикийн тэнхимийн эрхлэгч Ц.БААТАРЧУЛУУН, “Геосигнал ХХК”–ийн захирал Г.ӨГӨӨМӨР нар ажиллалаа. Удирдах зөвлөлийн гишүүдэд ШУА, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдын төлөөлөл, салбарын нэр хүндтэй инженер техникийн ажилтан, компаний захирлуудыг гишүүд, дэмжигчдийн саналаар сонгон ирсэн уламжлалтай. Холбооны гүйтгэтгэх захирлаар П.ДУГАРАА Ц.ГАНХУЯГ, Д.ЦЭДЭБАЛЖИР нар томилогдон ажилласан.

Friday, December 6, 2019

"Mongolian Geophysical Society" facebook групп болон "Mongolian Geophysical Society" блог хөтлөн ажиллуулдаг админы албан ёсны мэдэгдэл

Уучлаарай!!! Та бүхэнд залруулга хийхэд энэхүү групп нь энэ салбартай холбоотой бусдад түгээх гэсэн аливаа бүх төрлийн мэдээллийг салбарынхандаа цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэх юмсан гэж админ миний бие 100% сайн дураараа нээж, ажиллуулж байгаа юмаа. Иймд админы шейр хийсэн постонд байгаа мэдээллийг тухайн постын холбогдох хаягаар нь болон коммент байдлаар бусад гишүүдээсээ лавлахыг хүсэж байна.

Албан ёсоор мэдэгдэл хийхэд админ миний бие "Монголын Геофизикчдийн Холбоо"-ны ажилтан бишээ. Холбооны ажилтан байж огт үзээгүй ээ. Энэхүү "Mongolian Geophysical Society" (https://www.facebook.com/groups/Geoph/) facebook групп болон "Mongolian Geophysical Society" (http://geophysicsmn.blogspot.com/) блог нь аль аль нь холбооных биш бөгөөд ямар ч холбоо, албан байгууллагатай холбоогүй болно. Группийг ажиллуулж байх хугацаанд хамгийн түрүүнд, хамгийн ихээр надаас асуусан асуулт бол "Чи холбооны ажилтан юм уу?" гэдэг асуулт байлаа.

Та бүхэнд сонирхуулахад геофизикийн оюутан байх үедээ геофизикийн салбарынхан дунд жил болгон болдог салбарын уламжлалт өдөрлөгийн мэдээллийг цаг хугацаанд нь авч чаддаггүй, үйлдвэрлэл дээр гарсан зарим геофизикч инженерүүд одоо хүртэл уламжлагдан болдгийг мэдээгүй гайхдаг цөөнхтэй тааралдаж байсан, компаниуд нь геофизикч болон туслах ажилтан хайх, оюутнууд дадлага хийх болон ажиллах газраа хайх зэргээс энэхүү салбарт Монголын Геофизикчдийн дунд түргэн шуурхай мэдээлэл түгээдэг, холбоо барих систем хэрэгтэй байгааг анзаарч, сайн дураараа оюутан байхаасаа (2011 онд) ажил хэрэг болгон шантралгүй өдийг хүртэл ажиллуулж байгаа билээ. Сонирхуулахад анх огт танихгүй ШУТИС-ийн АМЕХГеофизикийн төгсөгчдийн жагсаалтыг Oyunbileg Khorolsuren багшаас авч, жил гаран уйгагүй холбогдох овог нэр, и-мэйл хаяг, утсаар нь facebook-ээс search хийж олоод, чатлаад, мөн байвал группдээ нэмээд, тухайн олсон геофизикчийнхээ facebook найз нөхдөөс нь геофизикчдийг нэмж хайх байдлаар өдөр шөнөгүй жил гаран notebook-тэй найзалж энэ группийн суурийг тавьж байсан. Хоёр дахь жилээс гишүүн нэмэх ажлаа зогсоож, салбартай холбоотой мэдээллүүдийг бусдад түгээх гэж оролдон хүмүүсийн постыг хайж, одоог хүртэл шэйр хийж байгаа бөлгөө ккккк.....

Та бүхний мэдэж байгаа Геологийн 80 жилийн ойн баярын спортын арга хэмжээний бүх төрөлд дан геофизикчдээс бүрдсэн баг бүрдүүлж орох санаачлаггийг хамгийн анх Lhagvaa Chinzorig гаргаж, надад санал тавьсан дариуд яг тэмцээн болохоос долоохон хоногийн өмнө уриалсан пост оруулж зохион байгуулалтанд албан ёсоор оролцсон. Геофизикийн баг тамирчид маань олон төрлийн компани, байгууллагуудаас бүрдсэн тул нэг нэрэн доор орох гэж "Монголын Геофизикчдийн Холбоо"-нд санал тавихад уриалагхан хүлээн авч, мөн гишүүн байгууллагуудаасаа санхүү босгож нийт бооцооны хоёр зуун тавин мянга болон зарим зардлуудыг дааж их дэмжлэг үзүүлсэн. Ингэж богино хугацаанд бүх талаараа геофизикчид маань нэгдэж, арга хэмжээнд бүрэн оролцож чадсанд маш их баяртай байна. Иймд баярласан талархсанаа албан ёсоор одоо илэрхийлье.

- Ийм сайхан санааг анх санаачилсан геофизикч Lhagvaa Chinzorig баярлалаа

- Дэмжиж бусдыг маш сайн уриалсан Oyunbileg Khorolsuren багш, Oogii Munkhtsol эгч, ШУА. Одон орон, Геофизикийн хүрээлэнгийнхэнд, Daariimaa Badarch багш, Amartuvshin Sodnomdorj ахдаа болон бусад идэвхтэй дэмжсэн группийн гишүүддээ баярлалаа

- Геофизикчдийн спортын баг тамирчиддаа бүгдэндэн баярлалаа

- Маш сайн дэмжсэн "Монголын Геофизикчдийн Холбоо"-ндоо (Гүйцэтгэх захирал Tsedenbaljir Davaa) баярлалаа

- Холбооны санхүүжилтэнд хувь нэмрээ оруулсан компаниуддаа баярлалаа. Миний мэдэхийн "АМО Дисковер" ХХК нь энэ үйл ажиллагааг дэмжиж санхүүжилтэнд оролцсон тул "АМО Дисковер" ХХК-д (Munkhbaatar Sengee) баярлалаа. Бусад компаний мэдээлэл надад хаалттай байгаа тул нэрлэж чадахгүй байгаадаа уучлалт хүсье.

Группийнхээ бүх гишүүддээ ирэх 2020 онд нь ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!!!

2019 оны "Геофизикийн мэргэжил сурталчлах өдөрлөг"-т урьж байна.


ГЕОЛОГИЧ, ГЕОФИЗИКЧ НАРТ ЗОРИУЛСАН ГЕОФИЗИКИЙН ҮНДЭС

Холбоо барих утас: 88114556, и-мэйл: jargalne@gmail.com