Иркутскийн Политехникийн Их Сургуулийн Орос хэлний бэлтгэл ангийг төгсөөд 1975 оны намар тус сургуулийн Геологи Хайгуулын Факультетэд элсэн орж, Геофизикч гэсэн мэргэжил эзэмших болсон. Нэг хоёрдугаар курсээ төгсөөд Байгаль нуурын эрэг дээр “Черко-руд” гэдэг сургалтын баазад оюутны дадлагын ажлыг ганц Монгол оюутан, тавь гаруй орос оюутнуудтай сэтгэл санааны өндөр түвшинд сайхан өнгөрүүлсэн. Тэр мөчөөс эхлэн “Геофизикч” гэдэг мэргэжлийн анхны мэдэгдэхүүнтэй болсон. “Улаанбаатар орчмын газрын гүний структурыг гравиметрийн аргачлалаар тодорхойлсон” гэдэг сэдвээр диплом хамгаалсан.
1980 онд сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн Усны Аж Ахуйн Конторт, Усны Аж Ахуйн Яамны сайд Барсын тушаалаар анхны каротажийн инженерээр томилогдсон. Ажиллах хугацаандаа нийт 800-900 гаруй усны цэгт каротажийн хэмжилт хийж геологи гидрогеологийн дүгнэлтийг гаргасан байна. Төв суурин, малын бэлчээрийн усан хангамжид зориулан 1200-1300 цэгт гадаргуун геофизикийн хэмжилт хийж 80-90% -ийн магадлалтай уст цэг тогтоосон. Үүнээс 20-30 цэгийг мөнх цэвдэг тархсан талбайд уст цэг тогтоосон болно.
Ажиллаж хөдөлмөрлөн өнгөрсөн он жилүүдээ эргэн харахад эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу газрын доорх усны хайгуулын чиглэлээр олон жил ажиллаж, малын бэлчээр, төв суурин, аж ахуйн хэрэгцээнд гүн өрмийн худаг, уст цэг дотоодын санхүүжилттэй олон төслүүд дээр ажилласнаас гадна сүүлийн 10 жилийн хугацаанд ашигт малтмалын шороон ба үндсэн ордны хайгуул судалгааг өндөр хөгжилтэй орнуудын дэвшилтэт технологи, багаж тоног төхөөрөмж хэрэглэн шинэ орд, илэрцээр илрүүлэхэд хүч, хөдөлмөр, оюун ухаан, туршлагаа дайчлан ажиллаж байсан. Үүний үр дүнд Дундговь аймаг “Хөх Дэл” тунамал хурдас дахь Литийн орд, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум дахь Алтны үндсэн орд, Говь-Алтай аймаг Тайшир сум холимог металлын үндсэн орд гэх мэт 20-30 гаруй орд, илэрц дээр геофизикийн хайгуул хийсэн байна.
Энэ хугацаанд 1980 оноос хойш Монгол улсын 13 аймгийн 1237 малын бэлчээрийн талбай, 82 төв суурин, уурхайн усан хангамжийн зориулалтаар газрын доорх усны гүний хайгуулыг геофизикийн цогцолбор аргуудаар хийж, 1097 устай цэг зааснаас 927 цэгт гүний болон богино яндант худаг байгуулжээ. Үүнээс гадна Бага-Нуурын нүүрсний уурхайн ус шүүрүүлэх цооногийн, Налайхын Барилга материалын цогцолбор, Төв аймгийн Хөшигтийн хөндийд байгуулах Олон улсын нисэх онгоцны буудлын суурьшлын бүсийн усан хангамж, Ховд, Сэлэнгэ аймаг дахь хилийн боомтын усан хангамжийн геофизикийн судалгаа зэрэг 20 гаруй томоохон ажлыг гүйцэтгэсэн. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Тавантолгой-Зүүн Баянгийн чиглэлд шинээр байгуулагдаж байгаа төмөр замын трассын дагуу усны хайгуулын ажлыг биечлэн гүйцэтгэж байна.
1987 онд Иркутскийн Шинжлэх Ухааны Их Сургуульд мэргэжил дээшлүүлэн “Цооногийн геофизикийг мөнх цэвдгийн районд хэрэглэсэн нь” сэдвээр Геологи-Эрдэс Баялагийн Магистрийн зэрэг хамгаалсан. 2013 онд Шинжлэх Ухаан Технолгийн Их Сургуулиас Мэргэшсэн зөвлөх инженер- Геофизикч зэрэг олгосон. 2015 онд Төрийн дээд одон медаль “Алтан гадас”-аар шагнагдсан.
No comments:
Post a Comment