Thursday, November 16, 2023

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ЗАСГИЙН ГАЗРЫН РЕФЕРЕНТ Д.БОЛД

  

    Д. Болд нь ОХУ-ын Екатеринбург хотын /хуучин нэрээр Свердловск хот / Уул уурхайн Улсын их сургуулийн геофизикийн факультетыг уулын инженер-геофизикч мэргэжлээр 1981-1986 онуудад суралцан төгссөн, 1986 оноос хойш төрийн байгууллагад тасралтгүй 37 дахь жилдээ техникч-геофизикч, инженер-геофизикч, геомэдээллийн төвийн дарга, экспидeцийн дарга, агентлаг, яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, олон улсын төслүүдийн удирдагч, хэлтэс, албаны дарга, Засгийн газрын референтээр ажиллаж байна.

    Мэргэжлийн ур чадвар: мэдээллийн систем анализ, программ хангамж, 3 хэмжээст дүрс боловсруулалт, хиймэл дагуулын мэдээлэл боловсруулалт, олон улсын төслийн менежемeнт, геологи, уул уурхай, газрын тосны чиглэлээр хээрийн судалгааны ажлын туршлагатай. Орос, англи, франц хэлний мэдлэгтэй.

    1986-1990 онуудад Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Баянцагааны хүдрийн дүүргийн хэмжээнд 1500 км.кв талбайд 1:50000-ны масштабын зураглалын ажил, Төв, Булган, Архангай аймгуудын нутаг дэвсгэрт 16700 км. кв талбайн хэмжээнд 1:50000-ны масштабын 5 сувагт агаарын геофизикийн судалгааны ажилд ЗХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран хайгуулын геофизикчээр ажилласан.

    1987-1988 онд АА-ын дугаар ангид цэргийн алба хааж бага түрүүч цолтой халагдсан.

 1990-1993 онуудад Геологи-геофизикийн эрлийн нэгдлийн дэргэд байгуулсан Геомэдээлэл, тандан судалгааны төвд мэргэжилтнээр томилогдон ажиллаж геологи, геофизикийн төрөлжсөн программуудын алгоритмыг Basic, Qbasic, Fortran, C хэлээр зохиож, мэдээлэл боловсруулах болон сансрын зургийн боловсруулалтын мэдээллийг геологи, хайгуулын ажилд хэрэглэх талаар заавар гаргаж, геологийн салбарын байгууллагуудын  нийт инженер техникийн ажилтнуудад 8 ба 16 битийн компьютер, түүний хэрэглээ, дүрс боловсруулалтын системийг хэрхэн ашиглах талаар төрөлжсөн хичээлүүдийг боловсруулан зааж байсан. 

     1993 оны 4 дүгээр сард Монгол Улсын геологийн салбарын анхдагч төрийн бус байгууллага болох “Монголын геофизикчдын холбоо”-г санаачлан байгуулж гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.   

  1994-1996 онд Монгол орны газрын тосны салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад суурь мэдээлэл бий болгох зорилгоор Газрын тосны хэрэг эрхлэх газрын /хуучин нэрээр/ харьяанд үндэсний мэргэжилтнүүдийн хүчээр газрын тосны региональ судалгаа явуулах зорилготой олон улсын жишигт нийцсэн хээрийн судалгааны тоног төхөөрөмж болон программ хангамж бүхий "Галбын говь" УҮГ-ыг байгуулж Галбын говийн районд газрын тосны судалгааны ажлыг олон улсын жишигт нийцүүлэн гүйцэтгэж газрын тосны нөөцийг тогтоох ажлыг удирдсан.

    1997-2000 онд Бүгд Найрамдах Франц Улсын буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол улсад хэрэгжүүлсэн "Монголын геологийн мэдээллийн төвийг сайжруулах" /МАGIС/ төслийн Монголын талын төслийн удирдагчаар томилогдон ажиллаж, Монгол орны геологи, уул уурхайн салбарын ерөнхий мэдээллийг тоон хэлбэрт шилжүүлэх ажлыг зохион байгуулан анх удаа Монгол улсын 1:1000000-ны геологи, ашигт малтмал, тектоникийн зургийг олон улсад мөрдөгдөж байгаа байр зүйн системд нийцүүлэн тоон хэлбэр шилжүүлсэн нь өнөөдөр геологи, уул уурхай, газрын тосны салбарт хөрөнгө оруулагчдын ашигладаг гол суурь мэдээлэл нь болоод байна. 

    2000-2003 онуудад Япон улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн "Монгол орны төвийн хойд хэсэгт геологи, эрдэс баялгийн судалгаа явуулах тухай" төслийн удирдагчаар томилогдон ажиллаж, Завхан аймгийн Тэлмэн сумаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Архангай аймгийн Ихтамир сумаас Монгол Улсын хойд хил хүртэлх нийт 200000 гаруй км.кв талбайн хэмжээнд Ландсат 7 төрлийн хиймэл дагуулын мэдээллийг боловсруулж тайлал хийж 1 г/т-оос дээш алтны, 3 %-оос дээш зэсийн агуулгатай 30 гаруй ашигт малтмалын орд, илрэлд хээрийн судалгааны ажлыг удирдан гүйцэтгэж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад шаардлагатай мэдээлэл бүхий тайланг англи, монгол хэл дээр хүлээлгэн өгсөн. 

    2003-2005 онуудад Япон улсын буцалтгүй тусламжийн хүрээнд "Баруун Эрдэнэтийн 5200 км.кв талбайд геологийн судалгаа явуулах тухай" төслийн удирдагчаар томилогдож Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн нөөцийг бий болгох чиглэлээр Эрдэнэт, Оюут, Турмалин, Цагаан чулуут, Могойн гол, Хужирын гол, Зөөхийн гол, Өндөр шанд, Дамбацэрэн зэрэг 20 гаруй орд, илрэлийн хэмжээнд геологи, хайгуулын ажлыг олон улсын жишигт нийцүүлэн гүйцэтгэж үр дүнгийн тайланг монгол, англи хэл дээр хүлээлгэн өгсөн байна. 

   2006-2007 онуудад Япон улсын буцалтгүй тусламжийн хүрээнд "Зүүн говийн районд нүүрсний геологийн судалгаа явуулах тухай" төслийн удирдагчаар ажиллаж, Багануураас Замын Үүд хүртэлх 600 орчим км, өргөнөөр төмөр замаас 2 тийшээ 100, 100 км буюу нийт 120000 км.кв талбайд байрлах нүүрсний томоохон 42 ордод геологийн төрөлжсөн судалгаа явуулж бүх дээжний шинжилгээг Япон улсад хийлгэж баталгаажуулсан  үр дүнгийн тайланг монгол, англи хэл дээр хүлээлгэн өгсөн. 

    2001 онд “Монгол Улсын геомэдээллийн санг бүрдүүлэх тухай” Засгийн газрын хөтөлбөрийг боловсруулж батлуулсан ба 2019 онд Монгол Улсын Үндэсний геологийн албыг байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж байгуулахад оролцсон. 

    Засгийн газрын референт Д. Болдын Монгол орны эдийн засагт ач холбогдол бүхий геологи, уул уурхай, газрын тосны салбарт тасралтгүй ашигт малтмалын олон арван ордын нөөцийг нэмэгдүүлэх, тогтоох, баталгаажуулах ажлыг удирдан зохион байгуулсан, дэлхийн тэргүүний дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлсэн, 100 гаруй үндэсний боловсон хүчнийг гадаад, дотоодын сургалтад дадлагажуулсан, геологи, эрдэс баялгийн мэдээллийн санг олон улсын түвшинд бий болгосон зэрэг амжилтыг үнэлж Монгол Улсын Тэргүүний геологич цол, тэмдэгээр 1997 онд, Монгол улсын Шинжлэх ухааны Академиас олгодог “Хүндэт жуух” бичгээр /79 тоот/ 1999 онд, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медалиар 2006 онд, Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор 2008 онд, Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2012 онд, Төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдэгээр 2016 онд, Ардын хувьсгалын 98, геологийн салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойгоор Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан цол, тэмдэгээр 2019 онд тус тус шагнасан байна. 

    Мөн Оросын Холбооны Улсын Уралын Уул уурхайн Их сургуулийн тэмдэглэлт 100 жилийн ойгоор 2014 онд Свердловск мужийн анхны гадаад иргэнд олгогдсон тус сургуулийн “Хүндэт Доктор” цол, хэргэмээр шагнагдсан ба “Монгол улсын зөвлөх инженер”, хөл бөмбөгийн төрлөөр “Спортын мастер” цолтой.



 ---о О о---

No comments:

Post a Comment