Monday, December 23, 2019

МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ (2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр)




Монголын Геофизикчдийн холбооны YII дугаар
чуулганаар нэмэлт өөрчлөлт оруулан батлав.
2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр

МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг зүйл.

1.1.      Нэр:           МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО (МГеофХ)
            Оросоор:   ОБЩЕСТВО МОНГОЛЬСКИХ ГЕОФИЗИКОВ
            Англиар:    MONGOLIAN SOCIETY OF GEOPHYSICISTS
            Хаяг:          Монгол улс, Улаанбаатар хот, 17051, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 
                              “Шинэ дэлхий” оффис, 6 давхар

1.2. Монголын Геофизикчдийн холбоо (цаашид холбоо гэх) нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геофизикийн үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ судалгаа, сургалтын болон бусад үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс сайн дурын үндсэн дээр нэгдсэн, гишүүддээ үйлчилдэг, төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага мөн.


Хоёр. Монголын Геофизикийн холбооны зорилго, үйл ажиллагаа

2.1. Монгол Улсад геофизикийн шинжлэх ухааны олон салбарыг дэмжин хөгжүүлэх, тухайлбал, дэлхий судлал, геологи ашигт малтмалын эрэл хайгуул ба байгаль орчин, экологийн судлалыг орчин үеийн техник технологийн түвшинд нийцүүлэн боловсронгуй болгон сайжруулах, мэргэжлийн байгууллага, геофизикч мэргэжилтнүүдийн эрх ашиг сонирхлыг нэгтгэн, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог төгөлдөржүүлэхэд холбооны зорилго оршино.

2.2. Холбоо нь үйл ажиллагаагаа Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд явуулна.

2.3. Холбоо нь өөрийн онцлох бэлгэдэл, тэмдэгтэй байх бөгөөд холбооны төв байгууллага тогтоосон журмаар үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

2.4. Холбоо нь өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар бие даан ажилладаг хуулийн этгээд мөн.

2.5. Холбоо нь гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ бие даан хариуцах бөгөөд холбооны гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн, гишүүн байгууллага нь хууль, тогтоомж зөрчсөн үйлдэл гаргасан тохиолдолд өмнөөс нь хариуцлага хүлээхгүй.

2.6. Холбоо нь олон улсын геофизикийн нийгэмлэг, Азийн геофизикийн холбоо болон бусад олон улсын сайн дурын нийгэмлэг, холбоонд гишүүнээр элсэн орж болно.

2.7. Холбоо нь мэргэжлийн байгууллага, хувь хүмүүст мэргэшлийн зэрэглэл тогтоон, сертификат олгох үйл ажиллагааг төрийн байгууллага, мэргэжлийн бусад холбоодтой хамтран хэрэгжүүлэхийн зэрэгцээ олон улсын байгууллагуудтай хамтран олон улсын хэмжээний сертификат олгох боломжийг судлан, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулна.
2.7.1. Холбоо нь геофизикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, геофизикчдын оюуны чадавхи, мэргэжлийн чадварыг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана.

2.8. Олон нийтэд геофизикийн мэргэжлийг танилцуулж, сурталчилна.

2.9. Геофизикийн салбарт дараахь үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Холбооны үйл ажиллагаа чиглэгдэнэ.
2.9.1. Төрийн байгууллагаас геологи, эрдэс баялгийн чиглэлээр гүйцэтгэх судалгаа, шинжилгээ, боловсон хүчин бэлтгэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлийн төслүүдэд үнэлэлт дүгнэлт гаргах;
2.9.2. Байгалийн үзэгдлийн гамшгийг бууруулах, ашигт малтмал, орд газар, эрдэс баялгийн нөөцийн үнэлгээ өгөх чиглэлүүдээр төсөл санаачлан хэрэгжүүлэх;
2.9.3. Геофизикийн судалгааны арга зүй, мэдээлэл тайллын технологийн түвшин, үр ашгийг дээшлүүлэх, мэргэжлийн байгууллагуудаас гүйцэтгэх ажлыг хамгийн ашигтай байх зарчмаар зохицуулах;
2.9.4. Үндэсний ба олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал, онол практикийн бага хурал, зөвлөлгөөн, семинар өөрийн оронд зохион байгуулах, гадаадын оронд зохион байгуулагдсан арга хэмжээнд өргөн оролцох;
2.9.5. Олон улсын ижил төстэй байгууллагатай хамтран ажиллаж мэргэжилтэн бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, мэдээлэл солилцох, хамтран боловсруулах;
2.9.6. Мэргэжлийн ном товхимол, сурах бичиг, сэтгүүл, шуурхай мэдээлэл, эрдэм шинжилгээ, судалгааны материалыг хэвлэн нийтэлж, олны хүртээл болгох.

Гурав. Монголын Геофизикийн холбооны удирдлагын бүтэц, хяналтын тогтолцоо

3.1. Холбооны чуулган. Холбооны удирдах дээд байгууллага нь холбооны гишүүд, дэмжигчдийг оролцуулсан холбооны чуулган (цаашид Чуулган гэх) байна.
3.1.1. Ээлжит чуулганыг хоёр жил тутамд хуралдуулах бөгөөд түүний хуралдах хугацаа, хэлэлцэх асуудлыг холбооны удирдах зөвлөл товлон зарлана. Чуулганы хуралдаан нь бүх гишүүдийн олонхи оролцсоноор хүчин төгөлдөр болно.
3.1.2. Холбооны ээлжит бус чуулганыг Удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3-оос дээш хувийн саналаар зарлан хуралдуулж болно.
3.1.3. Чуулганд оролцогчдын олонхийн саналаар шийдвэр гаргана. Санал өгөх хуудас буюу бичгээр санал өгөх замаар чуулганд оролцож болно.
3.1.4. Чуулган нь дараах асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргана. Үүнд:
3.1.4.1. Холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах;
3.1.4.2. Холбооны үйл ажиллагааны хэтийн бодлого, зорилтыг тодорхойлох;
3.1.4.3. Холбооны дүрэм, чуулганы шийдвэрийн биелэлтийг хэлэлцэх;
3.1.4.4. Холбооны удирдах зөвлөлийн тайланг хэлэлцэх
3.1.4.5. Удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, чөлөөлөх;
3.1.4.6. Хяналтын зөвлөлийн гишүүнийг сонгох чөлөөлөх;
3.1.4.7. Холбооны чуулганы онц эрх хэмжээнд үл хамаарах бусад асуудлууд.

3.2 Холбооны удирдах зөвлөл. Чуулганы хооронд удирдах дээд байгууллага нь холбооны Удирдах зөвлөл мөн. Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнийг чуулганаас тухай бүрд тогтоож болох боловч түүний доод хязгаар нь 9, дээд хязгаар нь 15 гэсэн сондгой тоотой байна. Удирдах зөвлөлийн гишүүдийг чуулганд оролцсон нийт гишүүдийн нууц санал хураалтаар чуулганаас олонхийн саналаар 4 жилийн хугацаатай сонгоно. Удирдах зөвлөлийн хурлыг улиралд 1 удаа хуралдуулна. Шаардлагатай тохиолдолд холбооны тэргүүн болон удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны нэгийн саналаар хуралдуулна. Удирдах зөвлөлийн гишүүдийн энгийн олонхи нь оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно.
3.2.1 Удирдах зөвлөл нь хуралдаанаараа шийдвэр гаргахад дараах журмыг баримтална. Үүнд:
3.2.1.1 Хуралд оролцогчдын олонхийн саналаар хувь хүнтэй холбоотой саналыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хурааж, шийдвэр гаргана.
3.2.2 Хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтлөх ба хурлаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр нь гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй асуудалтай холбогдсон тайлбар, шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тусгана.
3.2.3 Удирдах зөвлөлийн хуралдаанаар дор дурдсан асуудлыг хэлэлцэж хуралд ирсэн гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Үүнд:
3.2.3.1 Холбооны үйл ажиллагааны ойрын зорилт, чиглэлийг тогтоох;.
3.2.3.2 Холбооны жилийн ажлын төлөвлөгөө, төсөв, гүйцэтгэх захирал, нарийн бичгийн даргын цалингийн сан, түүний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж, батлуулах;
3.2.3.3 Гүйцэтгэх захирлын тайланг хэлэлцэх;
3.2.3.4 Холбооны өмч хөрөнгийн ашиглалт зарцуулалт, түүнийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын хэм хэмжээг тогтоох;
3.2.3.5 Олон улсын болон бүс нутгийн мэргэжлийн байгууллагад гишүүнээр элсэх, гэрээ хэлэлцээрт нэгдэн орох, түүнээс гарах.
3.2.3.6 Орон гарсан удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, тодорхой шалтгааны улмаас үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх,
3.2.3.7 Орон гарсан хяналтын зөвлөлийн гишүүнийг сонгох, тодорхой шалтгааны улмаас үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон хяналтын зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх,
3.2.3.8 Гишүүд, гишүүн байгууллагын татварын хэмжээг шинэчлэн тогтоох,
3.2.4 Удирдах зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
3.2.4.1 Холбооны өмнө тулгарсан үйл ажиллагааны асуудлыг шийдвэрлэх үндсэн үүрэгтэй;
3.2.4.2 Холбооны чуулган, удирдах зөвлөлийн хуралдааныг хуралдуулах, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
3.2.4.3 Гишүүн байгууллага, гишүүд, дэмжигчидтэй байнгын холбоотой ажиллаж, дэмжлэг үзүүлэх;
3.2.4.4 Холбоо нь дотоод, гадаадын байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх;
3.2.4.5 Холбооны аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг эрхлэн явуулах;
3.2.4.6 Удирдах зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангаж зарлан хуралдуулах;
3.2.4.7 Дүрмийн зорилгоос урган гарсан бусад үүрэг.
3.2.5 Удирдах зөвлөлийн гишүүд аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй ба чуулганы бусад цагт холбооны үйл ажиллагааг зохицуулан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй.

3.3 Холбооны тэргүүн. Удирдах зөвлөлийн дарга нь холбооны тэргүүн байна. Холбооны тэргүүнийг чуулганд оролцогчдын ил санал хураалтаар энгийн олонхийн саналаар 4 жилийн хугацаатай сонгоно.
3.3.1 Удирдах зөвлөлийн дарга ба тэргүүн нь холбоог гадаад, дотоод харилцаанд төлөөлөх, удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах, удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулж ажиллах зэрэг бүрэн эрхтэй.

3.4 Гүйцэтгэх захирал. Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх захирал
хэрэгжүүлнэ. Гүйцэтгэх захирлыг холбооны тэргүүн санал оруулж, удирдах зөвлөл
батлана. Гүйцэтгэх захирал нь орон тооны ба удирдах зөвлөлийн гишүүн байна.
3.4.1 Гүйцэтгэх захирал дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
3.4.1.1 Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд холбоог төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах;
3.4.1.2 Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг бэлтгэх, гарах шийдвэрийн төслийг боловсруулах;
3.4.1.3 Хууль, гэрээнд заасан бусад эрх.
3.4.2 Гүйцэтгэх захирлын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс урамшуулал зэрэг асуудлыг гэрээгээр зохицуулна.
3.4.3 Тэргүүний санал оруулснаар удирдах зөвлөлөөр хэлэлцэн, энгийн олонхийн саналаар ажлаас чөлөөлнө.

3.5 Хяналтын зөвлөл. Холбооны чуулганаас нэр дэвшүүлж, санал хураах замаар 3 гишүүнтэй Хяналтын зөвлөлийг 4 жилийн хугацаатай байгуулж, даргыг сонгоно.
3.5.1 Хяналтын зөвлөл дараах бүрэн эрх хэрэгжүүлнэ:
3.5.1.1 Холбооны удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн биелэлтийг хянана.
3.5.1.2 Санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, чуулган, удирдах зөвлөлд жил бүр тайлан тавина.
3.5.1.3 Холбооны үйл ажиллагаатай холбоотой гишүүдийн ёс зүй, дүрмийн зөрчлийг шалгаж, зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ.

Дөрөв. Монголын Геофизикчдын холбооны гишүүнчлэл

4.1 Холбооны дүрэм, үндсэн зорилтыг зөвшөөрч түүнийг хэрэгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах эрмэлзлэл бүхий иргэн, төрийн бус аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээд гишүүн байж болно. Монголын Геофизикчдийн холбооны гишүүдийг “Хүндэт гишүүн, Гишүүн, оюутан гишүүн” гэж ангилна.” .
4.1.1. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллага болон геофизикийн сургалт, үйлдвэрлэл судалгааны ажил эрхэлдэг Монгол улсын иргэд, гадаадын харъяат;
4.1.2. Их, дээд сургууль, коллежийн оюутан, сурагчид;
4.1.3. Геофизикийн үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ судалгаа, сургалтын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага;
4.1.4. Геофизикийн шинжлэх ухааныг хөгжүүлж, инженер бэлтгэх, давтан сургахад тус дөхөм үзүүлэх түүнчлэн энэ чиглэлээр туслалцаа авах сонирхол бүхий аж ахуйн нэгж, байгууллага (цаашид байгууллага гэнэ).

4.2. Холбоонд гишүүнээр элсэхийг хүссэн байгууллага, иргэн хүсэлтээ холбооны гүйцэтгэх захиралд гаргана.

4.3. Холбооны гүйцэтгэх захирал гишүүнээр элсэхийг хүссэн төрийн бус аж ахуйн нэгж байгууллага, иргэний хүсэлтийг хүлээн авсанаас хойш 14 хоногийн дотор хянан шийдвэрлэж, гишүүнээр элсүүлсэн буюу элсүүлэхээс татгалзсан тухай хариу өгнө.

4.4. Холбооны гишүүн байгууллага, хувь хүн удирдах зөвлөлд албан ёсоор бичгээр мэдэгдэж өөрийн хүсэлтээр холбооны гишүүнээс гарч болно. Ийнхүү гишүүнээс гарахдаа холбооны өмнө хүлээсэн үүргийн биелэлтийг гаргаж санхүү аж ахуйн аливаа тооцоог дуусгавар болгосон байвал зохино.

4.5. Холбооны дүрмийг зөрчсөн, хууль бус үйл ажиллагаа явуулсан нь нотлогдсон гишүүнийг Удирдах зөвлөлийн шийдвэрээр холбооны гишүүнээс хасна. Холбооны гишүүнээс гарсан, хасагдсан байгууллага, хүмүүс холбоонд ердийн журмаар дахин элсэж болно.

4.6. Холбооны гишүүн байгууллагын эрх:
4.6.1. Мэргэжлийн онол, үйлдвэрлэл, судалгааны ажлын үйл ажиллагааны талаар мэдээлэл зөвлөлгөө авахад давуу эрхтэй байна.
4.6.2. Холбооны удирдах зөвлөлөөр дамжуулан үйл ажиллагаагаа гадаад дотоодод сурталчлан таниулах, зуучлах.
4.6.3. Тэргүүн ээлжинд мэргэжилтэн бэлтгүүлэх, сонгож авах, ажилтан, ажиллагсдаа сургалт, давтан сургалтанд хамруулах.
4.6.4. Холбооноос зохиож байгаа хурал, семинар, сургалт зэрэг бүхий л арга хэмжээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр оролцох.

4.7. Холбооны гишүүн байгууллагын үүрэг:
4.7.1. Холбооны дүрэм, зорилт, чуулганы шийдвэрийг хэрэгжүүлэхэд туслан, гишүүний төлбөрөө тогтмол төлж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
4.7.2. Өөрийн үйл ажиллагаандаа холбооны удирдах байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх.

4.8. Холбооны гишүүн иргэний эрх:
4.8.1. Холбооны удирдах байгууллагыг сонгох, түүний бүрэлдэхүүнд сонгогдох.
4.8.2. Мэргэжлийн онол, үйлдвэрлэл, судалгааны ажил болон холбооны үйл ажиллагааны талаар зөвлөлгөө, мэдээлэл авах
4.8.3. Мэргэжлийн бусад байгууллага, хүмүүстэй холбоо тогтоох ажлыг зуучлах, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд дэмжлэг туслалцаа авах.
4.8.4. Холбооноос зохиож байгаа хурал, семинар, бусад арга хэмжээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр оролцох.

4.9. Холбооны гишүүн хувь хүний үүрэг:
4.9.1. Холбооны зорилт, удирдах байгуулагын шийдвэрийг хэрэгжүүлэхэд биечлэн оролцож, хувь нэмэр оруулах
4.9.2. Сайн дурын үндсэн дээр гишүүний хандив оруулж холбооны санхүүг бэхжүүлэхэд тус дэм үзүүлэх.
4.9.3. Холбооны зорилт, үйл ажиллагааг олон түмэнд сурталчлах.

Тав. Холбооны санхүү, эд хөрөнгө

5.1. Холбооны орлого нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 19-р зүйлийн дагуу дараах эх үүсвэрээс бүрдэнэ.
5.1.1. Гишүүн, гишүүн байгууллагын татвар, хандив;
5.1.2. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив;
5.1.3. Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого;
5.1.4. Зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө.
5.1.5. Гишүүний татвар нь жилд иргэн 10 000 төгрөг, төрийн бус аж ахуйн нэгж байгууллага 500 000 төгрөг, оюутан 1000 төгрөг байх ба улирал жилээр төлж болно. МГеофХ-ны хүндэт гишүүн татвараас чөлөөлөгдөнө.

5.2. Холбоо дүрмийн дагуу явуулах үйл ажиллагааны явцад хуримтлагдсан мөнгөн хөрөнгө эд хогшилтой байх бөгөөд түүнийгээ захиран зарцуулна.

5.3. Холбоо өөрийн ивээл дор сургалт, үйлдвэрлэл, судалгааны болон мэдээлэл, сурталчилгаа, зөвлөлгөө өгөх зэрэг үйл ажиллагаа эрхэлсэн салбар нэгж байгуулан ажиллуулж, түүний орлогыг захиран зарцуулж болно.

5.4. Холбооны эд хөрөнгө, санхүүгийн тайлан, тэнцлийг холбооны жилийн тайланд хавсаргана.

Зургаа. Холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах

6.1. Холбоог төрийн бус байгууллагын тухай хуульд заасан үндэслэлээр өөрчлөн байгуулах (бусад байгууллагатай нэгдэх, тусгаарлах), татан буулгах асуудлыг гишүүдийн саналыг харгалзан холбооны чуулганаас төлөөлөгчдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ. Энэ нөхцөлд холбооны хөрөнгийг төрийн бус байгууллагын тухай хуулийн 7-р зүйлийн 2 дахь заалтад нийцүүлэн шилжүүлэх буюу зорилгод нь нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.

6.2. Холбооны дүрэмд зайлшгүй нөхцөл шаардлагын улмаас Монгол Улсын хууль тогтоомжинд нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

6.3. Энэхүү дүрмийг Чуулганы хуралдаанаар хэлэлцэн, баталсан өдрөөс дагаж мөрдөнө.


УЛААНБААТАР ХОТ

2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр

1 comment:

  1. МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ-ийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд өгөх САНАЛ-ыг холбооны УЗ-ийн 2024.03.01-ний өдрийн хуралд танилцуулж, холбооны удирдлагуудад өгсөн. Санал 2 хуудастай.

    ReplyDelete