Thursday, November 5, 2020

Хавчиг талбайн геофизикийн цогцолбор судалгааны үр дүнгийн тайлалт

 Болор-Эрдэнэ А

"Монголын геофизикчдийн холбоо"-ны удирдах зөвлөлийн гишүүн

 

Зорилго: Геофизикийн соронзон хайгуулыг нарийвчлан хийж, цахилгаан хайгуулын үр дүнтэй хослуулан тайлалт хийснээр эрлийн талбайн гүний геологийн тогтоцыг ойлгох, өрөмдлөгийг илүү оновчтой төлөвлөхөд хувь нэмэр оруулах зорилготой.

Хураангуй: Хавчиг талбайд гүйцэтгэсэн нарийвчилсан соронзон зураглалаар илрүүлсэн цагираг хэлбэрийн 57500-58300 нТ-ийн утгатай гажил нь хүдэр агуулагч интрузив массивтай давхацдаг. Уг гажил нь баруун хойш чиглэлтэй хагарлын нөлөөгөөр хэвтээ болон босоо тэнхлэгийн дагуу зэрэг шилжсэн нь геофизикийн цогцолбор аргачлалын үр дүнгээр тайлагдаж байна. Цахилгаан хайгуулаар баруун хойш чиглэлтэй хагарал нь төлөөлөх эсэргүүцлийн гүний 77 м-ийн түвшинд 10-1300 Ом.м утгатай эсэргүүцлийн гажлаар гүнд үргэлжилж байгаа ба албадмал туйлшралын гүний 77 м-ийн түвшинд хагарлын баруун урд хэсэгт 4-10 мВ/В утгатай хувирсан бүс байна. Эдгээр судалгааны үр дүнг нэгтгэвэл гүний 100 м-ийн горизонтод хувирал хүдэржилтийн бүс тогтоогдож байгаа ба 300 м хүртэл гүнд өрөмдвөл хүдрийн биетийг үнэлэх боломжтой гэж үзлээ.

Түлхүүр үг: Соронзон хайгуул, Цахилгаан хайгуул


I.            ОРШИЛ

Хавчиг талбай нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт орших Алтан гадас уулаас баруун урагш 5 км-т 800 м урттай, 600 м өргөнтэй талбайг хамарна. Тухайн талбайн алтны хүдэржилт нь дунд пермийн Улиастай бүрдлийн II фазын шүлтлэг, шүлтлэгдүү боржин чулуулагтай холбоотой. Уг талбайд илэрсэн гадаргуугийн хувирал хүдэржилтийг гүнд нь судлахаар геофизикийн аргуудыг цогцоор хэрэглэж, тайлалт дүгнэлт өгсөн болно.

II.                ГЕОЛОГИЙН ТОГТОЦ

Талбайн хэмжээнд неопротерозойн Шандыннуруу формац (NP1sn), түүнийг зүссэн дунд пермийн Улиастай бүрдлийн II фазын шүлтлэгдүү2P2u) интрузив, эдгээрийг хучсан голоценийн делювиал-пролювиал (n,dpQ2) гаралтай сэвсгэр хурдас тархсан (Зураг-1).

Дунд пермийн интрузив чулуулаг нь калишпатжих, метасоматитжих, грейзенжих хувирлуудад өртсөн. Хувирсан биет нь 350 м урттай, 250 м өргөнтэй, 5 см хүртэл өргөнтэй кварцын судланцруудаар хэрчигдсэн байдаг. Судланцарууд нь хүчтэй лимонитжсон, гематитжсан, малахитжсан, пиритжсэн.

Зураг-1. Хавчиг талбайн геологийн зураг

III.      АРГАЧЛАЛ

Соронзон хайгуул: 2016 онд Алтангадас талбайд соронзон зураглалын ажлыг 1:10000 масштабтай, шугам хооронд 100 м зайтайгаар хэмжсэн (Зураг-2).

2018 онд тектоник структурыг судлах, цаашлаад алт болон магнетит агуулсан интрузив чулуулгийн ерөнхий структур, хил заагийг ялгах зорилгоор  Алтангадас талбайн Хавчиг нэртэй нарийвчилсан эрлийн хэсэгт соронзон зураглалыг хийсэн (Зураг-3). Уг ажлыг 1:500 масштабтай, шугам хооронд 5 м нарийвчлалтай 60 т.км буюу 270 мян.м2 талбайд зураглав.

Цахилгаан хайгуул: Хавчиг эрлийн талбайн геологийн тогтоц болон соронзон хайгуулын үр дүн дээр үндэслэн цахилгаан хайгуулын диполь-диполь аргачлалыг сонгон, уртрагийн дагуу гүний тандалт хийх зорилготой нэг зүсэлтийг мөн 2016 онд хийсэн. Тухайн цахилгаан зүсэлтийг 6 сувгаар, хэмжилт хооронд 50 м-ийн зайтай гүйцэтгэсэн.

Тус цахилгаан зүсэлтийн албадмал туйлшралын үр дүнгээс гүн рүүгээ 8мВ/В сонирхолтой утга харагдсан тул нэмэлтээр цахилгаан хайгуулын поль-диполь аргачлалаар 2017 онд уртрагийн дагуу дөрөв, өргөргийн дагуу хоёр зүсэлт хийсэн (Зураг-1). Тухайн цахилгаан зүсэлтүүдийг 12 сувагтай, хэмжилт хооронд 50 м, шугам хооронд 100 м зайтай хэмжсэн.

IV.      ҮР ДҮН БА ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Соронзон хайгуул: 2016 оны соронзон зураглалын ажлын үр дүнд 58700-59000 нТ утгатай цагираг хэлбэрийн биет тогтоогдсон (Зураг-2). Тухайн биет нь гадаргууд илрүүлэгдсэн алт, зэс, мөнгө, хар тугалга, цайрын илрэлтэй давхацдаг.

Зураг-2. 2016 оны соронзон зураглалын ажлын үр дүн

2018 оны нарийвчилсан ажлаар интрузив массив нь цагираг хэлбэрийн 57500-58300 нТ утгатай, баруун хойш чиглэлтэй хагарлын нөлөөгөөр шилжсэн, цагираг структурын төвийн хэсэгт хувирлын бүс байж болох шинж ажиглагдлаа. Тухайн структурын захын 57700-58300 нТ өндөр утга нь зүүн урагш цүлхийн томорсон байгаа нь тухайн биет зүүн урагш уналтайг харуулж байна.

Зураг-3. 2018 оны соронзон зураглалын ажлын үр дүн

Дээрх соронзон зураглалын ажлуудын үр дүнгээс харахад, нарийвчлал сайжрах тусам геологийн структурын тайлалтын үр дүн нэмэгдэж, зөвхөн биетийн хэлбэр бус шилжсэн суусан нөхцлийг тодорхойлох боломж олгож байна.    

Цахилгаан хайгуул: Хавчиг эрлийн талбайд 2016-2017 онуудад хийгдсэн цахилгаан зүсэлтүүдийг нэгтгэн гүний 77 м түвшний план зургуудыг гаргасан (Зураг-4, 5). Хүдэржилт агуулсан интрузив массив нь цахилгаан хайгуулын төлөөлөх эсэргүүцлийн 10-1300 Ом.м утгатай мужаар гүндээ үргэлжлэх ба баруун хойш чиглэлийн хагарлаар шилжилт үүсгэсэн нь ажиглагдана (Зураг-4). Цагиргийн төв хэсэгт төлөөлөх эсэргүүцэл 10-200 Ом.м болж буурсан нь хувирлын нөлөөгөөр буурсан буюу хүдэржилт байх боломжтой нөхцөл бүрдсэнийг илтгэж байна.

Зураг-4.Цахилгаан зүсэлтүүдийг нэгтгэн төлөөлөх эсэргүүцлийн гүний 77м түвшний план зураг

Албадмал туйлшралын зураглалд баруун хойш чиглэлтэй хагарлын зүүн урд хэсгийн 4-10 мВ/В утгатай муж нь бага эсэргүүцлийн болон дундаж соронзонгийн гажилтай давхцах шинж нь хувирлын бүс гэдгийг тодорхойлж байна (Зураг-5).

Зураг-5. Цахилгаан зүсэлтүүдийг нэгтгэн албадмал туйлшралын гүний 77м түвшний план зураг

Цахилгаан хайгуулын шугам-295950 нь хүдэржилт агуулсан интрузив массивын төв хэсгээр, уртрагийн дагуу огтлон байрлана (Зураг-6). Албадмал туйлшралын зүй тогтлыг харвал баруун хойших шилжээс хагарлын баруун урд хэсэг дээш өргөгдөж, зүүн хойд хэсэг доош суусан ажиглагдана. Энэ шугаманд ажиглагдаж буй зүй тогтол бусад параллель шугамуудад ижил төстэй байдлаар үргэлжилнэ.

Зураг-6. 2017 оны цахилгаан   хайгуулын поль-диполь аргачлалаар хэмжсэн шугам - 295950

Цахилгаан хайгуулын үр дүнгээр гадаргууд илрүүлэгдсэн геофизикийн гажлыг гүнд нь мөрдөх, цаашлаад зөвхөн биетийн хэлбэр структурээр хязгаарлагдахгүй шинж чанарт үнэлэлт өгөх боломжтой гэдэг нь харагдаж байна.

V.         ДҮГНЭЛТ

Хавчиг талбай дахь хүдэржилт агуулсан  интрузив массив нь зүүн урагш уналтай, цагираг хэлбэртэй биет байна.

Биет нь баруун хойш чиглэлтэй тектоник хагарлын нөлөөгөөр баруун хэсэг нь баруун хойшоо, зүүн хэсэг нь зүүн урагшаа хэвтээ тэнхлэгийн дагуу шилжсэн. Шилжээс хагарлын дагуу баруун урд тал нь өргөгдсөн ба зүүн хойд тал нь доош суусан байна.

 Дээш өргөгдсөн хагас цагираг хэлбэртэй структурын төвийн хэсэгт хувирлын бүс байх боломжтой сонирхолтой гажил тогтоогдож байгаа тул баруун урд талаас нь зүүн хойш чиглэлтэй,  60˚ налуугаар 300 м гүнд өрөмдвөл гүний 100 м-ийн горизонтод хувирал хүрэджилтийн бүсийг огтлох боломжтой гэж үзэж байна.

VI.                   АШИГЛАСАН МАТЕРИАЛ

  Раузер А.А & Жанчив Д, 1986. Монгол-Алтайн зүүн хойт хэсэгт хийсэн 1:200 000-ны геологийн зураглалын ажлын тайлан, (№ 4186)

Тогтох Д & Лхүндэв Ш, 2001. Говь-Алтай аймгийн Тайшир, Есөн-булаг, Дэлгэр, Завхан аймгийн Шилүүстэй сумдын нутагт хийсэн 1:50000-ны масштабтай геологийн                      зураглал, ерөнхий эрлийн ажлын тайлан (№ 5412)

Гүнчин-Иш М & Дамбадаржаа М, 2017. Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг дахь Алтангадас талбайд 2017 онд буюу 8 дахь жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан

  


No comments:

Post a Comment