Sunday, January 14, 2024

ЭМГЭНЭЛ

 


Дагдангийн ДАГВАДОРЖ

 (1945-2024)

 

  Геологийн салбарын ахмад ажилтан, Монгол улсын зөвлөх инженер,  геофизикч Д.Дагвадорж ертөнцийн мөнх бусыг үзүүлж, бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

            Д.Дагвадорж 1945 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг Бүрдийн хавтгай хэмээх газар төржээ. Тэрбээр 1966 онд Улаанбаатар хотын 21 дүгээр  сургуулийг төгсөж, 1966-1972 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуульд “уулын инженер геофизикч” мэргэжлээр суралцаж төгссөн.

 Ажил хөдөлмөрийн гараагаа ТЭХҮГЯ-ны Геофизик-топо зургийн экспедицид инженер геофизикчээр ажиллаж эхэлжээ. Геофизик-топо зургийн экспедици нь 1983 онд Эрэл геофизикийн цогцолбор экспедици, 1990 онд Геологи-геофизикийн эрлийн нэгдэл гэдэг нэртэй болж зохион байгуулалтын өөрчлөлтөд орж байсан бөгөөд Д.Дагвадорж нь энэ байгууллагад 1972-1990 онуудад инженер геофизикч, ахлах геофизикч, ангийн дарга зэрэг албыг хашиж байжээ. 1990-1993 онд “Газрын тосны хэрэг эрхлэх газар”-т ахлах геофизикч, ангийн дарга, 1993-1995 онд Геофизикийн судалгааны товчоонд ахлах геофизикч, төслийн удирдагч, 1995-2002 онд Геологийн судалгааны товчоонд ахлах геофизикч, төслийн удирдагч 2002 оноос “ГЕОСАН” ХХК-д геофизикч, ахлах геофизикчээр ажиллаж байгаад 2022 онд гавьяаны амралтандаа гарсан.

 Геологийн салбарт 50 гаруй жил ажиллахдаа 1:10000 ба 1:25000-ын  масштабын эрэл үнэлгээний ажлын хүндийн хүчний орны болон геофизикийн судалгааны нийт 50 гаруй ажлуудыг үнэт ба өнгөт, холимог металл, үнэт чулуу, уран, давс, нүүрсний чиглэлээр явуулж, үр дүнгийн тайланд  зохиогчоор оролцсон.  Мөн газрын тосны хайгуулын 10 гаруй талбайд 1:200000-ын масштабтай хүндийн хүчний судалгааны ажлыг хийж гүйцэтгэн, үр дүнгийн тайлан зохиосон. 

Д.Дагвадорж нь хүндийн хүчний судалгааны аргачлалаар нарийн мэргэшсэн геофизикч байсан бөгөөд  1:10000, 1:25000, 1:50000, 1:200000-ын масштабтай хүндийн хүчний судалгааны ажлуудын хээрийн судалгааны арга, аргачлалын сонголтыг оновчтой болгох, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх боломжуудыг илрүүлэх, тэдгээрийн судалгааны үр дүнг нэгтгэх, засварлах, хянах ба мэргэжлийн боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байв. Ажиллах хугацаандаа олон арван шинэ залуу геофизикчдыг дадлагажуулан сургаж, үлгэр дууриал нь болсон ахмад геофизикч байлаа.

         Д.Дагвадоржийн хөдөлмөрийг үнэлж ТЭХҮГЯамны “Хүндэт үнэмлэх”, “Салбарын тэргүүний ахмад ажилтан” цол тэмдэг, “Аж үйлдвэрийн ажилчдын ҮЭ-ийн хүндэт үнэмлэх”, “Тэргүүний геологич”, “Монгол Улсын Тэргүүний уурхайчин” цол тэмдгүүд, V,VI,VII, VIII-р таван жилийн “Гавшгайч” цол тэмдгүүд, Ардын Хувьсгалын 60 жил, 70 жилийн ойн медалиуд, Алтангадас одон болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон-оор тус тус шагнасан байна.

         

Түүний хөдөлмөрч, хичээнгүй, шулуун шударга зан чанар, гэгээн дүр нь бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

         

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье!

 

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

 

ГЕОСАН ХХК

 МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО ТББ


2 comments:

  1. Гүн эмгэнэл илэрхийлье. Ум ма ни бад ми хум

    ReplyDelete
  2. МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО ТББ-ны тэргүүн С.Мөнхбаатар, УЗ-ийн гишүүд Н.Баатар, А.Болор-эрдэнэ, С.Дэмбэрэл, Ч.Одонбаатар Б.Өнөрбаяр, Х.Цээдулам, геофизикч Д.Түмэнжаргал нар гэр бүл, үр хүүхдүүдэд нь эмгэнэл илэрхийлсэн.

    ReplyDelete