Saturday, January 27, 2024

Эмгэнэл

 


Геологийн судалгааны “Геосан ХХК-ийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, геологич Гомбосүрэнгийн Ихбаяр 2024 оны нэгдүгээр сарын 25-нд өвчний улмаас таалал төгсөж монголын геологийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Гомбосүрэн овогтой Ихбаяр нь 1962 оны 10 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотод төр
ж, Политехникийн дээд сургуулийг геологийн зураглалын инженер мэргэжлээр 1985 онд төгсч, 1999 онд Техникийн ухааны магистрын зэрэг хамгаалсан байна.
          Геологи, геофизикийн эрлийн “Монголын гэгээ” нэгдэлд инженер-геологичоор хөдөлмөрийн гараагаа эхэлсэн ба 1995 онд геологийн судалгааны “Геосан” ХХК-ийг үүсгэн байгуулж ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар ажилласан. “Монголын гэгээ” нэгдэлд ажиллах хугацаандаа геологийн зураглал, ерөнхий эрлийн олон ажлыг төсөл зохиохоос судалгааны үр дүнгийн тайлан зохиох хүртэл бүх шатны ажлыг гардан хийсэн тус нэгдлийн тэргүүлэх геологичдын нэг байсан.

         Г.Ихбаяр нь ямагт шинийг эрэлхийлсэн, алсын хараатай ажилладаг нэгэн байсан учир манай орны нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг соргогоор мэдэрч “Геосан” ХХК-ийг үүсгэн байгуулж том болоод дунд масштабын геофизик, байр зүйн зураглалын ажил хийж эхэлсэн. Тэрээр геологич, геофизикч, геодезийн инженер, нисэх онгоцны инженер, нисэгч зэрэг үндэсний мэргэжилтэн, судлаачдаас бүрдсэн чадварлаг хамт олныг бий болгосноор агаарын геофизикийн 5 сувагт зураглалын ажлыг хийж эхэлсэн нь манай орны геологийн судалгаанд шинэ хуудас нээсэн байна..

          Г.Ихбаяр нь Монголын геофизикчдийн холбоог үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд олон жил Холбооны дэд тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж Холбооны үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ирсэн байна.

Г.Ихбаярын олон жилийн хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлэн “Алтан гадас” одон, ойн медалиудаар шагнасан ба Монгол улсын “Тэргүүний геологич” юм.

          Г.Ихбаярын манай орны геологи, уул уурхайн салбарын хөгжилд оруулсан олон жилийн бүтээлч хөдөлмөр, хувь нэмэр, түүний нөхөрсөг, хичээнгүй зан чанар монголын геофизикчдийн сэтгэл зүрхэнд үүрд орших болно.

Талийгаачийн эцэг эх, гэр бүл, үр хүүхэд, төрөл  төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

Монголын геофизикчдийн холбоо

1 comment:

  1. Зах зээлийн шилжилтийн он жилүүдээс өнөөг хүртэл ГЕОЛОГИ-ГЕОХИМИ-ГЕОФИЗИК-ийн иж бүрэн судалгаа болон АГААРЫН ГЕОФИЗИК-ийн судалгааг тавигдах шаардлагын дагуу хэрэгжүүлж ирсэн ГЕОСАН ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, Монголын геофизикчдийн холбоо /ТББ/-ны УЗ-ийн гишүүнээр удаа дараа сонгогдож байсан эрхэм хүндэт геологичийн гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум ма ни бад ми хум 🙏🙏🙏

    ReplyDelete