ШУТИС-ийн
ГГТС-ийн Геофизик, геомэдээллийн профессорын багт “Геосан” компаниас
геофизикийн үндэсний залуу боловсон хүчин бэлтгэх сургалт, үйлдвэрлэлийн
холбоог бэхжүүлэх, ашигт малтмал эрэл хайгуулын геофизикийн судалгаа,
сургалтад орчин үеийн дэвшилтэт техник, технологийн шинэчлэл хийхэд
үнэтэй хувь нэмэр оруулж, соронзон хайгуулын 2 багаж, хүндийн хүчний
судалгааны гравиметрийн 1 багажийг хандивлалаа.
ШУТИС-ийн
Удирдах Зөвлөлийн дарга Д.Одхүү их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж
явахдаа сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэхэд ихээхэн анхаарал
тавьж ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа ярьж байсны бодит биеллийн нэг нь
энэхүү ажил болж байна. Тус багажуудыг манай геофизикийн сургалт,
судалгаанд ашиглуулах талаар “Геосан” компанитай хэлэлцсэний үр дүнд
бэлэглэж байгаа юм.
Багаж
хүлээж авах үйл ажиллагаанд ШУТИС-ийн Удирдах Зөвлөлийн дарга Д.Одхүү,
ректор Б.Очирбат, Эдийн засаг, хөгжлийн тэрүүн проректор Д.Батчулуун,
Сургалтын проректор Х.Энхжаргал, Оюутны хөгжил, олон нийттэй харилцах
проректор Т.Намнан, “Геосан” компаний ерөнхий захирал Г.Ихбаяр,
гүйцэтгэх захирал Г.Бат-Эрдэнэ нар болон ГГТС-ийн профессор, багш нар
оролцлоо.
“Геосан”
компаниас хандивласан Гравиметрийн багаж нь дэлхийн хүндийн хүчний
таталцлын өөрчлөлтийг хэмждэг багаж бөгөөд ашигт малтмал болон газрын
тосны эрэл хайгуул, геодези, дэлхийн гүний тогтоц, геологийн бусад
судалгаанд хэрэглэгдэнэ. Соронзон хайгуулын магнетометр нь дэлхийн
чулуулаг бүрхүүлийн геологийн тогтоц, эрдэс чулуулаг ба хүдрийн соронзон
шинжийн тархалтын зүй тогтлыг зураглахад зориулагдсан багаж юм.
Геофизикийн
багаж бэлэглэх үеэр “Геосан” компаний удирдлагуудтай уулзан геофизикийн
салбарыг хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах,
үйлдвэрлэл-сургалт-судалгааны холбоог бэхжүүлэх, дэлхийн жишиг
сургуулиудын туршлагыг нэвтрүүлэх талаар чухал хэлэлцээр хийж манай
мэргэжлээр ажиллаж байгаа хувийн компаниуд, төгсөгчид сургалт,
судалгааны материаллаг баазыг хөгжүүлэхэд тодорхой ажил хэрэгч хандах
анхны алхам тавигдлаа.
“Геосан”
компаний хамт олондоо сургалт, судалгааны зориулалттай багаж тоног
төхөөрөмж бэлэглэсэнд гүнээ талархал илэрхийлж, танай компаний цаашдын
үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэн ерөөе.
No comments:
Post a Comment