Н.Баатар1, С.Чинбат2, Э.Бүжинлхам2
1Монголын геофизикчдийн холбоо (ТББ),
2Ай Жи Монголиа
эксплорейшн ХХК
Газрын тос-2023 эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл, №23(11)317, хуудас 7-13,
Геологи №39, 2023. (Монгол Улсад Үндэсний дээд мэргэжилтэй Геофизикч бэлтгэж эхэлсний 30 жил, Монголын Геофизикчдын холбооны 30 жилийн ойд зориулсан дугаар), хуудас 47-55.
Хураангуй
Нутаг дэвсгэрийн хэмжээнд гадаргуугаас харагдах ямар нэг шинж тэмдгээрээ хялбархан олж илрүүлж
болох объект эрс ховордсон. Бүс нутгийн хэмжээнд шатах ашигт малтмал, үнэт, холимог,
ховор металл болон метал бус ашигт малтмал, гүний усны нөөц бүрдүүлэлт хоцрогдож байгаа өнөөгийн нөхцөлд ГЕОЛОГИЙН
СУДАЛГААНЫ АЖИЛ-ыг ашигт
малтмалын нэр төрлөөр нь ашигт малтмал, газрын тос, ус, цацраг идэвхит болон
түгээмэл тархацтай ашигт малтмал гэж
салгасан байдаг. Нэг газар нутагт
давхардсан судалгаа хийж, үргүй зардал гарган, цаг хугацаа алддаг байдалд төрийн бодлого, зохицуулалтаар нэгтгэн зангидах шаардлагын талаар өгүүлэх
болно.
Түлхүүр үг: геофизик,
боловсруулалт, тайлалт, газрын тос, байгалийн хий, гоёлын алмаз, цагаан алт, газрын ховор
элемент
I.
ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ,
ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ
Монгол орны
нутаг дэвсгэрийн хэмжээнд геологийн судалгаа хийж эхэлснээс хойшхи хугацаанд үйлдвэрлэлийн
ач холбогдол бүхий ашигт малтмалын олон тооны орд илрэлүүдийг нээн илрүүлж,
нилээд хэсгийг нь эдийн засгийн эргэлтэнд оруулсаар ирсэн. Бүс нутгийн геологийн тогтоц,
ялангуяа газрын хэвлийн гүний тогтцын тухай төсөөллийг бүрдүүлэх нь онол,
практикийн нэн чухал ач холбогдолтой юм. 1990-д
оноос хойш Оюу
толгойн ордоос өөр үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий
томоохон орд, объект үндсэндээ шинээр нээгдсэнгүй гэж хэлж болно. Энэ нь нутаг дэвсгэрийн хэмжээнд гадаргуугаас харагдах ямар нэг шинж тэмдгээрээ
хялбархан олж илрүүлж болох тийм объект эрс ховордсоныг харуулахын зэрэгцээ геологийн судалгаанд гүний судалгааны
арга, тухайлбал, ГЕОФИЗИКИЙН ЦОГЦ СУДАЛГАА-ны
арга аргачлалуудыг үндсэндээ орхигдуулж ирсэнтэй холбоотой
юм. Ашигт малтмалын
хэтийн төлөвтэй байж болох хуримтлалын газрын гадаргууд ил гарч, нүдээр үзэгдэж
байгаа илэрц нь түүний гүний байршлын талаар төдийлөн баттай мэдээлэл болж
чаддаггүй, тэр нь гүндээ хэдэн арав дахин ихсэх, эсвэл гадаргын элэгдэлд автаж
зөвхөн ёзоор хэсэг нь үлдсэн, тектоникийн үйл ажиллагаагаар тасарсан байх
талтай тул илэрцийн гүн дэх хэлбэр, хэмжээ, байршлыг тогтоохын тулд гүний
судалгааны аргачлалуудыг цогцоор хэрэглэдэг нь дэлхий нийтийн жишиг юм. Геологийн аливаа судалгаанд
геофизикийн аргачлалуудыг оновчтой хослуулан хэрэглэвээс
цаг хугацаа, хөдөлмөр хөрөнгийг хэмнэх, гүнзгийрүүлэн судлах ажлыг зохистой
төлөвлөх боломж бүрдэнэ [8, 11].
ЭРДЭС БАЯЛАГ гэдэг ойлголтонд газрын хэвлий дэх эрдсийн бүрэлдэхүүнтэй бүх төрлийн ашигт малтмалыг хамруулан ойлгож, хэрэглээний онцлог шинжээр нь металл ашигт малтмал, металл бус ашигт малтмал, шатах ашигт малтмал, усны ундрах баялаг хэмээн тоймлон ангилах боловч эдгээрийг эрж, хайж, нээн илрүүлэх асуудлыг зөвхөн геологийн судалгааны ажлаар шийддэг бөгөөд тавих зорилт, хүрэх үр дүн зэргийн шалгуур үзүүлэлтүүд нь үндсэндээ нэг хэмжүүрээр хэмжигддэг, үе шаталсан аргуудтай билээ. Гэтэл геологийн судалгааны ажлыг хэрэгжүүлэх үйл явцыг Газрын хэвлийн тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Цөмийн энергийн тухай, Усны тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай зэрэг олон хуульд салгаж тусгаснаас болж тэр нь геологийн судалгааны ажлын эцсийн үр дүн болоод улс орны эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлэх хандлага бий болоод байна. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй судалгааны явцад шатдаг занар, битум, нүүрс болоод барилгын материал, гүний ус зэрэг ашигт малтмалыг бага анхаарч зөвхөн металл, тэр дундаа алт мэтийн үнэт металлыг илүү сонирхдог, зарим ашигт малтмалын бүрэлдэн тогтох онцлог бүхий бүтэц, тогтцуудын талаар ч анхаарч судалж, дүгнэлт өгөх сонирхолгүй болсон нь “газрын тос”, “ус”-ны асуудал гэсэн ташаа ойлголт бий болсны уршиг юм. Судалгааны явцад тогтоогдсон ахуйн хэрэгцээний эрчим хүчний хэрэглээний шаардлага хангахгүй нүүрс, шатах занар, битум зэргийг геологийн структурын хувьд бүсчлэн, газрын тос, байгалийн хий агуулагч структурыг гүнд нь мөрдөж, нөөцийн хэмжээг ихэсгэснээр шинээр баригдах гэж буй ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР -ийг тасралтгүй түүхий эдээр хангаж, газрын тосны бүтээгдэхүүний дотоодын хэрэглээний тодорхой хувийг хангах боломж байгааг анхаарч үзмээр байна [3, 5, 8, 11]. Газрын тосны тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 30 гаруй жилийн хугацаанд шинээр байгуулагдах газрын тосны боловсруулах үйлдвэрийг тасралтгүй түүхий эдээр хангах, дотоодын хэрэгцээгээ хангах үйлдвэрийн нөөц, түүхий эд бэлтгэгдээгүй, газрын тосны геологийн судалгаанд нутаг дэвсгэрийн 30 орчим хувь хамрагдсан байхад, газрын хэвлийн гүний мэдээлэл төрд төвлөрч, албан хэрэгцээнд ашиглагддаггүй, геологийн салбарын бодлого, төлөвлөлтөнд тусгагдахгүй байна. Төрөл бүрийн бүрийн ашигт малтмалын судалгааны 80 орчим хувь нь геологийн судалгаа, үлдсэн хувь нь геофизикийн судалгаа эзэлдэг байхад ГАЗРЫН ТОС-ны судалгаанд эсрэгээрээ геофизикийн судалгаа нь 80 орчим хувь эзэлдэг онцлогийг ч харгалзан үзэх шаардлага үүсч байна.
Монгол улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, газар нутгийн хэмжээгээр дэлхийд 17 дугаарт ордог, ГЕОЛОГИ-ийн салбар нь 84 жилийн түүхт ойгоо тэмдэглэх гэж байгаа, геологийн 200-300 жилийн түүхтэй өндөр хөгжилтэй орноос хоцронгуй явдаг зэрэг өөрийн орны онцлогт тохируулан геологийн салбарыг хөгжүүлэхэд анхаарах шаардлага зүй ёсоор тавигддаг.
Нутаг дэвсгэрийн хэмжээн дэх газрын тос, байгалийн хий, нүүрс зэрэг нүүрс устөрөгчийн нэгдлийн судалгаа, гадаргуугийн болон гүний усны гидролог, гидрогеологийн судалгаа, дэд бүтэц, барилга байгууламжийн суурийн инженер геологийн судалгаа, байгаль орчин экологийн аюулгүй байдлын геоэкологийн судалгаа, цацраг идэвхит, түгээмэл тархацтай ашигт малтмалын судалгаа зэрэг байгалийн шинжлэх ухаан, геологийн судалгааны ажлыг ГЕОЛОГИ-ийн бодлого, зохицуулалт хариуцсан сайдын эрхлэх асуудалд бүрэн хамааруулах шаардлагатай байдаг. Уст цэг, гүний ус шинээр илрүүлэх, цөлжилтийг сааруулахад чиглэсэн гидрогеологи, геэкологи, геофизикийн судалгааны ажлуудыг салбарын сайдын эрхлэх асуудалд нэгтгэн төвлөрүүлж, харин усны нөөцийг хадгалах, хамгаалах, хэрэглэгчдэд хүргэх зэрэг бусад асуудлуудыг БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ-ын сайдын эрхлэх асуудалд хамааруулах, геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн бодлогыг дэд бүтэц, барилга байгууламж, хот төлөвлөлт, хөдөө аж ахуй зэрэг бусад салбаруудтай уялдуулан холбох зэрэг бодлогын зохицуулалт хийх боломжтой.
Геологийн региональ судалгаа /сэдэвчилсэн судалгаа, зураглал/, эрэл, хайгуулын үе шатанд ГЕОЛОГИ, ГЕОХИМИ, ГЕОФИЗИК, ГИДРОГЕОЛОГИ, ИНЖЕНЕР ГЕОЛОГИ, ГЕОЭКОЛОГИ, УУЛ, ӨРӨМДЛӨГ-ийн ажлыг иж бүрэн цогцолбороор бүрэн төгс хийлгэх; геофизикийн судалгааны мэдээллийг геологичид ашиглаж, “геологи-геофизикийн нэгдсэн боловсруулалт, тайлалт” хийсэн тайланг төрийн байгууллага, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл /ЭБМЗ/ хүлээж авдаг болох шаардлага үүсч байна.