Wednesday, December 20, 2023

ЭРДЭС БАЯЛГИЙН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДАЛД

Н.Баатар1,  С.Чинбат2, Э.Бүжинлхам2

1Монголын геофизикчдийн холбоо (ТББ),

2Ай Жи Монголиа эксплорейшн ХХК          

Газрын тос-2023 эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл, №23(11)317, хуудас 7-13,

Геологи №39, 2023. (Монгол Улсад Үндэсний дээд мэргэжилтэй Геофизикч бэлтгэж эхэлсний 30 жил, Монголын Геофизикчдын холбооны 30 жилийн ойд зориулсан дугаар), хуудас 47-55.


Хураангуй

Нутаг дэвсгэрийн хэмжээнд гадаргуугаас харагдах ямар нэг шинж тэмдгээрээ хялбархан олж илрүүлж болох объект эрс ховордсон. Бүс нутгийн хэмжээнд шатах ашигт малтмал, үнэт, холимог, ховор металл болон метал бус ашигт малтмал, гүний усны нөөц бүрдүүлэлт хоцрогдож байгаа өнөөгийн нөхцөлд ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ АЖИЛ-ыг ашигт малтмалын нэр төрлөөр нь ашигт малтмал, газрын тос, ус, цацраг идэвхит болон түгээмэл тархацтай ашигт малтмал  гэж салгасан байдаг. Нэг газар нутагт  давхардсан судалгаа хийж, үргүй зардал гарган, цаг хугацаа алддаг  байдалд төрийн бодлого, зохицуулалтаар нэгтгэн зангидах шаардлагын талаар өгүүлэх болно.

Түлхүүр үг: геофизик, боловсруулалт, тайлалт, газрын тос, байгалийн хий, гоёлын алмаз, цагаан алт, газрын ховор элемент

  

I.               ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ

 

Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд геологийн судалгаа хийж эхэлснээс хойшхи хугацаанд үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий ашигт малтмалын олон тооны орд илрэлүүдийг нээн илрүүлж, нилээд хэсгийг нь эдийн засгийн эргэлтэнд оруулсаар ирсэн. Бүс нутгийн геологийн тогтоц, ялангуяа газрын хэвлийн гүний тогтцын тухай төсөөллийг бүрдүүлэх нь онол, практикийн нэн чухал ач холбогдолтой юм. 1990-д оноос хойш Оюу толгойн ордоос өөр үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий томоохон орд, объект үндсэндээ шинээр нээгдсэнгүй гэж хэлж болно. Энэ нь нутаг дэвсгэрийн хэмжээнд гадаргуугаас харагдах ямар нэг шинж тэмдгээрээ хялбархан олж илрүүлж болох тийм объект эрс ховордсоныг харуулахын зэрэгцээ геологийн судалгаанд гүний судалгааны арга, тухайлбал, ГЕОФИЗИКИЙН ЦОГЦ СУДАЛГАА-ны арга аргачлалуудыг үндсэндээ орхигдуулж ирсэнтэй холбоотой юм. Ашигт малтмалын хэтийн төлөвтэй байж болох хуримтлалын газрын гадаргууд ил гарч, нүдээр үзэгдэж байгаа илэрц нь түүний гүний байршлын талаар төдийлөн баттай мэдээлэл болж чаддаггүй, тэр нь гүндээ хэдэн арав дахин ихсэх, эсвэл гадаргын элэгдэлд автаж зөвхөн ёзоор хэсэг нь үлдсэн, тектоникийн үйл ажиллагаагаар тасарсан байх талтай тул илэрцийн гүн дэх хэлбэр, хэмжээ, байршлыг тогтоохын тулд гүний судалгааны аргачлалуудыг цогцоор хэрэглэдэг нь дэлхий нийтийн жишиг юм. Геологийн аливаа судалгаанд геофизикийн аргачлалуудыг оновчтой хослуулан хэрэглэвээс цаг хугацаа, хөдөлмөр хөрөнгийг хэмнэх, гүнзгийрүүлэн судлах ажлыг зохистой төлөвлөх боломж бүрдэнэ [8, 11].  

ЭРДЭС БАЯЛАГ гэдэг ойлголтонд газрын хэвлий дэх эрдсийн бүрэлдэхүүнтэй бүх төрлийн ашигт малтмалыг хамруулан ойлгож, хэрэглээний онцлог шинжээр нь металл ашигт малтмал, металл бус ашигт малтмал, шатах ашигт малтмал,  усны ундрах баялаг хэмээн тоймлон ангилах боловч эдгээрийг эрж, хайж, нээн илрүүлэх асуудлыг зөвхөн геологийн судалгааны ажлаар шийддэг бөгөөд тавих зорилт, хүрэх үр дүн зэргийн шалгуур үзүүлэлтүүд нь үндсэндээ нэг  хэмжүүрээр хэмжигддэг, үе шаталсан аргуудтай билээ. Гэтэл геологийн судалгааны ажлыг хэрэгжүүлэх үйл явцыг Газрын хэвлийн тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Цөмийн энергийн тухай, Усны тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай зэрэг олон хуульд салгаж тусгаснаас болж тэр нь геологийн судалгааны ажлын эцсийн үр дүн болоод улс орны эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлэх  хандлага бий болоод байна. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй судалгааны явцад шатдаг занар, битум, нүүрс болоод барилгын материал, гүний ус зэрэг ашигт малтмалыг бага анхаарч зөвхөн металл, тэр дундаа  алт мэтийн үнэт металлыг илүү сонирхдог, зарим  ашигт малтмалын бүрэлдэн тогтох онцлог бүхий бүтэц, тогтцуудын талаар ч анхаарч судалж, дүгнэлт өгөх сонирхолгүй болсон нь “газрын тос”, “ус”-ны асуудал гэсэн ташаа ойлголт бий болсны уршиг юм. Судалгааны явцад тогтоогдсон ахуйн хэрэгцээний эрчим хүчний хэрэглээний шаардлага хангахгүй нүүрс, шатах занар, битум зэргийг геологийн структурын хувьд бүсчлэн, газрын тос, байгалийн хий агуулагч структурыг гүнд нь мөрдөж, нөөцийн хэмжээг ихэсгэснээр шинээр баригдах гэж буй ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР -ийг тасралтгүй түүхий эдээр хангаж, газрын тосны бүтээгдэхүүний дотоодын хэрэглээний тодорхой хувийг хангах боломж байгааг анхаарч үзмээр байна [3, 5, 8, 11].   Газрын тосны тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 30 гаруй жилийн хугацаанд шинээр байгуулагдах газрын тосны боловсруулах үйлдвэрийг тасралтгүй түүхий эдээр хангах, дотоодын хэрэгцээгээ хангах үйлдвэрийн нөөц, түүхий эд бэлтгэгдээгүй, газрын тосны геологийн судалгаанд нутаг дэвсгэрийн 30 орчим хувь хамрагдсан байхад, газрын хэвлийн гүний мэдээлэл төрд төвлөрч, албан хэрэгцээнд ашиглагддаггүй, геологийн салбарын бодлого, төлөвлөлтөнд тусгагдахгүй байна. Төрөл бүрийн бүрийн ашигт малтмалын судалгааны 80 орчим хувь нь геологийн судалгаа, үлдсэн хувь нь геофизикийн судалгаа эзэлдэг байхад ГАЗРЫН ТОС-ны судалгаанд эсрэгээрээ геофизикийн судалгаа нь 80 орчим хувь эзэлдэг онцлогийг ч харгалзан үзэх шаардлага үүсч байна. 

Монгол улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, газар нутгийн хэмжээгээр дэлхийд 17 дугаарт ордог, ГЕОЛОГИ-ийн салбар нь 84 жилийн түүхт ойгоо тэмдэглэх гэж байгаа,  геологийн 200-300 жилийн түүхтэй өндөр хөгжилтэй орноос хоцронгуй явдаг зэрэг өөрийн  орны онцлогт тохируулан геологийн салбарыг хөгжүүлэхэд анхаарах шаардлага зүй ёсоор тавигддаг.

Нутаг дэвсгэрийн хэмжээн дэх газрын тос, байгалийн хий, нүүрс  зэрэг нүүрс устөрөгчийн нэгдлийн судалгаа, гадаргуугийн болон гүний усны гидролог, гидрогеологийн судалгаа, дэд бүтэц, барилга байгууламжийн суурийн инженер геологийн судалгаа, байгаль орчин экологийн аюулгүй байдлын геоэкологийн судалгаа, цацраг идэвхит, түгээмэл тархацтай ашигт малтмалын судалгаа зэрэг байгалийн шинжлэх ухаан, геологийн  судалгааны ажлыг ГЕОЛОГИ-ийн бодлого, зохицуулалт хариуцсан сайдын эрхлэх асуудалд бүрэн хамааруулах шаардлагатай байдаг. Уст цэг, гүний ус  шинээр илрүүлэх, цөлжилтийг сааруулахад чиглэсэн гидрогеологи, геэкологи, геофизикийн судалгааны ажлуудыг салбарын сайдын эрхлэх асуудалд нэгтгэн төвлөрүүлж, харин усны нөөцийг хадгалах, хамгаалах, хэрэглэгчдэд хүргэх зэрэг бусад асуудлуудыг БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ-ын сайдын эрхлэх асуудалд хамааруулах, геологи,  уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн бодлогыг дэд бүтэц, барилга байгууламж, хот төлөвлөлт, хөдөө аж ахуй зэрэг бусад салбаруудтай уялдуулан холбох зэрэг бодлогын зохицуулалт хийх боломжтой.

Геологийн региональ судалгаа /сэдэвчилсэн судалгаа, зураглал/, эрэл, хайгуулын үе шатанд ГЕОЛОГИ, ГЕОХИМИ, ГЕОФИЗИК, ГИДРОГЕОЛОГИ, ИНЖЕНЕР ГЕОЛОГИ, ГЕОЭКОЛОГИ, УУЛ, ӨРӨМДЛӨГ-ийн ажлыг иж бүрэн цогцолбороор бүрэн төгс хийлгэх; геофизикийн судалгааны мэдээллийг геологичид ашиглаж, геологи-геофизикийн нэгдсэн боловсруулалт, тайлалт хийсэн тайланг төрийн байгууллага, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл /ЭБМЗ/ хүлээж авдаг болох шаардлага үүсч байна. 


Thursday, December 14, 2023

МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО /ГҮТББ/ БАЙГУУЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙД

Н.Баатар1, Д.Цэдэнбалжир1, С.Мөнхбаатар2, С.Дэмбэрэл3,

 А.Болор-Эрдэнэ1, Г.Бат-Эрдэнэ4

1Монголын геофизикчдийн холбоо  /ГҮТББ/, 2 Амодисковер ХХК,

 3ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, 4 Геосан ХХК,

( Геологи №39 сэтгүүлд хэвлэгдсэн, 2023. хуудас 71-79 )


ОРШИЛ

Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд гүйцэтгэж байгаа геофизикийн судалгааны ажлын цар хүрээг нэмэгдүүлэх, инженер техникийн ажилтан, ажиллагсад, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, геофизикийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, нутагшуулахад мэргэжлийн хүчирхэг хамт олон, алсын хараатай бодлого чухал байна.

1990-ээд  оноос Монголын нийгэм, эдийн засаг үндсээрээ өөрчлөгдөж, төрийн байгууллагууд тарж бутарсан хэцүү цаг үе эхэлсэн ба  геологийн судалгаа, сургалт, эрдэм шинжилгээний  ажлын бүтэц, зохин байгуулалтад ихээхэн өөрчлөлт орж байлаа.  Геологи хайгуулын ажил, түүний дотор геофизикийн  судалгаа  төрийн  нэгдсэн  төлөвлөлт, хяналтаас үндсэндээ  гарч,  олон  жижиг  хувийн  компаниуд  бий  болж,  хийсэн  ажлынхаа  үр  дүнг  захиалагчийнхаа  өмнө  хариуцах  болов. Чухам энэ хэцүү цаг үед үйлдвэрлэл, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудад ажиллаж байсан,  ажил, мэргэжлээ эрхэмлэдэг хэсэг геофизикчид мэргэжлийн, төрийн бус байгууллага  Монголын  геофизикчдийн  холбоо” хэмээх зохицуулах,  уялдуулах  үүрэгтэй  иргэний  байгууллагыг үүсгэн байгуулсан байна.   Энэ үеэс манай оронд  хайгуулын  геофизикийн  судалгааны  хөгжлийн  шинэ  үе  эхэлжээ.

1993 онд байгуулагдсан манай холбоо салбартаа анхдагч нь байлаа. Монгол улс зах зээлийн харилцаанд шилжээд геологийн салбарын бүтцийн тогтолцоо алдагдсан, геологи хайгуулын ажил санхүүгийн уналтанд орсон хэцүү үед үүсэн байгуулагдсан байдаг.

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд дэлхийн хэмжээнд томоохон өөрчлөлт шинэчлэл, шинэ үе эхэлсэн цаг мөчид 1993 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр МУИС-ийн геофизикийн тэнхимийн эрхлэгч, физик математикийн шинжлэх ухааны доктор, ОХУ-ын Петрийн шинжлэх ухааны сурвалжлагч гишүүн, профессор Долгорын Халтарын тэнхимд мэргэжил нэгт хэсэг нөхөд маань цуглаад тухайн үеийн төр, нийгмийн байдал, цаашид мэргэжлээ хэрхэн яаж авч явах талаар ярилцаж мэргэжлийн төрийн бус байгууллага “МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО”-г байгуулах санаачлага гаргасан. Энэхүү уулзалтанд П.Дугараа (ТИС), Н.Бямбаа (ТИС), Ү.Сүхбаатар (ШУА), Д.Болд (ГУУЯ-Геофизикийн экспедици), Д.Лавдансүрэн (Геофизикийн экспедици), Р.Оюунсүрэн (УААЯ), М.Лэгдэн (УААЯ) нар оролцож, холбооны тэргүүнээр Долгорын ХАЛТАР багшийг сонгож, холбооны анхдугаар чуулганд оролцогчдын саналаар Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон ажиллуулж ирсэн.

2023.11.02 Баримтат киноны зураг авалтын үеэр, ШУА, ООГХ-д

Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, холбооны үүсгэн байгуулагч Ү.Сүхбаатар,  ахмад геофизикч Б.Дэндэвчулуун, холбооны гүйцэтгэх захирал Д.Цэдэнбалжир /урд эгнээ/, ШУА, ООГХ-ийн захирал С.Дэмбэрэл, холбооны үүсгэн байгуулагч Д.Болд, холбооны тэргүүн С.Мөнхбаатар, Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн дарга Я.Бат-Ирээдүй /арын эгнээ/

Холбооны II чуулган нь 1997 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж, холбооны дүрмийг хэлэлцэн баталсан. Холбооны III чуулган нь 1999 онд хуралдаж, холбооны дүрэм, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй болно. Холбооны IY чуулган нь 2009 оны 12 дугаар  сарын 18-ны өдөр хуралдаж, холбооны шинэчилсэн дүрмийг хэлэлцэн баталсан. Холбооны Y чуулган нь 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, YI чуулган нь 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, YII чуулган нь 2015 оны 12 сарын 11-ний өдөр, YIII чуулган нь 2019 оны 12 сарын 14-ны өдөр тус тус хуралдсан.


Wednesday, December 6, 2023

"Өглөөний зочин"-оор ШУА-ийн Одон Орон геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэл

 Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Одон Орон геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэлийг “Өглөөний зочин”-оор урилаа. 

эх сурвалжийн энд дарж үзнэ үү.


-Орчин үеийн одон орон, геофизикийн судалгаа юунд чиглэж байна вэ. Та хүрээлэнгийнхээ түүх, судалгааны чиглэлийг танилцуулж болох уу?

-Манай хүрээлэн судалгааны хоёр том үндсэн чиглэлээр эрдэм судлалын ажлыг эрхлэн явуулдаг. Энэ нь одон орон судлал, нөгөө нь геофизикийн судалгааны чиглэл юм. Монгол Улсад орчин үеийн одон орон, геофизикийн шинжлэх ухааны үндэс суурь тэртээ 1957 онд тавигдсан юм. НҮБ-аас 1957 оныг Дэлхий дахинаа олон улсын геофизикийн жил болгон зарласан тэр жил Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Одон орон судлах оргил, газар хөдлөлтийг бүртгэх анхны станцыг Улаанбаатар хотноо байгуулж энэ чиглэлийн судалгааны ажлыг эхлүүлсэн түүхтэй. Энэ их нүсэр ажлыг амжилттай хийж гүйцэтгэхэд манай ахмад эрдэмтэн судлаачдын гаргасан хичээл зүтгэлийг үнэлж барамгүй их. Монгол Улсад Олон Улсын Геофизикийн жилийн Үндэсний хороо байгуулагдаж даргаар нь газарзүйч эрдэмтэн Ш.Цэгмэд, нарийн бичгийн даргаар одон оронч С.Нинжбадгар, гишүүдэд соронзон судлаач эрдэмтэн Г.Аюушжав, цаг уурч н.Баясгалан нар ажилласан юм. Эх орныхоо өргөн уудам газар нутагт геофизикийн судалгааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах, судалгааны багаж тоног төхөөрөмж дуран авай захиалах, одон орон судлах оргилыг байгуулах тохиромжтой газрыг сонгон олох, байшин барилга дэд бүтцийг барих, зам засах, утас цахилгааны шугам татах, боловсон хүчин бэлтгэх гээд шинэ байгууллагын аж ахуйн зохион байгуулалтын олон талын нүсэр ажлуудыг цаг алдалгүй хийж гүйцэтгэсэн.

Монгол Улсад орчин үеийн одон орон геофизикийн шинжлэх ухааныг үүсгэн хөгжүүлэхэд манай ахмад эрдэмтэн судлаач С.Нинжбадгар агсаны оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг их. Тухайн үедээ ЗХУ-ын Москва хотын их сургуулийг төгсөж ирээд байсан өндөр мэдлэгтэй залуухан эмэгтэй С.Нинжбадгар нь “Олон улсын геофизикийн жилд Монгол Улсын идэвх санаачилгатай оролцоо”-г тодорхойлж, одон орон судлал, газар хөдлөл судлалын ажлыг эхлүүлэх санаачилга гаргаж, түүнийгээ Засгийн газарт зөв тайлбарлан таниулж хэрэгжүүлсэн юм. Газар хөдлөлтийг бүртгэх анхны станцыг  одоогийн Үндэсний төв номын сангийн арын хашаан дотор, Одон орон судлах оргилыг Богдхан уулын Хүрэлтогоотын амны салбар уулын орой дээр байгуулж эхэлсэн байдаг. Монгол Улсын эдийн засгийн хүчин чадал тийм их бяртай байгаагүй тэртээх 1950 оны сүүлчээр улсын төсвийн хөрөнгөөс судалгаа шинжилгээний ажилд зориулан ихээхэн хэмжээний зардлыг гаргуулан орчин цагийн одон орон, геофизикийн шинжлэх ухааны эх суурийг тавьж хөгжүүлж эхлүүлсэн нь үнэхээрийн бахдам гавьяа билээ. Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд манай хүрээлэн өргөжин хөгжсөөр өнөөдөр ШУА-ийн хүрээлэнгүүд дотроосоо хамгийн олон ажилтан албан хаагчидтай, 12 аймагт салбартай, газар хөдлөлтийг бүртгэх станцуудтай, одон орон судлах оргил, соронзон оргилуудтай эрдэм шинжилгээний томоохон байгууллага болоод байна. Хамгийн сүүлд 2015  онд Засгийн газрын тогтоолоор Одон орон геофизикийн судалгааны төв болон орон нутаг дахь газар хөдлөлтийг бүртгэх станцуудыг нэгтгэн ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн болгон зохион байгуулсан юм. Өнөөдөр манай эрдэмтэн судлаачид одон орон судлал, сансар судлал, газар хөдлөл судлал, дэлхийн соронзон орны судлал, орон нутгийн геофизикийн салбар гэсэн  таван үндсэн салбарын хүрээнд эрдэм судлалын ажлыг гүйцэтгэж байна. Одот тэнгэрийг дурандан судалдаг, сансар судлал, сансрын техник технологийг судалдаг судлаачид нөгөө талаас эх дэлхийгээ физик байгалийн ухааны аргаар судалдаг геофизикчид нэгэн доор ажилладгийг сонирхон асуудаг хүмүүс ч байдаг. Ер нь бол энэ хоёр салбар маань анхнаасаа манай ахмад эрдэмтэн судлаач агсан С.Нинжбадгар гуайн удирдлага доор л нэгэн зэрэг 1957 онд эхэлсэн түүхэн угшилтай.


Tuesday, November 28, 2023

Геофизикийн салбар 24 зөвлөх инженер, 26 мэргэшсэн инженертэй

Геофизикийн салбар 2023 оны 11-р сарын 28-ны байдлаар нийт 24 зөвлөх инженер, 26 мэргэшсэн инженертэй байна.





Tuesday, November 21, 2023

Доктор, Профессор Пүрэвийн Дугараагийн нэрэмжит геофизик, геомэдээллийн боловсруулалтын танхим

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн
Геологи, Уул Уурхайн сургууль
Доктор, Профессор Пүрэвийн Дугараагийн нэрэмжит геофизик, геомэдээллийн боловсруулалтын танхим
/2023-11-17-нд нээлтийн үйл ажиллагаа нь болсон/

Монголын Геофизикчдийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн П.Дугараагийн товч тайлантай энд дарж танилцана уу

Геологийн том экспедицүүдийг татан буулгаж, хувьчилсан зах зээлийн шилжилтийн үеийн дараахь хүнд хэцүү он жилүүдэд мэргэжлийн байгууллага, ажилтан, ажиллагсдын эрх ашгийг хамгаалах, шинэ залуу боловсон хүчин мэргэжлийн залуу халааг тасралтгүй бэлтгэх, сургалтын материаллаг баазыг бүрдүүлэх, салбарын нэр хүндийг өсгөх, ахмад дунд үеийн тэргүүлэх мэргэжилтнүүдийн алдар гавьяаг дуурсгах, мөнхжүүлэх, дэмжих талаар өөрийн мэдлэг, оюун ухаан, хүч чадлаа бүрэн зориулж, үе үеийн ахмад, дунд, залуу үеийн геологичид, геофизикчдийг холбох гүүр болон ирсэн ШУТИС–ийн ГУУС-ийн Сургалт үйлдвэрлэл, судалгааны төвийн захирал, Монголын Геофизикчдийн холбооны дэд тэргүүн, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүнээр удаа дараа сонгогдож, 1997-2009 онд холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Монгол Улсын Зөвлөх инженер, доктор (phD), профессор П.ДУГАРАА багшийн мэргэжлээрээ ажилласан 56 жилийн сүүлийн 30 жил буюу түүний амьдралын идэвхитэй үйл ажиллагаа Монголын геофизикийн холбоо (ГҮТББ)-той салшгүй холбоотой байсан.



Monday, November 20, 2023

Геофизикийн салбар 2 мэргэшсэн инженерээр хүрээгээ тэллээ.

ГЕОФИЗИК-ийн мэргэшсэн инженерүүд 2023.11.17-ны өдөр Мэргэшсэн мэргэжилтний ёс зүйн тангаргаа өргөж, эрхийн гэрчилгээгээ гардан авсан.

Геофизикийн салбар 2 мэргэшсэн инженерээр хүрээгээ тэллээ. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье

Sunday, November 19, 2023

“Шилдэг залуу геофизикч” шагналын эзэн болсон Э.Батмагнай, 2023 он

 “МГеофХ”-ны нэрэмжит “Шилдэг залуу геофизикч” шагналын эзэн болсон Э.Батмагнайдаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсье



Saturday, November 18, 2023

Чалхаан овогтой Баянсан ах Алтангадас одонгоор шагнагдсан.

Чалхаан овогтой Баянсан ах Алтангадас одонгоор энгэрээ мялаасан түүхэн үйл явдал болж байна. Эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье

Friday, November 17, 2023

Геофизик-30 жил арга хэмжээ маш сайхан болж өндөрлөлөө. 2023 он

ГЕОФИЗИК-30  /2023.11.17/

Монголын Геофизикчдийн холбоо (ГҮТББ) үүсэн байгуулагдсан 30 жилийн ой,
Эх орондоо дээд боловсролтой геофизикчид бэлтгэж эхэлсний 30 жилийн ой





Thursday, November 16, 2023

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ЗАСГИЙН ГАЗРЫН РЕФЕРЕНТ Д.БОЛД

  

    Д. Болд нь ОХУ-ын Екатеринбург хотын /хуучин нэрээр Свердловск хот / Уул уурхайн Улсын их сургуулийн геофизикийн факультетыг уулын инженер-геофизикч мэргэжлээр 1981-1986 онуудад суралцан төгссөн, 1986 оноос хойш төрийн байгууллагад тасралтгүй 37 дахь жилдээ техникч-геофизикч, инженер-геофизикч, геомэдээллийн төвийн дарга, экспидeцийн дарга, агентлаг, яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, олон улсын төслүүдийн удирдагч, хэлтэс, албаны дарга, Засгийн газрын референтээр ажиллаж байна.

    Мэргэжлийн ур чадвар: мэдээллийн систем анализ, программ хангамж, 3 хэмжээст дүрс боловсруулалт, хиймэл дагуулын мэдээлэл боловсруулалт, олон улсын төслийн менежемeнт, геологи, уул уурхай, газрын тосны чиглэлээр хээрийн судалгааны ажлын туршлагатай. Орос, англи, франц хэлний мэдлэгтэй.

    1986-1990 онуудад Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Баянцагааны хүдрийн дүүргийн хэмжээнд 1500 км.кв талбайд 1:50000-ны масштабын зураглалын ажил, Төв, Булган, Архангай аймгуудын нутаг дэвсгэрт 16700 км. кв талбайн хэмжээнд 1:50000-ны масштабын 5 сувагт агаарын геофизикийн судалгааны ажилд ЗХУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран хайгуулын геофизикчээр ажилласан.

    1987-1988 онд АА-ын дугаар ангид цэргийн алба хааж бага түрүүч цолтой халагдсан.

 1990-1993 онуудад Геологи-геофизикийн эрлийн нэгдлийн дэргэд байгуулсан Геомэдээлэл, тандан судалгааны төвд мэргэжилтнээр томилогдон ажиллаж геологи, геофизикийн төрөлжсөн программуудын алгоритмыг Basic, Qbasic, Fortran, C хэлээр зохиож, мэдээлэл боловсруулах болон сансрын зургийн боловсруулалтын мэдээллийг геологи, хайгуулын ажилд хэрэглэх талаар заавар гаргаж, геологийн салбарын байгууллагуудын  нийт инженер техникийн ажилтнуудад 8 ба 16 битийн компьютер, түүний хэрэглээ, дүрс боловсруулалтын системийг хэрхэн ашиглах талаар төрөлжсөн хичээлүүдийг боловсруулан зааж байсан. 

     1993 оны 4 дүгээр сард Монгол Улсын геологийн салбарын анхдагч төрийн бус байгууллага болох “Монголын геофизикчдын холбоо”-г санаачлан байгуулж гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.   

Эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр, 2023 он

 

Tuesday, November 7, 2023

Геофизик - 30 жил

Монголын Геофизикчдийн Холбоо (ГҮТББ) үүсэн байгуулагдсаны 30 жил, Үндэсний дээд боловсролтой геофизикч бэлтгэж эхэлсний 30 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.



Monday, November 6, 2023

Олон улсын хурал зөвлөгөөнд оролцдог Монгол геофизикчдийн төлөөлөл

 Олон улсын хурал зөвлөгөөнд оролцдог Монгол геофизикчдийг төлөөлүүлэн "Mongolian Geophysical Society" нэртэй цахим архивын түүхэн гэрэл зургийн альбомоос эргэн дурслаа.


Зураг түүх өгүүлнэ https://geophysicsmn.blogspot.com/p/picture-of-history.html



Thursday, June 8, 2023

ТАНЫ БОДЛООР АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАРТ ГЕОФИЗИКИЙН ХЭЛТЭС БАЙГУУЛАХ ХЭРЭГЦЭЭ БАЙНА УУ?

Өнөөдөр би Монголын геофизикчид болон геофизикийг ойлгодог геологийн салбарын мэргэжилтнүүдээсээ “Таны бодлоор Ашигт малтмал, газрын тосны газарт Геофизикийн хэлтэс байгуулах хэрэгцээ байна уу? гэсэн асуултыг асуухыг хүслээ.

Энэ асуултанд идэвхтэй хариулж, сошиал орчинд үзэл бодлоо бичих байдлаар Монголын геофизикийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулаасай гэж та бүхнээсээ хичээнгүйлэн хүсэж байна. Би ч бас энэ асуултанд хариулъя.

Монголын геологийн салбар үеийн үед хялбар, хямд аргаар хэтийн төлөвтэй объектыг илрүүлэх нөхцөлтэй геологийн судалгааг хийсээр ирсэн. Гадаргууд ойрхон ордуудыг эрчимтэй нээн илрүүлж, олборлож байгаа цаг үед бидний дараагийн эрчимтэй хөгжих үе шат бол яах аргагүй газрын гүн рүү хэдэн зуун метрээс хэдэн километрийн мэдээллийг геофизикийн судалгааны үр дүн дээр үндэслэн эрж хайх явдал мөнөөсөө мөн. Иймд би дээрх асуултанд 100% хэрэгтэй байна гэж хариулах болно.

Геофизикийн хэлтэс нь үндсэндээ Геофизикийн өгөгдлийг цаг хугацаанд нь дахин хэрэглэх боломжтой байдлаар шаардлага хангахуйц хэмжээнд цуглуулах, боловсруулах, тайлал хийх, хянах, хэрэглээнд нэвтрүүлэх үүрэгтэй ажиллах шаардлагатай байна. Өнөөдөр Ашигт малтмал, газрын тосны газарт геофизикийн хэлтэс байхгүй ч эдгээр ажлууд хийгдсээр байна. Гэхдээ геофизикийн хэмжилтийн үр дүнг дахин ашиглах, нэгтгэх, геологийн мэдээлэлтэй уялдуулж бүрэн дүүрэн ашиглах ажил хоцрогдолтой байсаар байна.

Үүний нэг тод жишээ бол манайд ноёрхож байсан хуучин техник-технологийн тусламжтай хийсэн, үнэ өртөг шингэсэн ажлын анхдагч материал буюу Ашигт малтмал, газрын тосны газарт байгаа тухайн үеийн сейсмийн анхдагч өгөгдлийг ашиглаж чадахгүй, хадгалалтын горим алдагдан эвдэрч гэмтсээр, цаашилбал хаягдах хүртэл аюул нүүрлэсэн байна. Эдгээр анхдагч материалуудыг орчин үеийн дэвшилтэд программ хангамжаар дахин боловсруулах гарц гаргалгааг олон, дахин ашиглаж чадвал хайгуулын ажилд зарцуулах байсан хэтийн зардлыг эрс бууруулах ба түүнд зарцуулах байсан зардлын өчүүхэн хэсгээр нь их хэмжээний геофизикийн мэдээллийн сантай болох боломжтой. Энэ асуудлыг геофизикийн хэдхэн мэргэжилтэн шийдэх боломжгүй. Иймд Геофизикийн хэлтэс зайлшгүй шаардлагатай байна. Геофизикийн хэлтэс иймэрхүү тулгамдсан асуудлыг хөндөж байх, шийдэх гарцуудыг олох, төсөл бичих, тендер зохион байгуулах гээд геофизикийн зохих арга хэмжээг илүү хурдацтай авч, ажил хэрэг болгож чадах болов уу? Дахин ийм асуудал тулгамдахгүй байх тал дээр төвлөрч, цаашид илүү үр дүнтэй ажиллах болов уу? Геофизикийн хэлтэстэй болчихвол энэ мэтчилэн давуу тал олон байх юм шиг санагдаад үзэл бодлоо илэрхийллээ.

 Нэгэнт дэлхийн геологийн салбарын хөгжил гүний судалгаа руу эрчимжиж байгаа өнөө үед бид Ашигт малтмал, газрын тосны газрын геофизикийн мэдээллийн сан бүрдүүлэлт болон геофизикийн судалгааны ажлын ололт амжилт, давуу тал, сул тал, дутагдалтай тал, хүндрэлтэй байгаа асуудлуудын талаар нээлттэй сошиал орчинд хэлэлцэх цаг үе нь мөн гэж бодож байна. Хэрвээ энэ бичвэрийн үр дүнд “ТАНЫ БОДЛООР АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАРТ ГЕОФИЗИКИЙН ХЭЛТЭС БАЙГУУЛАХ ХЭРЭГЦЭЭ БАЙНА УУ? гэх асуулт цагаа олсон зөв асуулт гэж олонхын санал нэгдэж байгаа нь ажиглагдвал, салбараа гэх сэтгэлтэй геологийн салбарын мэргэжилтнүүдийн үнэтэй үзэл бодлуудад үнэлэлт дүгнэлт хийн, Монголын геофизикчдийн төлөөлөл болсоор ирсэн “Монголын геофизикчдийн холбоо” шаардлагатай арга хэмжээг авч, хандах газруудад албан ёсоор уламжилж өгөн гэдэгт итгэлтэй байна. Мэдээж энэ асуудлыг “Монголын геофизикчдийн холбоо” удаа дараа хөндөж байсан түүхтэй боловч тухайн үед хүчээ авч чадаагүй, тодорхойгүй шалтгаануудын улмаас өнөөдөр бийллээ олоогүй байгаа нь ил тод байна. Иймд олонхын хүчийг авах зорилготой сайн дураараа энийг бичсэнийг зөв өнцгөөс нь эерэг хандлагаар хүлээн авч уншаасай гэж эрхэм хүндэт мэргэжилтэн та бүхнээсээ хүсэж байна. Хэрвээ буруу зөрүүтэй мэдээлэл бичсэн байвал залуу геофизикч намайг өршөөн соёрхохыг бас хүсье.


АНХААРАЛ ТАВЬСАН ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА


Хүндэтгэсэн: “Монголын геофизикчдийн холбоо”-ны

Удирдах зөвлөлийн гишүүн А.Болор-Эрдэнэ


2023 оны 06-р сарын 08-нд